Дэлхийн зарим хот ялангуяа өвөл нь их хүйтэрдэг хотуудад зуны хэдхэн сард жуулчид ирдэг. Манай улс өнгөрсөн онд 418.000 орчим жуулчин хүлээн авчээ. Үүний 10 хүрэхгүй хувь нь өвөл, бусад нь зун аялахаар ирсэн аж. Манайхан “Өвлийн улиралд жуулчдыг татах арга хэмжээ үгүйлэгдэж байна” гэж олон жил ярьсан ч өнөө хэр ажил хэрэг болгож чадаагүйн баталгаа нь энэ. Японы Саппоро, БНХАУ-ын Харбин зэрэг хотод цас, мөсний баяр хийж, аялал жуулчлалын салбараа улирлын хамаарлаас гаргасантай адил манайд ч ийм боломж бий. Жуулчдын “эгнээ” жил ирэх тусам өргөжиж, Ази, Номхон далайн бүсийн орнуудыг сонгодог болсон нь бидний хувьд сайн мэдээ.
Өнгөрсөн хоёрдугаар сард хотын захиргаа “Улаанбаатарын өвөл” наадам зохион байгуулсан. Үндэсний уламжлалт наадгайгаа брэнд болгон, өөр аль ч улсад давтагдашгүй баяр хийж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгохыг зорив. Энэ мэтээр манайхан сүүлийн жилүүдэд өвөл ирэх жуулчдад зориулсан арга хэмжээ зохион байгуулах болсон ч мөсний, тэмээний, бүргэдийн баяраар хязгаарлагдаж буй. Эдгээр үйл ажиллагаагаа цахимаар дамжуулан дэлхий нийтэд хандан сурталчлах нь төдийлэн үгүй. Гаднынхан манай өвлийн аяллыг сонирхдоггүйдээ биш, бид сонорт нь хүргэж чаддаггүйд хамаг учир байх шиг. “Хувийн цөөн компани өөрсдийн зардлаар олон улсад бүтээгдэхүүнээ сурталчилж дийлэхгүй. Төрийн дэмжлэг маш чухал” гэж аяллын компанийнхан ярьдаг юм билээ. Энэ талаар томоохон болон үйл ажиллагаа явуулаад удаагүй байгаа хоёр компанийн удирдлагын байр суурийг сонирхлоо.
“Жуулчин” компанийн гүйцэтгэх захирал Ё.Ундраа “Манайх энэ онд 60 жилийнхээ ойг тэмдэглэсэн, аялал жуулчлалын анхдагч компани. Сүүлийн жилүүдэд төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр ажиллаж байна. Төр, засаг бодлогоор дэмжиж, аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ олон улсад таниулахад анхаарах хэрэгтэй. Хүйтэн нь гол асуудал биш. Хүйтнийг мэдрэх хүсэлтэй жуулчид ч бий. Цагаан сарыг тэмээний баяртай хослуулсан, нэгдүгээр сарын 1-ний нар харах аялал, бүргэдийн баярыг жил бүр зохион байгуулдаг. Манай компани 2008 оноос өвөл жуулчин авахаа зарласан байхад 2013 оноос л жуулчид мэддэг болж эхлэх жишээтэй. Энэ мэтээр хөгжүүлэх гэж хичээж буй ч цөөнгүй бэрхшээл байна. Ирэх дөрөвдүгээр сард говь руу аялъя гэсэн захиалга ирэхэд нислэг хийх компани, жуулчдыг байрлуулах бааз алга. Үнэхээр хөгжүүлэх хүсэлтэй бол дорвитой алхам хэрэгтэй. Бидний харж буйгаар өвлийн жуулчин нь манайхтай ойрхон Азийн орнуудаас ирж буй хүмүүс, Монголд амьдардаг гадаадынхан л байна” гэсэн юм.
Үйл ажиллагаа явуулаад удаагүй компаниудыг төлөөлж ТАРА олон улсын соёл, боловсролын хамтын ажиллагааны төвийн захирал Э.Гэсэрмаа “Манайх сүүлийн гурван жил үйл ажиллагаа явуулж байна. Гадаадынхан Монгол маш их хүйтэн гэсэн ойлголттой байдаг тул өвөл манайхыг зорьж ирэх жуулчин бараг үгүй. Хурал цуглаанд ирсэн юм уу, манайд амьдарч буй гадаадынхан л аялдаг. Соёлын томоохон арга хэмжээ тасралтгүй зохион байгуулах нь өвлийн жуулчлалыг хөгжүүлэх суурь юм. Жишээ нь, Баян-Өлгий аймагт саяхан зохион байгуулсан Бүргэдийн баярт цөөнгүй жуулчин ирсэн. Баян-Өлгий чиглэлийн онгоцны тийз олдохгүй бүтэн сар болсон. Арга хэмжээгээ сайн сурталчилж чадвал олон жуулчин сонирхож буйн жишээ энэ. Үүнээс гадна орчин нөхцөлөө сайжруулах хэрэгтэй. Бид хотоос жуулчдаа явуулахад хөдөөгийн зочид буудлын үйлчилгээ муу бол аялагчид сэтгэл ханамжгүй үлдэх төдийгүй дахиж ирэхгүй. Жуулчид цаг агаарын байдал, байрлах газрынхаа тухай сонсоод халширдаг. Мэдээж цаг агаарыг өөрчилж чадахгүй. Тиймээс орчин нөхцөлөө сайжруулах хэрэгтэй” гэв.
Өвлийн аялал жуулчлал хөгжвөл үйлчилгээний байгууллагууд илүү үр ашигтай, үр бүтээлтэй ажиллан, тус салбар ч өргөжин тэлж, ажлын байрны тоо нэмэгдэн, үүнийг дагаад Монгол Улсад орох ашиг ч өсөх юм. Манайд ирсэн жуулчин хоногт дунджаар 190 орчим ам.доллар зарцуулдаг гэсэн судалгааг холбогдох албаныхан гаргажээ. Жуулчид Улаанбаатарт дунджаар 1-4 хонож байгааг ч тогтоосон байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сард ойролцоогоор 109 ам.доллар. Тэгэхээр нэг жуулчин манайд ирээд нэг хоногт хоёр монгол хүний сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хөрөнгө зарцуулж байгаа гэсэн үг. Төр, засгийн дэмжлэг аялал жуулчлалын салбарт дутагдаад буй энэ үед нийслэлийн ЗДТГ “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжүүлээд эхэллээ. Үүний хүрээнд 2030 он гэхэд жилд таван сая жуулчин хүлээн авдаг болно гэсэн хэрхэн биелэх нь тодорхойгүй том зорилт дэвшүүлээд буй. Энэ зорилгоо 2030 он гэхэд хэрэгжүүлж чадвал тухайн үед манай улсын аялал жуулчлалын салбараас олох орлого долоон их наяд төгрөгт хүрнэ гэсэн тооцоог нийслэлийн Аялал жуулчлалын газар гаргажээ.
Энэ салбарын нэг онцлог нь үйл ажиллагааны үр дүн шууд харагдах бус, наад зах нь 2-3 жилийн дараа мэдрэгддэг гэдэг. Эртнээс хичээж, жилд таван сая жуулчин авахад уг салбарыг улирлын хамаарлаас гаргах гэсэн ганц л алхам байна. Үүний тулд төрийн зөв бодлогод үндэслэсэн хувийн хэвшлийнхний хичээл зүтгэл хэрэгтэй ч манайхан дорвитой алхам хийлгүй байсаар. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр хэр үр дүнтэй байгаа болон өвлийн аялал жуулчлалыг дэмжих ямар үйл ажиллагаа явуулж буйг нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулгаас тодруулахад “Нийслэлийн аялал жуулчлал улсынхыг бодвол улирлын хамаарал бага. Учир нь хурал зөвлөгөөн, өвлийн спортын үйл ажиллагаанд оролцохоор ирж буй зочин цөөнгүй байдаг нь хөдөөгүүр аялах хүмүүсийн тооноос олон. “Өвөл ирвэл агаарын тээврийн хэрэгслийн хүрэлцээ нь сайн. Зочид буудал, үйлчилгээний газрын үнэ хямд, бага зардлаар аялах боломжтой” гэсэн сурталчилгаа явуулж байна. Зун хурал зөвлөлгөөнд оролцох юм уу, ажил хэргийн шугамаар ирсэн хүмүүс жуулчдын 15-20 орчим хувийг бүрдүүлдэг. Ажил хэргийн шугамаар ирж буй тул улирлаас хамааралгүй аялал жуулчлалын зах зээл мөн. Тиймээс нийслэлээс олон улсын арга хэмжээг аялал жуулчлалын бус улиралд зохион байгуулах санаачилга гарган энэ жилийн есдүгээр сараас хойш олон улсын хурал, зөвлөлгөөн зохион байгуулах болсон. Энэ санаачилгыг төрийн бүх байгууллагад нэвтрүүлэх саналыг холбогдох газарт нь тавина. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зочид буудал, дэн буудал, амралтын газар, жуулчны баазуудыг хоёр жил дараалан шалгаж, шаардлага хангаагүй зочид буудлуудын ажилтнуудыг сургасны дүнд холбогдох стандартад нийцсэн зочид буудал, жуулчны баазын тоо 2012 онд 150 байснаа 2014 онд 519 хүрсэн. Зочид буудлын тоо бус стандартын шаардлага хангасан нь нэмэгдсэн гэсэн үг.
Нийслэлийн Цагдаагийн газартай хамтран жуулчид олноор явдаг гудамжуудад англи хэл, харилцааны сургалтад хамруулсан 60 хөдөлгөөнт эргүүл ажиллуулж, зарим газрыг камержуулсан. Энэ онд зургаагаас есдүгээр сард “Жуулчинд ээлтэй оюутан цагдаа” хөтөлбөр хэрэгжүүллээ. Гандан орчмын дахин төлөвлөлтийг нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх бодлоготой уялдуулах Ажлын хэсэг байгуулж, Горхи Тэрэлжийн бүс болох Налайх дүүргийн VI хороог аялал жуулчлалын жишиг суурин болгон хөгжүүлэх ажлыг эхлүүлсэн. Улаанбаатар хотын түүхт барилга байшингууд, хөшөө дурсгалууд зэрэг 200 газрыг монгол, англи хэлээр тайлбарласан гэх мэт үйл ажиллагаа явуулаад байна” гэлээ.
Ч.МӨНХЗУЛ