Барилгын салбарын үйлдвэрлэлийн хэмжээ энэ онд 30-50 хувиар буурах төлөвтэй байгааг Монголын барилгын үндэсний ассоциацаас өнгөрсөн дөрөвдүгээр сард танилцуулсан. Үнэхээр ч барилгын салбар өөдлөх шинж алга. Энэ салбар 2000 оноос хурдацтай хөгжсөөр манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг бүрдүүлдэг болсон. Арван хурууны нэгийг нь зүсэх төдий л ажлын чадвар сулардаг.
Үүнтэй адил барилгын салбарын уналт эдийн засгийн өсөлтийг сааруулж байгаа нь гарцаагүй. Монголын барилгын үндэсний ассоциацынхан барилгын салбарын үйлдвэрлэл огцом буурснаас шалтгаалж, ДНБ 1.5-2 хувиар буурна гэж төсөөлжээ. Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний гурван улиралд гурван хувиар өсөөд байна. Энэ бол өмнөх оныхоос бараг гурав дахин буурсан үзүүлэлт.
УЛААНБААТАР ХОТЫН ОРОН СУУЦНЫ НИЙЛҮҮЛЭЛТ (айлын тоогоор)

Инфографикуудыг Монголын барилгын үндэсний ассоциацын судалгааг ашиглаж хийв
Эдийн засгийн өсөлтийг барилгын салбар доош нь улдан чангаасан нь тодорхой. Учир нь эдийн засаг дөрвөн жил дараалан хоёр оронтой тоогоор өсөхөд барилгын салбар хүчтэй нөлөөлсөн юм. Тухайлбал, 2012 онд барилгын салбар 68 хувиар өссөн удаатай. Барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт дэлхийн эдийн засгийг ч хямраах хүчтэйг 2008 онд харсан.
АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл арилжааны банкуудаа дампууруулснаар дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралыг өрдсөн түүхтэй. Манайд ч барилга, үл хөдлөх хөрөнгийн зах зээл санхүүгийн салбартайгаа нягт уялдаатай болсон. Барилгын салбарт өгсөн зээл сүүлийн дөрвөн жилд зургаа дахин өсчээ. Энэ салбарт 2013-2014 онд гэхэд нийт хоёр их наяд төгрөгийн хөрөнгө оруулсан. Уг хөрөнгийн дийлэнхийг орон сууц барихад зарцуулсан.
Угаасаа барилгын төслүүдийн дийлэнх нь орон сууцных юм. Орон сууц борлогдохгүй, шинээр барьсан оффисын барилгууд түрээслэгчгүй байгаа нь алсдаа банкийг татаж унагах магалалтай. Сүүлийн саруудад банкуудын муу зээлийн хэмжээ тэлсээр байна. Мөн барилгын салбарын уналт ажилгүйдэл бий болгоно. Энэ салбарт ойролцоогоор 70 орчим мянган хүн ажилладаг.
Огцом өсөлтийг нь дагаад ажлын байр олноор бий болсноор барилгын салбар гурав дахь том ажил олгогч болсон юм. Барилгаас хамааралтай салбарт 60 орчим мянган хүн ажилладгийг Монголын барилгын үндэсний ассоциацын судалгаанаас харж болно. Тэгэхээр энэ салбараас 130 мянган хүний аж амьдрал хамаарч байна гэсэн үг. Одоогоор хэд нь ажилтай үлдсэнийг хэлэхэд бэрх.
Барилга, түүнээс хамааралтай салбарын ажиллагсад өнгөрсөн жил 930 тэрбум төгрөгийн цалин авчээ. Үүнийхээ 20 хувийг ниймгийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын татварт төлдөг. Барилгын салбарынхан ажлаа алдаж буй нь төсөвт бүрдүүлэхэд ч нөлөөлөхөөр байгаа биз. Эдийн засгийн хүндрэл барилгын салбарыг унагасан буруутан нь дангаараа биш. Олон хүчин зүйл бий. Тэдгээрээс борлуулалт нь зогссон хамгийн бодитой аюул нүүрлүүлсэн.
Аливаа бизнесийн үндэс нь борлуулалт. Барьсан орон сууц нь зарагдахгүй байгаа учраас барилгын салбар хямарч байна. Энэ онд 30 мянган орон сууц ашиглалтад оруулна. Үүнээс 18 мянга нь борлогдохгүй байх магадлалтай аж. Ирэх онд 22 мянган орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Ингэхээр 40 мянган айлын орон сууцыг яаж борлуулах вэ гэсэн бэрхшээл тулгарах нь. Одоо “Орон сууцны борлуулалтыг төрөөс хэрхэн дэмжих вэ” гэж Барилга, хот байгуулалтын сайдаар саяхан томилогдсон З.Баянсэлэнгэ тархиа гашилгах ёстой.

Орон сууцны борлуулалтыг нэмэгдүүлж байж барилгын компаниуд, салбарын ажилчдыг аварна. Эрэлтээсээ нийлүүлэлт нь яагаад давсан бэ? Улаанбаатар хот 350 мянган өрхтэй. Үүний 42 хувь л орон сууцанд амьдардаг. 58 хувь буюу 200 мянган өрх орон сууцанд амьдрах эрмэлзэлтэй. Тиймээс үүнийг эрэлт гэж үзэж болно. Гэвч худалдаж авах мөнгөгүй эрэлт юм. Бүр 30 хувийн урьдчилгаа төлөөд, урт хугацаатай зээлээр орон сууц худалдаад авчих чадваргүй эрэлт.
Орон сууцны зээл найман хувийн хүүтэй болсноос хойш буюу сүүлийн хоёр жилд боруулалт огцом нэмэгдсэн байдаг. Урт хугацаатай, бага хүүтэй зээлээр 40 мянган өрх орон сууц худалдан авсан юм. Ингээд л зээлээр ч болтугай худалдаад авчих чадвартай, мөнгөтэй эрэлт нь дуусчихсан хэрэг. Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь, хугацааг 30 жил болгох санаачилга гаргаж, Засгийн газраар журмыг нь батлуулсан.
Орон сууцны борлуулалтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан нь энэ. Уг тогтоолыг хэрэгжүүлснээр дор хаяж 4000 орон сууц борлогдоно гэсэн тойм тооцоог Д.Цогтбаатар хэлж байв. Борлуулалт нам зогсчээ. Дагаад үнийн хөөс ч хагарч байна. Орон сууцны үнэ 10 орчим хувиар хямдарчихлаа. Хөрөнгө оруулагчид ч барилгын салбараас нүүр буруулан алтны уурхай гэх мэт ашигтай салбарт “хайр зарлав”. Борлогдохгүй байртай бизнесмэнүүд барайсаар сууна.
Т.ЭНХБАТ