Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ), Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгтэй (AFI) хамтран “Жендерт суурилсан хүртээмжтэй санхүүжилтийг хяналтын тогтолцоонд нэвтрүүлэх нь” олон улсын хурлыг өчигдөр эхлүүллээ. Үүгээр жендерийн мэдрэмжтэй хяналтын тогтолцоо, эрсдэлд суурилсан хяналт, хэрэглэгчийн гомдол барагдуулах механизм, санхүүгийн боловсрол, залилангаас урьдчилан сэргийлэх арга хэрэгсэл, хиймэл оюуны хэрэглээ зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Түүнчлэн Монголд хэрэгжүүлж буй санхүүгийн зах зээлийн бодлого, эмэгтэйчүүдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга, зах зээлийн зан төлөвийн хяналтын тогтолцооны шинэчлэлийн асуудлаар СЗХ-ноос танилцуулга бэлтгэжээ. Дээрх хурлыг зохион байгуулснаар манай улсын санхүүгийн салбарын зохицуулалт, хяналтын чадавхыг олон улсын жишигт нийцүүлэхэд туршлага болохын хамт эмэгтэйчүүдэд ээлтэй, хүртээмжтэй, шударга санхүүгийн тогтолцоог хөгжүүлэхэд ач холбогдолтой гэнэ. Хуралд 40 гаруй орны санхүүгийн зохицуулагч байгууллага, төв банкны бодлого боловсруулагчид болон хяналт шалгалтын мэргэжилтнүүдээс бүрдсэн 70 орчим төлөөлөгч оролцож буй бөгөөд энэ сарын 8 хүртэл үргэлжинэ.
С.Дулам