Их Британи, Австралийн эрдэмтдийн хамтарсан судалгаагаар бараг бүх далайн шувуудын ходоодонд хуванцар савны үлдэгдэл байгааг тогтоожээ. Шувууд далайн усан дахь хуванцар хог хаягдлыг загастай эндүүрэн залгиж орхидог аж.
Хэрэв энэхүү асуудлыг үтэр түргэн шийдвэрлэхгүй бол 2050 он гэхэд далайн шувуудын 99 хувь нь ходоодондоо хуванцар бодис тээх болно гэсэн дүгнэлт гарчээ. Шувууны тархи загасныхаас бараг ялгаагүй, тэд хүнс тэжээлтэй төстэй харагдсан бүх зүйлийг ам руугаа л явуулна.
Хөгжиж буй, ядуу орнуудад хог хаягдлыг дахин боловсруулах дэд бүтэц хөгжөөгүйгээс гол мөрний усанд хуванцар сав хаях нь жирийн үзэгдэл. Ингээд л “тэд” гол мөрнөөр дамжин, далай тэнгисийн усанд орж ирдэг. Эрдэмтдийн судалгаагаар хүн төрөлхтөн далайн усанд жилд 5-12 тонн хуванцар хог хаяж байгаа аж.
Дээр нь далайн усанд 100-150 тонн хуванцар хур хог байгаа тул хэдхэн жилийн дараа далай тэнгисийн гурван кг загасанд нэг кг хуванцар оногддог болох гэнэ. Хэрэв энэ үнэн юм бол далайгаар аялж явахад хуванцар савны хог харагдмаар юм даа хэмээн олон хүн эргэлзэж болох. Тийм ээ, ил харагдахгүй, учир нь ихэнхийг нь далайн “оршин суугчид” идчихдэг.
Тэгээд хэсэг хугацааны дараа энэ хог таны хоолны ширээн дээр гараад ирнэ. Дэлхий ертөнцөд шударга ёс гэж бий. Бидний хаясан хог өөрөөр хэлбэл, далайн усан дахь тэр олон тонн хуванцар савыг байгаль дэлхий өшөөгөө авахаар хүн төрөлхтөн рүү буцаан илгээдэг юм.
Хуванцар зооглосон загасыг байгаль орчин бохирдуулдаг хүмүүс, тэр савыг хаясан этгээд иднэ гэж хэн ч батлахгүй. Тийм болохоор байгаль ээж маань гомдож цөхөрсөндөө хүн төрөлхтөн хэмээх үр хүүхдэдээ бүгдэнд нь өс санаж байна гэсэн үг.
Их Британи, Австралийн эрдэмтэд хуванцар идсэн загас яадгийг судлан үзжээ. Загасыг гурван хэсэгт хувааж, нэг хэсгийг нь жирийн хоолоор, хоёр дахийг нь 90 хувийн жирийн хоолыг 10 хувийн цэвэр хуванцартай хольж, сүүлийнхэд нь 90 хувь жирийн хоолон дээр далайн уснаас гаргасан хуванцар хаягдлыг нэмээд өгч үзжээ.
Хоёр сарын туршилтын дараа загасны гэдсийг задалж, хуванцар ямар өөрчлөлт үзүүлснийг судалсан байна. Ходоод гэдсэнд нь өөрчлөлт орж, өвчин туссан нь хуванцар идсэн загаснууд, тэр дундаа далайн хог идсэн нь хүнд өвдсөн байлаа. Учир нь далайд хөвж яваа хуванцар сав уснаас хүнд металл зэрэг олон хорт бодисыг шингээн авдаг байна.
Индонез болон Америкийн Калифорни мужийн захаас авсан загасны махыг шинжилж үзэхэд бас л хуванцар хог гарсан гэнэ. Шинжилгээгээр загасны ходоодонд үйлдвэрийн хог хаягдал олон байснаас гадна нэг загасны ходоодонд 21 хэсэг хуванцар байжээ. Индонезийн загас Америкийнхаас илүү хордсон байсан нь Америкт хог дахин боловсруулах арга технологи хөгжсөнтэй холбоотой аж.
Хуванцартай загас идэхэд аюултай юу? Үүнийг Хавайн арлын эрдэмтэд судалжээ. Судалгаагаар арван загасны долоогоос нь хуванцар хог илэрсэн байна. Том, бүдүүн байх тусмаа махан дахь хорт бодисны хэмжээ их байжээ. Ялангуяа америк, япончуудын дуртай, тансаг хоол болох туна загас хамгийн их мөнгөн ус болон хуванцар хог хаягдал агуулж байгааг тогтоосон байна.
Хуванцар сав далайн усанд байгаа хорт бодисыг шингээн авдаг. Тэгээд загасны ходоодонд орохдоо ходоодны шүүстэй урвалд орж, элэгний өвчин, хорт хавдар үүсгэдэг аж. Мэдээж, ийм загас идсэн хүн яах вэ гэдэг асуулт урган гарч ирнэ.
Газрын дундад тэнгист барьсан туна загасны ходоодонд Африкт хаясан хуванцар савны үлдэгдэл, эсвэл алс хол Хятадын ямар нэг үйлдвэрийн хог хаягдал байна гэсэн үг. Загасны ходоод, гэдсийг идэхгүй байхад л болно гэж зарим эрдэмтэн үздэг ч маханд нь энэ бодис маш бага хэмжээгээр ч гэсэн шингэсэн байх нь ойлгомжтой.
Ингэхээр бидний хаясан хуванцар сав эргээд ходоодонд минь орохоор “загасны хэлбэртэй” болоод тавган дээр минь гараад ирсэн хэрэг. Бид өөрсдөө ч мэдэхгүй дэлхийн аль нэг өнцөгт хаягдсан хог хаягдлыг амтархан зооглоод сууж байна даа. Өөр юу хэлэх вэ. Тавтай хооллоорой.
М.СУГАР-ЭРДЭНЭ