“Засаг дарга хүүхдүүдийн төлөөлөлтэй уулзахад би оролцсон юм. Тулгамдсан асуудал байна уу гэсэн. Бид золбин нохойноос айгаад сургууль руугаа тойруу замаар яваад заримдаа хичээлээсээ хоцордог. Бас өвөл айлуудын асгасан угаадас дээр хальтирч унадаг, гэр хороололд гэрэлтүүлэг байхгүйгээс их айдаг тухайгаа хэлсэн.
Түүнээс хойш хоёр жил өнгөрлөө. Юу ч шийдээгүй. Томчууд зүгээр л сонсоод өнгөрдөг юм байна лээ” гэж 12 настай, бага сургуулийн сурагч охин ярьжээ. Хүүхдийн дуу хоолой, үзэл бодлыг хэлбэр төдий сонсож, хүлээн авч буй юм шиг хэрнээ ажил хэрэг болгодоггүй ийм тохиолдол цөөнгүй.
Энэ бол манай оронд байдаг л нэг үзэгдэл төдийгүй, хүмүүс огт тоохоо больж, засаж сайжруулах тухай боддог ч үгүй зүйлсийн нэг билээ. Учир нь хүүхдийг зөвхөн үл сонсох бус, бие болон сэтгэл санааны дарамт үзүүлэх, хэлж ойлгуулахын оронд зоддог “уламжлал” арилаагүй.
Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын эрх зүйн эх сурвалж болох НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцыг 1989 оны энэ өдөр баталж, манай улс 1990 онд нэгдсэнээс хойш 25 жил өнгөрчээ. 54 зүйлтэй уг конвенцыг өдгөө 196 улс дагаж мөрдөж буй.
Манай улс уг конвенцод нэгдсэн тав дахь орон бөгөөд түүний зүйл заалт бүрийг улсдаа хэвшүүлж хэрэгжүүлэх үүрэгтэй. Хэчнээн Засгийн газар солигдож, төр, засгийн удирдлага өөрчлөгдсөнөөс үл хамаарч, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой гэсэн үг.
25 жил гэдэг хүнээр бол цэцэрлэг, дунд, их, дээд сургуулиа хэдийнэ төгсөөд ажил дээр ч гарч, хөлөө олчих нас. Энэ хугацаанд манайхан зүгээр суугаагүй, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж ирсэн ч хангалттай бус байсныг сүүлийн жилүүдэд хүүхдийг хэрцгийгээр тамлах, шийтгэх, амийг нь хороох хэрэг олон гарч буйтай холбон тайлбарлаж болохоор.
Ийм байдалд орсон хүүхдүүдэд ямар эрхтэйг нь ойлгуулаагүйн дээр хэнд, хэрхэн хандахыг тодорхой болгоогүй л байна.
Уг конвенцыг хэрэгжүүлсэн 25 жилд манай улсад ямар ахиц дэвшил гарсныг Засгийн газраас дүгнэжээ. Үүнд сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 35 хувь байснаа 68 хувь болж өссөн, 2006 онд сургуулийн орчинд хүүхдийг зодож шийтгэхийг хуулиар хориглосон, 1990-ээд оны дунд үед бага боловсрол дүүргэлт 75 хувь байснаа өдгөө 98-д хүрсэн зэрэг багтсан байна.
Мөн төрж буй хүүхдийн 99 хувь нь бүртгэлд хамрагддаг, 15-24 насныхны 95, нийт насанд хүрэгчдийн 97 хувь нь бичиг үсэг тайлагдсаныг ч хамруулсан байгаа юм. Эдгээрийг ахиц дэвшил биш гэж хэлэх аргагүй ч хүүхдүүдийн олонх нь ах эгчдээ зодуулдаг, ээж, аавынхаа маргаан дунд өсдөг зэрэг 25 жилийн өмнө ч манайд байсан асуудал өдгөө ч оршсоор буй. Манайхан хамгийн чухал асуудлуудаа шийдэхэд хойрго хандсан гэмээр.
Хүүхдийн эрхийн конвенцод нэгдсэн улсын Засгийн газар таван жил тутамд НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороо руу конвенцыг хэрэгжүүлсэн тайлангаа явуулдаг аж. Энэ нь манайх хүүхдийн бүх эрхийг цогцоор нь хамгаалахын төлөө юу хийснийг харуулах гол баримт.
Мөн холбогдох төрийн бус байгууллага болон хүүхдүүд ч конвенцын хэрэгжилтийн талаар тайлангаа илгээдэг байна. Хүүхдийн эрхийн хорооны экспертүүд энэ гурван баримтыг харьцуулж, дүн шинжилгээ хийсний дараа зөвлөмж хүргүүлдэг аж.
Манай Засгийн газар V тайлангаа энэ оны дөрөвдүгээр сард явуулсан. Уг тайланг ирэх оны зургаа юм уу, аравдугаар сард хэлэлцэх тов гарчээ. “Хүүхдийг ивээх сан” олон улсын байгууллагын Монгол дахь хөтөлбөрөөс гурав дахь удаагаа “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран конвенцыг манайд хэрхэн хэрэгжүүлж байгаа талаарх төрийн бус байгууллагуудын нэмэлт илтгэлийг дэмжиж ажилласан бөгөөд түүнийгээ удахгүй НҮБ руу бас явуулах гэнэ.
НҮБ-аас манайд ирүүлсэн 1996, 2005, 2010 оны зөвлөмжийг харьцуулахад хууль эрх зүй, хүүхдийн амьдрах орчин нөхцөл зэрэг цөөнгүй зүйл төдийлөн өөрчлөгдөөгүй байна. 2005 оны зөвлөмжийн зарим зүйл заалтыг биелүүлээгүй тул НҮБ-аас 2010 онд дахин зөвлөж, бүр шаардсан нь ч бий.
Тухайлбал, 2005, 2010 оны зөвлөмжийн аль алинд нь хууль тогтоомжоо конвенцын зарчим, заалтуудтай уялдуулж, дотоодын хуулийн хэрэгжилтийг сайжруулахыг зөвлөжээ. Мөн хүүхдийн эрхийн талаар цогц хууль боловсруулан хэрэгжүүлэхийг 2010 онд шаардсан байна.
Манай улсын хууль тогтоомжид хүүхдийн эрхийг хамгаалах асуудал хэр туссан, тэр нь хэрхэн биеллээ олж буйг эндээс харж болохоор байгаа юм. Үүнээс гадна 2010 оны зөвлөмжид л гэхэд бүх аймагт хүүхэд, гэр бүлд зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө үнэгүй өгөх төв байгуулах, сургууль, багш нарын ажлыг үнэлэхдээ хүүхдэд ээлтэй сургуулийн стандарт боловсруулж хэрэглэхийг зөвлөсөн.
Аймаг бүрт мэргэжлийн боловсон хүчнээс бүрдсэн хүүхдийн шүүх байгуулах тухай дурдсан нь ч бий. Даанч тэдгээр зөвлөмж нь манай төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд төдийлөн туссангүй, хүүхэд эрхээ эдэлж чадаагүй хэвээр. Харин өдгөө Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль батлахаар хэлэлцэж буй билээ.
“Манай улсад 18 хүртэлх насны хүн иргэний эрх, эрх чөлөө эдлэх тухай хуульд заагаагүй. Хүүхэд татвар төлөх ёстой гээгүй хэрнээ тэмцээн уралдаанаас шагнал авсан бол орлогын албан татвар төлдөг. Том хүнийг зодсон хүн хуулиар шийтгэл хүлээдэг хэрнээ хүүхэд зодсон хүн бүр шийтгүүлдэггүй.
Хүүхдийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг албан ёсны байгууллага байхгүй” гэж Хүүхдийн эрхийн хороонд илгээх манай улсын хүүхэд багачуудын илтгэлд дурджээ. Уг тайланд оруулсан судалгаанаас харахад асуулгад хамрагдсан нийт хүүхдийн 58 хувь нь өргөдөл, гомдол хүлээн авч шийдвэрлэдэг журмын талаар мэдэхгүй гэж хариулсан байна.
Тэд эрхээ мэдэхгүй байгаа нь буруу биш, түүнийг нь түгээн дэлгэрүүлж танилцуулж чадаагүй үүрэг хүлээгч байгууллагуудын дутагдалтайнх болов уу.
Хүүхдийн эрхийн тухай конвенцод нэмэлт гурван протокол бий. Тэдгээр нь Хүүхдийг худалдах, биеийг нь үнэлэх, садар самуунд сурталчлахын эсрэг, Мэдээлэл хүргүүлэх журмын тухай, Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулахын эсрэг нэмэлт протокол юм. Манай улс хамгийн сүүлд Мэдээлэл хүргүүлэх журмын тухай протоколд нэгдсэн бөгөөд ирэх сарын 28-наас мөрдөж эхлэх аж.
Ингэснээр хүүхэд эрхээ зөрчүүлсэн бол насанд хүрсэн иргэдийн адил төрийн тодорхой байгууллагад мэдэгдэж байх ёстой. Тэр албан тушаалтан асуудлыг нь шийдэхгүй бол дараачийн шатны хүнд нь, дараачийн шатны хүн нь шийдэхгүй бол шууд НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороо руу хандах боломж бүрдэх гэнэ.
Өөрөөр хэлбэл, манай хүүхдүүд эрхээ хамгаалуулах талаар олон улсын түвшинд дуу хоолойгоо хүргэх юм байна. Тус протоколыг хэрэгжүүлэх механизм тун тодорхой боловсруулах шаардлагатай тул “Хүүхдийг ивээх сан” энэ чиглэлээр ажиллаж эхлээд буй аж.
Ч.МӨНХЗУЛ