Барагдахгүй урт замд аяны цүнхээ түшээд
Бодол тээр холд надад гүйцэгдэхгүй яарна. (Л.Болормаа)
Тэр ирээдүйгээс ирсэн... Энэ цагийн явдлыг одоо энд ирэх болоогүй он жилүүдийн тэртээгээс эргэн хараад инээмсэглэж байгаа юм шиг, эргэн тойрны шалдир булдирт эс түүртэн гал цогтой ажилладаг нь тийм сонин мэдрэмж, цоо шинэ, эрч хүчтэй өрнөлийг асаадаг байж. Лунтангийн Болормааг сэтгүүлчийнхээ хувьд хэн явсныг түүний нийтлэлүүдийг шимтэн уншдаг хүн бүхэн мэднэ.
Өрсөлдөх чадвартай, өөртөө итгэлтэй, нийгмийн хамгийн өндөр боловсролтой хэсэг түүнийг хэн хүнээс илүү шүтэн биширдэг байлаа. Төсөв мөнгө, банк санхүү, уул уурхай гээд эдийн засаг, улс төрийн “уйтгартай” сэдвийг хэрхэн энгийн, амттай, ул суурьтай бичиж болдгийг Монголын сэтгүүлчдэд Л.Болормаа өөрийнхөө бүтээлээр зааж өгсөн юм.
Өдөр тутмын сониныг болдогсон бол яг л түүн шиг хүн удирдвал зохилтой гэх алтан хэмжүүрийг “Өнөөдөр” сонины Болороо эрхлэгч өөрийн биеэр үзүүлсэн билээ. Эдийн засгийн сэтгүүл зүйн зүг чигийг заагч “алтан гадас” нь ганцхан Л.Болормаа байлаа.
Тэр өөрийнхөө нийтлэлүүдээр хамт олноо манлайлан дагуулж, удирдагчийнхаа хувьд зохион байгуулах, урам зориг өгөх завгүй ажилдаа балчирдаж байсан удаагүй. Тэр бүгдийг нь эгэлгүй эрхэмсгээр байлдан дагуулж чадсан.
Тэнгэрт одсон гэж сонсоход эвлэрч өгөхгүй юм. Арваад жилийн өмнөөс танил болсон алтан зултай аяганых нь хажууд Болороо эрхлэгчийн ширээн дээр түүний инээмсэглэсэн хөрөг зураг, зурагны өмнө зул барьсан байна. Түүний хайртай цэцэгсийн өнгө эмгэнэлийн цагаанаар ижилсэж. Энэ хачин зураглал нүдэнд нэг л хөндий.
Хөнгөхөн алхаа товшсоор тэр өрөөндөө ороод ирэх ч юм шиг... Бид хамтдаа найман жил хамт ажиллажээ. Түүний тухай дурсамж сэтгэл зүрхэнд тодхон зурайна. Анх харсан сэтгэгдлээр минь бол турьхан Болороо эгч бүжигчин баймаар хүн.
Алхаж байгаа нь адгаж яарсан үедээ хүртэл хачин цэмцгэр. Түүний хэв маяг нь яг л тэр алхаа гишгээ шигээ эмх цэгцтэй, бас хэнийхтэй ч үл андуурам өөрийн гэсэн донжтой. Халдаж боломгүй хана хэрэм мэт хатуу чанга эмэгтэй мэт санагдах тэр хүнийхээ хувьд, найз нөхрийнхөө хувьд уяхан, зөөлхөн, үнэнч, тууштай бүсгүй.
Түүний 2007 онд хэвлүүлсэн “Даашинзтай сурвалжлагууд” ном өмнө минь дэлгээтэй. Турьхан гартаа шидэт дохиур атгаж байгаад бичсэн мэт сэтгэлийг эзэмдэх үгийн урлал өнөөдөр ч өөдөөс цоргисон янзаараа.
Энэ номондоо Болороо эрхлэгч завгүй өнгөрүүлсэн их амьдралынхаа долоон жилд туурвисан бүтээлүүдээсээ эмхэлсэн бөгөөд сэтгүүлчийн үзэг, зүрх хоёроороо тэрлэсэн Монголын ахуй байдал, монголчууд дүр төрх, зан араншин, зүрх сэтгэлтэйгээ буй чигээрээ амьсгалж байна.
Найман жилийн өмнөх эд биш, ийм хугацааны дараа ч энэ хэвээрээ, шинээрээ үлдэх гялалзсан бүтээл Монголын сэтгүүл зүйд түүнийхээс өөр үгүй гэж бардам хэлнэ. Эдийн засаг, улс төр, нийгмийн хамгийн хүнд бэрхшээлийг бас ингэж бичиж, гарц олдог байх гэж хэмээн гайхмаар, бас цагаан атаархмаар.
Тун удахгүй Болороо эгчийн хамгийн дуртай шинэ жилийн баяр болно. Ганган гацуурт тэсгэл алдан догдолдог байсан. Хуучин бүхэн шинээр солигдох хөгжүүн мөчийн өвөрмөц гоё уур амьсгалд тэр үлгэрт итгэдэг жаахан охин шиг дурладаг байсан. Шинэ оны өмнө хүн бүрийн сэтгэлийг мялаадаг гэрэлт ирээдүйн тухай ялгуун хонгор ярианд итгэдэг байсан.
Улирч буй оны төгсгөлд сэтгүүл зүйн салбарын хурц тод од харвалаа. Түүний мэргэжлийн орон зай, нийгэм дэх нөлөөлөл уншигчдынх нь хүлээлт төсөөлж, тоймлож хэлэх аргагүй дэндүү том. Одоо хэн түүн шиг бичих билээ. Ирээдүйгээс ирсэн гийчин шиг эгэлгүй энэ бүсгүй жинхэнэ сэтгүүлч билээ.
Б.Энхцэцэг