Өнгөрөгч баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэн дэмжив. Төсөл санаачлагч, гишүүн Н.Батбаяр “УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн шинэчлэлд нийцүүлэн уг хуульд техникийн чанартай зарим зохицуулалт хийх шаардлагатай.
Тухайлбал, тус хуулийн 15 дугаар зүйлд “Санал асуулгад оролцох иргэдийн нэрийн жагсаалтыг УИХ-ын сонгуулийн хуулийн 16 дугаар зүйлд заасан журмын дагуу үйлдэж, санал авах өдрөөс 20 хоногийн өмнө санал авах хэсгийн хороонд өгнө” гэж заасан нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлтэй нийцэхгүй байна.
Учир нь сонгогчдын нэрсийн жагсаалтын талаарх уг заалт нь шинэчлэгдсэн. Тиймээс энэ хуулиа өөрчлөх замаар улс орны нийтлэг, амин чухал асуудлын талаар ард түмнээсээ асууж, санал асуулгаар шийддэг байх нь зүйтэй. Төсөл дэх цаг хугацаатай холбоотой заалтыг хэлэлцүүлгийн шатанд өөрчлөх боломжтой” хэмээн тэмдэглэж байсан юм.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүн Ш.Түвдэндорж: -АН дангаараа Үндсэн хуульд өөрчлөлт хийж чадахгүй. Бусад улс төрийн намыг зөвшилцөлд уриалах хэрэгтэй. “Чи эх орны дайсан” гэж бие биеэ шүүмжлэлгүй, хамгийн чухал хуулиа өөрчлөх нь тулгамдсан асуудал болоод байна. Энэ бол том зорилго, том ажил юм шүү.
Г.Баярсайхан: -Үндсэн хуулиас буруу хайж байгаа. Үнэндээ Үндсэн хуульд буруу байхгүй, буруу нь улс төрийн намуудад бий. 1992 оны Үндсэн хуулийг тухайн үеийн шилдэг сэхээтнүүд баталж байсан. Гагцхүү үүнийг зөв хэрэгжүүлж байна уу гэдэгт л асуудал байна. Ард түмнээс санал асуух гэж байгаа бол Улс төрийн намын тухай хуулийн талаар ярих ёстой. Тухайлбал, улс төрийн нам гадаадаас хандив авах, эсэх, байр байшин, өмчтэй байх ёстой юу гэдгийг асууж болно шүү дээ.
Л.Цог: -Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломж цаг хугацааны хувьд эргэлзээтэй болсон. Уг нь энэ хүрээнд “давхар дээл”-ийн талаар хөндсөн бол их зөв болох байв. Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв, гэхдээ өнөөдөр биш.
Д.Ганхуяг: -Нийгэмд тулгамдсан, бодлогын асуудлуудын талаар ард түмнээс асуух ёстой. Ингэхийн тулд Ард түмний санал асуулгын тухай хуулиа боловсронгуй болгоход гэмгүй. Ард нийтийн санал асуулга албан ёсоор явуулаагүй байж “Ард түмэн ингэж ярьж байна” гэх нь ёс зүйгүй. Улс төрийн намын тухай хуулийн талаар ч асууж болно. Гол нь санал асуулга явуулдаг хуулиа боловсронгуй болгоё.
Ц.Нямдорж: -Үүнийг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөөс ангид хэлэлц. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэсэн балмад саналаасаа татгалз. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд ард нийтийн санал асуулгыг яаж хийх талаар тодорхой заачихсан байгаа. Хоёрдугаар хэлэлцүүлгийн үед санал асуулгаа тодорхой болгох ёстой.
УИХ бол төлөөллийн ардчиллын хэлбэр. Миний энэ суудлын цаана олон мянган сонгогчийн санал бий. Асуудал шийддэггүй УИХ-аар юугаа хийх вэ. Улс төрийн намын тухай хуулийн талаар ард түмнээс асууна гэж юу яриад байгаа юм бэ. Ард түмнээс саналыг нь асууна гэж хайр зарлан жүжиглэхээ боль. УИХ-ыг ингэж хүчгүйдүүлж болохгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Энэ өдөр сонгуулийн хуультай холбоотой дөрвөн төслийг хэлэлцсэн. Эдгээрийг хэлэлцэхтэй холбогдуулан гишүүн С.Бямбацогт төсөл тус бүрийг санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлтийг хамтад нь сонсож, гишүүд асуулт, саналаа хэлэх нь зүйтэй гээд санал хураалтыг тус тусад нь явуулах горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн юм.
Хэлэлцүүлгийн үеэр Р.Бурмаа нарын гишүүдийн боловсруулсан төсөлд сонгуулийн сурталчилгаа хийх хугацаа 14 хоног байгаа нь хангалтгүй, шинэ, залуу нэр дэвшигч өөрийгөө таниулж амжихгүй, сурталчилгааг сониноор хийх заалт тусгаагүй зэргийг олон гишүүн шүүмжилсэн. Тухайлбал, гишүүн Д.Сарангэрэл “Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлд нэг зүйлийг санаатай, эсвэл санамсаргүйгээр орхигдуулжээ.
Монголын ард түмнийг төрийн эрх барих эрхээ хэрэгжүүлэхэд тус дэм болдог, сонголт хийхэд нөлөөлдөг том зэвсэг бол сонин. Гэтэл сонгуулийн сурталчилгаанд сониныг оролцуулахгүй гэж тусгасан байна. Сонин бол айлаас айл, сумаас сум, багаас багт очдог хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхдагч бөгөөд том зэвсэг.
Төслийн 83, 84-т радио, телевиз, интернэт орчинд сонгуулийн сурталчилгааг зохицуулах талаар заасан байна. Өөрөөр хэлбэл, сонинг уг үйл ажиллагаанд шууд оролцуулахгүй гэж заагаагүй ч 71.5-д “Бусад хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглоно” гэсэн нь үндсэндээ сониноор сурталчилгаа хийхийг хориглосон гэсэн үг.
Та бид өдөр тутам ширээн дээрээ тавьж, уншиж, мэдээлэл авдаг сонинг сурталчилгаанаас хасчихаад юу бодож суух вэ. Энэ заалтыг хэн гэдэг ухаантан гаргасныг гайхаж байна. Үгүй бол энэ алдаа байх, бичихдээ орхисон биз гэж гэнэнээр бодож сууна. Энэ алдааг заавал засах ёстой. Нөгөө талаас улс төрд олон жил болсон хүмүүс л өөрсдийгөө гаргах сонирхол байна уу гэсэн хардлага төрлөө. Өмнөх сонгуулийн хуулиар сурталчилгааны хугацаа 45 хоног байсныг 21 болгосон.
Одоо 14 хоног болгох нь. Шинээр нэр дэвшиж байгаа хүмүүс яаж олон нийтэд танигдах юм бэ. Ард түмэн хэрхэн сонголт хийх болж байна. Сонголт хийхэд хэвлэл мэдээлэл, цаг хугацааны хүчин зүйл хамгийн чухал шүү дээ” гэсэн асуултад төсөл санаачлагч Р.Бурмаа “Төслийн 78.2 буюу “Сурталчилгааны үйл ажиллагаа” хэсэгт нэр дэвшигч гурван хэвлэлийн хуудаснаас хэтрүүлэхгүйгээр хэвлэмэл материал тарааж болно гэж заасан нь сониноор дамжуулан сурталчилгаа хийх боломжтой гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, сониноор сурталчилгаа хийх заалтыг хасаагүй. Сурталчилгаа хийх хугацааг өмнөх сонгуулийн жишгээр тусгасан. Хэлэлцүүлгийн явцад энэ талаар дахин ярих боломжтой” гэсэн хариулт өгсөн юм.
Б.НОМИН