Арьс ширний салбараа “бодлогын хямрал”-аас хэзээ гаргах вэ? Арьс, ширээ бүрэн боловсруулж, савхи хийгээд дэлхийн брэнд болсон гутал, цүнх үйлдвэрлэх боломжтой гэж амтай болгон “чалчдаг”. Тэдний өөртөө илтгэлтэй яриа нь үнэхээр л өнөө маргаашгүй энэ салбарыг хөл дээр нь босгоод ирэх юм шиг сэтгэгдэл төрүүлнэ.
Хэдэн он жил дамжин ингэж амны зугаа болгов доо. Арьс ширний салбар боссонгүй, борви нь хумигдсан хэвээрээ л байна. Арьс ширний үйлдвэрүүдийг Улаанбаатараас гаргана гэнэ. Болилоо л гэнэ. Манай төр их хуудуутай шүү.
Судалгаа тооцоо, үндэслэл гэхээсээ илүү Хүнс, хөдөө аж ахуйн яамыг толгойлсон хэн нэгэн улстөрчийн ая зангаар л арьс ширний үйлдвэрүүдийг хааш нь “хөөх” чиг тодорно. Хотын захирагчийн албанаас Эмээлт орчимд арьс ширний үйлдвэрүүдийг гаргаж, цогцолбор хэлбэрээр ажиллуулна гэсэн төсөл хэрэгжүүлсэн. Гэсэн ч бас л таг боллоо.
УИХ-ын гишүүн Х.Баттулга Үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн яамыг толгойж байх үед Дархан-Уул аймагт арьс ширний үйлдвэрүүдийг төвлөрүүлье гэж ярьж байсан. Удалгүй “Говь-Сүмбэрт байгуулсан нь зохистой юм байна” гэж бодол санаагаа хувиргасан. Түүний дараа хөдөө аж ахуйн салбарыг толгойлсон Ш.Түвдэндорж Завхан аймгийн Тэлмэн нуурын эрэгт арьс ширний үйлдвэрүүдийг төлөвлөрүүлье гэсэн тушаал шийдвэр гаргаж байх жишээтэй.
Тэлмэн суманд барьж буй 100 мегаваттын хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг түшиглэх нь зүйтэй гэж үзжээ. Тэнд арьс ширний үйлдвэр байгуулах үндэслэл нь ердөө л энэ байсныг салбарынхан баталдаг юм.
Аж үйлдвэрийн яам байгуулагдсанаар арьс ширний үйлдвэрлэлийг харьяалах болсон. Тэднийхэн эдийн засгийн тооцоо судалгаа хийгээд “Нүүлгэх зардал маш өндөр учраас Улаанбаатараас гаргах боломжгүй” гэсэн дүгнэлт хийв. Шийдлийн Засгийн газрын үед арьс ширний үйлдвэрүүд ийн Туул голын эрэгтээ үлдэж байна.
Харин дараагийн Засгийн газар ямар бодлого айлдаж, хааш нь хөөхийг тааварлашгүй. “Хөдөөгийн олон замын хаагуур нь явах вэ” гэдэг шиг хоёр жил хүрэхгүй хугацаанд хувирдаг бодлогууд энэ салбарт ажиллагсдын тархи толгойг эргүүлээд хаячихаж.
Монголын арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан “Засгийн газар манай салбарт арай дэндүү өнгөц, бодлогогүй хандсаар ирсэн” гэсэн юм.
Тус холбооныхон “Монгол Улсад жил бүр бэлтгэгдэж буй 10 сая гаруй арьс, ширийг гүн боловсруулж, түүгээрээ 1.01 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн хийн, улсын төсөвт жилд дунджаар 43 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэн, салбартаа 24 мянган ажлын байр бий болгоно” гэж зорилгоо тодорхойлсныг цахим хуудсаас нь харж болно.
Гэвч тэдний зорилгыг дэмжих төрийн бодлого хаана төөрч явна вэ? Засгийн газар арьс ширний үйлдвэрлэлийг хөгжүүлэх алсыг харсан, тогтвортой бодлого боловсруулж чадаагүй л байна. Гэсэн хэрнээ арьс ширээ боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэж тоть шиг давтсаар байгааг нь яана.

Одоогийн байдлаар арьс ширний салбарт 30 гаруй үйлдвэр ажиллаж байна. Нийлээд жилд 17 сая бог малын арьс боловсруулах хүчин чадалтай. Монгол Улс жилд 10 сая мал нядалдаг учраас төдий тооны арьс, шир зах зээлд нийлүүлдэг. Эдгээр үйлдвэрийн 14 нь том гэсэн ангилалд багтана. Тав нь арьс, ширийг бүрэн боловсруулж, савхи хийдэг.
Үлдсэн 16 нь 4-12 ажилчинтай жижиг үйлдвэр. Тэдний 12 нь арьс, шир бүрэн боловсруулдаг аж. Арьс, шир боловсруулах үйлдвэрүүдэд одоогоор 1700-хан хүн ажиллаж байгаа гэнэ. Дээрх үйлдвэрүүдийн ихэнх Хятадын ченжүүдийн захиалгаар арьс, ширний үсийг зумлах хамгийн нам түвшний технологи шаарддаг, өчүүхэн бага нэмүү өртөг шингээдэг ажил хийж байна. Өөрөөр хэлбэл, хөх шир л үйлдвэрлэж байгаа гэсэн үг.
Зах зээлд нийлүүлж буй 10 сая арьс ширийг бүгдийг нь боловсруулъя гэж тооцъё. Тэгвэл манайд эцсийн бүтээгдэхүүн хийх үйлдвэрүүдийн хүчин чадал бас л хүрэлцэхгүй нь. Арьс, ширэн бүтээгдэхүүний үйлдвэрүүд одоогийн байдлаар гурван сая арьсаар л хувцас хунар, эд хэрэглэл хийх хүчин чадалтай аж. Шийдвэрлэх олон ажлын нэг нь энэ.
Монголд арьс ширний үйлдвэрлэл хөгжүүлж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, ажлын байр олноор бий болгохын тулд тооцоо, судалгаатай, тогтвортой бодлого хамгийн чухал. Үүнтэй хэн ч маргахгүй биз.
Иймээс төр арьс ширний үйлдвэрлэлд ханддаг хайнга байдлаа өөрчлөх хэрэгтэй. Хэн нэгэн сайдын ааш аягийг дагаж хувирдаггүй тогтвортой бодлого л шаардлагатай. Тэгээд түүнийг ягштал дагаж мөрдүүлэх нь чухал. Ингэвэл Монголын арьс, ширэн бүтээгдэхүүн дэлхийд брэнд болох боломж бүрдэнэ.
Арьс ширний салбар нэгэнт нуран унасан тул олон зүйлийг засаж, залруулан зөв голдиролд нь оруулах шаардлагатайг салбарынхан нь ярьж байна. Хамгийн наад зах нь үйлдвэрт ажиллах мэргэжилтнүүдийг нь бэлтгэх хэрэгтэй. Т.Баярсайхан “Манай салбарын хүний нөөцийн бодлого 25 жил өмнөөс л алдагдсан.
Хамгийн том бэрхшээл нь боловсон хүчин болж байна” гэж ярилаа. “Дархан нэхий”, “Монгол шевро”, “Дархан минж”, “Мон ирээдүй” компани сүүлийн жилүүдэд техник технологио шинэчлэхэд ихээхэн хөрөнгө зарцуулжээ. “Мон ирээдүй” компани дэлхийн цөөн үйлдвэрт нэвтрүүлээд буй автомат удирдлагатай тоног төхөөрөмж суурилуулсан байна.
Гэтэл түүнийг нь ажиллуулах мэргэжилтэн Монголоос олдоогүй гэнэ лээ. Энэ салбар өөдлөхгүй байгаа учраас залуус арьс ширний технологич мэргэжлийг сонгож суралцахаа больжээ. Одоо үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүдэд гарын арван хуруунд хүрэхтэй, үгүйтэй технологич ажилладаг гэнэ.
Аж үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ш.Гэрэлчимэг “Технологичгүй үйлдвэр чанарын шаардлага хангах бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бэрх. Үйлдвэрүүдийг мэргэжилтнээр хангах бодлогыг яаралтай баримтлах шаардлага бий” гэв.
Мөн арьс ширний үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд малын эрүүл мэндийг сайжруулах шаардлага тулгарчээ. Орон нутагт мал эмнэлгийн салбарын үйл ажиллагаа доголдож тарилга, туулга хийхээ болсноос шалтгаалан малын арьс ихээхэн өвчилдөг болсон байна.
Түүнчлэн малчид арьс, ширээ буруу аргаар хатааснаас болоод чанартай савхи үйлдвэрлэхэд бэрхшээл дагуулах болсон аж. Арьс ширээрээ дэлхийн зах зээлд өрсөлдөхийн тулд боловсон хүчнээ бэлдэх, малаа эрүүлжүүлэх ажлыг хамгийн түрүүнд хийх учиртай юмсанж.
Төрийн бодлогоор л үүнийг хийнэ. Хувийн компани Монголын малыг эрүүлжүүлж, айлын хүүхдийг арьс, ширний үйлдвэрлэлийн технологич мэргэжил эзэмш гэж ятгаж чадахгүй. Ийм жижиг зүйлээс эхлэн тооцоо судалгаатай шат дараалсан арга хэмжээ авч байж арьс, ширний үйлдвэрлэл нэмүү өртөг шингээдэг салбар болох нь эргэлзээгүй.
Аж үйлдвэрийн яамныхан арьс, ширний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зөвлөл байгуулахаар ажиллаж байгаа гэнэ. Ш.Гэрэлчимэг дарга “Зөвлөл байгуулж, хувийн хэвшлийнхний бодол санааг сонсоод таван жилийн төлөвлөгөө боловсруулна” гэж ярилаа. Ямартай ч арьс, ширний салбарыг өөд татах бодлого төлөвлөгөө хийх гэж байгаа нь сайн хэрэг.
Тус яамныхан “Үйлдвэрлэгчдэд 140 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн шугам нээж өгсөн. Одоогоор 80 орчим тэрбум төгрөгийн зээл авч, түүхий эд бэлтгэх, техник технологио шинэчлэхэд зарцуулаад байгаа” гэсэн мэдээлэл өглөө. Хөнгөлөлттэй зээлээс гадна хүний нөөц, түүхий эдийн чанарыг сайжруулах гэх мэт маш олон ажлыг цогцоор нь хийх ёстой.
Ядаж л арьс ширний үйлдвэрүүдийг Улаанбаатараас гаргах, гаргахгүйгээ яг таг шийдэх хэрэгтэй. Энэ салбарыг “бодлогын хямрал”-аас гаргасныхаа дараа “Дэлхийд өрсөлдөх брэнд бүтээнэ” гэх мэтээр амны зугаа болгон ярьцгаая.
Т.ЭНХБАТ