-За сайн байна уу, эгч. Би энэ хүний хөөргийг худалдаж авах гэсэн юм. Машинаа түүнд зараад, дээрээс нь хавар 20 ямаа нэмж өгөхөөр тохиролцсон тул үүнийг нотариатаар батлуулах гээд таныг зорьж ирлээ.
-Юу гэсэн үг вэ. Яагаад заавал хавар ямаагаа өгнө гэж. Хавар болтол тэр ямаанууд чинь үгүй болчихвол хэн энэ хүний хохирлыг барагдуулах вэ. Би ийм ярвигтай зүйлд баталгаа гаргаж өгөхгүй.
-Харин тэгээд л би таныг гээд зорьж ирж байна шүү дээ. Хавар 20 ямааныхаа ноолуурыг самнаж авчихаад өгье гэж тохирсон юм. Энэ хүн ч надад итгэж байгаа.
Гэхдээ яах вэ, болгоомж илүүдэхгүй гээд хэн хэнд нь баталгаа болж үлдэх юм байг гэсэндээ танд хандаж байна. Манай ямаануудыг энэ жил тарган байгаа гэж дүү хөдөөнөөс ярьсан. Тиймээс ямар ч асуудалгүй онд орно.
-За яах вэ, чиний ямаанууд эсэн мэнд онд ордог байж. Гэтэл наад хүний чинь хөөрөг жинхэнэ чулуу мөн үү, биш үү гэдгийг мэдэх баталгаа байгаа юм уу?
-Эдний удмаас гурван үе дамжиж ирсэн хөөрөг гэнэ лээ, тийм ээ?
-Тэгэлгүй яах вэ. Хөөрөгний тухайд бол найдвартай шүү, эгч минь.
-Та хоёр намайг ямар юмтай хутгах гээд байна даа. Юу ч гэсэн хоёулаа тус тусдаа өргөдлөө бичээд, гарын үсгээ зураадах. Тэндээ учир шалтгаанаа сайн тодруулж оруулж өгөөрэй. Түүнийг чинь баримт болгон авч үлдэнэ.
Сарын өмнө нэгэн нотариатын газарт ийм хөгтэй яриа болсон юм. Хотын ганган хархүү хөдөө хэдэн ямаатайг, тэр нь онд мэнд орох, үгүйг гэрчлэх үүрэг, үйлчилгээ уг нь нотариатынх биш билээ.
Хуульд заасны дагуу гэрээ хэлцэл, гэрээслэл, итгэмжлэл, хуулийн этгээд үүсгэн байгуулах болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбогдох баримт бичгийг гэрчлэхийн зэрэгцээ өвлөх эрхийн гэрчилгээ олгох гэх мэт даацтай үйлчилгээг нотариат үзүүлэх учиртай. Гэхдээ иргэн юм уу, тухайн байгууллага хүсэлт гаргасан тохиолдолд хуулиас гажихгүй л бол бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх эрх нь нээлттэй юм билээ.
Яг энэ сиймхийг ашиглан бүхнийг нотариатаар нотлуулах гэсэн нэг төрлийн бизнес сүүлийн үед Монголд эрчимтэй хөгжиж буй гэхэд болно. Ялангуяа орон сууцны ипотекийн зээл амжилттай хэрэгжиж асан сүүлийн гурав, дөрвөн жил нотариатчид, түүгээр үйлчлүүлэгчид, тэднийг хооронд нь зуучилдаг банк гэсэн гурвалсан холбоо энэ бизнесийг өргөжүүлэхэд манлайлах туг нь болж байж.
Одоохондоо зээл түр зогссон учраас нотариатынхны хийх ажил эрс багассаныг хамаатны эгч маань хэлсэн. Тэр бас нотариатч юм л даа. Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх иргэдийн материалыг хүлээн авах хугацаа маргааш (Цагаан сар таарсан тул энэ сарын 20 хүртэл сунгасан) дуусах учраас одоо ажил нь бүр багасна биз.
Өмнөх жилүүдийн үлдэгдэлтэй нийлээд давхардсан тоогоор энэ онд 8000 орчим хүн орон сууц худалдан авахад зарцуулсан мөнгөнийхөө тодорхой хувийг буцаан авахаар татварын албанд хандсан байна.
Арай гэж зээлээ бүтээгээд, одоо харин татварын хөнгөлөлтөд хамрагдах гэж дахиад үйлээ үзэж, үстэй толгойгоо зулгаасан иргэд тэр хэрээр олон байсан гэсэн үг. Бүрдүүлэх материалын жагсаалт дахь дийлэнх бичиг баримтыг нотариатаар нотлуулах шаардлагатай учраас тэр.
Иргэний үнэмлэхний хуулбарыг хүртэл нотариатаар баталгаажуулдаг завхарсан жишиг ипотекийн зээл ид сэргэн мандаж байх үед тогтсон.
Өндөр нууцлалтай, эзнийхээ хурууны хээнээс эхлээд бүх талын мэдээллийг багтаасан, ямар ч билээ чиптэй гэх мэтчилэн баруун солгойгүй магтаж байгаад бүх нийтээр ухаалаг үнэмлэхтэй болгосны хэрэг ч гарсангүй.
Энэ дэлхийн долоон тэрбум хүний дотор хөх толботой, навтгар хамартай, Монгол Улсын иргэн гэдгийг минь нотариатын оролцоогүйгээр нотолж чадахгүй бол мянган сайхан ухаалаг үнэмлэхээр яах ч юм билээ.
Улсын бүртгэлийн хайлтын системээс хайхад Ганчимэг миний нэр дээр иргэн Ган-Эрдэнийн зураг гарч ирдэг эмх замбараагүй, болхи бүдүүлэг цаг ард хэдийнэ хоцорсон байтал ажил хөөцөлдөх болгондоо иргэний үнэмлэхний хуулбараа бариад нотариатын газар руу гүйх хэрэгтэй болдог нь цаанаа учиртай.
Орон сууцны найман хувийн зээлд хамрагдахын тулд хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж тэмцсэн олон монгол хүн барилгын компани, банк, нотариат, үл хөдлөх хөрөнгийн газар гэсэн маршрутаар олон хоног бэдрэхдээ үүний горыг яс махандаа тултал ойлгосон биз. Ядаж байхад банкныхан иргэдийг заавал өөрсдийнх нь зааж өгсөн нотариатаар үйлчлүүлэх ёстой гэж тулгана.
Энэ үйлчилгээний мөн чанар, үндсэн агуулга магадгүй эндээс алдагдаж эхэлсэн байж ч мэдэх. “Нэг газар бүгд шавааралдаж байхаар ойр хавийнх нь өөр нотариатаар гэрчлүүлчихье” гэхээр банкны эдийн засагч “Болохгүй, өөр газрын нотариатын нотолгоо манайд хүчингүй” гэж ам таглана.
Ийм юм байж болох, эсэхийг Монголын нотариатчдын танхимын эрхмээс асуухад “Нотариатын тухай хуульд иргэн үйлчлүүлэх газраа өөрөө сонгох эрхтэй гэж заасан байдаг. Тухайн нотариатын тойрог буюу дүүрэгтээ байгаа нотариатчидаас хэнийг нь ч сонгон үйлчлүүлэх эрхтэй.
Гэвч банкууд иргэдийг заавал тэнд, энд оч гэхийг нь болиулах үүднээс “Нотариатчаа иргэн өөрөө сонгох эрхтэй” гэж сануулахаар тэд “Бид ч бас танай үйлчлүүлэгч учраас ямар хүнээр нотариатын үйлчилгээ хийлгэхээ өөрсдөө сонгох эрхтэй” гээд байдаг. Ингээд яах ч аргагүй болдог” хэмээсэн.
Нэг иргэн ч бай, нэлээд хэдэн ажилтантай банк ч бай адилхан үйлчлүүлэгч гэдгийг тэд гярхай олоод харчихаж. Тэгээд дэг ёс, эмх цэгц тогтоохын тулд баталдаг хуулийг энэ мэт хийтэй заалтаас нь болж эргүүлээд ард түмний эсрэг ашиглаж сууна.
Дэргэдээ өөрийн гэсэн нотариатчтай байх нь тухайн банкинд яг ямар ашигтайг мэдэхгүй юм. Гэхдээ нотариатчидын хувьд аль нэг банкинд дээгүүр зиндааны танил тал, төрөл төрөгсөдтэй бол амьдралын зам мөр нь улам тодрох нигууртай.
Ипотекийн зээлд хамрагдахаар хөөцөлдөж буй иргэний авах тухайн орон сууцны гэрчилгээний хуулбарыг нотлоход л үнийн дүнгийнх нь нэг хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнг халаасалж байдаг нотариатын үйлчилгээ үнэхээр ашигтай бизнес. Хашаа, байшин, автомашин зарах, худалдаж авахад хүртэл баталгаа гаргуулъя гэвэл нотариатчид мөнгө төлнө.
Харин байрны түрээсийн мөнгийг нь эс тооцвол ямар ч зарлага, үрлэг нотариатчаас гарахгүй. Орон сууцных нь гэрчилгээ үнэхээр тухайн хүний нэр дээр байдаг, үгүйг бүртгэлээс хайх шаардлагагүй, тэр өөрөө бүх юмаа бэлдээд ирчихэж байгаа юм чинь.
Хүмүүсийн иргэний үнэмлэх, гарын үсэгний хуулбар эхтэйгээ таарч байгаа, эсэхийг нотлохын тулд нарийн шалгаж тогтоох шинжээчийн мэдлэг, ур чадвар нотариатчаас лав шаардахгүй. Тийм ч учраас өнөөдөр хуульчийн дипломтой бүхэн нотариатч болохыг мөрөөсдөг болоод байна.
Нотариатчийн сонгон шалгаруулалтыг хуулиараа бол гурван жил тутамд зохион байгуулах ёстой байдаг аж. Гэтэл манайд 2009 оноос хойш буюу сүүлийн зургаан жил сонгон шалгаруулалт явуулаагүй нь хүн олдохгүй, нотариатч дутсандаа биш гэдэг нь ойлгомжтой.
Тэгэхээр одоо ажиллаж байгаа хүмүүс нь Хууль зүйн яамнаас авсан тусгай зөвшөөрлөөрөө аль болох удаан хугацаанд ажиллах, хэдэн жил төвхнөсөн ашигтай байрлал дээрээ дахиад жаахан тухлахын тулд баахан өрсөлддөг гэдэг ортой биз.
Монголын нотариатчдын танхимаас авсан мэдээллээр өдгөө улсын хэмжээнд 244 нотариатч үйл ажиллагаа явуулж байгаагаас нийслэлийн есөн дүүрэгт 178 нь “байраа эзэлжээ”. Хүн амын тооноос хамаарч, аль дүүрэгт хэдэн нотариатч байх вэ гэдгийг тогтоодог гэнэ.
Ирэх гуравдугаар сарын эхээр нотариатчидын дунд сонгон шалгаруулалт явуулсны дараа дээрх тоо нэмэгдэх нь гарцаагүй. Нотариатчидын эгнээ хэр тэлэхээс өнөөгийн Монголын нийгэмд нотариатын үйлчилгээ гэдэг ямархуу орон зай эзэгнэсэн бизнес вэ гэдгийг харж болно.
“Нотариат бол эрэлт хэрэгцээн дээр суурилсан хөндлөнгийн үйлчилгээ болохоос иргэдэд тулган шаарддаг зүйл биш” хэмээн хамаатны эгч маань уурласан сан.
Үнэн л дээ. Гэхдээ энэ хэрэгцээ “Нотариат нь өмчийн эрх зүйн харилцаанд төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, иргэн, хуулийн этгээдэд эрх зүйн үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө өгөх, тэдний эд хөрөнгийн баталгааг хангах, аливаа эрсдэлээс хамгаалах, Улсын бүртгэлийн санд үнэн зөв мэдээлэл бүрдүүлэн өгөхийн зэрэгцээ шүүхэд хөдөлшгүй бичмэл нотлох баримт бүрдүүлснээр шүүх хэрэг маргааныг үнэн зөв шийдвэрлэх, хариуцлагатай нийгэм бий болгох үүрэгтэй” гэсэн зарчмаасаа гажих шалтгаан болохгүй байвал сайн сан.
Л.ГАНЧИМЭГ