“Байгаль орчноо хамгаалах, нутаг усаа бүрэн бүтэн байлгахын төлөө 20 жил зүтгэсэн. Эцэст нь тэрбум гаруй төгрөгийн “ялд уначихаад”, шүүх, цагдаагаар явж байна даа” хэмээн Баянхонгор аймгийн Жаргалант сумын байгаль орчны улсын байцаагч Д.Далхаа гуай ярилаа.
Түүний “өрөнд” орсон шалтгаан манай нийгэмд хэвшил болоод удаж буй авлига, хээл хахууль, хууль бус үйлдэл хийгээд төрийн албан хаагчдын хариуцлагагүй байдалтай хэд хэдэн сэжмээр холбоотой.
Тус сумын нутаг, Тэгшийн ам хэмээх газарт хууль бусаар алт олборлож буй “Оргил моунт” ХХК-ийн үйл ажиллагааг эсэргүүцэн өнгөрсөн зунаас хойш чадлынхаа хэрээр тэмцэж, хот хөдөөгийн хооронд шогшиж буй Д.Далхаа гуайгаас уул уурхайн ажилд саад учруулж, сул зогсоосны хохирол нэхэж шүүхэд гомдол гаргажээ, тэд.
Ямар ч газарт уул уурхайн ажил явуулах эрх өвөртлөхийн тулд хамгийн түрүүнд бүрдүүлсэн байх шаардлагатай бичиг баримт бол байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ.
Өнгөрсөн зун тэднийг машин, техник хэрэгслээ ачаад очиход нь тэрхүү үнэлгээг хийлгэсэн, эсэхээ үзүүлэхийг шаардтал тас гэдийгээд байхаар нь зүй ёсны арга хэмжээ авч, хоёр хоног ажлыг нь хийлгээгүйнхээ хариуд байгаль орчны байцаагч ийнхүү гэмтэн болж буй гэсэн үг.
“Оргил моунт” ХХК-ийнхан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хуурамчаар бүрдүүлсэн байх магадлалтай хэмээн нутгийн иргэд, сумын ЗДТГ, ИТХ-ын төлөөлөгчид үзэж буй тул удаа дараа эсэргүүцлээ илэрхийлж байгаа.
Тэдний эсэргүүцлийн мөрөөр БОНХАЖЯ, Уул уурхайн яам, МХЕГ, АМГ-аас томилогдсон ажлын хэсэг гурван ч удаа газар дээр нь очиж шалгасан боловч тодорхой, дорвитой хариу өгөхгүй байсаар өдий хүрсэн.
“Өөрсдийнх нь машинаар үйлчлүүлсэн шиг ээ яваа улсын комиссынхон хэний талд дүгнэлт гаргах нь ойлгомжтой” хэмээн нутгийн иргэд жиг жуг хийж буй юм. Ямартай ч энэ хооронд дээрх компани Байдраг, Мандалын голын эхэнд хөрс хуулж, алт олборлон, усан буугаар өнөөхөө угаасаар байсан бөгөөд өвлийн хүйтний ачаар өдгөө ажлаа түр зогсоогоод буй.
Тэгшийн аманд тус компанийн алт олборлож буй тусгай зөвшөөрөл бүхий 1130.73 га газар нь Байдраг, Мандалын голын уулзвар бөгөөд “Урт нэртэй” хуулиар хязгаарласан бүстэй давхацсанаараа ноцтойг манай сонин урьд нь бичиж байсан билээ.
“Монголын нууц товчоо”-нд гардаг домогт Байдрагийн гол нь Баянхонгор аймгийн Заг, Жаргалант, Бөмбөгөр, Баацагаан, Бууцагаан гэсэн таван сумын хүн, малыг ундаалаад, Бөөн цагаан нуурт цутгадаг. Ийм түүхэн ач холбогдолтой гол биш, жирийн нэг нуур байлаа ч хууль адилхан үйлчлэх ёстой.
Гэтэл тэгсэнгүй. 2012 онд Засгийн газраас “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журам шинэчлэн баталж, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг эргээс 200 метрээр тогтоосонтой дээрх талбай хэд хэдэн хэсгээрээ давхацсаар байхад холбогдох яамд, мэргэжлийн хяналтынхан, Ашигт малтмалын газрынхан яагаад нүдэн балай чихэн дүлий яваад байна вэ.
Тус компанийг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн, үгүйг нь мэдэхийн тулд хөлөө хүрэх газар болгоноор явж буй сумын удирдлага болон ард иргэдийн итгэл найдварыг саяхан ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, хурандаа Х.Буянтүмэнгийн ирүүлсэн албан тоот бөхөөхөд хүргэжээ.
Учир нь өнөөг хүртэл эргэлзээ дагуулсаар байсан олон зүйл тэр албан тоотод бүр ч хуудуутай болоод ирчих нь тэр. Нэгдүгээрт, “Оргил моунт” ХХК-ийн нэр “Жи Энд Ю Голд” ХХК-тай зуузай холбоод хамт бичигдэх болсон байх юм.
“Жи Энд Ю Голд” ХХК 2011 онд анх тэр газарт алт олборлох гэж байхад нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгаран, “Урт нэртэй” хуулийн ачаар гурван шатны шүүхээр ороод ялагдаж байжээ.
Эднийх Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд алт олборлож, иргэдийг уух усгүй болгосон балаг давтагдах аюул холуур өнгөрлөө гэтэл одоо “Жи Энд Ю Голд” ХХК буюу “Оргил моунт” ХХК хэмээн хамт нэрлэгдэх болсон нь эргэлзээ төрүүлж байна.
Хоёрдугаарт, “Жи Энд Ю Голд” ХХК буюу “Оргил моунт” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөлд “Тулга байгаль трейд” ХХК байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийсэн бөгөөд үүний эх хувь БОНХАЖЯ болон захиалагч, гүйцэтгэгч талд эх хувиараа алга байгаа нь гэмт хэргийн шинж агуулаагүй тул цааш үргэлжлүүлэн шалгах шаардлагагүй гэсэн байх юм.
Хуулиараа бол энэхүү нарийвчилсан үнэлгээ дөрвөн хувь үйлдэгдээд, яам, төсөл хэрэгжүүлэгч болон төсөл хэрэгжих сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт тус бүр нэг хувийг өгч, нэг нь үнэлгээ хийсэн компанид үлдэх ёстой.
Гэтэл цагдаагийнхан захиалагч тал буюу “Оргил моунт” ХХК-д байх ганц хувь хуулбар бичигт баталгаажуулж гарын үсэг зурсан гэх БОНХАЖЯ-ны ерөнхий шинжээч Д.Энхбат, шинжээч Б.Саранг төлөөлж зурсан Д.Шижир-Эрдэнэ нараас тайлбар аваад “Уг хуулбар үнэн болохыг тогтоосон” гэх юм. Хуулбар хувь үнэн болно гэхээрээ яадаг юм бол, гайхалтай юм шүү.
“Наад компанийн чинь тусгай зөвшөөрөл, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ энэ тэр их ярвигтай. Дандаа л хэл ам дагуулж байдаг. Гэхдээ би лав гарын үсэг зураагүй” гээд мэдэн будилаад байсан хүмүүс цагдаад байцаагдахаараа хуулбарыг баталж гарын үсэг зурсан болчихдог.
Мөн их ид шидтэй төлөвлөгөө еө. Хамгийн гол нь цагдаагийнхан дээрх гомдолтой танилцаж, ном журмынх нь дагуу шалгасан бол хэрэг үүсгэж болох, болохгүй гэсэн албан ёсны тогтоол гарах ёстой юм билээ.
Гэтэл тэгэлгүй, зөвхөн албан тоотоор хариу өгсөн нь эргэлзээ төрүүлж байгаа тул нийслэлийн Прокурорт хандсан гэдгээ энэ хэрэг дээр ажиллаж буй өмгөөлөгч нь хэлсэн.
Дээрх бичгээс харин нэг зүйл тодорхой болсон нь төсөл хэрэгжүүлэгч “Оргил моунт” ХХК-ийнхан хуульд заасан шаардлагын дагуу өмнө хийгдсэн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайландаа “EAAC” компаниар нэмэлт тодотгол хийлгэж байгаа юм байна.
Ингэхдээ талууд хамтран орон нутгийн иргэдийн саналыг сонсож, төслийн үйл ажиллагааны талаар сумын ИТХ-аар хэлэлцүүлэхээр зохицуулсан гэнэ. Гэвч нэгдүгээр сараас хойш одоог хүртэл тэд нэг ч удаа суманд очиж, орон нутгийн удирдлагууд болон иргэдтэй уулзаагүй гэсэн.
Уг нь бол бүр анхнаасаа, үйл ажиллагаа эхлэхээс өмнө орон нутгийн иргэдийн саналыг сонсож, ИТХ-аар хэлэлцүүлэх хуультай билээ. Манайхан яах вэ, дандаа араас нь нэхэж явдаг улс.
“Эхлээд ямар нэгэн аргаар хүнд үзүүлэх хуулбар ч хамаагүй бичиг баримттай болоод түүгээрээ далимдуулан бусад зөвшөөрлийг нь аваад, алтыг нь ухаж байтал учир нь олдоно” гэсэн хомхой сэтгэлтэн хаа сайгүй болсны нэг жишээ энэ.
Нэг голынх нь эрэгт улайм цайм тулган алт олборлож, нөгөөгөөс нь их хэмжээний ус татан авчирч олборлосон алтаа угаасаар байгаад эцэст нь газрын гагнаас үгүй болж, голууд ширгэхэд хариуцлага хүлээх эзэн олдохгүй.
Тэгээд шаардлага тавьсан хүний өөдөөс тэрбум тэрбумаар нь мөнгө нэхэж, зүрхийг нь үхүүлэх гэдэг башир арга манайхныг хаана хүргэх бол.
Л.ГАНЧИМЭГ