Улаанбаатар хотын удирлагууд гэр хорооллын дахин төлөвлөлтийг өнгөрсөн жилүүдэд онцгой их ярилаа. Харин хамгийн хялбар агаад шуурхай хэрэгжих боломжтой орон сууцны хорооллын дахин төлөвлөлтөд хүч хаясангүй. Хан-Уул дүүрэгт байрлах “Нэхмэлийн шарууд”, Баянголын “Төмөр замын шарууд”, “ТБД Андууд” орчмын хуучин байр зэрэг хугацаа нь дууссан олон хороолол нийслэлд бий.
Цаашлаад 40, 50 мянгатын орон сууцыг ч нурааж, шинийг барих учиртай. 50-60 жилийн өмнө модоор барьсан, аюулгүй байдлын шаардлага хангадаггүй, стандартад нийцдэггүй, газар шилгээвэл хүн дарж алах барилгуудыг шинэчлэх нь зайлшгүй юм.
Яагаад орон сууцны хорооллыг дахин төлөвлөх нь гэр хорооллынхоос илүү хялбар, шуурхай хэрэгжих үндэслэлтэй вэ? Орон сууцыг орон сууцаар нь солиод гүйцээ. Хотын захын гэр хорооллын иргэн газраа тэрбум төгрөгөөр үнэлж байгаа тохиолдол ч гарч байна. Газрын эзэнтэй үнэ тохирно гэж зоволтгүй.
Удаах давуу тал инженерийн шугам сүлжээ юм. Хотын удирлагууд гэр хорооллыг орон сууцжуулах 12 байршил сонгосноо дөрвөн жилийн өмнө зарласан ч ажил нь урагшлаагүй. Ихэнх байршилд нь инженерийн шугам сүлжээ очоогүй учраас тендерт ялсан компаниудад төслөө эхлүүлэх хөрөнгө олдоогүй.
Дараагийн давуу тал нь байршил. Ханын материалд барьсан орон сууцнаас “Төмөр зам”, “ТБД Андууд” орчимд босгосон байрыг худалдаж авахыг иргэд илүүд үзэх нь дамжиггүй. Хотын төвд байрлалтай учраас тэр.
Жишээ татъя. “Нэхмэлийн шарууд”-ын 11 дүгээр байранд 32 айл амьдардаг. Үүнийг нураагаад 90 айлын орон сууцтай 12 давхар барилга баривал 32 оршин суугчаас нь гадна гэр хорооллын 60 өрхийг тохилог орон сууцаар хангах боломж бүрдэж байгаа биз.
Даанч хотын дарга нар гэр хорооллыг дахин төлөвлөөд нийслэлийг утаагүй болгоно гэж хоосон чалчсаар удав. Үнэхээр утаанд санаа тавьж байгаа бол инженерийн шугам сүлжээгээ дахин төлөвлөхөөр сонгосон газар руугаа яаралтай татах хэрэгтэйсэн.
Хуучирсан, стандарт хийгээд аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй орон сууцанд амьдардаг 5000 орчим өрх байдаг гэсэн тооцоог мэргэжлийн хяналтынхан гаргасан. Модоор барьсан, хуучин орон сууцны барилга дээд тал нь дөрвөн давхар байдаг. Навтгар навтаснуудын оронд стандарт хангасан өндөр барилга баривал 20-30 мянган айл шинээр орон сууцанд орох боломж бүрдэнэ.
Цаанадаж хотын өнгө төрх ч засарна. Гэр хорооллыг юу юугүй барилгажуулна гэж ярихаас илүүтэй хүний хэрэгцээнээс гарах дөхсөн навтаснуудаа шинэчилмээр байгаа юм. Хотын захиргааныхан юу ч хийгээгүй, гараа хумхиад суусан гэвэл алдас болно. “Нэхмэлийн шарууд”-ыг дахин төлөвлөх тендер зарласан.
Түүнд нь “Өндөр буянт холдинг” ялсан ч ганц компани том бүтээн байгуулалт хийж чадахгүй гээд цуцалчихсан юм. Дахиад тендер зарлахад “Өндөр буянт”-аас илүү санал очоогүй. Аргаа барахдаа голсон компаниа тендерт дахин оролцооч гэж урьсан.
“Нэгэнт шалгуур хангахгүй тул дахиж оролцохгүй” гэж нөгөөх нь хариу барьснаар “нэхмэлийг шарууд”-ын оронд шинэ байр барих ажил “түгжрэв”. Төрийн ноён нуруу мөн ч хэврэг байна даа.
Т.ЭНХБАТ
ДЭЛХИЙН ЖИШИГ
Азийн хамгийн үнэтэй орон сууц Хонконгод бий
Дэлхийн хамгийн үнэтэй орон сууц Лондон, Нью-Йорк, Хонконгод байдгийг CNN мэдээлжээ. 2011 онд Лондонд байрлах гурван давхар пентхаусыг Украины уул уурхайн нэгэн магнат 136.4 сая фунт стерлинг (208 сая ам.доллар)-ээр худалдан авсан нь хамгийн үнэтэйд тооцогддогийг “The Guardian” мэдээлжээ.
Тэгвэл 2015 оны эхээр нэрээ нууцалсан нэгэн Нью-Йоркод “One57” (бас “Тэрбумтнуудын барилга” гэх нь бий)-ын пентхаусыг 100.5 сая ам.доллараар авсан нь хамгийн үнэтэй барилгын тоонд багтсаныг үл хөдлөх хөрөнгийн “CityRealty” групп мэдэгджээ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хонконгод тансаг зэрэглэлийн орон сууцыг 509.6 сая хонконг доллар (66 сая ам.доллар)-аар борлуулсан нь Азид хамгийн өндөр үнэ болсон байна. 12 давхар “Опус” барилгын хамгийн дээр байрлах тус орон сууц 505.7 ам метр бөгөөд хэд хэдэн угаалгын өрөө, жакүз, хоёр ч машины зогсоолтой гэнэ.
Харин хямд өртөгтэйд тооцогддог Аргентин улсын нийслэлийн ойролцоох Палермод амьдрахад таатай орон сууц хөлслөхөд сард 700 ам.доллар “тушаах” гэнэ. Энэ нь АНУ-ын Манхэттенд адил орон сууцанд сард 10-15 мянган “ногоон” төлөхөөс даруй 4000 дахин хямд гэсэн үг.
Аргентины жижиг хотуудад бол 300-500 ам.доллар төлөөд л сар амьдарч болох аж. Түүнчлэн харьцангуй хямд өртөгтэйд тооцогддог Камбожид далайн эргийн ойролцоо бүрэн тавилгатай орон сууцыг (ам метрийг тодорхой дурдаагүй байв) сард 200-500 ам.доллар төлөөд хөлсөлж болдог байна.
Мөн эдийн засаг нь тэлж буй Вьетнамын Хо Ши Мин хотод тавилгатай байрыг нэг сар хөлслөхөд 400-800 “ногоон” хангалттай. Европын орнуудаас Португал амьдрахад “халаасанд хамгийн ээлтэй” улс гэнэ.
Тэнд 350-800 евро төлөөд боломжийн орон сууцанд сар амьдарч болох нь. Сонирхуулахад, Их Британийн “Knight Frank” компанийн судалгаанд дурдсанаар нэг сая ам.доллараар Лондонд 21, Нью-Йоркод 34 ам метр тансаг зэрэглэлийн орон сууц худалдан авах боломжтой аж.
ҮНЭ ХАНШ
Шинэ, хуучин орон сууцны үнэ хямдарсаар байна
Монголбанк, “Тэнхлэг зууч” компани хамтран орон сууцны үнийн индекс тооцож гаргадаг. Өнгөрсөн нэгдүгээр сард шинэ орон сууцны нэг ам метрийн дундаж үнэ 2.047.000 төгрөг болсон нь өмнөх сараасаа 0.2, 2015 оны мөн үеэс 5.3 хувиар хямдарсан үзүүлэлт юм.
Энэ хугацаанд хуучин хоёр өрөө байрны үнэ дунджаар 83.4 сая төгрөгт хүрсэн нь жилийн өмнөхөөсөө 14.6 хувиар буурсан дүн аж. 2015 оны тавдугаар сард хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ 94.3, есдүгээр сард 88.7, арваннэгдүгээр сард 84.7 сая төгрөг байжээ. Ер нь зах зээл дэх шинэ, хуучин орон сууцны үнэ уруудаж байгааг шинжээчид хэлж буй.
“Тэнхлэг зууч” компанийн гүйцэтгэх захирал Б.Батзориг “Бид 2013 оны нэгдүгээр сараас орон сууцны үнийн индекс тооцож эхэлсэн. Уг сарыг суурь болгосон. 2014 оны зургадугаар сараас олон нийтэд уг индексийг танилцуулж эхэлсэн” гэв.
Тэд шинэ орон сууцнуудаас төлөөлүүлэн 600-700-г, бас 3500 орчим хуучин гэх мэтээр зах зээлд нийлүүлсэн дунджаар 4000-5000 орон сууцыг хамруулан сард нэг удаа дээрх индексийг тооцон гаргадаг байна. Өнгөрсөн сарын болон 2015 оны тавдугаар сард шинэ, хуучин орон сууцны үнийг графикаас харьцуулан харна уу.
Ц.БОЛОР

ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА
Нэхмэлийн шарынхан шинэ байрандаа
хэзээ орох нь тодорхойгүй

Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй, мөөгөнцөртсөн, дусаал гоождог, газар хөдлөлтөд тэсвэргүй 400 гаруй барилга байдаг ажээ. Чингэлтэй, Сүхбаатар, Хан-уул, Сонгинохайрхан дүүрэгт байрлах эдгээр барилгыг ээлж дараатай нурааж, шинээр босгох ажил 2014 оноос эхэлсэн байна.
Дахин төлөвлөлтөд эхний ээлжинд хамрагдах, Хан-Уул дүүргийн “Нэхмэлийн шар” хэмээх хуучин барилгуудыг зорилоо. Тэнд нураах шаардлагатай 20 орчим барилга бий гэнэ. 1950 оны сүүлчээр Нэхмэлийн үйлдвэр ашиглалтад орох үеэр барьсан тус барилгуудын зарим нь хүн амьдрахад бэрх болжээ.
Хана, шал нь авах юмгүй болсон, халаалтгүй, бие засах газрынх нь шугам байнга бөглөрдөг гээд оршин суугчдад бэрхшээл их тулгардаг аж. Тиймээс тэд долоон жилийн өмнөөс орон сууцаа дахин төлөвлүүлэх хүсэлт гаргаж эхэлжээ.
Энэ талаар 11 дүгээр байрны оршин суугч Б.Чимэг “Эндхийн барилгуудыг дахин төлөвлөх яриа гараад долоон жил өнгөрч байна. Сүүлийн хоёр жил байнга л ярих болсон. Гэтэл хийж буй дорвитой ажил алга.
Зургаа, 11, 16 дугаар байр дотроо нийтийн бие засах газартай учир зун өмхий үнэртээд хэцүү байдаг. Өнгөрсөн онд хотын дарга Э.Бат-Үүл, дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нар бидэнтэй уулзсан. Тухайн үед эдгээр барилгыг өнөө маргаашгүй нураагаад шинийг барьчих юм л ярьсан. Гэтэл өнөөдөр хийсэн ажил алга” гэж ярилаа.
2015 онд дөрөвдүгээр сард тухайн барилгуудыг буулгаж, суурин дээр нь шинэ орон сууц барих шийдвэр гарсан аж. Ингэхдээ оршин суугчдаас нь санал авч, “Фүжи холдинг” банк бус санхүүгийн байгууллага, “Нутгийн буян групп”, “Рендербау”, “Шинэчлэлийн төлөө түншлэл”, “Эфэс констракшн” гэсэн дөрвөн компанид иргэдтэй гэрээ байгуулан, дахин барилгажуулах эрх өгчээ.
Үүнээс хойш “Нутгийн буян групп” ХХК л нэг байрыг буулгаж, суурин дээр нь шинэ орон сууц барьж эхэлсэн ажээ. Тус барилга ирэх намар ашиглалтад орох гэнэ. Ийнхүү барилгын ажил эхэлсэн хэдий ч шинэчлэх шаардлагатай 20 барилгаас дөрвийг нь дахин төлөвлөх боломжгүй гэнэ.
Тодруулбал, Нэхмэлийн 12, 13, 17, 18 дугаар байрыг дахин төлөвлөх компани олдоогүй аж. Учир нь эдгээр байрны дунд өөр компани зөвшөөрөлгүйгээр барилга барьсан, тэнд нь хүмүүс амьдарч буй учир хуучирсан дөрвөн байрыг нураах, шинээр барилгын ажил явуулахад хүндрэлтэй гэнэ. Харин үлдсэн 15 байрыг хэзээ буулгаж, оршин суугчид хэзээ шинэ байрандаа орох нь тодорхойгүй байна.
Г.ЦЭЦЭГ
ТООН МЭДЭЭ

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
М.НЯМБАЯР: Хан-Уул дүүрэгт энэ жил 90 айлын орон сууц ашиглалтад оруулна
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Нямбаяраас зарим зүйл тодрууллаа.
-Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууц Улаанбаатарт хэд байгаа вэ. Хуучин барилгуудыг буулгаж, шинээр барих ажил яагаад удаашраад байна вэ?
-2011 онд Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг дахин төлөвлөж, шинээр барих гэдэг ойлголт гарч ирсэн. Урьд нь Монгол Улсын хууль тогтоомжид ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууц, барилгын талаар огт тусгаагүй байсан юм.
Хэдийгээр хуульд энэ тухай бүхэл бүтэн нэг бүлэг нэмж оруулсан ч үүнийг яг яаж, хэрхэн хийх вэ гэдэг тодорхой дүрэм журам байгаагүй. Тиймээс 2014 оны зургадугаар сард нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 90 дүгээр тогтоолоор “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж, барилгажуулах журам” баталсан.
Долдугаар сард нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй 150 барилга байна” гээд жагсаалт гаргасны дагуу барилгын компаниудын дунд сонгон шалгаруулалт зарласнаар энэ ажил анх эхэлсэн түүхтэй.
Үндсэндээ ажил эхэлснээс хойш нэг жил л өнгөрч байна. Иргэдтэй тохиролцож, гурван талт гэрээ байгуулахаас эхлээд энэ хугацаанд янз бүрийн саад бэрхшээл тулгарч байна. Удаашралтай байна гэдэг иргэдийн шүүмжлэл харьцангуй ойлголт юм.
40, 50 айлтай барилгыг буулгаж, дахин төлөвлөх, цөөн өрхтэй гэрээ байгуулж, орон сууцыг нь шинэчлэх хоёрт ялгаа их бий. Зарим айл байраа барьцаанд тавиад зээл авчихсан байна, нэг хэсэг нь орон сууцаа зөвшөөрөлгүй өргөтгөчихсөн, нөгөө нь өв залгамжлаад авчихсан байраа захиран зарцуулах эрх нь нээгдээгүй байх гэх мэтчилэн иргэдээс янз бүрийн зөрчил гарч ирдэг.
Эдгээр асуудлыг зохицуулаад, бүх айлтай гэрээ байгуулах шаардлагатай. Компаниуд бол дахин төлөвлөлтийн ажлаа хугацаандаа хийж байгаа.
-Энэ жил хэчнээн айлын орон сууц ашиглалтад орох вэ?
-Одоо Хан-Уул дүүрэгт Нэхмэлийн шар орчмын нийтийн зориулалттай орон сууцуудыг буулгаад, шинээр барих ажил үргэлжилж байгаа. Эндхийн айлууд энэ хавар эхнээсээ шинэ байрандаа орно. “Эфис констракшн” компани Хан-Уул дүүрэгт энэ жил 90 айлын орон сууц ашиглалтад оруулна.
Баянгол дүүргийн нутаг дахь “Барс” худалдааны төвийн хойд талын байруудыг дахин төлөвлөж, барилгажуулж эхлэхээр иргэдтэй гэрээ хэлэлцээ хийж байна. Дөрөвдүгээр сараас уг байруудыг суллаад, шинээр барина.
Мөн Баянзүрх дүүргийн “Цайз” захын урд талын хуучин барилгуудыг буулган, шинээр барилгажуулж эхэлсэн. Энэ хавар Баянгол дүүрэгт хоёр байршилд зэрэг төсөл хэрэгжүүлэхээр болсон.
-Хуучин барилгуудыг буулгаж, дахин төлөвлөх ажилд барилгын компаниуд хэр идэвхтэй оролцож байна вэ?
-Ний нуугүй хэлэхэд, барилгын компаниудын идэвх, оролцоо сүүлийн үед улам буурах хандлагатай байна. Өнгөрсөн оны нэг, хоёрдугаар сард компаниудын идэвх их сайн байсан. Одоо идэвх нь өдрөөс өдөрт сулрах боллоо. Удахгүй манайх дараагийн сонгон шалгаруулалтаа зарлана. Тэр үед илүү тодорхой тоо баримт гарах байх.
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийг бодоход энд төсөл хэрэгжүүлж буй компаниуд газар чөлөөлөх, дэд бүтэц татах зэргээр цаг хугацаа алдахгүй, хөрөнгө мөнгөнд нь ч хэмнэлттэй.
Бас хуучны хоёр, гурван давхар байрны газар дээр олон давхар орон сууц барьж, зарах нь тэдэнд ашигтай баймаар юм?
-Уг нь тийм. Хуучныг нь буулгасан л бол шинэ орон сууцаа маш хурдан барьж, мөнгөө эргэлтэд оруулах сонирхол компаниудад байгаа нь ойлгомжтой. Гэхдээ улс орныг хамарсан эдийн засгийн хямрал барилгын салбарт нэлээд хүчтэй нөлөөлсөн шүү дээ.
Учиргүй олон давхар орон сууц барьж, зараад, иргэд худалдаж аваад байна гэж шууд ойлгож болохгүй. Нийслэлийн Засаг даргын баталж өгсөн албан даалгаврын хүрээнд бүх ажил өрнөх учиртай. Мөн нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас орон сууц барьж, зарах хязгаарыг тогтоож өгсөн байдаг.
Хэрэв заасан хугацаанд барьж дуусгахгүй бол дараагийн аж ахуйн нэгжид шилжүүлнэ гэдэг хатуу зарчим бид баримталж байгаа. Хотын төвийн газар үнэтэй учраас том давуу тал энэ юм.
Л.ГАНЧИМЭГ
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
Шаардлага хангахгүй хуучин барилгуудыг нураан, шинийг барих ажил яагаад удаашраад байна вэ?
Б.ЭНХТУЯА (Хан-Уул дүүргийн иргэн):
-Би нэхмэлийн шарын байранд амьдардаг. Тэр хавийн барилгыг шинэчилнэ гэж олон жил ярьж буй. Гэтэл бүгдийг нь нурааж, шинэ барилга барих хөрөнгө мөнгө хомс юм шиг байна лээ.
Бас байрны нэгдүгээр давхарт өргөтгөл барьчихсан хүмүүст ажлын байрны талбай өгөх шаардлага гэхчилэн бэрхшээлтэй асуудал олон гардаг бололтой. Би л гэхэд Нэхмэлийн шарын зургадугаар байранд өргөтгөл барьж, хувиараа ажил хийдэг. Тухайн газар дээр өргөтгөл барьж үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө“Фүжи холдинг” ХХК-д аваачиж өгсөн.
Д.УДВАЛ (Сүхбаатар дүүргийн иргэн):
-Хуучин барилгыг шинэчлэх ажил эхэлсэн гэж хэвлэлээр гараад л байгаа. Гэхдээ байр нь ашиглалтад орсон гэсэн мэдээ алга. Би Төв шуудангийн урд байрладаг хуучин байранд амьдардаг.
Манай байрыг бас ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс шинэчлэх байх гээд хүлээж байгаа. Сүүлийн хоёр жил манай улсын эдийн засаг тийм ч сайн байсангүй. Тэгэхээр хөрөнгө мөнгөнөөс л болж, энэ ажил зогсонги байдалтай болсон байлгүй дээ.
Б.ГАНБОЛД (”Фүжи холдинг ББСБ” ХХК-ийн төсөл хариуцсан захирал):
-Манай компани ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхний ээлжийн барилгуудаа буулгаж эхэлнэ. Хөрөнгө мөнгөн дээр гацсан юм байхгүй. Бид айлуудтайгаа гэрээгээ хийх ёстой.
Эхний ээлжинд буулгах байрнуудынхаа айлуудтай гэрээ байгуулаад, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт өгчихсөн. Дахин барилгажуулах ажил график төлөвлөгөөтэй байдаг юм. Бид төлөвлөгөөгөө батлуулчихсан.
Н.БАТБОЛД (Чингэлтэй дүүргийн иргэн, “Буянт” дэлгүүрийн эзэн):
-Манай дүүрэгт газар хөдлөлтөд тэсвэргүй хэд хэдэн барилга бий. Манай дэлгүүр тэдний нэгэнд байрладаг. Өнгөрсөн 2014 онд судалгаа аваад, дахин төлөвлөх шаардлагатай гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан юм билээ.
Одоогоор төлөвлөлтөд хамрагдаагүй л байна. Хотын захиргаа нэн даруй шинэчлэх барилгуудыг л эхэлж төсөлд хамруулж буй юм шиг байна лээ. Уг нь барилгын компани олон шүү дээ. Бүгдийг нь нэг дор эхлүүлбэл олон жил сунжрахгүй амар л байх. Хэзээ буулгах бол гээд дэлгүүртээ засвар ч хийж чадахгүй байна.