-Ээж ээ, тандаа хайртай шүү. Та минь хурдан эрүүл болоод, гараад ирээрэй
Бурхан таныг сэлбэггүйгээр бүтээсэн тул эд эрхтэнээ хайрла гэж нэгэн мэргэн хүн хэлсэн байдаг. Харин шинжлэх ухааны ололт амжилтын ачаар бид ямар нэг эрхтэнээ сэлбүүлэх боломж олдсонд талархаад баршгүй.
Саяхныг хүртэл монголчуудад бусдын эрхтэнийг өөрийн болгох тухай ойлголт шинэ зүйл байсан бол өдгөө элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах өндөр технологит эмчилгээг эх орондоо хийж байна. Бүр өөрсдөө бие дааж шүү.
Тэгвэл өнгөрсөн баасан, бямба гаригт Монголын Элэг шилжүүлэн суулгах үндэсний баг, БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвийн эмч нар хамтраад 24, 25 дахь хүнд элэг шилжүүлэн суулгасан нь амжилттай боллоо.
Бид оны өмнөөс Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захиргаанд албан ёсоор хүсэлт тавьж, Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн ажлын өдрийг өнгөрсөн пүрэв, баасан гаригт сурвалжилсан нь энэ.
2016.02.25 буюу хагалгааны өмнөх өдөр. 12.00 цаг Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн Эрчимт эмчилгээний тасгийг зорилоо. Эх орондоо эрхтэнээ солиулах хүсэлтэй хүмүүс нэмэгдсэн тул тус төвийнхөн эмнэлгийнхээ өргөтгөлийн байранд, дөрвөн ортой Эрчимт эмчилгээний тасгаа найман ортой болгон өргөтгөж, улсын төсвийн 350 орчим сая төгрөгөөр шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжөөр бүрэн автоматжуулжээ.
Гурван орыг нь элэг, гурвыг нь бөөр суулгуулах хүн, хоёрт нь донор хэвтүүлэхээр зохион байгуулсан байна. Биднийг очиход ээлжийн сувилагч, асрагч нар өрөөнүүдээ ариутгаж дууссан. Элэг шилжүүлэн суулгуулах хоёр өвчтөн (цаашид А, Б гэнэ) Дотрын тасгаас арай л шилжиж ирээгүй байв.
Ахлах сувилагч Б.Удвал “Манай өрөөнүүд, ор бүгд амьсгал, соруулгын аппарат, хүчилтөрөгчийн вакуумтай. Өвчтөнөө хүлээж аваад хагалгааны өмнөх үзлэг, шинжилгээг эмчийн зааврын дагуу хийнэ. Донор хагалгаанд ортлоо Мэс заслын тасагт хэвтдэг. Хагалгааны дараа шууд энд шилжиж ирнэ.
Уг нь риципиентээ (эрхтэн суулгуулах өвчтөнийг ингэж нэрлэдэг) Эрчимт эмчилгээний тасагт 3-4 хоногийн өмнө хэвтүүлж, бэлддэг ч тасаг шинээр зохион байгуулагдсан учраас одоо л шилжүүлж байна” гэж ярилаа.
15.00 цаг Өвчтөн А, Б-г Эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэв. Хагалгааны өмнө тэдэнд эм, тарианы сорил, төрөл бүрийн шинжилгээг эмчийн заавраар хийдэг аж. Мэс заслын дараа амьсгалын аппараттай 2-3 хонодог учраас ухаан орохдоо, аппарат салгасны дараа яаж зөв амьсгалах, цэрэндээ хахахгүй байхаас өгсүүлээд сувилагч нар янз бүрийн зөвлөгөө өгдөг юм байна.
Мөн өвчтөн хагалгааны өмнө сэтгэл санаагаар маш их унадаг тул тэдэнд сэтгэл зүйн эмчилгээ ч хийдэг. Зарим нь хагалгааны өмнө 2-3 хоног унтахгүй байх тохиолдол ч гардаг гэсэн. Энд хэвтэж буй А, Б хоёул элэгний хатуурал нь эцсийн шатандаа орчихсон, амьд гарах ганц боломж нь эрхтэнээ солиулах аж.

Өвчиндөө шаналж, бас айдаст автсан тэднээс олон юм асууж зүрхэлсэнгүй. “Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж байж дээ гэж бодож байв уу” гэсэн ганц асуултад 39 настай, А “Ирээдүйгээ хардаг бол хүн бүр эрүүл энх, аз жаргалтай амьдрах байсан биз ээ. Одоо л хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол сайжирч байна.
Бидний үед арай өөр байлаа. Нэг удаагийн зүү тариур ч гэж байсангүй. 2012 онд элэгний хатууралтайгаа мэдсэн. Эцэст нь ийм байдалд хүрлээ. Харин одоо эдгэнэ гэсэн итгэл дүүрэн байгаа” гэсэн бол өвчтөн Б, 56 настай, эмэгтэй “2010 онд элэгний В, Д вирусийн гаралтай хатуурал гэж оношлогдсон.
Эмчилгээ хийлгэж байсан ч хугацаа өнгөрөх тусам хатуурал нь улам даамжирч, элгээ солиулахаас өөр аргагүй болсон. 1969, 1970 онд хоёр удаа шарласан юм. Тухайн үед эмчлүүлээд эдгэсэн ч вирусээ устгахгүй л бол аюултай юм байна шүү, та минь ээ. Нөгөөдөр хагалгаанд орно. Охин маань донор болж байгаа. Сэтгэл санаа тайван, эмч нартаа итгэж байна” гэлээ.

БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвийн эмч нарыг хүлээн авав. 2016.02.25 18.00 цаг
18.00 цаг БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвийн эмч, сувилагч нарын баг 15.40-д “Чингис хаан” нисэх буудалд бууж, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн удирдлага, Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн хамт олон тэднийг 18.00 цагт угтаж авсан юм.
Тэд мэс заслын бэлтгэл ажлын талаар ярилцсаны дараа Эрчимт эмчилгээний тасгаар орж, өвчтөн А, Б-тэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсов.
02.26-ны 07.00 цагт Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дөрөвдүгээр давхарт Монгол, БНСУ-ын эмч нар хуралдаж, элэг шилжүүлэн суулгах мэс заслын явцад гарч болох хүндрэл, өвчтөний биеийн байдал, хагалгааны ширээний ард хэн хэн ямар үүрэгтэй оролцох талаар ярилцав. Энэ өдөр 39 настай, эмэгтэй А-д төрсөн ахынх нь охиноос элэг авч, шилжүүлэн суулгах мэс засал хийх юм.

07.30 цаг Эмч нар өвчтөний ар гэрийнхэнтэй уулзав. Монголын Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, хүний гавьяат эмч О.Сэргэлэн тэдэнд хандаж “07.45 цагт риципиентээ хагалгааны өрөөнд оруулаад 08.00 цагт бэлтгэл ажил эхэлнэ.
Өчигдөр шөнө гайгүй унтаж амарсан болохоор санаа зоволтгүй. Хагалгааны өмнөх эмчилгээг өчигдөр шөнөөс стандартын дагуу хийгээд эхэлсэн. Хоёр улсын гэрээний дагуу БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвөөс 10 хүн ирээд байна. Бид хамтарч хагалгаа хийнэ.
Мэс засал 14-15 цаг үргэлжлэх тул явцын мэдээллийг хүргэж байх болно. Хагалгаа дууссаны дараа өвчтөн энд тэндгүй гуурстай, хүчилтөрөгч залгаатай, унтуулгатай гарч ирдэг тул битгий айж цочирдоорой. Энэ бол байдаг л зүйл. Хоног хоногоор гуурсыг нь цөөлдөг учраас санаа зоволтгүй. Та бүхэнд асуулт байна уу” гэхэд риципиентийн аав “Асуух зүйл юу байх вэ, хүүхдүүд минь. Одоо та нартаа залбираад л сууж байя даа” гэсэн юм.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмнэл зүй эрхэлсэн дэд захирал, Элэг, бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн гишүүн Д.Чулуунбаатар “Хагалгааны дараа өвчтөн 2-3 хоног амьсгалын аппараттай байдаг.
Эхний нэг сард ч хэдүүлээ “зодолдоно” шүү дээ. Өнөөдөр, маргааш элэг суулгуулах өвчтөн, донорт зориулаад 24 цагийн жижүүрийн хуваарь гаргасан. Тиймээс эмч нараас биеийн байдлыг нь асууж болно. Гэхдээ 30 минут тутамд утасдаад байв” гэж анхааруулав.
07.50 цаг Өвчтөн А-г Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн Эрчимт эмчилгээний тасгаас хагалгааны өрөө рүү шилжүүлэв. Эмнэлгийн түрдэг орон дээр дамнуулан, эмч сувилагч нараар түрүүлэн ирж яваа ээждээ хүүхдүүд нь “Хайртай шүү, ээж ээ” гэж урам хайрлаж, гараараа даллана.
“Мэс засал, цэвэр орчин” гэсэн шилэн, гүйдэг хаалгатай өрөөнд ороход нь түүнд ойр дотнынхон нь хамгийн сайн сайхныг хүсэж, гараа хавсарч залбирч харагдсан. Өвчтөний аав тэсгэлгүй нулимс унагахад хүүхдүүд нь “Даралт чинь ихэснэ шүү, аав аа. Тайван бай” гэж аргадна. Өвчин хэлж ирдэггүй. Одоо тэдэнд хүлээх л үлдлээ.
Хэсэг хугацааны дараа донорыг мэс заслын өрөө рүү шилжүүлсэн юм. Мэдээж риципиент, донор хоёрын хагалгаа зэрэг явагддаг. Одоо элгээ солиулах гэж буй өвчтөн маань эхээс зургуул. Айлын тав дахь нь тэрбээр 15, 16 настай хоёр охин, наймтай нэг хүүтэй юм байна. Төрсөн ахынх нь охин түүнд элгээ өгч, амьдрал хайрласан.
Тэр хоёр хар багаасаа нэг гэрт ижилдэн дасаж, эрдэм номтой хүн болоход нь А-гийн тус дүүд нь маш их байсан тул өөрийн хүсэлтээр үг дуугүй донор болсон гэж ар гэрийнхэн нь хэлнэ лээ. Донор ихэр охин, нэг хүүтэй. Үнэхээр зоригтой бүсгүй байсан. 08.00 цагт хагалгааны бэлтгэл ажил эхэлсэн гэх мэдээ ирэв.
10.00 цаг Хагалгааны өмнөх бэлтгэл ажил дуусаж, хэвлийн хөндийг нээж байна гэсэн мэдээ ирэв. Улсын нэгдүгээр төв эмнэлэг хүний хөлд хэдийнэ дарагджээ. Давхар, хонгил бүрт яарч тэвдсэн, хоол, цай тэвэрсэн хүмүүс холхино.
Харин дөрөвдүгээр давхрын хүлээлгийн танхимд буй 10 гаруй хүн зөвхөн нэг л хүний төлөө залбирч, хагалгааны өрөөний хаалга тас ширтэн сууна. Эмч нарыг хагалгааны өрөө рүү орж, гарах бүрт өндөлзөж, юу болж, яаж байгааг мэдэхийг хичээнэ.

10.30 цаг Эмнэлгийн нэг жигүүрт мэс засал ид үргэлжилж, хөл хөдөлгөөн ихтэй байхад нөгөө талд маргааш хагалгаанд орохоор бэлтгэж буй Б үзлэг, шинжилгээ хийлгэж байв. Энэ хооронд бид Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга П.Батчулуунтай уулзав. Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн өдгөө 112 дахь хүндээ бөөр, 24, 25 дахь хүнд элэг шилжүүлэн суулгаад байна.
П.Батчулуун “Бид элэг, бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай хүмүүсийг бүртгэж, байнга хянадаг. Одоогоор бөөр суулгуулах 300 орчим, элгээ солиулах шаардлагатай 100 гаруй хүн байна. Эдгээр хүнийг дотор нь өвчний үе шат, биеийн байдал, В, С вирусийн тоо, гемодиализд хэдэн удаа орж буй зэргээс нь хамаараад эрэмбэлж, хагалгаа хийх дараалал тогтооно.
Жагсаалтад хүлээгдэж буй өвчтөнүүдээ бид хоёр янзаар хагалгаанд бэлддэг. Нэгдүгээрт, амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгах. 2002 онд баталсан Донорын тухай хуульд 2012 онд нэмэлт өөрчлөлт оруулахдаа донорын олдоц, хүртээмжийг сайжруулахаар хэд хэдэн заалт оруулж өгсөн.
Ингэснээр заавал ах, дүү, аав, ээж гэлтгүй зүү орох зайгүй найзууд, хуурай ах дүүс хос эрхтэнийхээ нэгийг, том эрхтэнийхээ талыг ямар нэгэн санхүүгийн хөшүүрэггүйгээр донор болгон өгөхийг зөвшөөрсөн. Эцэг хүү, ээж охин, эсвэл найзууд нэгэндээ эрхтэнээ бэлэглэх тохиолдолд бид хагалгаагаа төлөвлөдөг бол нөгөөх нь тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэх мэс засал юм.
Бид 2016 онд энэ ажлыг төслийн хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Дэлхий дахинд хийгдэж буй эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг 100 хувь гэж үзвэл 70-80 хувь нь тархины үхэлтэй донороос эд, эрхтэн авсан байдаг.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн 2016 он гараад тархи нь үхэжсэн хоёр донорын тусламжтайгаар таван хүний амь (элэг нэг, бөөр дөрөв) аварлаа. Хэдийгээр золгүй байдлаар осолд өртсөн, тархиндаа цус харваад төв мэдрэлийн систем нь ажиллагаагүй болсон нь харамсалтай ч бид асар их баялгаа үгүй хийж байгаа.
Тархи нь үхэжсэн хүнийг хиймлээр амьсгалыг нь дэмжиж, амьд юм шиг байлгадаг ч аппаратыг нь салгахад зүрх нь шууд зогсдог тул ДЭМБ ийм хүмүүсийг нас барсан гэж үздэг. Дэлхийн хөгжилтэй орнууд тархи нь үхэжсэн нэг донорын эрхтэнээр найман хүний амь аварч байна.
Харин Монголын нөхцөлд гурван хүн амьдруулах боломжтой. Гэхдээ ийм донороос эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг хэзээ ч төлөвлөдөггүй, яаралтай хийдэг. Манай шашины номонд эд эрхтэнээ бусдад донор болгон өгөхийг “Өглөгийн дээд өглөг, буяны дээд буян” гэж үздэг.
Сүүлийн үед иргэд ч үүнийг ойлгож, хайртай хүмүүсийнхээ амьдралыг үргэлжлүүлэх хэн нэгэнд эд эрхтэнийг нь донор болгон өгч байна. 2015 онд Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны ерөнхийлөгч Монголд ирж, ЭМСЯ, эмнэлгүүдийн удирдлагуудтай уулзахад мөн л энэ тухай ярьсан.
Цусны донорын өдөр гэж байдаг шиг эд эрхтэнээ бэлэглэсэн хүмүүсийн алдар гавьяа, нэр усыг нь мөнхжүүлэх ажлыг 2016 онд хийхээр төлөвлөсөн. Үүнд харамсалтайгаар бурхан болсон ч бусдад эрхтэнээ өгсөн донорууд багтана. Монголд бөөр суулгуулсан 112 хүний 12 нь тархины үхэлтэй донороос эрхтэн авсан” гэж ярьсан юм.
13.00 цаг Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, гавьяат эмч О.Сэргэлэн хагалгааны өрөөнд өрнөж буй үйл явцыг ар гэрийнхэнд нь танилцуулаад өрөө рүүгээ явав. Түүнээс зарим зүйл тодруулахад “Донорын элгийг чөлөөлөөд, авахад бэлэн болгосон. Риципиентийн элэгний үүдийг мөн чөлөөлсөн.
Одоо доод хөндийн венийн судаснаас салгаж авна. Түүний дараа элгийг бүхэлд нь авах ажил хийх тул хагалгааны гуравны нэг нь явагдаж байна гэж ойлгоорой. Одоогийн байдлаар өвчтөн, донорын биеийн байдал тогтвортой, цус алдсан зүйлгүй, мэс засал хэвийн үргэлжилж байна.
Өглөө 08.00 цагт донор, риципиентээ хагалгааны өрөө рүү оруулаад ойролцоогоор цаг 30 минутаас хоёр цаг бэлтгэл хийсэн. Хагалгааны явцад олон том судсанд зэрэг шингэн, цус юүлэх боломжтой байлгах үүднээс тусгай гуурсууд тавьдаг. Мөн шээсний катетер, талбайгаа ариутгахаас өгсүүлээд бэлтгэл их хийдэг.
Өнөөдөр 10.00 цагт өвчтөний хэвлийг нээсэн. Зогсолтгүй ажилласаар сая гарч ирэхэд элэгнийхээ үүдийг л дөнгөж чөлөөлсөн байх жишээтэй. Циррозтой хүний элэгний үүдэн хэсэгт эрүүл хүнийхээс нарийхан, олон салаа судас үүсдэг.
Тэр бүрийг цус алдуулахгүй олон боож, тогтооход нэлээд хугацаа, эмч нараас маш их ур чадвар шаарддаг учир хэцүү ажилбар. Өвчтөний хатуурч, үхэжсэн элгийг бүгдийг нь салгаж авахын тулд эргэн тойронд нь мм, ямх ямхаар ажилбар хийж байж чөлөөлдөг.
Ингэхдээ эхлээд элэгний урд, дээд, баруун, зүүн талаас үүд хэсэг рүү очдог жижигхэн салаа судаснуудыг тасалж, үүдэн вен, артер хоёрыг элгээ автал таслахгүй орхидог. Өөрөөр хэлбэл, үүдэн вен, артер, цөсний замыг тасалж, доод хөндийн венд огт гар хүрэлгүй үлдээдэг.
Үүний дараа донорынхоо элгийг суулгаж, судаснуудыг нь нэг бүрчлэн залгадаг. Өнөөдөр, маргааш хоёр хүнд элэг шилжүүлэн суулгана. Эмч, сувилагч, асрагч, үйлчлэгч гээд нийт 128 хүний бүрэлдэхүүнтэй баг чиглэл чиглэлээрээ ажиллаж байна. БНСУ-аас 10 хүн ирсний гурав нь хагалгааны дараах эмч, сувилагч, долоо нь хагалгааны үндсэн багт ажиллаж байна.
“Асан” анагаах ухааны төвийнхөн манайд 13 дахиа ирж байгаа. 2016 онд гэрээ нь дуусна. Манай улсын Элэг шилжүүлэн суулгах үндэсний баг бие даах чадамжтай болсон учир гэрээ сунгагдахгүй л болов уу. Ирэх долоо хоногоос Монголын эмч нар өөрсдөө хоёр хүнд элэг шилжүүлэн суулгахаар төлөвлөсөн” гэсэн юм.

14.30 цаг Гэрэл зурагчин бид хоёрыг хагалгааны өрөөнд оруулж, мэс заслын явцыг харуулсан юм. Зэргэлдээ орших хоёр өрөөний нэгд өвчтөн, нөгөөд нь донорт хагалгаа хийж байв. Хагалгаа хэвийн, стандартын дагуу үргэлжилж буйг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмнэл зүй эрхэлсэн дэд захирал Д.Чулуунбаатар хэллээ.

Элэг, бөөр шилжүүлэн суулгах хагалгааны зардал нэмэгдэж, бөөрнийх 20, элэгнийх 80-85 сая төгрөг болсныг энд тэмдэглэе. Харин 39 настай, А цөсний гаралтай элэгний хатууралтайгаас гадна үүдэн вений даралт их, дэлүү том ч вирусгүй учир эмч нарын зөвлөлийн хурлаар түүний хагалгааг 60 сая төгрөгт багтаан хийж буй юм байна.
Учир нь түүнд хагалгааны дараа вирусийн эсрэг эмчилгээ хийхгүй тул өртөг нь ийн багасчээ. Тэгвэл 56 настай, өвчтөн Б вирусийн гаралтай элэгний хатууралтай, элэгний тав, наймдугаар сигмент дээрээ хавдрын жижиг голомттой, үүдэн венийн даралт их учир мэс заслын зардал нь 80-85 сая төгрөг болж буй аж.
Д.Чулуунбаатар “Асан” анагаах ухааны төвд хэрэглэж буй аппарат, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл бүгд манай Эрхтэн шилжүүлэн суулгах төв (элэг, бөөр, ясны чөмөг)-д бий. Засгийн газраас 4.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсны хүчинд бид айлын “хоол” царайчлахгүй болсон.
Үүнийг дагаад дотор, дүрс оношилгоо зэрэг бусад тасаг хөгжиж байна. Солонгосчууд анх хагалгаанд шаардлагатай эм, тариа, багаж хэрэгсэл өөрсдөө авчирдаг байсан бол одоо гар хоосон ирдэг болсон” гэж хэлэв.
15.00 цаг Донорын элэгний 60-70 орчим хувийг (640 гр) авч, зориулалтын мөстэй саванд хийлээ. Эмч нар донорын эрхтэнийг өвчтөнд шууд тавихад зориулж, зарим нэг судас тасалж, нэмж оёх (өвчтөнөөс авах) асуудал гардаг байна. Донороос тасалж авсан эрхтэн зориулалтын саванд хэдэн ч цаг “амьд” байх боломжтой гэнэ.
Донорын хагалгааг гардаж хийдэг, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Л.Амгалан “Доноруудыг би хамгийн сайн хүн гэж боддог. Тусламжийн хамгийн оргил хэлбэр бол эрхтэний донор мөнөөс мөн. Ийм хүмүүсийг эрсдэлд оруулахгүй, зовлон зүдгүүргүйгээр хагалгааг нь хийж өгөх ёстой.
Муугаар бодоход донор, өвчтөний хагалгааны явцад хүндрэл гарвал бид хамгийн түрүүнд донороо л аварна. Цоо эрүүл хүн учраас. Сүүлийн үед донор болох хүсэлтэй хүн нэмэгдэж байгаа. Урьдны “Донор үхдэг” гэсэн ташаа ойлголт арилсан гэсэн үг. Нас ахимаг, ямар нэг өвчтэй хүн донор болох боломжгүй.
Идэр насны, цоо эрүүл байх ёстой. Машин засахад гурав, таван боолттой гэдэг шиг донорын цөсний зам, артерийн сувгууд риципиентийнхтэй ижил байрлалтай бол боломжтой. Тэрнээс биш авах гэж буй нь дөрөв, өгөх гэж байгаа нь зургаан салаатай байвал болохгүй. Зарим хүн гайхдаг.
Донорынхоо элэгний 60-70 хувийг авчихаар яах бол гэж. Компьютер оношилгоогоор өвчтөн тийм хэмжээтэй, тэдэн гр элэг авах шаардлагатай гээд гараад ирдэг. Яг тэр хэмжээгээр нь донороос тайрч авахад эрсдэлгүй гэвэл хагалгаа хийдэг. Хэмжээнээс нь жаахан том тайрчихвал донор үхнэ, арай бага авчихвал нөгөө хүндээ хүрэхээ больчихдог зовлон бий.
Бидний хийдэг ажил сантехникийн инженертэй их дөхөж очно шүү. Том биетэй, том элэг шаардлагатай хүмүүс байна. Манайд бол ийм хагалгаа хараахан хийгээгүй. БНСУ-ын “Асан” төвд хоёр донороос нэг хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийж байна. Тэд амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгадгаараа дэлхийд номер нэг.
Жилд 410 гаруй хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Тоо нь чухал биш. Чанар, эмчилгээний үр дүнг нь ч шагшдаг. Амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгах арга техникт суралцахаар “Асан”-ыг дэлхийн өнцөг булан бүрээс зорьж байна.
Элэг шилжүүлэн суулгах хагалгааны арга техник нь хүнд учраас олон цаг үргэлжилдэг. Хэвлийн хөндийн хамгийн хэцүү хагалгаа юм” гэв.
16.00 цаг Донорын хагалгаа дуусав. Эрүүл элгийг өвчтөний өрөө рүү зөөснөөр донорын хэвлийг хаах мэс ажилбар эхэлсэн юм. Энэ хооронд бид өвчтөний ар гэрийнхэнтэй уулзлаа. Өглөө аавынх нь даралт ихсээд байсан нь арай дээрджээ.
Намайг хажуугаар нь өнгөрөх бүрт хүрэн даавуун дээлтэй, нэг бор өвгөн “Охин минь яаж байна гэнэ. Сураг дуулав уу” гэж асууж байсан хүн бол өвчтөний аав Я.Пиодор. Тэрбээр “Охиныг минь эрүүл саруул болгож л байвал юу ч хийсэн яах вэ гэж эмч нарт хэлдэг байлаа. Хоёр, гурван жилийн өмнөөс бие нь загатнаад, царай нь харлаж эхэлсэн. Онош нь олдохгүй олон жил эмнэлгээр явсан даа.
Хоёр жилийн өмнө БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлэгт 20 гаруй хоног хэвтэж, шинжилгээ хийлгэсэн юм. Тэгтэл элэгний хатууралтай гэж оношлогдсон. Тэрнээс хойш маш их эм уусан. Сөүлээс л гэхэд гурван тор эм авчирсан шүү дээ. Сүүлдээ бие нь муудсаар эцсийн шатандаа орж, элэг шилжүүлэн суулгуулахаар болсон нь энэ. Хагалгааны зардал 85 сая төгрөг гэж дуулаад анх их цочирдсон.
Гэхдээ амьд хүмүүс аргатай. Байр орон юу байна, түүнийгээ зараад ч болтугай охиноо аварна л гэж бодсон. Азаар вирусгүй байж таараад хагалгааны зардал багассан. Би эхээс наймуулаа, эхнэр 10-уулаа. Ах, дүү нар доод тал нь дөрөв, ер нь 12-13 хүүхэдтэй. Эднийхээ хүчинд эмчилгээний зардал босгосон.
Хамгийн талархмаар нь охины маань хамт олон. “Тайгам булаг” ХХК-ийг энд зориуд хэлмээр байна. 2-3 өрөө байр барьцаалж, зээл авъя гэхээр 20 сая төгрөг ч хүрэхгүй. Баахан бичиг баримт бүрдүүлэх шаардлага гарна. Тэрийг нь хөөцөлдөх гэсээр амьд хүн үхчих хугацаа орох гээд байдаг.
Тэгтэл “Тайгам булаг” компанийнхан 30 гаруй сая төгрөг охинд маань өгсөн. Үнэхээр буянтай байгууллага. Одоо цагт 30 сая байтугай 300 мянган төгрөг гаргаад өгөх албан газар ховор. Үлдсэнийг нь ах, дүү нарынхаа буянд болгосон доо. Хагалгаа хийлгэхээсээ өмнө ч олон сая төгрөгийн эмчилгээ хийлгэж байсан.
Тэр бүрийг нөхөр нь, хүргэн маань л зохицуулж байлаа. Машин тэргээ ломбардах энүүхэнд. Нэг удаа эмнэлэгт хэвтэхэд л 1-2 сая төгрөг зарцуулна. БНСУ руу явахад 18 сая төгрөгийн зардал гарсан. Бас л хамт олон нь их тусалсан даа.
Анх дүү нь донор болно гэж байсан ч цөсний зам нь төрөлхийн гурван салаа болж таараад хоорондоо тохироогүй. Тэгээд том хүүгийн маань охин (30 настай) эгчдээ амьдрал хайрлалаа. Би эмнэлэгт их өртэй хүн. Хоёр ч удаа цус харвахад хөл дээр минь босгосон ачтай хүмүүс бол эмч нар.
Одоо охиныг маань эмчилж байна. Баярлалаа гэхээс өөрөөр талархсан сэтгэлээ илэрхийлэх хүчтэй үг байдаг болов уу” гэж хэлээд аньсага нь чийгтэв. Өвчтөний ах, дүү нар үүдний хүлээлгийн танхимд ирж, буцан ээлжилж байхад Я.Пиодор гуай гэргий, хүргэнтэйгээ хамт охиноо харуулдан, цурам ч хийхгүй өнжсөн.

17.00 цаг Донорыг Эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлэв. Мэс заслын дараа түүнийг сэрээх өрөөнд 1-2 цаг байлгасны дараа эрчимт рүү шилжүүлдгээрээ өвчтөнөөс ялгаатай. Харин өвчтөний мэс засал ид үргэлжилж байна.
Элэгний венүүдийг залгаж дуусаад артерийн судсуудыг холбож байв. Дараа нь цөсний замыг холбоно. Үүнд нь их цаг ордог аж. Тэгээд хэвлий хаах үйл явц эхэлнэ.
17.40 цаг Ар гэрийнхэнд нь өвчтөний элгийг үзүүлэв. Хатуурсан элэг хав хар, яг л хатсан аргал шиг болчихдог юм билээ. Үнэхээр аймаар. “Элгээ хайрлацгаая” гэж хүн болгоны чихэнд хашгирмаар санагдсан шүү.

19.00 цаг Мэс заслын өрөөнд артерын судас залгах үйл явц үргэлжилсээр. П.Батчулуун дарга “Дэлхийн буурай орнууд болох Индонез, Филиппин, Энэтхэг, Пакистанд хос эрхтэнээ худалдах явдал их байдаг. Тиймээс бид ийм гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд маш их анхаардаг.
Ах, дүү, төрөл садан гэж үгсээд хоорондоо эд эрхтэнээ наймаалцах вий гэдэг үүднээс хатуу хяналт тавьдаг. Ойр дотно хүн гэдгийг нь батлах бичиг баримтыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас авч, бас бус мэдээлэл цуглуулдаг. Энэ бүхнийг манай төвийн зохицуулагч буюу координатор эмч З.Ундармаа хариуцдаг.
Мөн ЭМСЯ-ны дэргэд Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг зохицуулах зөвлөл гэж байгуулсан. Уг зөвлөлд эмч нараас гадна улсын бүртгэл, цагдаа, тагнуул, хууль хяналтын байгууллагын ажилтнууд багтаж байгаа. Тэд биднийг хянаж, ажилд маань туслах юм. Бид донор эмнэлэг болох I, II, III, ГССҮТ-ийн хоорондох үйл ажиллагааг зохицуулах зөвлөл байгуулахаар бичиг баримтаа боловсруулсан.
Энд хагалгаа, тэнд үзлэг шинжилгээ хийж байхад бид дараагийн ажлуудаа давхар төлөвлөөд явна. Энэ бүгд юуны төлөө билээ. 2010 оноос хойш гадаадад эрхтэн шилжүүлэн суулгуулсан 400 гаруй хүн (элэг, бөөр) манай эмнэлгийн хяналтад байдаг.
Элэг солиулах хагалгааг БНСУ-д 150-250, АНУ-д 350, Сингапурт 250 мянган ам.доллараар хийдэг гэхээр хэр их мөнгө гадагш урссан нь харагдана. Бид эх орондоо хямд үнээр, зардал чирэгдэлгүй, чанартай тусламж, үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байгаа нь энэ” гэсэн юм.
22.00 цаг “Элгийг шинэ эзэнд нь суулгасан. Одоо хэвлийг хааж байна. Удахгүй гарч ирнэ” гэсэн эмчийн үг өвчтөний ар гэрийнхний магнайг тэнийлгэв. Бүгд баярлацгааж, дуу шуу оров. Эмнэлэгт хөл хөдөлгөөн хэдийнэ татарчээ. Харин дөрөвдүгээр давхарт л чимээ шуугиантай байлаа. Найман настай хүү нь мэс заслын өрөөний шилэн хаалга онгойж, хаагдах бүрт шагайсаар.
22.41 цаг Цаг өнгөрөх тусам хайртай хүнээ хүлээх хүмүүсийн цуваа тасарсангүй. Өдөр байснаас хоёр дахин олон хүн цуглажээ.
23.00 цаг Хүсэн хүлээсэн мөч. Шилэн хаалганы урд тойрог болж зогссон ах, дүү, хүүхдүүд нь, аав, ээж, хань ижлийнх нь нар гарч, өвчтөн мэс заслын өрөөнөөс гарч ирэв. Эмч нар “Хагалгаа амжилттай болсон” гээд түүнийг Эрчимт эмчилгээний тасаг руу авч явснаар бидний энэ өдрийн ажил өндөрлөв.

О.Сэргэлэн эмчийн хэлсэнчлэн энд тэндгүй гуурстай, амьсгалын хиймэл аппараттай гарч ирсэн өвчтөний амьдралын төлөөх тэмцэл яг одооноос л эхэлж байна. Эмийн тунг нь жаахан нэмэх, эсвэл багасгах төдийд л ховхроод уначихдаг бөөрийг бодвол элэг “дүлий” эрхтэн гэж П.Батчулуун дарга хэлсэн. Тэгэхээр өрөөлийн элэг өөриймсөхдөө харьцангуй сайн байдаг бололтой.
О.БАТ-УНДРАХ