Б.НАЦАГДОРЖ
Хэл шинжлэлийн ухааны доктор
Тухайн цаг үе нь өөрийн өнгө төрх, өвөрмөц онцлогоороо ялгарч, оршин тогтнох зүй тогтолтой аж. Бидний амьдран буй цаг үе бол мэдээллийн орчин бүрдэж, мэдлэг, мэдээллийг дээдэлсэн эрин зуун юм.
Ийм цаг үед олон нийтэд хамгийн хүртээмжтэй бөгөөд хүчтэй хэрэглэл болох телевизийн мэдээллийн салбарт ажиллах нь нэг талаар нэр төртэй, бахархалтай сайхан ч нөгөө талаар өндөр хариуцлага, ухамсар шаардсан хэрэг юм.
Манай үзэгч, уншигчид мэдээлэл хүлээн авахдаа сэтгүүлч, уран бүтээлчдийн ихээхэн цаг, бие сэтгэлээ зориулан, мэрийн байж бүтээснийг жирийн л зүйл гэж үнэлдэг атлаа ялигүй алдаа гаргахад орон даяар шуугиад явчихдаг.
Энэ нь сэтгүүлчийн ажил их мэдрэмж, өндөр хариуцлага, мэргэжлийн нарийн ур чадвар шаарддагийн илэрхийлэл юм. Тиймээс ч сэтгүүлчийн мэргэжлийг уурхайчны дараа орох хүнд хөдөлмөр гэж дүгнэдэг.
Хэдий хүнд ч гэсэн мэргэжилдээ дур сонирхолтой, авьяас билгээ бүрэн дайчлан, ард олныхоо оюуны хэрэгцээг хангах үйлсдээ үлгэрлэн ажиллаж байгаа сэтгүүлч, уран бүтээлчдээрээ бид бахархдаг.
Хүмүүний төрөлхийн хэрэгцээ бол мэдээлэл юм. Цаг үе өөрчлөгдсөөр өнөөдөр мэдээлэл бүтээгчид ба мэдээлэл хүртэгчид гэсэн нийгмийн харьцаа аяндаа бий боллоо. Мэдээлэл бүтээгчдийн тэргүүн эгнээнд телевизийн сэтгүүлч, уран бүтээлчид зүй ёсоор ордог.
Харин мэдээлэл хүртэгчид нь ард түмэн буюу олон нийт юм. Мэдээлэл хаана түргэн шуурхай, үнэн зөв хүрч байна, тэнд хөгжил дэвшил, зөв, сайн үйлс өрнөдөг. Мэргэжлийн түвшинд боловсруулсан, чанартай мэдээллийг олон нийт хүлээж, эрж хайдаг болсон.
Мэдээллийг мэргэжлийн түвшинд боловсруулахад телевизийнхний хувьд техник хэрэгслийн чадамж хийгээд мэргэжлийн хүмүүсийн гар сэтгэл нийлсэн хамтын ажиллагаа гээд олон зүйлээс хамааралтай болдог. Телевизийн мэдээлэл нь дүрс, үг яриа, дуу чимээ, хөгжим, эвлүүлэг, тайз, дэлгэц зэрэг олон хэрэглүүрээр дамжин, мэргэжлийн зохион байгуулалттай ажлын үр дүнд бүтдэг.
Ийм чанараар нь телевизийг урлаг, нийтлэлийн мэдээллийн хэрэгслэл хэмээн үздэг. Телевизийн мэдээллийг мэргэжлийн түвшинд боловсруулахад шалтгаалах олон зүйл байх боловч хамгийн гол нь сэтгүүлч мэдээллээ хүнд хэрхэн хүргэж байгаа нь чухал байдаг.
Сэтгүүлчийн мэдээллээ хүнд хүргэдэг, амин гол эрхэм зүйл нь үг юм. Сэтгүүлчийн мэргэжил үгээр урлах чадвар шаарддаг. Тиймээс сэтгүүлч хүн үгийн хэрэглээний соёл төгс эзэмшсэн байх ёстой сон. Шавхагдашгүй арвин сантай, баялаг сонголттой үгнээс утга санаагаа бүрэн илэрхийлэхэд тохирохыг шилж сонгоод, энгийн ойлгомжтой ярихыг хэлний соёл гэнэ.
Үгийг зөв оновчтой хэрэглэх чадвар эзэмшсэн дархчууд нь сэтгүүлч, сурвалжлагч байх ёстой юм. Сэтгүүлчийн ажлын зэвсэг нь үзэг, чанга яригч зэрэг элдэв багаж хэрэгсэл биш, үг юм. Сэтгүүлчийн хэлний хэрэглээний түвшин нь үндэстний хэлний үлгэр дуурайл болж байх ёстой юм сан.
Эх хэлээ зөв хэрэглэж, хайрлан хамгаалж, эрхэмлэн дээдлэх нь үндэсний ухамсарт шингэсэн ариун нандин эрхэм зүйл билээ.
Гэтэл олон нийтэд хамгийн ойр, хүртээмжтэй байдаг телевизийн дэлгэцээр утга найруулга буруу өгүүлбэр, зөв бичгийн дүрмийн алдаатай үг, эмх цэгцгүй, оновчгүй үг хэллэг сонсогдож, бичигдсээр байна.
Телевизийн сэтгүүлч, хөтлөгч эх хэлэндээ хайхрамжгүй, хөндий хандвал олон нийтийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх хортой. Манай телевизүүд эх хэлний цэвэр, ариун байдлыг хэрхэн баллаж, булингартуулж байгааг өөрт байгаа баримтаар дурдвал уртын урт жагсаалт хөвөрч, цаас их үрэхээр байна.
Иймээс бусад телевизийн алдааг орхиод, арай дөнгүүр буюу бага алдаатай гэж үздэг МҮОНТ-ийн “Монголын мэдээ” сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс цөөн жишээ дурдъя.
Мэдээллийн хөтөлбөрт нэн тэргүүнд мэдээлэл бүтээгчдээс ярих хийгээд бичихэд үгийг зөв хэрэглэх шаардлага тавина. Гэтэл “Монголын мэдээ” сувгийн 2016.01.20-ны лхагва, 02.16-ны мягмар гарагийн Өглөөний хөтөлбөрт “сурвалжилга” гэхийг сурвалжлага гэж буруу бичиж байна.
Уг нь сурвалж-л (үйл үг үүсгэх -л дагаврыг заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд залгахдаа жийрэглэх балархай эгшгийг өмнө нь бичих дүрэмтэй) ингээд сурвалжил-гэсэн үйл үг үүснэ.
Уг үгэнд -га дагаврыг шууд залгана. Үүний зэрэгцээ “оношилгоо, санаачилга” гэх зэрэг үгийг оношлогоо, санаачлага гэж буруу бичээд байна. Мөн үгэнд тийн ялгалын нөхцөл залгахдаа тогтворгүй “н” үсгийг уг үгийн залгаврын жийрэг гэж үздэг учир нөхцөлийг буруу бичээд байна.
2016.02.19-ний баасан гарагийн 18.00 цагийн мэдээнд “АНУ Умард Солонгосын эсрэг шинэ хориг арга хэмжээ авхаар боллоо”, “Австралийн Засгийн газар шинэ загварын аварга загас илрүүлэх систем суурьлууллаа” гэж авхаар, суурьлууллаа гэж буруу бичихээс гадна “АНУ Умард Солонгосын”, “шинэ загварын аварга загас” гэсэн үгийн байрыг буруу бичсэнээс огт өөр утгатай болгожээ.
Зүй нь “Умард Солонгосын эсрэг АНУ шинэ хориг арга хэмжээ авахаар боллоо”, “Австралийн Засгийн газар аварга загас илрүүлэх шинэ загварын систем суурилууллаа” гэж бичих ёстой.
Үүнээс гадна “Орон нутгийн тээвэрлэлт хэвийн явагдаж байна” (2016.01.23-ны бямба), “Цагаан сар” үзэсгэлэн худалдаа явагдаж байна” (2016.01.28-ны пүрэв) гэх мэтээр буруу хэвшсэн “явагдаж” гэдэг үг их хэрэглэж байна. Бичвэр мэдээнд зарим үед ижил утгатай үг орсон, нуршуу урт өгүүлбэр бичээд байна.
Тухайлбал 2016.01.29-ний баасан гарагийн “Цагийн хүрд”-ийн гадаад мэдээнд “Сирийн хямралыг зохицуулах ээлжит шатны яриа хэлэлцээ өнөөдөр Женев хотод эхэллээ” гэсэн өгүүлбэрийг “Сирийн хямралыг зохицуулах ээлжит хэлэлцээ Женевт эхэллээ” гэж цөөн үгээр бичихэд утга алдагдахгүй.
Мөн 2016.02.05-ны баасан гарагийн “Цагийн хүрд”-ийн урсдаг мэдээнд “Говь-Алтай аймгийн Бигэр сумын эх барихын багийн эмч нар хөдөө малчны хотонд хоёр ихэр хүүхдийг эх барьж авчээ” гэж нэг өгүүлбэрт таван үг утга санаа давхацуулсан буюу буруу бичсэн байна.
Ер нь Цагаан сарын үеэр “малчны хотонд” гэж ярьж, бичих нь их байв. Уг нь малчны хот буюу хот айл гэж монголчууд ярьдаг. Мөн заахын тийн ялгалын тэг нөхцөлд буй үгийн тийн ялгалыг ил гаргаж “хоёр ихэр хүүхдийг” гэж бичих шаардлагагүйгээс гадна ихэр гэдэг нь хоёр гэсэн утгатай үг юм. Тиймээс хоёроос олон ихэр биш л бол “ихэр хүүхэд” гэх нь зохимжтой.
Мэдээллийн хөтөлбөрт зөв бичихийн зэрэгцээ зөв бичих шаардлага тавигддаг. Гэтэл манай хөтлөгч нар “... мэдээлэл маань, үзүүлснийг маань, үүнийг маань, гадаад мэдээний маань, дараагийн мэдээний маань, өглөөний маань, залуучууд маань ...” гэхээс гадна утга төгссөн бүрэн гүйцэд өгүүлбэрээр ярихын оронд өгүүлбэрээ гүйцээлгүйгээр “байгаа” гэдэг үг хэт их хэрэглэх юм.
Хөтлөгч, сурвалжлагч нар үг хэллэгийн хуваарилалт буюу ярьж байгаа үг, өгүүлбэрийнхээ хаана нь түр зогсох, хаана нь өргөлт хийх болон үгийн өнгө аяс, бүтэц, хэм хэмжээг ихэд анхаарч, зохих бэлтгэл хийсний дараа мэдээлэх ёстой. Ингээгүйгээс нэгэн хэмээр урсгасан үг нь хүнд хүрэхгүй байна. Үүнээс гадна мэдээллийн албан ёсны үгийг ахуйн үгтэй хольж ярихад үгийн цэвэр байх чанар алдагддаг. Энэ талаар баримт дурдвал олон зүйл бий.
Телевизийн дэлгэцээр ярих сэтгүүлч, сурвалжлагч, нэвтрүүлэгчийн хэлэх үгийг сонсож байгаа зарим үзэгч “Эд ажлынхаа цаад мөн чанарыг ойлгож л байдаг байгаа даа” гэх эргэлзээ төрдөг байх. Тэд үзүүлэх мэдээнийхээ өмнө “Одоо нэг сайн мэдээ байна” гэж байгаад ярьдаг боллоо.
Бүр нэг нэвтрүүлэгч “Одоо үзүүлэх мэдээ бол үнэхээр сайн мэдээ” гэж байх юм. Уг нь мэдээ бүтээгч болох мэргэжлийн хүмүүс үзүүлэх гэж байгаа зүйлийн төлөв байдлаас шалтгаалж, сайн, муу мэдээ гэж үнэлдэггүйг мэдэх ёстой сон.
Үйл явдал нь осол гэмтлийн тухай, эмгэнэлтэй байлаа ч сэрэмжлүүлэх, танин мэдүүлэх талаас нь мэргэжлийн түвшинд боловсруулж, түргэн шуурхай, зөв мэдээлсэн бол сайн мэдээ болно. Ер нь мэдээ, мэдээллийн чанарыг мэргэжлийн ур чадвар гаргаж, бүрэн төгс боловсруулж чадсан, эсэхээр нь дүгнэдэг.
Гэтэл мэдээлэл бүтээгчид мэдээллээ үзүүлэхээс өмнө цаад үйлийн сайн, муугаар дүгнэж ярих нь сэтгүүл зүйн үнэлгээнд таарахгүй. Мэдээ, мэдээллийн тухай ойлголт нь өргөн хүрээтэй асуудал бөгөөд нийгмийн соёлын үнэт зүйлсийн нэг юм.
Нийгмийн олон талт үйл явдлын талаар хамгийн гол зүйлийг маш товчоор хүнд хүргэхийг мэдээ гэнэ. Сэтгүүлч зөвхөн дамжуулагч биш, баримттай, итгэл үнэмшилтэй, олон талаас нь нягталж, нэгтгэн боловсруулдаг байх нь чухал юм. Үүнд мэргэжлийн мэдлэг, боловсролоос гадна ажлын хариуцлага их хамааралтай.
2016.01.20-ны бямба гарагийн 18.00 цагийн мэдээгээр малчдад Улаан загалмайн нийгэмлэгээс хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн тухай мэдээлэхдээ МУЗН-ийн Увс аймаг дахь төлөөлөгч ярьж байхад “Сампил. Дундговь аймгийн төлөөлөгч”, Дундговь аймгийн төлөөлөгч ярихад нь “Дуламсүрэн. Увс аймгийн төлөөлөгч” гэсэн бичвэр гаргав. Телевизийн дэлгэцээр гарах мэдээ, мэдээлэлд өндөр хариуцлага тооцдог байх учиртай.
Ажилдаа хариуцлагагүй ханддаг хүмүүсийн уршгаар иймэрхүү алдаанаас болоод үзэгчдэд буруу мэдээлэл хүрсээр байна.
Орчин үед телевизийн мэдээллийн хөтөлбөрт олон хүчин зүйл шаардлагатай боловч сэтгүүлч, хөтлөгчийн хэл ярианы хэрэглээний соёлын түвшин онцгой чухал. Мэдээллийн хөтөлбөрийг үр өгөөжтэй болгохын тулд сэтгүүлч, хөтлөгч хүн хэл ярианы доорх чанаруудыг эзэмших хэрэгтэй гэж бодогдоно.
1.Зөв, оновчтой буюу алдаа мадаггүй ярьж, сонсогч, үзэгч хүнд хялбар ойлгуулах (Утга зохиолын хэлний хэм хэмжээг баримтлах)
2.Учир зүйн уялдаатай буюу хэл, сэтгэхүй хоёр нэг байх (Мэдээлж буй зүйл бодит ахуйтайгаа тохирч байх)
3.Үг яриа цэвэр буюу албан ёсны үг, ахуйн ярианы ба харь хэлний үгтэй холихгүй байх
4.Товч тодорхой буюу нуршуу, сунжруу биш байх
5.Хэл яриа энгийн нийцтэй буюу болхи, бүдүүлэг, этгээд юм уу чамирхаж гоодсон биш байх зэрэг чанаруудыг юуны өмнө эзэмшихийн зэрэгцээ мэргэжлийн мэдрэмж, ажлын хариуцлага өндөр байвал мэдээлэл нь хүний оюуны хэрэгцээг хангах зорилгоо биелүүлнэ.
Мэдээллийг дээдэлсэн эрин үед ганц үг, өгүүлбэр ч гэсэн нийгмийг өөрчлөх хүч чадал агуулж байдаг. Олон нийтийн харилцааны хэлийг олон талаас судлах нь чухал юм. Өгөөжтэй мэдээлэл үзэгчдийг ухааруулдаг. Сонирхолтой мэдээлэл сэтгэлийг нь хөдөлгөнө. Үр дүнтэй мэдээлэл тэдэнд үлгэр жишээ болно.
Гэвч телевизийн мэдээллийн хөтөлбөрийг үзэхэд ажил хөдөлмөрийн хүн биш, нөгөө л их ярьдаг, хэвлэлээр дандаа гардаг дарга л үзэгдэнэ. Түүний дараа бас нэг дарга яриад л мэдээ үргэлжлэх юм. Ажил өрнөсөн газар сэтгүүлч байхгүй, дарга явсан газар сурвалжлагч нар хөл тавих зайгүй шахцалдан зогсож харагдана.
Аймгийн Засаг дарга их ажил хийснээ тайлагнаад сууж байх тэр мөчид өөр телевизээр уг аймагт өвөлжилт хүндэрч, малчин эмэгтэй осгож, нас барсан тухай харамсалтай мэдээ явж байх жишээтэй.
Ингэж бодит амьдралаас тасарч, зөвхөн дарга нарыг яриулаад байдаг телевиз олширвол үзэгч мэдээлэлд итгэхээ болино. Амьдралын үнэн, даргын үг хоёр зөрөөд байгаа нь олон мэдээллээс харагдаж байна.
Өнөө цагийн мэдээлэл хүртэгчид оюуныхаа хэрэгцээнд арай өөр буюу аливаа болох гэж байгаа зүйлийн тухай үр өгөөжтэй мэдээлэл шаардаж байна. Гэтэл манай сурвалжлагч нар болох гэж байгаа зүйлийн тухай биш, болоод өнгөрчихсөн юмны хойноос хөөцөлдөж, зууралдсаар байна. Мэдээ, мэдээлэл бүтээгчдээс үйл ажилдаа шинжлэх ухаанчаар хандахыг нийгмийн харилцаа шаардах боллоо.