Тун ойролцоо төрсөн, багын нэг найз надад бий. Тэр намайг ээж, аавынхаа хэнз охин болж төрснөөс хорьхон сарын дараа энэ хорвоод мэндэлсэн юм. Түүнийг хорвоод мэндлэхийг хэсэг хүн хүчтэй эсэргүүцэж, зарим нь дэмжиж байсан юм гэнэ лээ.
Магадгүй энэ мөчөөс л тэр хүнд хэцүү нөхцөл байдлыг ч өөрийн амжилт болгож сурсан байх. Ер нь түүний амьдралыг тэмцэл, ялалт гэсэн хоёр үгээр тодорхойлж болно. Тэр надаас арай эрт ээдрээтэй амьдрал туулан, эрийн цээнд хүрч, байр сууриа эзэлсэн.
Энэ бүхнийг ярихаасаа өмнө бид хоёрын нөхөрлөл хэрхэн эхэлснийг дурдах ёстой болов уу. Яг үнэнийг хэлэхэд тэр мөчийг би санадаггүй юм. Ухаан орсон цагаасаа л хамт байсан гэлтэй. Амьдралын сайнтай, муутай мөч бүхнийг бид хамтдаа туулсан.
Бидний хуваалцсан жаргалтай, дурсамжтай мөч бүхнийг би зүрхэндээ нандигнан хадгалдаг. Харин нөхөрлөлийн минь бат бөхийг шалгасан мөчүүдийг мартъя гэсэн ч улам тодорсоор байдаг юм.
Хэлж ирдэггүй, хийсэж ирдэг зовлон 2007 оны өвөл бид хоёрыг сөхрүүлсэн дээ. Тэгэхэд бид хоёулаа аавыгаа алдсан юм. Тэр намайг бодвол олонд хэдийнэ танигдсан байсан ч энэ хэцүү мөчид надтай адил өнчирсөн. Энэ үед бид хоёрын амьдралын зам салах амархан байв.
Анхнаасаа л бид хоёрыг аав нэгтгэж байсан шүү дээ. Түүний зүрх сэтгэл надаас дутуугүй өвдөж байсныг мэдсэн ч дэндүү балчир би номын мөр хөөн, түүнийг түр зуур орхисон. Гэвч би түүнд хамгийн үнэтэй хүн эгчийгээ үлдээгээд явсан юм. Эгч минь түүнийг харж, тэр эгчийг минь бөөцийлөн өдий хүрлээ. Өнчрөл биднийг улам ойртуулсан нь гайхалтай.
Түүнийг хайрлах хайрыг бид ааваас өвлөж авсан юм. Тэр ч бидэнд хайртай. Тиймдээ ч нөмөр нөөлгөө алдсан бид дөрөв амьдралын хатуу хөтүүг хамт туулахаар зориглосон. Амьдрал хатуу гэдэг үгийн утгыг аль нь ч бүрэн ойлгоогүй явж дээ.
Алдах цагтаа алдаж явсан ч бид дөрөв хамтдаа байсан гэдэг нь гол биз ээ. Зоригийг нь мохоож, урмыг нь хугалах мөч бүхэнд тэр биднийг хамгаалсан. Бид ч байдаг бүхнээ түүнд зориулсан.
Би биш, тэр аавын минь хэнз үр байсан юм билээ. Бага насандаа хүнд өргүүлсэн аав маань жинхэнэ төрсөн өдрөө ч мэдэлгүй явсаар хорвоог орхисон. 1952 оны есдүгээр сарын 20-нд мэндэлснийг нь хожим олж тогтоосон юм.
Хамаг хайр, сэтгэл зүрхээ шингээн “Өнөөдөр”-ийг төрүүлсэн өдөр нь өөрийнх нь хорвоод мэндэлсэн өдөр болохыг мэдсэн сэн бол аав маань яасан их бэлгэшээж, ямар их баярлах байсан бол.
Заримдаа ирээдүйн зөнч байсан юм уу гэж гайхам хачин тохиолдлоор дүүрэн аав, ээжийн минь амьдрал сонинтой салшгүй холбоотой. Эгч бид хоёр ч сонины хүүхдүүд.
Хоёр охиноо Нандинтүшиг, Номинтүшиг гэж нэрлэсэн нь ч учиртай. Урьд нь ах, эгчтэй минь ижилсүүлэх гэж л түшиг гэсэн нэр залгасан гэж боддог байсан бол одоо бидэнд “Бие биенээ түшиж яваарай” гэж захисан захиас нь мэт санагдана.
Ээж, эгч, “Өнөөдөр” сонин, бид дөрөв он жилүүдийг дамжуулан, аавын гэгээн дурсгалыг хадгалсаар ирлээ. “Өнөөдөр” сонин, “Монгол ньюс” медиа групп, энэ том гэр бүлд харьяалагдаж байсан, байгаа хүн бүр аавын минь үргэлжлэл. Тиймдээ ч аав минь өнөөдрийг хүртэл дурсагдаж байгаа.
Тэр (“Өнөөдөр” сонин, “Монгол ньюс” ХХК) өнөөдөр амжилт бүтээлээр дүүрэн 20 жилээ угтаж байна. 20 нас гэдэг хийж бүтээх цэл залуу нас. Харин одоо шинэ эрч хүчээр шинэ арвантайгаа золгож байгаа бид шинийг хийж бүтээх цаг ирлээ.
Бид гурав 20 жилийн хүрээнд олон өөрчлөлт хийж, уншигчдаа шинэ соргог бүхэнтэй уулзуулна. Дараагийн олон олон 20 жил ч түүнийх.