Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын байгаль хамгааллын асуудал хариуцсан захирал Б.Чимэддоржтой ярилцлаа.
-Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж өнгөрсөн өвөл амьтад идэш тэжээлгүй болсноос гадна осгох тохиолдол цөөнгүй гарлаа. Биотехникийн арга хэмжээнд танай байгууллага оролцож байсан. Хэр олон газар танайхаас тусламж хүсэв?
-Монгол бөхөнгийн тархац нутгийн хэмжээнд Говь-Алтай, Ховд аймгийн сумдад нийт 11 байгаль хамгаалагч ажилладаг юм. Тэд хамгаалж буй газар нутгийнхаа мэдээллийг бидэнд байнга өгч буй. Энэ өвөл баруун аймгуудад нэлээд цастай, хүйтэн байлаа.
Зөвхөн монгол бөхөнгийн тархац нутгийн урд хэсэгт -40 градус хүрч хүйтрэн, хар сүүлт зээр, бөхөн осгож байсан. Бид Говь-Алтай, Ховд аймгийн Байгаль орчны газар, Хар ус нуурын хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагын хүсэлтээр монгол бөхөн, хар сүүлтийн тархац нутагт хээрийн хайгуул судалгаа хийж, нөхцөл байдлыг тодорхойлох арга хэмжээ авлаа.
Увс нуурын ай сав газрын хамгаалалтын захиргаанаас “Зэрлэг амьтан хорогдож байгаа тул биотехникийн арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлээч” гэсний дагуу хөрөнгө санхүүг нь шийдээд байна. Мөн Хар ус нуурын хамгаалалтын захиргаатай хамтран бөхөнгийн тархац нутгийн хойд хэсэгт өвс, тэжээл тавилаа.
-Хэчнээн амьтан үрэгдсэн бэ?
-Нарийвчилсан судалгаа одоохондоо алга. Монгол бөхөнгийн тархац нутаг болох Говь-Алтай аймгийн долоо, Ховд аймгийн гурван суманд 40 гаруй хар сүүлт, 30 орчим монгол бөхөн үхсэн гэсэн мэдээлэл ирсэн. Өмнөговийн нутагт бас хар сүүлт үрэгдэж буйг орон нутгийн иргэд мэдээлсэн.
-Цагаан сарын үеэр хэдхэн хоног дулаарчихаад дахиад хүйтэрсэн. Үүнээс болж өмнөх нөхцөл байдал давтагдаж байна гэх юм?
-Давтагдаж болзошгүй. Ялангуяа, Говь-Алтай аймгийн урд, зүүн, баруун урд хэсгээр хүйтний эрч сулрахгүй байна.
-Танайх Монголд үйл ажиллагаа явуулснаас хойш байгаль хамгаалах чиглэлээр цөөнгүй ажил хэрэгжүүлсэн. Сүүлийн үед ямар ажилд голлон анхаарч байна вэ?
-Манайх байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус, олон улсын төрийн бус байгууллага. Монголд 1992 оноос баруун таван аймгийн хэмжээнд, зүүн бүс нутагт буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт үйл ажиллагаагаа төвлөрүүлэн хэрэгжүүлж байна.
Дэлхийн байгаль хамгаалах сангаас зайлшгүй хамгаалах шаардлагатай 200 гаруй эко бүс нутаг дэлхийд бий гэж тодорхойлсны 35 нь нэн тэргүүнд хамгаалах ёстой, чухал ач холбогдолтой газар юм. Тэр 35 бүс нутгийн нэг хэсэг нь манай баруун бүсийн 5-6 аймаг болон Хятад, Оросыг дамнан оршдог Алтай Саян.
Нөгөөх нь Амар мөрний сав газар буюу зүүн гурван аймаг, Орос, Хятадын газар нутгийг хамарсан томоохон бүс нутаг. Монгол дахь хөтөлбөрийн газар биологийн олон янз байдал буюу нэн тэргүүнд хамгаалах шаардлагатай эко системийн нэн ховор, ховор амьтдад түшиглэн үйл ажиллагаа явуулдаг.
Жишээ нь, баруун бүсэд цоохор ирвэс, аргаль, бөхөн зэрэг дэлхийд ховордсон амьтдыг хамгаалахад анхаарч буй. Зүүн бүсэд бол тул загас, цагаан зээрийг хамгаалж байна.
Бас зэрлэг амьтныг хууль бусаар агнаж, худалдахын эсрэг ажиллаж буй. Бидний гол зарчим бол нутгийн иргэдийн оролцоонд түшиглэсэн байгаль хамгааллын үйл ажиллагаа явуулах.
-Амьтдын амьдрах орчин, тоо толгойд сөргөөр нөлөөлж буй байгалийн хүчин зүйлийг давах аргагүй байх. Харин хүний хүчин зүйл болох хууль бус агнуур, худалдааг бууруулах боломжтой. Энэ ажилд үр дүнд хүрч байгаа юу?
-Одоогоор баруун бүс нутгийн хэмжээнд цоохор ирвэс, аргаль, монгол бөхөн гэсэн гурван зүйл амьтныг хамгаалах төсөл хэрэгжүүлж буй. Амьтны амьдрах орчныг хамгаалах, амьтанд тулгарч буй аюул бэрхшээлийг бууруулах, нутгийн иргэдийг байгаль хамгааллын ажилд татан оролцуулах гэсэн үндсэн гурван зарчмаар манайх ажилладаг.
Мөн хууль эрхзүйн хүрээнд тодорхой зөвлөмж, санал боловсруулахаар төрийн байгууллагуудтай хамтарч буй. Хүний үйл ажиллагаатай холбоотой хууль бус үйлдэл, агнуур, худалдааг бууруулах, зогсоох чиглэлээр бид өнгөрсөн 10 жилд түлхүү ажиллаж ирсэн.
Ялангуяа, төрийн, хууль хяналтын байгууллагатай нягт хамтран ажиллаж, 2001 оноос хууль бус агнууртай тэмцэх “Ирвэс” багууд байгуулснаараа төрийн байгууллагууд ийм маягаар ажиллавал амжилтад хүрч болохыг бид үзүүлж чадсан гэж боддог. “Ирвэс” багуудын үйл ажиллагааг зогсоосон.
Гэхдээ хууль бус агнуур, худалдааны эсрэг нутгийн иргэдийг оролцуулж, хяналт тавьдаг, мэдээлэл өгдөг, төрийн байгууллагууд нутгийн иргэдтэй хамтарч ажилладаг систем нэвтрүүлэхийн тулд хамтарсан төлөвлөгөө боловсруулж, уулзалт зөвлөгөөн зохион байгуулж байгаа.
Зэрлэг амьтны хууль бус агнуур, худалдаанд төрөөс гол анхаарлаа хандуулах ёстой. Байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч бий ч тэр хүмүүст эргүүл, хяналт шалгалт хийх төсөв, зардал байдаггүй.
Шуурхай ажиллах нөхцөл ч хомс байсан. Үүнийг бид “Ирвэс” багаараа дамжуулан өөрчилж, мэдээлэл аваад газар дээр нь очиж ажиллан, шуурхай үйл ажиллагаа явуулж чадсанаар тухайн хэргийг илрүүлэх, эзэн холбогдогчийг олж тогтоох ажил илүү үр дүнтэй болсон юм.
Төр тодорхой санхүүжилт гаргаад, ажлыг нь эрчимжүүлбэл амжилтад хүрдгийг харуулсан гэсэн үг. Гэхдээ зөвхөн байгаль орчны байцаагчийн төсөв, зардлыг нэмээд шийдчих асуудал биш л дээ.
Бүх талын хүчин чармайлт бүрдэж байж, үр дүн гарах томоохон ажил. Хууль бус агнуур, худалдаа нь зөвхөн байгаль орчны асуудал биш. Үүнийг сүүлийн жилүүдэд аль аль талдаа үл хайхарсан тал бий.
-“Ирвэс” багийн ажиллагааг яагаад зогсоосон юм бэ. Цаашид үргэлжлүүлэх үү?
-Манайх төрийн үйл ажиллагааг хурдасгахын тулд дэмжин, хамтран ажиллагч байгууллага. Төрийн эрх бүхий байгууллагатай хамтраад “Ирвэс” багийг өнгөрсөн 10 жилд ажиллуулж, тодорхой хэмжээний амжилтад хүрсэн.
Харин цаашид төрийн бус байгууллага төрийн өмнөөс ажлыг нь хийгээд явах буруу юм гэдэг шалтгаанаар, нөгөө талаас хөрөнгө санхүүгийн байдлаас болж, “Ирвэс” багуудаа татан буулгаад байна.
Гэсэн ч энэ үйл ажиллагаа цаашид үргэлжлэх, төр үүнийг анхааралдаа авах ёстой талаар бид хамтран ажиллаж буй талуудтайгаа ярьж, хэлэлцэж буй. Бид баг байгуулах биш, төрийн бодлого, үйл ажиллагааг дэмжин, хурдасгах замаар ажиллаж болох юм.
-Төр, засгаас багаа байгуулчихвал танайх зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллана гэсэн үг үү?
-Зөвлөгөө, зөвлөмж өгөхөөс гадна тодорхой хэмжээнд санхүүжүүлж ч болно. Тэгвэл илүү үр дүнтэй. Төр өмчдөө илүү хариуцлагатай хандаж байна гэж ойлгож болох юм. Тэгвэл гэмт хэрэг тодорхой хэмжээгээр буурна.
-“Ирвэс” баг байгуулснаар шуурхай ажиллаж болохыг харуулсан. Үүнээс гадна өчнөөн амьтан хамгаалж, тоо толгойг нь өсгөлөө гэсэн бодит үр дүн гарсан уу?
-Нэг жишээ дурдъя. Бөхөн хамгаалах төсөл 1998 оноос эхэлсэн. Монгол бөхөн бол дэлхийд манайхаас өөр хаана ч байхгүй нэн ховор амьтан. 2002 оны зудны дараа 750-800 орчим бөхөн үлдсэн байдаг юм.
Үүнд байгаль, цаг уурын нөхцөл буюу ган зудаас гадна бөхөнгийн эврийн хууль бус худалдаа нөлөөлсөн. Хууль бус ангийн улмаас тоо толгой нь цөөрч байсан.
Манай байгууллага 1998 оноос үйл ажиллагаа явуулахдаа нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалах сүлжээ баг байгуулж, малчдыг идэвхтэн байгаль хамгаалагч болгож, чадавхжуулан, техник, хэрэгслээр хангах ажлыг өөрсдийн хөрөнгөөр гүйцэтгэж эрчимжүүлснээр хяналт шалгалт сайжирч, хууль бус агнуур буурсан.
Үр дүнд нь өнгөрсөн онд 15.000 монгол бөхөн тоологджээ. Гэхдээ маш том, үндэстэн дамнасан хууль бус худалдааны сүлжээ байсаар буй тул бүрмөсөн зогсоогүй. Жил бүр бөхөн хууль бусаар агнаж худалдсан хэрэг бүртгэгдсээр, эзэн холбогдогч нь илэрдэггүй хэвээр.
Зэрлэг амьтан учир хөдөө хээр, хүний нүднээс далд агнадаг, илрүүлэхэд хүндрэлтэй. Одоо ч гэсэн бид бөхөн хамгаалах сүлжээ багаа ажиллуулж, дэмжиж байгаа. Дээр дурдсанчлан цаашид ч бас энэ тал дээр төрийн байгууллагыг дэмжин ажиллах саналтай.
-Ховор болон нэн ховор амьтдыг тоолж бүртгэж байгаа юу?
-Уг нь үндэсний хэмжээнд БОНХАЖЯ тоолох ёстой. Хуулиараа бол дөрвөн жил тутам тоолдог. Ялангуяа, агнуурын чухал ач холбогдолтой амьтдыг зайлшгүй тоолох шаардлагатай. Улсын хэмжээнд 2001, 2009 онд тооллого хийсэн байдаг юм.
Бидний хувьд баруун, зүүн бүсэд амьтдын тоо толгой болон бусад чиглэлийн судалгаа хийдэг. Жишээ нь, дэлхий нийтийн анхааралд орж буй ирвэсийн амьдардаг газар нутгуудыг сонгон судалж байна.
Махчин амьтан учир идэш тэжээл хүрэлцэхгүй үед айлуудын мал руу дайрах нь бий. Жил бүр энэ бүсийн хэчнээн айлын малаас хэдийг нь ирвэс идэв гэдгийг ч судалдаг.
-Хууль бус агнуурыг зогсоох хамгийн оновчтой арга юу гэж харж байна вэ?
-Хөрөнгө нь бэлэн, шуурхай хянаж шалгаж буй нөхцөлд энэ төрлийн хэргүүдийг шуурхай илрүүлэх боломжтой. Цаашид төрийн байгууллагууд уялдаа холбоотойгоор сайжруулах хэрэгтэй гэж харж байна. Уулын мухарт суугаа малчин хүн л хууль бус агнуурын гэрч болно.
Тэр хүнээс мэдээлэл авдаг, тэр хүн өгсөн мэдээллийнхээ хариуд тодорхой хэмжээний урамшуулал хүртдэг механизмыг боловсронгуй болгож чадвал хууль бус агнуур хумигдах болов уу.
Манай байгууллага Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэнтэй хамтраад улсын хэмжээнд мэдээлэгчийн сүлжээ байгуулах зорилгоор хууль бус агнуур, худалдааны талаар мэдээлэл авах шуурхай утас ажиллуулж эхэлсэн.
Үүнийг төр бага зэрэг дэмжиж, нутгийн өнцөг булан бүрт хүргэхэд анхаарвал мэдээлэл зөв голдирлоор ирэх нөхцөл бүрдэх болов уу. Хамгийн гол нь иргэд тэр газар нутагтаа эзэн болж чадвал хууль бус агнуурыг таслан зогсооно. Зээр агнасан нутгийн залууг барьж торгох биш, тэрийг нь худалдан авахаар захиалсан нөхөд, сүлжээг илрүүлэх хэрэгтэй байгаа юм.
-Ямар нэгэн арга хэмжээ авах гэхэд санхүүгийн бэрхшээлтэй зайлшгүй тулгардаг. Ялангуяа сүүлийн үед эдийн засгийн байдал хүнд байгаа шүү дээ.
-Хөрөнгө санхүү дутагдалтай байгаа нь хамгийн том асуудал болж буй нь үнэн. Гэхдээ зэрлэг амьтан бол ашигт малтмалаас илүү үр өгөөжтэй зүйл. Өөрөө нөхөн төлжиж, өсдөг. Тухайлбал, аргалийн тоо тогтвортой өсвөл спорт агнуураар ашиглаж болно.
Гэтэл өдгөө байгалийн ийм баялаг доройтох, устах аюул нүүрлээд байна. Хууль бус агнуур, худалдаанаас болж сүүлийн 10 жилд монгол бөхөн агнахтай холбоотой 125 хэрэг гарсан. Үүнээс болж Монгол орны амьтны аймагт хагас тэрбум төгрөгийн хохирол учирсан.
Ч.МӨНХЗУЛ