Өнгөрөгч оны байдлаар иргэд нь дэлхийн 147 оронд визгүй зорчдог Их Британийн гадаад паспорт хамгийн хүчирхэгт тооцогдож байна. Харин манай иргэд 60 улсад визгүй зорчдог үзүүлэлтээрээ 58-т эрэмблэгджээ.
www.passportindex.org цахим хуудсанд нийтэлсэн уг жагсаалтад гадаад паспортын нууцлал, аюулгүй байдлын үзүүлэлтийг гол болгоогүй ч даяаршиж буй цаг үед энэхүү баримт бичиг, үнэт цаасны үйлдвэрлэл дэх технологийн дэвшлээс хоцролгүй, амьдралаас урган гарах шаардлагад нийцүүлэх ёстой гэдэгтэй хэн бүхэн санал нийлэх биз ээ.
Чухам ийм шалтгаанаар Засгийн газраас үндэсний гадаад паспортыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх ажил эхлүүлээд байна. Ингэхдээ дэвшилт технологийн чиптэй, цахим паспорт болгоно гэж буй.
Үнэхээр ч далайд гарцгүй, хоёр их гүрний дунд оршдог нь Монгол Улсын иргэн бид гадаадад зорчихын хувьд зарим талаар хүндрэлтэй байдаг тул төр, засгаас иргэдээ хүний нутагт айлгаж, ичээлгүй зорчуулахад шаардлагатай арга хэмжээ авах учиртай.
Харин үүнийг олон нийт харилцан адилгүй хүлээн авч байна. Тиймээс “ухаалаг” гэгддэг чиптэй, цахим гадаад паспорт тойрсон эргэлзээтэй олон зүйлд хариулт өгөхийг зорилоо.
ГАДААД ПАСПОРТЫГ “УХААЛАГ” БОЛГОХ АЛХАМ ТАВАН
ЖИЛИЙН ӨМНӨӨС ЭХТЭЙ
Гадаад паспортыг шинэчлэх эрх зүйн үндсийг одоогоос таван жилийн өмнө бүрдүүлжээ. Тодруулбал, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас 2010 онд “Монгол Улсын иргэдийн гадаад паспортын сунгалтын мэдээлэл нь олон улсын мэдээлэлд ордоггүй” гэсэн үндэслэл тавьж, олон улсын шаардлагад нийцсэн баримт бичгээр зорчих болон хувь хүний бүх мэдээллийг багтаасан чиптэй паспорт ашиглахыг зөвлөжээ. Энд “зөвлөжээ” гэснийг анхаараарай.
Учир нь дайн байлдаантай болон цагаач, дүрвэгсдийн мөрөөдөл болсон зарим улс цахим гадаад паспортыг илүүд үзэх гээд байдаг ч паспортаа заавал “ухаалаг” болго гэж тулган шаарддаг нь тун ховор гэнэ.
Ер нь чиптэй гадаад паспорт бий болгоход хорлон сүйтгэх үйл ажиллагаа, мансууруулах бодис, зэвсэг болон хүний наймаа зэрэг олон улсын, хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх явдал ихээхэн түлхэц болж. 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагын дараа АНУ өөрийн улсад иргэд нь визгүй зорчдог 28 улсад гадаад паспортоо чиптэй болгох, чипгүй паспорттай зорчих бол виз мэдүүлэн орж ирэхийг хугацаа заан анх шаарджээ.
Дашрамд дурдахад, АНУ-аас анх шаардсанаар чипэнд тухайн хүний нүдний солонгон бүрхүүл, хурууны хээ, нүүрний гол гол цэгүүдийг тэмдэглэсэн байршлаас гадна анкет, зураг, гарын үсэг зэргийг суулгаж байжээ.
Удалгүй эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй тул нүдний солонгон бүрхүүлийн зургаас бусдыг нь чипэнд суулгахаар болж, энэ дагуу ICAO-гийн стандартыг тогтоож, өдгөө улс орнууд үүнийг ашиглан гадаад паспортаа хийдэг байна.
Манай Засгийн газар дээрх зөвлөмжийн дагуу ингэж ажиллажээ. Үүнд,
2010 он. Ерөнхий сайд С.Батболд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгын үед Засгийн газраас Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөр батлах тухай 289 дүгээр тогтоол батлав.
Агаарын хөлөг, багийн гишүүд, зорчигч, ачаа шуудан болон бусад эд зүйлийг чирэгдэлгүйгээр хил нэвтрүүлж, хилийн хяналт, шалгалтын үйл ажиллагааг давхардалгүй, шуурхай зохион байгуулах зорилготой уг хөтөлбөрийн хавсралтад гадаад паспортыг шинэчилж, цахим болгохыг улсын бүртгэлийн байгууллагад үүрэг болгожээ.
2015 он. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн шинэчилсэн паспортын загвар батлав.
2015 оны аравдугаар сарын 12. Засгийн газрын 55 дугаар хуралдаанаар энгийн гадаад паспортыг чиптэй, цахим болгон солих ажлыг зөвхөн иргэний өөрийнх нь хүсэлтийг үндэслэн зохион байгуулахыг УБЕГ (хуучнаар)-ын даргад үүрэг болгов.
Ингэснээр монголчууд зарим орны иргэдийн адил чиптэй, чипгүй гэсэн хоёр төрлийн паспорттай байх боломж бүрдэв. Өөрөөр хэлбэл, манай иргэд Казахстан, Сингапур, Хонконг зэрэг визгүй зорчдог орон руу одоо эзэмшиж буй паспортаараа, өндөр шаардлага тавьж буй бусад улс руу чиптэй паспортаар явах боломжтой гэсэн үг.
2016 оны нэгдүгээр сарын 25. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаны Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар, “Унгарын мөнгөн тэмдэгтийн хэвлэлийн хувьцаат компани” (Hungarian banknote shareholding corporation) хоорондын хамтын ажиллагааны гэрээнд холбогдох хүмүүс гарын үсэг зурав.
Энэ дагуу бэлтгэл хангаж буйг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг мэдээлсэн. Одоогоор хоёр тал паспортын бэлдэц хүлээн авах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд шинэчилсэн паспортыг энэ оны сүүлийн хагасаас хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Унгарын мөнгөн тэмдэгтийн хэвлэлийн хувьцаат компаниас нийлүүлэх бэлдцээр Монголд паспорт хэвлэх эрхийг “Мигасон” компанид олгосон байна.
ЧИПТЭЙ ПАСПОРТ МОНГОЛД ШИНЭ БИШ
2011 онд Гадаад хэргийн яамны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд дипломат, албан паспортыг чиптэй болгосон. Эдгээрийг дээр дурдсан ICAO-гийн стандартын дагуу хийдэг. Өөрөөр хэлбэл, энэ удаа Монгол Улсын Е-серийн буюу энгийн гадаад паспортыг иргэний хүсэлтээр шинэчилж, цахим болгох юм.
Гэхдээ манай дипломат, албан болон энгийн паспортыг цахим болгох технологи нь адилгүй болохыг анзаарахад илүүдэхгүй. Энэ үүднээс цахим гадаад паспорт үйлдвэрлэх технологитой холбоотой зарим зүйлийг тэмдэглэе. Дэлхийн хэмжээнд чиптэй паспортыг хоёр янзаар үйлдвэрлэж байна.
Одоогоор үүний 80 гаруй хувь буюу 164 орон өнөөдөр манай улсад хэрэглэж буй дипломат, албан паспортыг хийсэн технологийг ашигладаг байна. Энэ нь чипийг паспортын хавтсанд байршуулдаг хувилбар. Үүнд дэлхийн хамгийн хүчирхэг паспорттой гэх 28 орны 23 нь багтжээ.
Харин үлдсэн 20-иод улс нь паспортын дотор талд буюу хувь хүний зураг, мэдээлэл бүхий эхний хуудсыг хуванцар болгон чипийг байршуулдаг юм байна. Энэ нь хуванцар хуудсыг лазер ашиглан хар, цагаанаар шивж, хэвлэдэг гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, гадаад паспортын тань зураг бүхий эхний хуудсыг манай иргэний үнэмлэх хуванцар болгох аж. Үүнийг ОХУ болон Швед, Голланд зэрэг Скандинавын орнууд хэрэглэж буй аж.
Чухам энэ технологиор одоо манай улс энгийн гадаад паспортаа шинэчлэх гэж байна. Ингэснээр манай улсын гадаад паспортуудыг ангиллаас нь хамааруулан өөр өөр технологиор хийх нөхцөл бүрдэж буй бололтой.
Технологи бүрт давуу болон сул тал бий. Энгийн гадаад паспорт үйлд вэрлэх гэж буй буюу чипийг дотор талд байрлуулсан паспортыг сунгах боломжгүй бөгөөд таван жилээр нэг удаа олгодог. Уг нь манай улсын иргэдэд сунгаж болдог паспорт нь илүү тохиромжтой, эдийн засгийн хэмнэлттэй юм.
Харин нүдэнд харагдах зураг, бичвэрийг засаж, өөрчлөх боломжгүй нь давуу тал гэлтэй. Мөн гадаад паспортыг хэвлэх өртөг ч харилцан адилгүй болохыг үнэт цаасны үйлдвэрлэлийн зарим мэргэжилтэн хэлж байна.
Тухайлбал, цахим энгийн паспортын бэлдэц нэг бүрийн үнэ 9-11 орчим евро байгаа нь дипломат, албан паспортынхаас 3-4 дахин өндөр болох магадлалтай гэнэ.
Сонирхуулахад, гадаад паспортын нууцлал, мэдээллийн 70 хувийг нүд, 20 хувийг UV гэрэл, 10 хувийг тусгай лабораторид хяналтын машинаар харагдах байдлаар хэвлэдэг юм байна.
Хэдийгээр шийдвэр нь гарч, гэрээг нь байгуулсан ч гэлээ гадаад паспортаа “ухаалаг” болгох хоёр сонголт байж. Харин манайх дэлхийн улсуудын дийлэнхийх нь хэрэглэдэг, “сонгодог” гэгддэг технологиос татгалзаж, ОХУ тэргүүтэй орнуудынх шиг паспорттай болохоор шийдэж.
Өөрт олдсон мэдээллийнхээ хүрээнд хэвлэлтийнх нь нэг бүрийн өртгийг харьцуулахад арай л үнэтэйг нь сонгочихож. Энгийн паспорт дипломат болон албаныхаас арай өөр. Түүнийг хэрэглэдэг хүмүүс нь энгийн иргэд, жирийн ард.
Ганцхан еврогийн зөрүүтэй үнээр хэвлэгдэх байлаа ч энэ нь энгийн паспорт эзэмшигч надад хамгийн хамаатай зүйл юм. Түүний төлөөс, ачааг татвар төлөгч бид л үүрнэ. Үүрсээр ч ирсэн.
ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА
Г.РАДНААБАЗАР: Энгийн паспорт чиптэйтэй дүйцэхүйц хэмжээний
өндөр нууцлалтай
“Титан-интернэшнл” ХХК-ийн ерөнхий захирал Г.Раднаабазараас цөөн зүйл тодрууллаа. Тус компани Монгол Улсын иргэдийн бүх төрлийн гадаад паспортыг Монголд хэвлэж буй.
-Сүүлийн үед энгийн гадаад паспортыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх тухай асуудал олон нийтийн анхаарал татаж байна.
Гадаад паспортыг үйлдвэрлэгчийн хувьд танаас одоо хэрэглэж буй гадаад паспортын чанар, стандартын талаар тодруулах гэсэн юм.
-Олон улсын стандарт хангахгүй байна гэхчилэн мэдээлэл нь буруу, ташаа юм. Манай иргэдийн өнөөдөр ашиглаж буй бүх паспорт нь олон улсын ICAO-гийн DOC-9303 стандарт, Гадаад хэргийн яамны баталсан загварын дагуу хийгдэж байгаа.
Сүүлийн 13-14 жилийн хугацаанд үүнтэй холбоотой ямар ч зөрчил, гомдол гараагүй. Энгийн паспортуудыг чанар, нууцлалын хувьд евро технологиор бүтээсэн. ХБНГУ-ын 125 жилийн түүхтэй мөнгөн тэмдэгт, үнэт цаасны “Giesecke and Devrient” үйлдвэрийн бэлдцээр хийдэг.
Уг үйлдвэр нь Европын гол таван орон гадаад паспортдоо ашиглаж буй тусгай нууцлал бүхий програм, чип болон еврог хэвлэдэг. Манай энгийн паспорт чиптэй паспорттой дүйцэхүйц хэмжээний өндөр нууцлалтай.
Б.БОЛД: Арабын нэгдсэн Эмират улс цахим гадаад паспорттай
байхыг шаардсан
Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Б.Болдтой цөөн хором ярилцав. Монгол Улсын иргэний дипломат, албан паспортыг тус яам хариуцдаг.
-Манай улсад иргэдийнхээ гадаад паспортыг заавал цахим болгох шаардлагыг хэдэн орноос тавьсан бэ?
-Арабын нэгдсэн Эмират улсын Гадаад хэргийн яамнаас тухайн улсын виз мэдүүлж байгаа болон улсад нь нэвтрэхээр төлөвлөж буй бүх иргэн цахим паспорттай байхыг шаардаж буйгаа 2015 оны сүүлчээр бидэнд мэдэгдэж, ноот ирүүлсэн. Ийм шаардлага албан ёсоор мэдүүлсэн өөр улс орон одоогоор үгүй байна.
-Гадаад паспорт цахим байхын давуу тал юу вэ?
-ICAO-гаас тодорхой зөвлөмж гаргадаг. Паспортыг цахим болгосноор хуурамчаар үйлдэхээс сэргийлж, аюулгүй байдлыг нь баталгаажуулдаг. Гадаад паспортаа цахим болгочихвол бусад оронтой визгүй зорчих хэлэлцээр байгуулах зэрэгт дөхөмтэй.
-Манай дипломат, албан паспортын чип хэр найдвартай вэ?
-Одоо хийлгэж буй ХБНГУ-ын “Giesecke and Devrient” үйлдвэр дэлхийд нэртэй. Энэ чиглэлээр олон төслүүдийг хэрэгжүүлж ирсэн туршлагатай компани. Зөвхөн Монгол Улсын гэлтгүй бусад орны гадаад паспортын бэлдэцийг хэвлэж нийлүүлдэг.
Б.НОМИН