Жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг Сонсгол хамгаалах дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг.
Хүн төрөлхтөн өөрсдийн ертөнцийг таньж, ойлгож мэдэх арга зам нь харах, сонсох, амтлах, үнэрлэх, хүрэлцэхүйн мэдрэхүй дээр тулгуурладаг. Эдгээрээс сонсох мэдрэхүй нь хүмүүст өдөр тутам бусадтайгаа харилцаа холбоо тогтоох, аюулыг анхааруулах, нийгмийн харилцаанд оролцох боломжийг олгодог амьдралыг таньж мэдэх харилцааны үндсэн суурь юм.
Өнөөдөр дэлхий дээр 360 сая хүн сонсголын бэрхшээлтэй амьдарч байгаагаас 32 сая нь хүүхдүүд байна. ДЭМБ эдгээр хүүхдүүдийн 60 хувийг сонсгол бууралтаас урьдчилан сэргийлэх боломжтой гэж үздэг. Улаанбаатар хотод 2010 оны байдлаар сонсголын бэрхшээлтэй 5431 хүүхэд эмнэлэгт хандан эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байсан бол 2014 онд 7302 болж өссөн байна.
Энэ эмгэгээс урьдчилан сэргийлж, эрт илрүүлж, зохих арга хэмжээг авснаар хүүхдийн хэл ярианы хөгжил саатах, суурь боловсрол эзэмшиж чадахгүй байх, нийгмээс гадуурхагдах зэрэг сөрөг үр дагавар үгүй болох юм. Сонсгол бууралтаас урьдчилан сэргийлж, эрт илрүүлж амьдралыг таньж мэдэх харилцааны үндсэн суурь болсон хүүхдийнхээ сонсголыг хамгаалцгаая.
Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүдийн сонсгол муудах нь эрс нэмэгдсэн аж. АНУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар таван хүүхэд тутмын нэгнийх нь сонсгол муудсан болохыг тогтоожээ. Сонсгол ийнхүү муудах болсон шалтгаануудын нэг нь чихэвчний хөгжим гэнэ. Бага наснаас эхэлсэн сонсголын бэрхшээл нь нас ахих тусам улам муудах бөгөөд сонсголын аппарат зүүхэд хүргэдэг байна. Хүүхдүүдийн хувьд сонсгол муудах үйл явц эхний ээлжинд мэдрэгдэхгүй. Харин ус дуслах, хүн шивнэх чимээг сонсохгүй болсноор мэдрэгдэж эхэлдэг байна. Харин сүүлийн үед IPod, MP3, төрөл бүрийн утас гээд чихэвчээр дуу хөгжим удаан хугацаагаар сонсох, хэт чанга сонсох нь сонсголын мэдрэлийн хүлээн авах хэлбэрийн сонсгол муудах, дүлийрэх шалтгаан болдог байна.
Чанга дуу чимээ нь дотор мэдрэлийн үслэг эсүүдийг шууд гэмтээдэг. Нэгэнт гэмтсэнээс дахин сэргэдэггүй. Сонсгол муудах нь тухайн үедээ мэдэгдэхгүй ч насах их тусам анзаарагддаг тул хүүхдийг аль болох цөөн цагаар, бага түвшинд чихэвчний хөгжимтэй нөхөрлүүлэх нь ирээдүйд түүний эрүүл мэндэд хийх хамгийн зөв зүйл болно.
Хүний сонсголын эрхтэн нь 16-20000Гц-ийн давтамжтай дууг хүлээн авч ялган мэдрэх чадвартай байдаг. Дууны даралт ба сонсох мэдрэмж хоёрын хамаарлыг децибелээр илэрхийлдэг ба хүмүүсийн харилцан ярианы түвшин 60дБ байхад онгоц буух үеийн дуу чимээний түвшин 110дБ байх жишээтэй. Гэтэл өнөөдөр зарим үйлдэрлэгдэж байгаа MP3, IPod-ны чангаруулагчийн дээд түвшин 120 дБ байдаг байна. Тэгэхээр хөгжмөө дууны түвшний эцэст нь тавьж сонсох нь онгоц буух үеийн дуу чимээтэй тэнцэж байна гэсэн үг.
ДЭМБ-с гаргасан баримтаар 85 дБ хэмжээний чанга дээр нэг цаг чихэвчээр хөгжим сонсоход л сонсголын эрхтэн гэмтдэг болохыг тогтоосон.