Органик бордоонд суулгасан үр хоёр долоо хоногийн дотор ургасан байдал
Хүнсний ногооны хаягдлаар юу хийж болох талаар та бодож байсан уу. Эсвэл ногооны хаягдлыг хогийн саванд даруй хийчихдэг үү? Хүмүүс хуванцар сав, шил, лааз болон давууны өөдөс зэргээр сонирхолтой, хэрэгцээтэй олон зүйл хийдэг. Харин хүнсний ногооны хальс, хаягдлаар хийсэн зүйл ховор.
Төмс, лууван, сонгиноо хальслаад, хаягдлыг нь хогийн саванд хийдэг. Магадгүй хүнсний ногооны хаягдлаар юу хийх тухай бус, хэрхэн амттай хоол хийхийг чухалчилдаг учраас тэр байх. Харин бидний хэрэггүйд тооцдог эдгээр “хог”-оор хөрсний үржил шимийг сайжруулах органик бордоо хийх боломжтойг Хөдөө аж ахуйн их сургуулийн Хөрс, биохимийн лабораторийн эрхлэгч, доктор А.Жавхлантуяа “илрүүлжээ”.
Манай улс сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэх, таримлын ургацыг тогтвортой нэмэгдүүлэхийн тулд хөрсний үржил шимд ихээхэн анхаарал хандуулдаг болсон.
Импортын бүтээгдэхүүний үнэ өртөг өсөж буй өнөө үед эх орондоо байгалийн гаралтай, органик бордоо үйлдвэрлэж, хөрсний үржил шимийг хамгаалаад зогсохгүй сайжруулж ургацын хэмжээг нэмэх боломжтойг доктор А.Жавхлантуяа дурдсан юм. Тэрбээр Токиогийн Хөдөө аж ахуйн их сургуульд сурч байжээ.
Тухайн үед эх орондоо ирэх бүртээ хаа сайгүй хөглөрөх хогийг хараад ихэд эмзэглэдэг байсан гэнэ. Ингээд хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнээс үүсэж буй хогийг дахин боловсруулж, хэрхэн хэрэгцээт бүтээгдэхүүн болгох тухай 2012 оноос судалж эхэлжээ.
Олон улсад жимс, хүнсний ногооны хаягдал, хоолны үлдэгдэл тэр ч байтугай цэвэрлэх байгууламжийн лагаар бордоо үйлдвэрлэж буй. Манай орны нөхцөлд ч хүнсний ногооны хаягдлаар органик бордоо хийвэл түүхий эдээр дутагдах зовлон үүсэхгүй.
Харин хоолны үлдэгдлээр хийсэн бордооноос хорхой шавьж үүсэх магадлалтай учир химийн орцтой шингэн цацах хэрэг гардаг гэнэ. Бас Төв цэвэрлэх байгууламжийн технологи сайнгүй тул лагийг нь ашиглах боломжгүй юм байна.
Доктор А.Жавхлантуяа органик бордоо хийхийн тулд хүнсний томоохон захуудын ногоо, жимсний тасгаас гарч буй хаягдлын хэмжээг судлахаар шийдсэн байна. Ингээд иргэдийн хамгийн их зорьдог “Хархорин”, “Барс”, “Баянзүрх”, “Бөмбөгөр”, “Нарантуул” худалдааны төв болон Тэнгэр бөөний төвийн жимс, хүнсний ногоо худалддаг 364 хүнээс судалгаа авчээ.
Нэг худалдагчийн зарж буй бүтээгдэхүүнээс л гэхэд өдөрт дунджаар хүнсний ногооны 20, жимсний 2.5 кг хаягдал гарч буйг тогтоосон байна.
Үүнийг жилээр тооцоход, дээрх зургаан худалдааны төвөөс 55 тн орчим ногоо болон жимсний хаягдал гарна. Харин нэг айлаас хоногт 300 гр орчим ногооны хаягдал гардаг гэнэ.
Жилээр нь тооцвол органик бордоо хийх 100 кг орчим түүхий эдийг бид хаячихаж байна гэсэн үг. Үүнийг мөнгөн дүнгээр тооцоход 54.750 төгрөг болжээ. Нэг өрх жилд энэ хэмжээний мөнгөө хогтойгоо хамт хаячихаж байгаа юм.
Мөн зургаан худалдааны төвөөс гарсан ногоо, жимсний хаягдлыг мөнгөн дүнд шилжүүлбэл 30 орчим сая төгрөг болж буй гэнэ. Хэрэв нийслэлийн бүх худалдааны төв, томоохон сүлжээ дэлгүүрээс гарах хаягдлыг нийлүүлж тооцвол энэ дүн хэд дахин үржигдэх юм.
“Мөнгөө” салхинд хийсгэж, хогийн цэгт булахын оронд дахин боловсруулж, бүтээгдэхүүн болгон хөрсөө тордвол үр шимийг нь олон хүн хүртэх боломжтой аж.
“Манайхан ихэвчлэн бууцаар хийсэн болон шингэн бордоо хэрэглэдэг. Харин хүнсний ногооны хаягдлаар өмнө нь бордоо хийсэн, эсэхийг мэдэхгүй. Судалгааны ямар нэгэн материал байдаггүй юм. Би уг судалгааныхаа үр дүнд органик бордоог 21 хоногт бэлэн болгож буй юм. Манайхан урд хөршөөс оруулж ирдэг бордоонуудыг огт хянаж, шинжилдэггүй нь харамсалтай санагддаг.
Тэд ямар зүйлээр бордоо хийж буйг мэдэхгүй шүү дээ. Тиймээс судлаач эрдэмтэд юм уу, Мэргэжлийн хяналтын газрынхнаар тодорхойлуулах хэрэгтэй. Өнгөрсөн аравдугаар сард хүнсний хог хаягдлаар анх удаа органик бордоо хийж, туршсан. Цаашид үйлдвэрлэх бүрэн боломжтой юм билээ.
Хамгийн гол нь манай улсад хог хаягдлаа ангилах менежмент байхгүй учраас хүндрэл үүсэх магадлалтай. Мөн их хэмжээгээр үйлдвэрлэхээр болбол бутлагч машин хэрэгтэй. Хүнсний хог хаягдлаа мөнгөн дүнд шилжүүлсэн нь хүмүүс ашиг олох талаас биш ийм хэмжээний мөнгөө зүгээр л хаяж байгааг ойлгуулах гэсэн санаа юм.
Гадуур зардаг бордоонууд кг нь 500-1000 төгрөг байдаг. Үүний 60-70 хувиар хаягдлаа тооцож мөнгөн дүнд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, 300 гр хүнсний ногооны хаягдлыг 150 төгрөгөөр тооцсон.
Хогоо ангилж, хаях менежмент боловсруулахын тулд эхлээд иргэдэд маш сайн ойлгуулах, цаашлаад хүүхдүүдэд цэцэрлэгийн наснаас нь зааж, сургах хэрэгтэй байх” гэж доктор А.Жавхлантуяа хэлсэн юм.
Органик хог хаягдлаар хийсэн бордоо нь таримлын ургацад ач тустай төдийгүй хөдөө аж ахуйн хөгжилд эергээр нөлөөлөх бүтээгдэхүүн гэдгийг гадаадын улс орнуудын эрдэмтэд хэдийнэ баталчихсан.
Харин манай орны хувьд органик хог хаягдлаар бордоо хийх технологи хараахан нэвтрүүлээгүй байгаа юм. Хэрэв хогоо ангилах, хаях аргаа нарийвчлан хог хаягдлыг дахин боловсруулах технологи бий болгочихвол жилийн аль ч улиралд органик бордоо хийх боломж бүрдэх юм байна.
Хүнсний ногооны хаягдлаа дахин ашиглавал хогны хэмжээ багасаж, түүнийг тээвэрлэх зардлыг хэмнэх боломжтой гэнэ. Мөн орчны бохирдол багасахын зэрэгцээ хөрсний элэгдэл, эвдрэлийг бууруулах зэрэг олон талын ашигтай.
Тодруулбал, манай орны нийт тариалангийн талбайн хөрсний 60-70 хувь нь элэгдэж, эвдэрсэн өнөө үед эх орондоо үйлдвэрлэсэн өртөг багатай, 21 хоногт буюу маш богино хугацаанд боловсордог органик бордоог хэрэглэх нь эдийн засаг болоод хөрсөнд үр өгөөжөө хүртээх аж.
Тус бордоог хэрхэн хийснийг танилцуулъя. Эхлээд сүрэл, модны үртэс, зэрлэг ургамлын үлдэгдэл зэрэг хөнгөн сэвсгэр материалыг 8-10 см орчим зузаантай дэвсдэг юм байна.
Суурийн өргөн 1-1.2 метр орчим байх бол урт нь хэд ч байж болох аж. Үүний дараа таван см орчим зузаан хүнсний ногооны хаягдал болон бусад ялзарч болох органик бүтээгдэхүүн хийдэг байна. Ингээд дараагийн үед нь 8-10 см зузаантай бууц дэвсэх зэргээр үе үүсгэдэг юм байна.
Ойролцоогоор 1.5 метр өндөртэй болох ба хийх явцдаа үе бүрийг усаар шүршиж бага зэрэг норгох хэрэгтэй. Дээрх байдлаар хийсний дараа гялгар тороор хучих аж. Бордоог түргэн боловсруулахын тулд хамгийн чухал нь чийг болон температурыг хянах ёстой.
Тус бордоог боловсруулахад 70 орчим хувийн чийгшилтэй болон 60-70 градусын температурт байлгах шаардлагатай гэнэ. Бордоог долоо хоног тутам хольж хутгах бөгөөд зөв боловсруулж чадвал 21 хоногт бэлэн болж, ашиглаж болох юм байна.
Энэ нь богино хугацаанд, гар доорх материалаар өртөг багатай, хүний эрүүл мэнд болон хөрсөнд хор нөлөөгүй бордоо хийх энгийн бөгөөд эерэг технологийн шийдэл болж буй. Харин бид хүнсний ногооны хаягдлаа хөрс хамгаалагч болгохын тулд хогоо ангилж хаях төдийгүй хүүхдүүдээ ч энэ хэвшилд сургах хэрэгтэй бололтой.
Э.НАМУУН