Өнөөдөр Монгол Улсад үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 103 жилийн ой тохиож байгаа билээ. Иймээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран “Ил тод Нээлттэй Улаанбаатар" 1000 сэтгүүлчийн форумыг зохион байгууллаа. Энэ үеэр нийслэл “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлаа мянган сэтгүүлчид тайлагналаа. Түүнчлэн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс энэ өдрийг тодорхой сэдвийн дор тэмдэглэн, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, хамтарсан тунхаг бичиг гаргадаг бөгөөд энэ удаад мэдээллийн ил тод байдал, нээлттэй засаглалын тухай ярилцсан юм.
Нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл: Төрийн үйлчилгээг авилга, хүнд сурталгүй болгоход иргэдийн оролцоо хэрэгтэй
Нийслэлийн удирдлагын баг ажлаа төрийн үйлчилгээг авилга, хүнд сурталгүй, нээлттэй, ил тод болгож, аливаа шийдвэр, үйл ажиллагаандаа иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний мэдэх эрхийг хангах зорилт тавьж, “Мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллах тухай” захирамж гаргаснаар эхэлж байсан. Энэ нь нийслэлийн удирдлагын зүгээс гаргасан аливаа шийдвэрт иргэд анх удаа өөрсдөө хяналт тавих, санал бодлоо тусгах, мэдээлэл авах боломжтой болсноос гадна нээлттэй мэдээлэх эрхийг сэтгүүлчдэд олгосон юм. Дээрээс нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьсон. Учир нь иргэд оролцсон төлөвлөгөө, төсөл илүү амжилттай болдог. Гэхдээ иргэд нийслэлийн аливаа хэрэгт оролцоход замд нь хүнд суртал саад болох учиргүй. Тиймээс Дүнжингаравт нээгдсэн “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” шиг төрийн үйлчилгээний “супермаркет”-уудыг нээх хэрэгтэй юм.
МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид: Маш их хариуцлага биднийг хүлээж байна
Өнөөдөр Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 103 жилийн ойг Нийслэлийн Тамгын газартай хамтран “Ил тод нээлттэй Улаанбаатар” сэдвийн дор зохион байгуулж байна. Учир нь сэтгүүл зүй анх “Нийслэл хүрээ”-нд үүссэн. Богд хаант Монгол Улсын үед 1913 онд Г.Цэвээн тэргүүтэй Монгол эрдэмтэн сэхээтнүүд “Шинэ толь хэмээх бичиг” сонин бичиг гаргахдаа Нийслэл хүрээнд эхийг бэлтгэж, хэвлэж гаргаж байсан түүхтэй. Тиймээс бид сэтгүүл зүйн түүхт ойгоо Монгол Улсынхаа голомт болсон нийслэл хоттойгоо хамтарч зохион байгуулья гэж шийдсэн. Нөгөө талаар Улаанбаатар хотын баримталж буй Ил тод, нээлттэй байх зарчим нь сэтгүүл зүйд ээлтэй, сэтгүүлчдэд тэр бүр олддоггүй байсан мэдээ, мэдээлэл нээлттэй болсон.
2014-2015 он бол эдийн засгийн хямралтай, санхүүгийн хүндрэлтэй жилүүд байлаа. Гэхдээ нөгөө талаар сэтгүүлчдийн “худалдагдсан”, “мөнгөтэй талд үйлчилдэг” гэх нийгмийн ойлголтыг няцаасан сайн жил байсан. Товчоор хэлбэл, шалгалтыг амжилттай давсан. Харин 2016 он бол сонгуулийн жил. Маш их хариуцлага биднийг хүлээж байна. Иймд сэтгүүлчид маань хариуцлагатай байж, аливаа мэдээллийг сайтар нягталж, олон нийтэд хүргэж ажиллавал ямар нэгэн асуудалгүйгээр давж чадна гэдэгт итгэлтэй байна.