“Мянгуужинг чи сана л даа. Мангасыг дарсан тэр хүү чинь ёстой миний найз” гэдэг үгтэй дуу байдаг даа. 1990-ээд оны эхэн үеийн нийгмийн “толь”. Харин одоогийн хүүхдүүдэд тийм найз бий, эсэхэд эргэлзэж байна. Бараг л үгүй биз. Учир нь өдгөө тэд мангасыг “дараад” зогсохгүй, ертөнцийг ч аварч мэдэх шинэ найзтай болчихоод буй. Түүнийг нь ухаалаг утас гэх.
Бага насны хүүхдэдээ утсаа байнга “булаалгаад”, авч ч чадахгүй, больж ч чадахгүй цухалдаж сууна уу. “Дахиад жаахан үзчихээд өгье” гээд өрөвдөлтэй ч юм шиг, хөөрхөн ч юм шиг царайлаад хэлэх үггүй болгож байгаа биз, цаадуул чинь. Техник, технологийн эринд амьдарч буй хүүхдүүд ингэж шинэ найзтай болохыг тэмүүлэх болов оо.
Ухаалаг найз нь ч хүүхдүүдэд танигдахдаа амархан. “Би ойлгоогүй байхад л гурван настай охин, хүү маань учрыг нь олчихсон байх юм” гэж ярих аав ээжтэй цөөнгүй тааралдсан байх.
Аргагүй л дээ. Мянгуужинтай уулзахын тулд хэчнээн хөдөлмөр, сэтгэл гаргах шаардлагатай билээ. Хүүхэд гарч тоглохыг биш, дэлгэц ширтэж суухыг илүүд үзэж байхад. Номын хуудас дэлгэхийн оронд ухаалаг найзаасаа хөөрхөн зураг дүрс бүхий тоглоомууд олох нь хамаагүй хялбар, бас сонирхолтой.
Гэтэл тэр найзаасаа болоод сүүлийн үед хүүхдүүд дэвтэр хэрэглэхийг хамгаас хоцрогдсон явдал гэж үзэх болжээ. Багштайгаа шууд харилцахгүй, ярьж байгааг нь дуу хураагуур, камерт бичиж авдаг болсон гэнэ.
Гараар бичвэл тархи хамаагүй илүү ажилладаг гэдгийг эрдэмтэд хэдийнэ нотолсон, уг нь. Мөн гэрийн даалгаврын хариугаа цахим ертөнцөөс хайж олох болжээ. Хийсэн нь сайн хэрэг ч, хамгийн гол нь “бүтээгдэхүүнээ” хамгаалах чадваргүй болчихдог гэсэн.
Хэт “ухаалагжих” нь хүүхдийг хэрхэн хойш татах вэ гэдгийн хариу нь энэ. Ямар аюултайг нь ойлгодог хэрнээ холдож чаддаггүй эд.
За яах вэ, цаг үе нь ийм. Тэртэй тэргүй хүн бүр хэрэглэж байгаа хойно. Туйлын муу үр дагавар гэж хаана байх вэ. Хол байгаа найзуудтайгаа ойр юм шиг ярилцаж, дэлхий нийттэй хөл нийлүүлэх түмэн мэдээлэл олж авч болно.
Гэхдээ олон оронд хүүхдэдээ ухаалаг биш, товчлууртай утас авч өгөхийг санал болгож эхэлжээ. Аав, ээж, найз нөхөдтэйгөө холбоо барихад л хангалттай учраас тэр.
Ч.ЗУЛ