“2000-2013 он хүртэлх хугацаанд нийслэлийн удирдлагууд их хэмжээний газрыг хууль бусаар болон ил, далд хэлбэрээр иргэн, аж ахуйн нэгжид олгосон байдаг. Хэрэв тэдгээр газрыг дуудлагаар худалдсан бол 26.7 их наяд төгрөг буюу 2013 оны хотын төсвийг 77 дахин үржүүлсэнтэй тэнцэхүйц орлого нийслэлд төвлөрөх байжээ.
Энэ мөнгөөр Улаанбаатарт хэчнээн олон бүтээн байгуулалт хийж болох байсныг тооцож үзэхээр харамсалтай санагддаг.
Учир нь Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 24 их наяд гаруй төгрөг зарцуулахаар тооцсоныг бодохоор энэ бол асар их мөнгө” хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ярилаа.
Өнгөрсөн баасан гаригт болсон “Ил тод, нээлттэй Улаанбаатар” форумын үеэр хотын удирдлагууд 2012-2015 оны хооронд юу хийж, бүтээснээ сэтгүүлчдэд тайлагнахдаа тэр ийн хэлсэн юм.
Зах зээлийн жишгээр зарим газрыг дуудлагаар үнэ хүргэж худалдан, төсөвтөө мөнгө төвлөрүүлж болдгийг харуулсан хүнд ингэж дуугарах эрх байлгүй яах вэ.
Монголд үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 103 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран 1000 сэтгүүлчийн уулзалт зохион байгуулсан нь цар хүрээ, агуулга, хэлбэр, ач холбогдол талаасаа манайдаа анхных болов.
Соёлын төв өргөөний тайз засалт болоод ҮДБЭЧ-ын Төрийн их найралынхан удирдаачтайгаа ирчихсэн байхыг харахад үндэсний хөгжмийн тоглолт үзэхээр ирсэн юм шиг таатай сэтгэгдэл төрүүлэх.
Гартаа улаан сарнай барьцгаасан эмэгтэйчүүд уг танхимд “Мартын 8”-ныг урьдчилаад авчирсан мэт эрхэмсэг суух. Урилга дээрх хөтөлбөрөөс харахад баярын хурал ч юм шиг, нийслэлийн Засаг даргын орлогч нарыг хотын парламентын тэргүүнтэй нь хамт тайзан дээр “жагсааж” байгаад хүссэн асуултдаа хариу авна гэхээр хэлэлцүүлгээс арай өөр ч юм шиг тийм нэг орчин... Ямартай ч жилдээ ганц тохиодог баярын өдрөөрөө манай сэтгүүлчид хаврын нойтон цас, хавсарга шамаргыг үл ажран дээрх арга хэмжээг зорин ирцгээжээ.

Их хотын өдөр тутмын амьдралын тухай Монгол орны дөрвөн зүг, найман зовхис, дэлхийн өнцөг булан бүрт шуурхай, бодитой, тэнцвэртэй хүргэх үйлсэд бусдыгаа манлайлсан “Өнөөдөр” сонинд өргөмжлөл хадгалуулав
Өрөөлийн зовлон, жаргалыг хуваалцахын төлөө, олон нийтийн мэдээлэл авах эрхийг хангахын тулд, нийгмийн нүд, чих нь болохынхоо хувьд халуун хүйтэн, өдөр шөнийг ажралгүй гүйдэг хэрнээ өөрсдөө уригдаж залагдан, баяраа тэмдэглэх болохоороо гэрэвших маягтай байдаг хачин улс билээ, манай “армийнхан”.
“Манай салбарын нийт сэтгүүлчийн олонх нь Улаанбаатарт ажиллаж, амьдардаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 80-аад хувь нь мөн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг учраас Улаанбаатар бол Монголын сэтгүүл зүйн хамгийн том талбар, халуун цөм нь юм.
Үндэсний сэтгүүл зүй үүсэж, хөгжсөн 103 жилийн түүхэнд хотын сэдвийг нэг ч удаа анхаарлын гадна үлдээж байгаагүй тул өдгөө “Хотын сэтгүүл зүй” хэмээх бие даасан салбар болтол нь хөгжүүлсэн гавьяатай” хэмээн МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид форумыг нээж хэлсэн үгэндээ онцолсон.
Монголын гурван сая хүний бараг тэн хагас нь оршин суудаг Улаанбаатар хотын асуудал яагаад чухал вэ гэдгийг энд ярих илүүц биз. Харин энэ хотын асуудлыг удирдлагууд нь хэрхэн оновчтой шийдэж байна вэ, хөгжлийн зөв замаар явж чадаж байна уу гэдэгт хариулт олоход нь олон нийтэд шууд утгаараа нөлөөлдөг хүмүүс бол сэтгүүлчид.
Гэвч заримдаа нөлөөт толины цаана нуугдсан зүйлийг олж харах амаргүй даваатай нүүр тулна. Өнгөрсөн дөрвөн жилд чухам үүнийг өөрчлөхийн тулд нийслэлийн удирдлагын баг хичээн, төрийн үйлчилгээг авлига, хүнд сурталгүй болгож, нээлттэй, ил тод, сайн засаглалыг хөгжүүлэх зорилт тавьж ажилласнаа энэхүү форумын үеэр давтан хэлцгээж байв.
Үнэхээр ч нийслэлийн удирдлагуудын гадаад томилолтын зардал болоод, төсвийн орлого, зарлагыг үзье гэвэл ulaanbaatar.mn сайт руу ороход л хангалттай болсон нь үнэн. Гэхдээ бүх мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй хүргэдэг байдлыг нь сэтгүүлчид гэхээсээ илүү улстөрчид буруугаар ашиглаж, гуйвуулах болсонд харамсаж буйгаа тэд мөн энэ үеэр дурдсан.
Хамгийн гол нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагыг анх удаа УИХ-аар хэлэлцүүлж батлуулсан явдал бол нийслэлчүүдийн хувьд чухал ач холбогдолтойг хотын мээр онцолсон.
Нэгэнт төрийн эрх барих дээд байгууллагаас хуульчилсан бодлого, шийдвэр учраас үүнийг хэрэгжүүлэхгүй байх, нам, эвслээрээ талцан хойш суух эрх хэнд ч үгүй тул цаашид сонгогдох үе үеийн хотын удирдлагууд дээрх жимээр хөтөч хийх нь дамжиггүй. Гагцхүү сайн, саар хийх нь тухайн баг хамт олны итгэл, сэтгэл, хичээл зүтгэлээс шалтгаалах учиртай.
Хоёр цаг гаруй үргэлжилсэн уг арга хэмжээний нэлээд сонирхол татсан хэсэг нь нийслэлийн удирдлагын баг дөрвөн жил хийсэн ажлаа дөрвөн минутад багтаан тайлагнах үүрэг хүлээн тайзнаа гарч ирсэн явдал байв.
Нийслэлийн иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр, Улаанбаатарын ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөө, хотын замын түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээ, нийтийн тээвэрт нэвтрүүлсэн шинэ тогтолцоо, 244 км авто зам шинээр барьж, ашиглалтад оруулсан тухай гээд олон арван даацтай ажил хийснээ асар богино хугацаанд бусдад, тэр тусмаа сэтгүүлчдэд тайлагнана гэдэг чамгүй ур чадвар шаарддаг зүйл аж.
Нийслэлийн Засаг даргын экологи, ногоон хөгжил хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ энэ үүргээ чадамгай биелүүлж, гурван минут хүрэхгүй хугацаанд танилцуулгаа дуусгасан нь олны талархлыг ихэд хүлээсэн юм.
Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун танилцуулгаа гурван минут гаруйн хугацаанд амжуулж дуусгасан нь сэтгүүлчдэд таалагдав бололтой, харамгүй алга ташицгаав.
Иймэрхүү хурал зөвлөгөөн, тайлан танилцуулга залхмаар, уйтгартай болдгийг яс махандаа тултал мэддэг сэтгүүлчдийн анхаарлыг өөр дээрээ татъя гэвэл товч, тодорхой, оновчтой ярих хэрэгтэй. Дөрвөн минутад багтаан танилцуулгаа хийж амжилгүй микрофоноо хаалгасан дарга нар ажил хэрэгч байх алтан зарчим эндээс эхтэйг ойлгосон биз ээ.
Танилцуулгын дараа асуулт, хариултын цаг эхэлсэн. Мэдээж энэ бол сэтгүүлчдийн хийж сурсан гол ажил учраас “загатнасан газар маажив” гээд асуулт асуухаар микрофоны зүг хошуурцгаав. Гэхдээ тэдний дунд байнд ч үгүй, банзанд ч үгүй гэдэг шиг дэмий юм асууж, хувийн чанартай хүсэлт тавьж, улстөржсөн нөхөд мэр сэр байсныг нуугаад яах вэ.
Харамсалтай нь, тэр мэт хүмүүсийн нуршсан ярианаас болоод заасан хугацаа дуусаж, олон чадварлаг сэтгүүлч асуулт асууж чадалгүй үлдсэн юм.
Хотын удирдлагуудын улаан нүүр рүү нь харж байгаад бодитой хариулт авахыг хүссэн жинтэй асуултаа хоолойдоо тээглүүлээд, суудал руугаа урамгүйхэн зүглэх тэднийг МСНЭ-ийн ерөнхийлөгч “Одоо цаг давчуу учраас дараа нь асуултаа бичгээр явуулаарай.
Эсвэл дахиад иймэрхүү уулзалт хийж болох байх” гэж аргадав. Ямааны мах халуун дээрээ гэдэг шиг нэгэнт сэтгүүлчидтэй уулзаж байж асуулт, хариултын цагаа ялимгүй тавиухан гаргаж өгөөгүйн улмаас зарим нэг чухал асуулт хариултгүй үлдсэнийг бас дурдах хэрэгтэй.
Тухайлбал, нэгэн сэтгүүлч бүсгүй хотын удирдлагууд болон МСНЭ-ийн тэргүүнээс “Сэтгүүлчдийг хэрэгтэй үедээ ашиглаад орхих бус, бидний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд хаана хаанаа анхаарч, гадаадын сургалтууд, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах талаар ямар нэг ажил хийж болдоггүй юм уу” гэж асуусан юм.
Зөвхөн өөрийнхөө төлөө бус, өөр нэгний улстөржсөн хатгаасаар ч биш, мэргэжил нэгтнүүддээ тулгардаг асуудлын голыг нь олж асуусан түүний үг ар араасаа давхардсан олон асуултын дунд “гээгдэж” орхисон нь харамсалтай.
Ингээд арга хэмжээ төгсөх тийшээ хандаж, шагнал гардуулах болон нийслэлийн ЗДТГ, МСНЭ-ийн хамтарсан тунхаг бичиг батлах ёслолын ажиллагаа эхэллээ.
“Нийслэлийн шинэ хөгжлийн түүхийг бичихэд сэтгүүлчдийн мэргэн санаа, шударга шүүмжлэл бидний ажилд урам өгч, урагшлах замд ташуур болох учиртай. Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлчүүд өөрсдөө их өөрчлөгдсөн. Хэн нэгэн дарга дураараа дургих эрхгүй, ийм үйлдлийг иргэд ч тэвчихгүй болсон.
Иргэдийн сэтгэхүйг өөрчлөхөд сэтгүүлчдийн үүрэг маш их” хэмээн нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга онцлоод энэ үүргээ үлгэр жишээчээр сайн биелүүлсэн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг шагнаж урамшуулсан.
Найрсаг Улаанбаатарын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, өдөр тутмын амьдралын мэдээ мэдээллийг сонины хуудаснаа мөнхлөн үлдээж, их хотын төдийгүй, Монгол орны дөрвөн зүг, найман зовхис, дэлхийн өнцөг булан бүрт шуурхай, бодитой, тэнцвэртэй хүргэх үйлсэд хэвлэл мэдээллийн байгууллагуудыг манлайлан ажилласан томоохон дөрвөн сонин, мөн тооны телевизэд өргөмжлөл хадгалуулсны нэг нь манай “Өнөөдөр” сонин байв.
Э.Бат-Үүл даргаар толгойлуулсан шинэчлэлийн хэмээх тодотголтой баг өнгөрсөн хугацаанд юу хийж бүтээснийг нийслэлчүүд ерөнхийд нь мэдэж байгаа. Бид ч түүнийг тухай бүрт нь сайн, муутай нь бичиж ирсэн. Хотын амьдрал бол бидний амьдрал учраас цаашид ч бичсээр байх болно.
Л.ГАНЧИМЭГ