Ц.Хулан
Яруу найрагч, Д.Нацагдоржийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн
Хавар цаг хүүхнүүдээс эхэлнэ. Яргуй шиг тодхон өнгөтэй хонхон хормойнууд хотын гудамжинд энд тэндгүй дэлгэрч, идэр чийрэг, уяхан туяхан шилбэтэй хөлнүүдийн товолзсон алхаанд хамаг амьтны сэтгэл гэгэлзээд явчихна.
Шилэн трико өмсөж, хүзүүндээ алаг эрээн алчуур дэрвээж хийсгэхэд нь урины шувууд хүртэл чухам үүнийг л хүлээж байсан мэт, амрагийн дууг гангананхан алсаас ирнэ ээ. Ай хавар цаг хаяанд буучихлаа, Монголын сайхан хүүхнүүд ээ!
Би Монголын хүүхнүүдийн нэг билээ. Насан туршдаа та нарынхаа үнэнч фэн байж, миний зүрхний үй олон тасалгаанд та нар минь надаас зөвшөөрөл авч асуулгүйгээр үүрд суурьшсан.
Гоо үзэсгэлэн, саасан сүү шиг цагаан цайлган сэтгэл, хүүхдэрхүү хонгор аашаараа түрий барин сэтгэлд минь түрэмгийлэн орж ирээд, ээжийн минь гар шиг ажилсаг уяхан, эмээгийн минь магнайн үрчлээс шиг оньсого тааварлаг түүх дуулиараа намайг бахдуулан бишрүүлсэн.
Өнөөдөр би надаас эгч хэн бүхний өлмийд цэцгэн эрих зулж, надтай үе чацууд нь чин үнэн үнсэлт агаараар илгээж, надаас дүү хэн бүхний гэзгийг шар охиныхоо даахийг сүлждэг шиг, санаа бодолдоо энхрийлэн бичиж байна.
Морьтон монгол түүхийн мянга мянган жилд улс үндэстнээ өсгөн үржүүлж, он жилүүдийн цуваанд арга билгийн араг дотор тэнчээлэн бүүвэйлсээр ирсэн эмгэд буурлууд минь! Далай тулж тогтсон дайн, даяар найрамдсан энхийн цагт ч үр хүүхэд биднээ ойр холын замд үдэж мордуулахдаа араас өргөсөн сүүн сацлыг тань хэмжвээс огторгуйн мөнгөн шанага ч халин дүүрэх сэн билээ!
Хайрын тань үлэмж агууг ямархан зүрх багтааж дийлнэм. Тэвчээр хатыг тань ямархан хурц илд жадны ган болд төмөртэй харьцуулж бас болном.
Түүх цадигийн торгон шаа хөшигний завсраар Алунгоо, Өүлэн, Бөртэ, Хулан, Есүй, Есүгэн, Мандухай, Анугийн... гэрэлт цагаан биес туяаран үзэгдээд өнгөрнөм. Монголын төр-монгол хүүхнүүдийн хамгийн уран төгс бүтээл биш юм гэж үү?
Хүчирхэг эр хүн бүрийн ард хүчирхэг хэн нэг эмэгтэй заавал байдгийг хүн төрөлхтөнд нотлон үзүүлсэн анхдагчид-та нар минь. Цогт хунтайжийн эх Чин тайхуй (зарим сурвалжид Мадай Тайгал-зохиогч) ээжийн ном судрын өргөө тэндээс монгол оюун боловсорч, хив торгоны өөдөс хямгадан зүйж нааж суусан Чимбай хатны нэрнээс “чамбай, нямбай” гэх өвөг монгол үг эх хэлний санд ариглагдсан юм болов уу? Дондогдулам эх дагины зоч лүйжингийн аялгуу үндэсний хувьсгалд шидээ шингээн, Лувсангомпил хатны Хэрлэнгийн хөвөөнөө шуранхайлсан уртын дуунууд говь тийшээ, Норовбанзадын нутгаад зээ татуулан сацарнам биш үү...
Одоо хар л даа! Эгээ л эднийхээ нэр, дүрийг өвчиж хуулбарласан Үжин, Бөртэ, Наран, Сарангоонууд минь өнөө цагт хэдэн зуун мянгаараа цэцэрлэгтээ мөлхөж, сургуульдаа яаран аав ээжээсээ хөтлөнхөн алхаж явна бус уу?
Би ингэж боддог юм. Эрчүүлийн хийж гүйцэтгэдэг юм бүхнийг бид чаддаг, бүр дээр нь өдөр бүр 6-12 см-ийн гадсан өсгийн дээр чадварлаг тогтон алхаж явахын хажуугаар шүү! Талх, нарийн боов үнэртсэн бяцхан цехээс, үндэсний бүтээн байгуулалтын Оюутолгой, Тавантолгойн ордуудад, цэрэг цагдаагийн сүрт жагсаалд ч бүсгүйчүүл минь эрчүүлтэй мөр зэрэгцэн ажиллаж, алхаж явна.
Японы том том станцын цөмийн реакторын эд ангийг МУҮИС-ийн эгэлхэн, залуухан багш бүсгүй шинэчлэн бүтээх захиалга авсан тухай зурагтын үдшийн мэдээ хээвнэг мэдээлж, шатарчин охид, тамирчин бүсгүйчүүл, хөгжмийн нялх суутнууд соёмбот далбаагаа элгэндээ өвөртөлж яваад, тэнгэртээ мандуулсаар ирдэгт Буянт-Ухаагийн жаргалтай товцог хэдийнэ дасчээ.

Төрийн байгууллагуудын эрхэт тамгануудыг хүүхнүүдийн минь энхрий гар атгаж, тормолзсон нүднийх нь элбэрлээр өвчтөнүүд сэхэн аврагдаж, хаврын шуурганаар төллөх хэдэн сая мал ч бас л бүсгүйчүүдийн минь дулаан хормойг бараадан үржсээр байна.
Язгуураасаа өрөвч нинжин хөөрхий бидний эмэгтэйчүүл зөөлөн харцаа албаар ширүүлсхийн, хууль цаазын хүрээ, сэтгүүлчийн ширээний араас авлига, худал хулгайг ялласаар байна.
Амаржих газрууд хүрэлцэхээ больж, бор сэвхтэй, тулгар биетэй ээжүүд “тасралтгүй үйлдвэрлэлийн салбарын онц ажилчид” мэт үүргээ нэр төртэй биелүүлсээр байгаа нь ямархан их гавьяасан билээ!
Миний цаг үе, эргэн тойронд дандаа ийм л сайн сайхнаар манлайлагчид хуран цуглажээ. Гоё тунгалаг царай зүс, гоолиг нарийн бэлхүүс төдийхнөөр биш, сэтгэлийн цэнгэгшил, бурханлиг гэгээрлээрээ үлгэрлэн дагуулсан сайхан чиг найз нөхөд та нар минь!
Багадаа би Сүхбаатар жанжны гэргий Янжмаагийн дүрд тоглодог эгчийг хамгийн гоё гэж шүтдэг байлаа, одоо ч хэвээрээ. Тэрхүү дүрд тоглосон Дашдэлэгийн Нямаа эгчтэйгээ танилцсан минь арван хэдтэй насандаа, сайд нарын гэгддэг байсан II эмнэлэгт юм сан.
Тэр алдартай, хөөрхөн эгч минь намайг голохгүй “хүүхнүүдийн” яриа ярьж л суусныг, үе чацуутан шиг сугадан алхдаг байсныг үнэмших хүн байна уу? Нямаа эгч тэгэхэд дөчин хэдтэй, одоогийн над шиг л явсан байх нь.
Сувд, танан эрдэнийг үнэт авдраас харамгүй гарган үзүүлж байгаа баян худалдаачин шиг л, нөгөө гоё, тэгш цагаан шүдээрээ үе үе инээмсэглэж байгаад л ярьдаг сан. Хорь дөнгөж гарч буй насандаа Дорнодоос ирж, 1967-1968 онд бүтээсэн “Өглөө”, “Тэмцэл” киноны дүрд тэнцэж, тоглосон тухайгаа ярьсан.
Өөрөөс нь нэлээд олон ах, дипломатч Шагдарсүрэнтэй “Халхын хүүхнүүдийн манлай” Л.Цогзолмаа, “шанзны Дашдулам” эгч нар нь зуучлан танилцуулж байсныг хүртэл дурссан.
Тэгээд их хөөрхөөн, хөдөөнөөс саяхан хотод ирж суусан бүсгүй түүнд тэрхүү өгөөмөр хар хүн нэг өдрийн дотор гоёл бэлтгэж өгсөн байгаа юм. Тэр нь нэг цагаан шаахай, нэг гоёмсог эрээн даашинз.
Түүнийг өмсчихөөд эрвээхэй шиг амьтан зунжин нисэж, дэгдэж явсаар цагаан шаахай элэгдэж, цацагт эмжээр гандасхийх намар оройхон үест ахиад л өнөөх дипломатч гэнэт гарч ирээд нэгэн Элчин сайд өөрийнхөө гэргийг болгоод шууд аваад явчихсан гэдэг.
Бүсгүй хүн хайрын ихийг дагадаг гэж Пунцагийн Бадарч үнэн хэлсэн байна. Алдарт Ө.Рэнцэнноров гуайгаар жүжиглэх ур чадвар заалгаж байсан бол харамсалтай нь, 52-хон насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн энэ л хайрт Эно багшийнхаа бэлэвсэрсэн хань түүнтэй тэрбээр ийнхүү ерөөлөөр танилцаж, насны хол зөрүүг умартан, халамжит хань нь явсныг мэдэх хүн цөөрсөөр л байна даа.
“Авгайдаа хайртай хүн авч өгдөг л морь доо” гэдэг шиг, нэрт дипломатч ч залуу сайхан гэргийдээ юугаа ч харамлаагүй, чухам л амь явсныг, одоо ч 97-той өвгөн уяран дурсаж суугааг 1994 оны хавар Гутлын 22-той байшин дахь гэрт нь зочилж, эгчийнхээ гарын хуушуур идэж, надад оёж өгсөн бошинзыг авч, орж, гарч явсан хүний хувиар дурсъя даа.
Сүхбаатарын Янжмаагийн оёсон бошинз хуучраад ирэхэд гаргаад хаячих хайран л санагдаад болдоггүй сэн.
Сайхан эгч нар минь... “Сономын Удвал ухаантай. Гэхдээ их азтай, учир нь өнөө цагт байсан бол бас л муугаа дуудуулах байсан” гэж эртээд нэг сонин бичсэн. Үнэн ч байж магад. Гэхдээ л агуу авьяастнуудыг Монголын зохиолчдын эвлэл хэмээх журмын хашаанд эмх цэгцтэй, үр бүтээлтэй авч явсныг нь хэнбугай ч мэдэх хойно доо.
Мэдлэг боловсрол, онол дүрэм гэхээсээ амьдралын номоор ухаажсан тэрбээр бурхан болохынхоо яг өмнө “Хүүхээд, ээжийгээ нэг өндийлгөөч. Богд уулаа нэг харъя даа” гэж гуйсан юм гэдэг. Баргийн эр хүн ч барьц алдах даанч алсын аянд мордохдоо С.Удвал ахайтан ийм уужуу өргөнөөр хорвоог, Монголоо харжээ.
“Намайг баян явсан гэвэл хэн үнэмшихэв. Ухаантай, хөөрхөн явсан гэвэл бас хэн итгэхэв. Харин залуу явсан гэвэл эрхгүй үнэмших байлгүй” гэдэг мэргэн үг түүнээс гарсан гэдэг. Мөн “Бүсгүй хүн ухаантай, сайхан, ямар ч байх хамаагүй ээ. Ямар эр хүний тогоо сахих вэ гэдэг нь л хамгийн чухал” гэж бас сургасан гэдэг билээ.
Чинжүүтэй, яасан ч үнэн үг юм дээ. Уг нь тэрбээр олон сайхан үрсийн ээж болж, “Их хувь заяа”-г бүтээн амьдралыг туулсан. Өмнөговийн хилийн нэгэн отрядын дарга хурандаад сайн болж, цаадах нь хачин их дурласан юм гэсэн.
Удвал даргын хар машин хот руу хөдлөхөд хилэн хар морьтой, хар хурган папах малгайтай, дөчин хэдтэй сайхан эр хар нөмрөг намируулан ухаангүй дагаж давхисан тухай ахмад зохиолчид Удвал хатнаараа бахархан, ам дамжуулан ярьдаг байсныг сонссоон.
“Агуу ямар ч хайрын завь ахуйн эрэг мөргөж зогсоно” гэгчийн хуулиар, шуудан харилцаа өнөөгийнх шиг байсан биш, тэр үед нэгэндээ тэмүүлсэн хоёр зүрх уулзаж учирч чадахгүй, бас бишүүрхэн явсаар хугацаа элж, эцсийн эцэст Удвал гуай маань шийдтэй сайхан хариугаа өгсөн цор ганц захидлыг нь тээж явсан “УАЗ-69” машин Дундговийн замд онхолдож шатаад, тэр ганцхан хувь захидлыг нь галын хэл үмхсэнээр хэрэг явдал замхарсан нь хувь тавилан, бурхны л шийдвэр гэхээс өөр юу ч гэхэв!
Бүсгүй хүнд нэр алдар гэдэг артай торгон дээлийг нүцгэн биедээ дангаар нь өмсөж, жиндэж явахтай адил даа. Хань, үр хүүхэд, хавь орчныхон нь л халуун дулаанаа өгч байхгүй бол яг л цолмон од тэнгэртээ царцан цайвалзаж, яг л цагаан чулуу хээр хамаг гэрлээ бусдад өгөөд өөрөө даарч хэвтдэг шиг юм болов уу.
Ардын жүжигчин Аюурзаны Долгор гэж төв нутгийн “Хун Долгор” эгчтэйгээ 2000 оны эхэнд Баянхонгор аймаг руу сонгуулийн замд ханиланхан явахдаа дотносож, хэд хоног хамт байсных, ааль аягийг нь гадарлах болжээ, би. Х.Билэгжаргал гэж хөгжмийн зохиолчийн галыг манаж, үрсийг төрүүлэхдээ жаргаж л явсан байлгүй хаачихав.
Гэхдээ л... Авьяас гэж өөрийгөө л тахин шүтэхийн шалтгаан бишийг ондоогоор ухаарсан “сонгодгууд” энхрий гэргийгээ орхин орхин архинд орж, гудамжны амьдралд орчих гээд байдгийг энэ айл харамсалтай нь тойроогүй юм. Хүн юу л гэж хэлбэл хэлэг! Өнөө би хүүхнүүдээ өмөөрнөө.
Түүнийг аргаан бараад, гэрээсээ гүйж гарах тэр л жил, Н.Сувд гэж бас л нутгийн сайхан эгч минь мөн тэр л байрнаас чемоданаа бариад нүүсэн тухай урлагийнхан дунд шивэр авир гэлцдэг билээ.
“Өргөөшөө миллиметр, өндрөөшөө километр” гэж цоллуулсан зэгзгэр цагаан бүсгүй анх кино урлагийн тайзыг улайм цайм, илтэд өнгө оруулан гарч ирээд Мандухай хатны алдар нэрийн оргилд хүрэн хүртлээ бүсгүй хүний жаргалд умбаж ханаж цадсан юм болов уу?
Атаархал, хов живийн шалбааг дундуур туучиж яваа алдартан бүсгүйчүүл ганцаарддагийг хэн мэдэх юм бэ? Хүмүүс дэндүү өнгөцхөнөөр аливааг дүгнэчих гээд байдаг. Хэн хэний дотор руу өнгийж, ойлгохыг хичээдэг билээ дээ? Өвлийн цантсан тагтан дээр сарафантай эхнэрээ зоддог алдаргүй хар хүнийг хэн ч мэдэхгүй.
Харин уйлсандаа нүд нь улайж бөлцийсөн олны танил тэр бүсгүйг зэрвэсхэн хараад бах нь ханадаггүй юм гэхэд бөөн сонин болгож нэгэндээ цуурхах... Өөр амьдрал сонгоход нь буруутгах, ямар...
Хүүхнүүдээ хайрла л даа, хүмүүс ээ! Элдэв цол чимэгтэйд нь, эрх дархтайд нь хүртэл ингэж ханддаг юм бол эгэл чимээгүйд нь яаж ханддаг байж таарах вэ? Гудамжинд яваа танихгүй бүсгүйн гар тасармаар хүнд ачааг дамжлаад өгөх, олны газрын үүдээр хааяа ч гэсэн найр тавин оруулах, машины түгжрэл дунд ядаж ганц удаа эр хүн гэдгээ санах...эрчүүлийн ямар өчүүхэн жижиг зүйлд бид баярладаг гээч!
Долгор эгч бид хоёр Галуут суманд сонгуулийн тэр халуун зуны өдөр сонгогчидтой уулзчихаад, нар тонгойхын алдад буцаж явлаа. Тэгсэн өөдөөс их талын зэрэглээ дундаас тодорсоор нэгэн эмээ амихандаа яарч бөгтөгнөсөөр айсуй ч хорвоог туулсан хоёр хөл нь “тушчихаад” мөд наашлах янзгүй.
Эвий, хурал, концерт хэзээ дуусчихсан хойно энэ эмээ биднийг л зорьж яваа нь энэ байх нь. Долгор эгч бид хоёр бие бие рүүгээ харлаа. Удалгүй бөөн баяр, эмээг машиндаа суулгаад гэрт нь бууж, “Аргалд явсан ээж” энэ тэр гээд дуунуудын цэнхэр хөг тэрхүү буурайн дөрвөн ханатай гэрээс аргалын утаатай хөшиглөн талын цээлд шингэж үлдвэй. Миний Долгор эгч ийм л хүн юм.
Гачууртад манайх анх худаг ус гаргаж гантай өрөм газрын судсыг онож ханаад, ус дөнгөж олгойдож байхад Долгор эгч сайхан хань, сайн ч хань Сайнцогтоо дагуулан манайд айлчлах тохиогоод, тэр билэг зохилдсоных, сүмэн дээвэрт худгийн усаа би рашаан гэж хүртдэг.
Аргагүй шүү дээ, Ардын жүжигчин эгч “Хайгуулч хархүү” дуугаа худаг усны залуусын амыг ангайтал дуулан мялааж, хашааны маань хар ногооноороо өвсөн дээр бидний гэр бүл хөрвөөн хөлбөрч байсных, зүгээр ус биш дэг ээ.
Сайн, муу үг, сархдын ааг даах нас алгуурхан холдож байна. Чанга явжээ, бас. Ерээд оны мисс Н.Мөнхцэцэгтэйгээ “Жийжүү хотын жинтэй ягаан торго” гэгч шиг ягаан торгон дээлээр ижилсэж, хоёулаа цагаан машинтай, хотын өөдөө сөөргөө уралдаж тэнэгтэж явснаа санахад он жилийн өмнө л гэрлэн дохио асдаггүй байнам.
Гээд л миний найз, нүүрээ илүүлж таалуулж сүйд болдоггүй хэрнээ одоо ч үрчлээгүй, залуухан хэвээрээ нь сайхан.
“Зүрхэнд үрчлээ суухгүй бол, зүсэнд үрчлээ суухгүй” гэх үгээ би өөртөө, бидэндээ зориулсан юм. Яг л тийм, зүрхэндээ ч, зүсэндээ ч үрчлээгүй, өөрөөр хэлбэл бусдыг сайн сайхан яваад жөтөөрхдөггүй, шунал хомхойгүй хүүхнүүдтэй л “долгион барьж” амьдарчээ би.
Нэр нь хүртэл Сарнай, Хулан ч гэж байх шиг... Нэг нь зураач, энэ саарал ч байж болдог амьдралыг өөр өнгийн будгаар ялгаж, улам гоё хээнцэр, чамин давтагдашгүй болгох жинхэнэ мэргэжилтэн, зогсоо зайгүй ажилсаг гайхам чанараараа нөхдөө байлдан дагуулагч, анд найз нартаа харамгүй туслагч, урам хайрлагч.
Намайг болон ханийг минь өвдөөд бяцхан охин минь гэрээ сахин хоёронтоо үлдэхэд шинэ жилийн сүлд модыг нь хүртэл бэлтгэн чимэглэж, сайхан сэтгэлийн шидэт дохиураа хэзээд бэлэн байлгагч. Ардын зураач Ү.Ядамсүрэн өвөөгийн, алдарт урлаач Люня эмээгийн ач охин юм шүү дээ.
Ач охин Сарнай маань одоо өөрөө эмээ болчихлоо. Энэ тухайгаа надад утсаар гэнэтхэн, жишим ч үгүй хэлэхэд нь би цочирдоод уйлсан. Цагийн жамд мад тавиулчихсан мэт, саяхан л алаг нүдээ эргэлдүүлэн гүйж явсан даанч гоё найз минь хүртэл эмээ болохдоо яахав дээ.
Удвал охин минь саяхан намайг “Ээж минь дээ, миний муу 40 гарсан Үнсгэлжин” гээд үнссэн, би ч эмээ болохдоо одоо бол цочих юм алга аа. Д.Хулан бол дипломатч аавын гурван охины нэг, испани, япон, англи, орос хэлтэй. Том бизнес группийн олон сүлжээг удирдаж, нягт няхуур, хариуцлагатай, зарчимтайгаараа үлгэр жишээ жанжин даа.
Хүн ер нь ээж аавдаа ярихгүй зүйлээ найз нөхдөдөө хэлж амьдардаг шиг байна. Тэр дундаа бүсгүйчүүлийн нөхөрлөл энхрий нандин атлаа эрчүүдийнхээс илүү бат байдаг юм болов уу гэж санагдаж байна.
Учир нь бидэнд морь дагаж хөөрч давхих, хол ойрын улс төр ярьж хов базах цаг наргүй. Явуут дундаа уруулаа будаж, хань, үр хүүхэд, ажил төрлөө гэсээр яарч сандарч амьдардаг бид өөрсдийгөө илүүтэй ойлгодог болохоор яаруу чухаг үед нэгнээ л зорьж очдог.
Хордлого болоод дусал хийлгэдэг шиг, цангаж ундаасахдаа цай чануулж хөлсөж хөлөрдөг шиг, хүүхнүүдийн нөмөр нэгэндээ ээлтэй. Монгол хүүхнүүдийн минь хүнд хань болдог тэр эрхэм чанар нь үндэстний брэнд байгаасай! Жагарын оронд Гоман дацан хийдийн монгол лам нарын хоёр ч орд байшинг ганцаараа шахам гүйж байж хандив хөрөнгө цуглуулж барьсан Г.Цэнд-Аюуш минь, Италийн “Benetton’’-ыг Монголд, Монголын зураачдын бүтээлийг Италид уйгагүй танилцуулагч, Монголын нэгэн “Нансалмаа” Оюунбат минь, говийн хүүхний илчтэй сэтгэлээр нөхөрлөлийн ноён нуруу босгосон яруу найрагч, доктор анд Х.Сүглэгмаа минь... Хэнийг тань бичиж, хэнийг тань эс бичиж буйдаа гэмшиж байна.
Пүүжээгийн Оюунаа, Төвшөө, Төгсөө, Сараа, Ариунаа, Нараа, Цогоо, эмч тэргүүтнүүд минь... Миний найзуудыг бурхан өршөөг, харин та нарын минь заяа намайг элбэгхэн өршөөнө өө!
Би “Болор цом”-ын хошой шагналыг олзлон булаалдахдаа, ээжийн тухай шүлгээрээ л авсан юм шүү дээ. Миний ээж гэж ардын хүүхдэд 40 жил цагаан толгой заасан багш надад одоо ч амьдралын үсэг нүдлүүлж, өмнө, хойно минь зөөлөн, хатуугийн тэмдэг өрсөн, далан насны босгонд тулж ирсэн хайртай ижий минь байна.
Жаахан байхад үдшийн бүрий нөмрөхөд баахан дэвтэр хийсэн тор цүнх барьсаар ирдэг ээжээ хүлээн, өвлийн цонхонд нүүрээ нааж, халуун хошуугаар мөсийг нь хайлуулан бяцхан цоорхойгоор нь харуулдаж суудаг сан. Мөс буцаад л хөлдөхдөө янз бүрийн хээ угалз тавина.
Амьдрал гээч үе үе хүйтэн, цэвдэг орчлонг эх үрийн холбоо л дулаацуулж, ертөнц хүн хоёрыг холбодгийг би мэдэхтэйгээ боллоо.
Мэдэх тусмаа таньдаг олон, танихгүй бүр олон зуун мянган охид хүүхнүүд, эмэгтэйчүүл та нарыгаа өрөвдөж хайрлаж, чадлаараа тус дэм болж амьдарч чадваас “Амьд явахад олддог цорын ганц үнэгүй эрдэнэ-алтан нар”-ны дор бүсгүй лагшинг онож төрсний минь хэрэг бүтэх ажаам.
Хамаг бурхдын эх, хамаг бурхдын дагина, хамаг бурхдын бэлгэ, билгийн мөн чанар агаад хоосон чанар-Нархажид хэмээх бүсгүй бурхан замбуутивийг чиглэн хараад сахиж байдаг шиг, тоонот гэрээ, төр улсаа, түмэн ардаа бүсгүйчүүл та нар минь дааж авч яваа юм шүү. Сайхан баярлацгаая, Монголын сайхан хүүхнүүд ээ!