Дэлхий нийтээр “Чимээгүй тахал” гэж нэрлэгддэг диабет буюу чихрийн шижин өвчинг хүн төрөлхтөн 300 гаруй жилийн тэртээгээс таньж мэдэн оношилсоор иржээ. Тус өвчин нь хүний бие махбод дахь инсулин дааврын харьцангуй буюу огт байхгүй дутагдлын улмаас цусан дахь сахарын хэмжээ ихсэж улмаар нүүрс усны солилцоог ихээр алдагдуулан ам цангах, их уух, жин хасаж турах, таргалах, шээлгэх зэрэг хам шинжээр илэрч олон эрхтэн тогтолцоог хамарсан хүндрэл гардаг архаг явцтай бодисын солилцооны эмгэг юм.
Чихрийн шижин нь нойр булчирхай хангалттай инсулин боловсруулж чадахгүй, эсвэл боловсорсон инсулин нь бие махбодод нөлөөлж чадахгүй болсон үед үүсдэг архаг явцтай өвчин юм.
Манай улсын хэмжээнд 35-аас дээш насны хүн амын 3.5 хувь буюу 35 мянга орчим хүн чихрийн шижин өвчтэй, 90 мянга нь глюкозын сорилд өвчлөлтэй гэсэн судалгаа байдаг. Бүртгэлгүй маш олон хүн цаана нь бий. Насны хувьд гэвэл хөдөлмөрийн чадвартай бүлэг хүмүүсийг хамардаг. Дэлхийд жилд чихрийн шижин өвчнөөр 3.2 сая хүн нас бардаг байна. Тодруулбал: нэг минут тутамд энэ өвчний улмаас хорвоог орхидог гэсэн судалгаа бий. Тиймээс чихрийн шижинтэй эсвэл туссан байж болзошгүй тохиолдолд хамрагдах ёстой шинжилгээнүүдийг хүргэж байна.
1.Өлөн элгэн дээрээ цусан дахь глюкозын хэмжээг тодорхойлох. Өглөөд сэрсэн даруйд тодорхойлно. Шинжилгээ өгөхөөс өмнө 8-10 цаг өнгөрсөн байх ёстой. Хэвийн үед цусан дах сахарын төвшин:
– өндөгний цуснаас авсан үед 3,3-5,5 ммоль/л, (капилляр буюу хялгасан судасны цус);
-хураагуур судас буюу венийн судаснаас авсан тохиолдолд 3,3-6,1 ммоль/л, (плазм).
2. Хүний цусан дахь сахарын хэмжээ нь хоногийн туршид хоол, сэтгэл хөдлөл, биеийн идэвх гэх мэт маш олон хүчин зүйлсийн нөлөөгөөр байнга өөрчлөгдөж байдаг. Ингэхдээ хэвийн гэж тогтоогдсон хэмжээнд л хэлбэлзэж байх ёстой. Тухайлбал, хоол идсэнээс хоёр цагийн дараа цусан дахь сахарын хэмжээ өндөг болон хураагуур судаснаас авч үзэхэд ялгаагүй 7,8 ммоль/л байх ёстой.
Харин дараах үзүүлэлт гарвал чихрийн шижин үүссэн байж болзошгүй гэж үзнэ, үүнд:
-Өлөн элгэн дээрээ өндөгнөөс авсан цусан дахь сахарын төвшин 6,1 ммоль/л хэмжээнээс их, судаснаас асан цусан дахь сахарын хэмжээ 7,0 хэмжээнээс өндөр;
-Хоол идсэнээс хоёр цагийн дараа өндөг ба судаснаас авсан цусан дахь сахарын хэмжээ 11,1 ммоль/л хэмжээнээс өндөр байх;
-Хоногт дурын үед цусан дахь сахарын хэмжээг тодорхойлоход 11,1 ммоль/л хэмжээнээс өндөр байх.
3. Глюкожсон гемоглобин. Энэ үзүүлэлт нь сүүлийн гурван сар буюу 90-120 хоногийн дотор хүний цусан дахь нүүрсусны агуулгын төвшнийг тусган харуулдаг. Чихрийн шижин эмгэгтэй хүн энэ шинжилгээг гурван сар тутамд өглөөд, өлөн элгэн дээрээ судасны цуснаас өгч шалгуулж байх ёстой.
4. Фруктозамин. Энэхүү глюкожсон уургийн хэмжээ нь сүүлийн 2-3 долоо хоногийн дотор цусан дахь глюкозын хэмжээ ямарх байгааг харуулдаг.
5.Цусны ерөнхий шинжилгээ. Хүний биеийн ерөнхий төлөв байдлыг илтгэн харуулдаг болохоор нэн чухал шинжилгээ юм. Шинжилгээг эмчлэгч эмчийн заалтаар өндөгний цуснаас авч хийнэ. Өглөөд, өлөн элгэн дээрээ хийх нь хамгийн зохистой гэж үзнэ.
6. Цусны биохимийн шинжилгээ. Үүнд наандаж липидийн хэсэг (ерөнхий холестерин, триглицеридүүд, ЛПВП, ЛПНП орсон байх ёстой), ерөнхий уураг, уургийн фракцууд, мочевин, креатинин, АЛТ, АСТ орсон байх ёстой. Харьцангуй ойрхон хугацаанд өгч байх хэрэгтэй. Үзүүлэлт хоорондын өөрчлөлтийн дагуу эмч бие махбодид явагдаж байгаа эмгэг үйл явцыг хамгийн анхан шатны үед нь илрүүлэх боломжтой юм. Судаснаас өглөө, өлөн элгэн дээр өгнө.
7. Шээсний ерөнхий шинжилгээ. Зургаан сард нэг удаа эсвэл эмчлэгч эмчийн заалтаар түүнээс ч илүү давтамжтайгаар өгнө. Чихрийн шижингийн үед бөөрний талаас ямар нэг өөрчлөлт гарсан эсэхийг цаг алдалгүй илрүүлэх боломж олгодог.
8. Шээсэн дэх микроальбумин. Зургаан сард нэг удаа хоногийн шээсэн дэх агуулгыг тодорхойлно. Чихрийн шижингийн гаралтай нефропатийг эрт үед илрүүлэх зорилгоор хийдэг. Энэ эмгэгийн үед бөөрний үйл ажиллагаа алдагдан уураг шээсэнд байж болох хэмжээнээс илүүгээр илэрдэг.
9. Бөөрний эхо. Шээсний ерөнхий шинжилгээ, хоногийн шээсэнд микроальбумин илэрсэн тохиолдолд гол төлөв энэ шинжилгээг давхар хийлгэх заалт өгдөг. Бөөрөнд чихрийн шижингийн нефропати эсвэл өөр ямар нэг эмгэг өөрчлөлт гарсан эсэхийг тогтоох, урьдчилан сэргийлэхэд заавал хийгдэх ёстой шинжилгээ.
10. Нүдний угийг нүдний эмчээр дурандуулах. Нүдний хараа муудсан зовиур илэрсэн тохиолдолд энэ үзлэгийг зургаан сар тутамт нэг удаа, үгүй бол жилдээ нэг удаа заавал хийлгэнэ. Чихрийн шижингийн гаралтай ретинопати нэртэй эмгэг үүсэх, үүссэн тохиолдолд ужигран хүндрэхээс сэргийлэх үүднээс энэ шинжилгээг заавал хийнэ.