Нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх 37 дугаар сургуулийн сурагчид зам, тээврийн осолд орох эрсдэлтэй газраар явж буйг та дээрх зургаас харж байна. Тус сургууль авто замаас 150 метр зайтай. Гэтэл зам нь хоёр машин зөрөх боломжгүйн дээр хурд сааруулагчгүй юм байна.
Мөн автобусны хоёр буудал нь ойрхон учир сурагчид машинд шүргүүлэх тохиолдол элбэг гэнэ. Энэ талаар өчигдөр эцэг, эхчүүдийг төлөөлөн эргүүлд гарч байсан Б.Батцэцэг “Манай хүүхэд энэ сургуулийн гуравдугаар ангид сурдаг. Хүүхдээ хичээлдээ явахад нь байнгын айдастай байдаг болсон.
Энэ замын өргөн дөрвөн метр ч хүрэхгүй. Бага ангийн сурагчид автобуснаас буугаад шууд зам хөндлөн гүйчихдэг. Улмаар хурд сааруулагчгүйг далимдуулан хурдтай явж буй машинд мөргүүлж байна. Эцэг, эхчүүд “Тус зам дээр хурд сааруулагч тавьж өгөөч” гэсэн хүсэлт удаа дараа гаргаж байгаа ч тоодоггүй” гэж ярилаа.
Мөн зарим хүн “Эцэг, эхчүүд эргүүлд гарч, зам дээр зогсдог болсноос хойш осол гарах нь цөөрсөн. Гэхдээ айхтар бэртдэггүй юм аа гэхэд шүргүүлэх тохиолдол гарсаар л байгаа” гэж байв.
Тус зам дээр явган хүний гарц нэг байгаа ч цагаан будаг нь цас, бороонд арилчихаж. Хичээл завсарлахаар сурагчид замын ойролцоо бөөгнөрч, ийш тийшээ гүйлддэг нь тухайн хэсэгт зогсож байхад ажиглагдсан.
Дээрээс уруудаж буй машинууд хурдтай явдаг бөгөөд Долоон буудал хүртэл нэг ч хурд сааруулагч байхгүй гэнэ. Хүмүүс хурд сааруулагч тавиулах хүсэлт гаргаад жил орчим болж буй ч тухайн замыг шинэчилнэ гэдэг шалтгаанаар асуудлыг шийддэггүй ажээ.
Энэ замд хэзээ хурд сааруулагч тавихыг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Засаг дарга Ё.Отгонбаяраас тодрууллаа.
-Танай хорооны байрны хажуугийн замд хурд сааруулагч байхгүйгээс болж 37 дугаар сургуулийн сурагчид зам, тээврийн осолд өртдөг гэж байна. Хурд сааруулагч тавихгүй юм уу?
-Энэ сургуульд 1600 хүүхэд сурдаг. Харин тус замаар өдөрт хэдэн мянган автомашин, гурван чиглэлийн автобус явдаг.
Гэтэл зам нь нарийн, эвдэрхий бөгөөд сурагчид яах аргагүй автобусны буудлын дэргэдүүр зам хөндлөн гардаг.
Тиймээс би өнгөрсөн аравдугаар сард МҮОНТ-ийн “Дэм дэмэндээ” нэвтрүүлэгт хандсанаар, цагаан шугам бусад тэмдэглэгээг тавиулсан. Уг нь 2008 онд хурд сааруулагч тавьсан.
Гэтэл хүмүүс төмрийг нь тушаах гээд хулгайлчихсан юм. Энэ замыг удахгүй засна гэсэн. Тэр үед нь бид автобусны буудлыг өөр газар руу нүүлгэх, хэд хэдэн хурд сааруулагч хийлгэх хүсэлт гаргах төлөвлөгөөтэй байгаа.
-Уг нь өнгөрсөн онд энэ замыг засах ёстой байсан юм биш үү?
-2015 онд тус замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар засна гээд хоёр компани шалгаруулсан. Гэвч тэд ажлаа эхлэнгүүтээ хоорондоо маргалдаад зогсоочихсон.
Энэ хавар ажлаа эхлүүлнэ гэсэн. Нэгэнт тус замыг засах учир ашиггүй зүйлд хөрөнгө зарахгүй гээд хурд сааруулагч хийгээгүй юм.
-Эцэг, эхчүүд хурд сааруулагч тавиулах хүсэлт гаргаад жил гаруй болсон гэж буй. 2008 оноос хойш дахиад хурд сааруулагч тавьж болоогүй юм уу?
-Саяхнаас л эцэг эхчүүд ийм санал гаргаж эхэлсэн. Хорооны удирдлагууд хурд сааруулагч хийе гэхээр болдоггүй юм билээ. Авто замын газар, Замын цагдаагийн газар зэргээс зөвшөөрөл авах ёстой.
Энэ замд хурд сааруулагч тавих зайлшгүй шаардлага бий. Гэтэл дүүргийн ЗДТГ “Дур мэдэн зам дээр хурд сааруулагч тавьж болохгүй” гэсэн.
Тэгвэл энэ асуудлын талаар нийслэлийн Автозамын газрын мэргэжилтэн “Автозамын засвар, нөхөөс, хурд сааруулагч хийх шаардлагатай газрын мэдээллийг дүүргүүд гаргаж, бид хөрөнгийг нь шийдэх тал дээр ажилладаг.
Дүүргүүд ч өөрсдийн хөрөнгөөр энэ мэт ажлыг хийж болно. Түүнээс биш манайхаас зөвшөөрөл авах шаардлагагүй” гэсэн юм. Мөн хурд сааруулагч тавихад ЗЦГ-аас зөвшөөрөл авах шаардлагагүй гэдгийг албаны эх сурвалж хэллээ.
Г.ЦЭЦЭГ