Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сарын 2 дахь долоо хоногийн Пүрэв гаригт “Бөөр хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр өнөөдөр тохиож байна. Анх 2006 онд Олон Улсын Бөөр Судлаачдын Нийгэмлэг бөөрний өвчний эсрэг авах арга хэмжээг сайжруулах зорилгоор уг өдрийг тэмдэглэж эхэлжээ. Харин манай улс анх 2009 оноос өнөөдрийг хүртэл 7 дахь жилдээ тэмдэглэж байна.
"Дэлхийн бөөр хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан өнөөдөр олон үйл ажиллагааг нийслэлд зохион байгуулж байгаа юм. Тухайлбал бөөрний мэргэшсэн “ЭРИН”, "Улаанбаатар Мед" эмнэлгүүд бөөрний өвчнийг эрт илрүүлэх, бөөрний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготойгоор үзлэг, оношлогоо үнэгүй хийж байна. Түүнчлэн Улсын I, III эмнэлгүүд тус өдөрт зориулж нээлттэй өдөрлөг зохион байгуулж байгаа аж.
Бөөр бол хүний амин чухал хос эрхтэн
Бөөр нь биед байх ус болон давсны хэмжээг тогтвортой байлгахад тусалдаг. Хүний биеийн нийт жингийн 70-80% нь ус байдаг бөгөөд бөөр нь биед байх ус болон давсны хэмжээг тогтвортой байлгаж, нийт шингэний хүчил шүлтийн хэмжээг тогтмол байлгах үүрэгтэй. Мөн цусан дахь хорт бодисыг шүүж биеэс зайлуулан бусад эд эрхтэнүүдийг хордохоос хамгаалдаг гол эрхтэн маань бөөр юм.
Бөөрний архаг үрэвсэл нь хүн амын дунд их тархсан бөгөөд эрэгтэй, эмэгтэй бүх насны хүмүүс өвчилнө. Ялангуяа 16-29 насны залуус илүү өртөмтгий байгаа бөгөөд эмэгтэйчүүд эрчүүдээс 3 дахин илүү өвчилдөг.
Дэлхий нийтэд хор хөнөөлт өвчнүүдийн дотор бөөр шээсний замын өвчний нас баралтын тоо 830.000, жилд хөдөлмөрийн чадвар алдагдсдын тоо 1.8467.000 хүрдэг бөгөөд нас баралтын шалтгааны дотор 12 байрт ордог. Манай Монгол орны хувьд хамгийн өргөн тархалттай 5 өвчний 3-т энэхүү эмгэг багтаж байгаа бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчидийн дунд 1-т орж байна.
Бөөрний архаг өвчинтэй хүмүүс зүрх судас болон тархины судасны эмгэгээр хүндрэх нь элбэг байдаг. Мөн зүрхний цус хомсрох өвчинтэй болон артерийн даралт ихдэлттэй хүмүүсийн дунд бөөрний үйл ажиллагааны алдагдал илрэх ба аль аль нь зүрх судасны өвчлөл болон нас баралтыг нэмэгдүүлнэ. Бөөрний архаг үрэвсийн бас нэгэн хүндрэл нь бөөрний эд хатингаршиж, цусны даралт өндөр болох улмаар бөөрний архаг дутагдалд хүргэнэ. Сүүлийн үед бөөрний өвчлөл залуужиж ихсэх хандлагатай байна. Энэ нь бидний буруу хоололт, өдөр тутмын амьдралын буруу хэв маягтай холбоотой юм.
Бөөрний өвчинөөр хэт туранхай болон хэт тарган хүмүүс өвчлөх эрсдэл маш өндөр байдаг.
Эмийн гаж нөлөө, хорт зуршил гэх мэт бөөрийг гэмтээх олон шалтгаанууд байдаг. Цаг улиралын хувьд бөөрний өвчин нь өвөл, хаврын хүйтэн сэрүүн болон зуны хур чийгтэй үед сэдэрч өвчлөх нь элбэг байдаг.
Бөөрний үрэвсэл нь дараах шинж тэмдэгүүдээр илэрдэг
Ууц нуруугаар хөшиж өвдөх, бэлхүүс, олон уулзах, хөл, гар хүйт оргиж сэнгэнэх, нүүр царай сэлхэрэх ялангуяа өглөөгүүр зовхи сэлхэрэх, ойр ойрхон шээс хүрч бага хэмжээтэй гарах, шөнө олон шээх, нойр муудах, чих шуугих, амархан ядарч сульдах, үе үе зүрх дэлсэх, шилэн хүзүү хөших, нүд бүрэлзэх, артерийн даралт ихсэх зэрэг зовиур илэрнэ. Таньд дээрх шинж тэмдэг гарвал юуны өмнө та дур мэдэн эмчийн зааваргүй эм хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Хамгийн гол нь тэр үрэвсэл ямар нянгаар үүсгэгдсэн байна гэдгийг нарийн тодорхойлох нь чухал юм. Нэгэнт архагшсан үрэвслийн үед аль болох сэдрээхгүй байх, биеийн дархлааг сайжруулах, цаг улиралдаа тохируулан хоол хүнс болон ажил амралтаа зохицуулах хэрэгтэй.
Хөдөлгөөн ихэдсэний улмаас бөөр өвддөг
Физиологийн тодорхой ачааллын улмаас буюу тухайлбал тамирчдын хувьд хөдөлгөөн хэт ихэдсэнээс шээсний өнгө хувирах, бага зэрэг цустай гарах гэх мэт үзүүлэлтүүд байдаг. Үүнээс гадна байнгын зогсоо ажил хийснээс нэгж хугацаанд бөөрөөр эргэлдэх цусны хэмжээ багасаж, бөөрөнд ямар нэг хэмжээгээр нөлөөлөл үзүүлдэг. Өндөр өсгийтэй гутал байнга өмсдөг бол бөөр сунах аюултай.
Бөөр нь хэвлийн гадна талын хананд байрладаг, хэвлийн булчингийн хонхорт тогтсон, гадна талаараа өөхлөг хөдөлгөөнтэй эрхтэн шүү дээ. Үсэрч харайхад ямар нэг хэмжээгээр дээш доош болдог эрхтэн юм. Жирэмсэн үед умайг дээш нь өргөх гэх мэт нөлөөтэй байдаг аж.
Эмчилгээ
Бөөрний архаг үрэвсэл болон энэ төрлийн өвчин ихсэж байгаа өнөө үед дараах шаардлагуудыг биелүүлж байх хэрэгтэй.
Үүнд:
1. Оносон шинжилгээ, эмчилгээ хийлгэж байх.
2. Биеийн эсэргүүцэл сайжруулах эмчилгээ хийлгэх.
3. Хоол унд эрүүл чанартай байх, хоолны дэглэм сайн барих
4. Хувцаслалтын зохицол, улиралдаа зохицуулж хувцаслах
5. Хөдөлгөөний зөв зохицол маш чухал болно.
Шүд өвдвөл бөөр ч бас өвчилдөг
Хоолой өвдвөл бөөрөнд маш хүчтэй нөлөөлнө. Ялангуяа хоолой идээлэх, шүд хорхойтох нь бөөрөнд маш их нөлөөлдөг. Учир нь халдвар цусаар дамжин бөөрөнд очиж суугаад, үрэвсэх шалтгаан болж өгдөг. Бөөр өвдөх нь бусад бүх эрхтэнд буюу тархинд гэдэс ходоодонд, заримдаа яс сийрэгжихэд хүртэл нөлөөлдөг.
Ялангуяа бөөрний үрэвсэлээ бүрэн эмчлүүлэхгүй бол бүх хортой бодис нь биеэр тарах магадлалтай, хар үгээр хэлэх юм бол шээс цус хоёр хамт эргэлдэнэ гэсэн үг юм. Клиникийн 3-р эмнэлгийн бөөр, дотоод шүүрлийн булчирхайн тасагт 2015 оны байдлаар хэвтэж эмчлүүлсэн 400 хүний өвчлөлтийн бүтцэд хийсэн судалгаагаар бөөрний архаг үрэвсэл 80.4%, бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэл 10.4%, бөөрний даралт 9.2% тус тус эзэлж байгаа ажээ.
Жилд 800-900 орчим хүн хэвтэж эмчлүүлдэг тус тасгийн хэвтэн эмчлүүлэгчдийн дотор бөөр, шээсний замын өвчтөн нийт эмчлүүлэгчдийн 14%-ийг эзэлж байна.
Бөөр шээсний замын тогтолцооны өвчлөлүүд дотроос бөөрний үрэвсэлт өвчин 56% эзэлж байна.
Эдгээр өвчлөлүүдийн улмаас нас барж байгаа хүмүүсийн тоо 10000 хүн тутамд 1.7 байна. Үүнээс гадна бөөрний архаг үрэвсэлд 16-29 насны залуус илүү өртөмтгий байгаа бөгөөд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 2.6 дахин илүү өвчилж байна. Мөн бөөртэй холбоотой өвчлөлийн насны байдал 20-44 байгаа нь судалгааны явцад илэрчээ.