Шинэчлэлийн Засгийн газар анх байгуулагдахдаа “Дөрвөн жилийн хугацаанд 150 мянган ажлын байр шинээр бий болгоно” гэж амлаж байв. Ам асуух цаг одоо ард түмний мэдэлд ирлээ. Шинэчлэлийн Засгийн газар байхгүй болж, шийдлийнх байгуулагдсан гэсэн доожоогүй хариултаар ам таглах гэж оролдох байх л даа.
Олон хувьсагчтай тоо бодолгүйгээр одоо эргэн тойрноо харахад л ажилд орсныг биш, ажилгүй болсныг нь тоолоход хялбар байна, уг нь.
“Монгол Улс 2013 оноос ажиллах хүчний хомсдолд орно. 2016 он гэхэд хомсдол дээд цэгтээ хүрнэ” гэж Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар дөрвөн жилийн өмнө “зөгнөж” байлаа.
Тэр үед монголчууд Солонгосыг тоохоо байгаад, эх орондоо ажилтай, ирээдүйдээ итгэлтэй болж эхэлж байв. Х.Ганбаатарын “зөгнөл” биелж мэдэхээр гэрэл гэгээ харагдаж байсан гэсэн үг. Гэвч сэтгэлд бадамласан тэр галаас одоо цучил төдий л зүйл улалзан үлдэж.
2016 он хэдийнэ айлчилж, манай улс ажиллах хүчээр бус, ажлын байраар хомсодчихоод байж байна.
160 гаруй мянган ажлын байр шинээр бий болж, тэтгэврийнхэн, ажилгүй иргэдээ цөмийг нь ажилтай, орлоготой болгоод, гадаадаас 50-60 мянган хүн авч ажиллуулна гэсэн гэгээн тооцоо тооны машинд л хоцорч, саяхан л уурхайд аварга машин жолоодож явсан залуу Солонгост очиж, оймсны утас түүхийн тулд дүүргийнхээ Хөдөлмөрийн хэлтэст хонон өнжин дугаарлаж зогсоно.
2016 оны хоёрдугаар сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд 43471 хүн ажилгүй хэмээн аймаг, дүүргийнхээ Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн байв. Тэдний 23103 нь эмэгтэй, 20368 нь эрэгтэй. Хөдөлмөрийн яам энэхүү тайланг гаргаж байх зуур 1502 хүн ажилд зуучлуулан орж, 8392 хүн ямар нэгэн шалтгаанаар бүртгэлээс хасагджээ.
Ингээд 33577 хүн “Ажил хайж байна” гэсэн бүртгэлд үлдсэн байна. Бүртгүүлсэн нь л энэ болохоос хэчнээн аавын хүү гудамжинд лааз өшиглөж явааг бурхан л мэдэх биз.
Гадаадаас мянга мянгаар нь ажиллах хүч авч, гар хөлийн үзүүртээ зарчихаад өөрсдөө баялгийнхаа буяныг эдлэх гэсэн хүсэл бодит амьдрал дээр эсрэгээрээ эргэснийг энэ тоо баримтаас эхлээд та бидний эргэн тойронд байгаа, хийх юмаа олж ядан яваа ах дүүс, найз нөхөд, танилууд харуулна.

Энэ олон хүний 1633 нь ажлын байрны цомхтголд өртсөн бол байгууллага нь татан буугдсаны улмаас 562 хүн ажилгүй болжээ. “Манай компани дампуурчихлаа”, “Намайг халчихлаа” гээд ажил хайж яваа хүн цөөнгүй бий ч шуудхан ногоон төмпөн, богино иштэй хүрзээ бариад нинжа болох замдаа шуударсан нь түүнээс хавьгүй олон.
Тэгэхээр Хөдөлмөрийн бирж, Бүртгэл, статистикийн газраас гаргаж буй тоо бүртгэл бол мөсөн уулын орой. Бодит байдал дээр ажилд хүн авах байгууллага олдохгүй, халах компани л олон байгаа юм.
Саяхан л хоёр оронтой тоогоор хэмжигдэж байсан эдийн засгийн өсөлт гуай одоо манийгаа танихаа байгаад, бүхэл бүтэн 2000 ширхэг төгрөг нийлээд ганцхан ам.долларыг тогтоож хүчрэлгүй, алдчихлаа.

Доллар гэдэг манжин томорсоор Монголбанк нохой, муур, хулгана, жоом, ялаа... юу байгаагаа дуудаж татуулаад татуулаад барсангүй. Ямар ч тамир тэнхээгүй, сул дорой төгрөгийг бараа бүтээгдэхүүний үнэ ханш элэг барин, 50, 100 төгрөгөөр сэмхэн нэмэгдэж, ажилгүй, орлогогүй монголчуудыг нэрмэж байна.
Бид яагаад ийм арчаагүй байдалд орчихов. Саяхан л алт, зэс, нүүрсээр туйлж, дэлхийн аварга “Рио тинто”, “Англо Американ”, “Пибоди энержи” энэ тэрээр бүчүүлчихээд, сагсалж байсан Монгол маань өнөөдөр доогуур харан, дорой дуугараад ч “гөлөөг” гэх хөрөнгө оруулагч олдохгүй янзтай.
Биднийг газар дорх нүүрсээ ухаж авч чадалгүй суух зуур шатдаг занар шинэ брэнд болов. Зэрэгцээд Парист болсон Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг оролцогч талуудын XXI бага хурлаар дэлхийн дулааралтай тэмцэх олон улсын бодлого өөрчлөгдөж, Монголын баялаг хог болж хувирлаа.
Манай нүүрсийг худалдаж авдаг Хятад ч Парисын хэлэлцээрт нэгдэн, Си Зиньпин хүлэмжийн хийгээ 26-28 хувиар багасгах амлалт өгч, нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцуудаа хаах бодлого баримталж эхэллээ.
Энэ бол бидний хувьд том цохилт. Алтан дээр суусан гуйлгачин хэвээр үлдэхийн цондон. Одоо алт, зэсээ харамлан хав дарж хэвтэх хойгуур тэр шар төмөр хэрэггүй болж, өөр ямар шинэ эрдэнэс гарч ирэхийг таашгүй.
Бид ийм л байдлаар өөрсдийгөө ажилгүй, ядуу хэвээр байлгаад байна бус уу. Элдэв халамж, тэтгэмжид найдан, алсыг хараагүй амлалт, популистуудын хийрхэлд мансуурч суух зуур хорвоо ертөнц өөрчлөгдөн хөгжиж, Менделеевийн үелэх системд химийн шинэ элемент нэмэгдсээр байна.
Эдийн засаг хоёр оронтой тоогоор өслөө хэмээн сагсуурч байхдаа бид тэр өсөлтийг юу бий болгосныг мэдэж байсан ч анзаараагүй царайлсан. Үнэндээ тэр нь хөөс байгаад, гадаадынхны хүч, хөдөлмөрөөр үүссэн. Бид ажил хийгээгүй, баялаг бий болгоогүй. Ажил бол байсан.
Чөтгөр ч тогтохгүй хэмээн адалдаг Монголын өвлийг өнөө Вьетнам, Филиппин, Хойд Солонгос, Хятадын иргэд ажралгүй ажилласаар байсан нь, одоо ч ажилласаар байгаа нь эх оронд маань ажлын байр байсныг, одоо ч бийг харуулдаг.
Гэтэл монголчууд зөрөөд Өмнөд Солонгос, АНУ руу цувах нь жигтэй. Энэ бол монгол хүн эх орондоо ажил хийх боломж олдохгүй, эдийн засгийн өсөлт гээч зүйл зөвхөн гадаадынханд хүртээлтэй байж ирсний илрэл юм.
2012 онд манай улс гадаадаас 10218 хүн авч ажиллуулжээ. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.4 “Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаад иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно” гэсэн заалт тэр үед зөрчигдөхөд хүрч, хятад ажиллагсдын тоо монголчуудын нэг хувийг шүргэсэн.
Харин тэр жил Солонгос руу 2500 монгол ажиллахаар явсан бол дараа жил нь 1900 болж цөөрсөн юм. Энэ бол монголчууд нутагтаа ажиллах хүсэлтэй байгаагийн тэмдэг. Аж ахуйн нэгжүүд ч одоохондоо ажилчдаа халаад, дампуурлаа албан ёсоор зарлачихсан нь тун цөөн. Яаж ийгээд эргэж хөл дээрээ босно хэмээн тэсээд, торгоож байна.
2015 оны арваннэгдүгээр сарын 16-нд Хөдөлмөрийн яам, нийслэлийн ЗДТГ, МҮЭХ-той хамтран, Улаанбаатарт зохион байгуулсан “Хөдөлмөр хөгжлийн үндэс” чуулганы үеэр Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар “Холбооныхоо гишүүдэд ажлын байраа хадгалах зөвлөмж гаргалаа.
Ажлын байрыг олон тоогоор цомхтгосон зүйл одоогоор алга. Харин орон нутгийн жижиг, дунд үйлдвэрүүдэд хүндрэл бэрхшээл их гарч байна. 21 аймгийн 3000 гаруй жижиг, дунд үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон гэсэн мэдээлэл бидэнд ирсэн” хэмээн ярьсан.
Үйлдвэрийнхээ машинуудыг ажиллуулахгүй ч, ажилчдадаа сул зогсолтын мөнгө олгохгүй ч аж ахуйн нэгжүүд тэднийгээ данс бүртгэлээсээ хасалгүй байлгаж байгаа юм. Итгэл, сэтгэлд нь сүүмэлзэж үлдсэн тэр дөлийг унтраалгүй, бадамлуулах л хэрэгтэй байна.
Харин яаж... Улстөрчид л амаа татчихвал бусад нь жамаараа явж л таарна. Жамаараа яваа зүйлийг завааруулахаа л болих хэрэгтэй.
Х.БОЛОРМАА