Өнөөдөр сэтэрхий аяга ч эзэнтэй, тэр нь тухайн айл гэрийн өмч байдаг болсон цаг. Үүнтэй адил нийслэлийн гудамж талбайд байрлаж буй ширхэг сандлаас эхлээд юм бүхэн Улаанбаатар хэмээх айлын өмч. Гэрийн хүмүүс эд хөрөнгөө өдөр бүр арчилж, хамгаалж байдаг шиг нийслэлийн өмчийг ч ариглах ёстой болов уу. Гэвч нийслэлийн өмчид бүртгэлгүй, арчилж, хамгаалах эзэнгүй өмч хотод олон ажээ.
Айлын эзэгтэй гэртээ ямар төрлийн аяга, хэчнээн ширхэг байгааг яг тоочиж хэлдэггүй юм аа гэхэд барагцаалж мэднэ. Гэвч 2013 оноос өмнө нийслэлийн удирдлагууд хотоо хэдий хэмжээний хөрөнгөтэй вэ гэдгийг мэддэггүй байж.
Тиймээс тухайн онд анх удаа нийслэлийн хөрөнгийг бүгдийг нь тоолж, бүртгэсэн байна. Нийтийн эзэмшлийн талбайд байгаа өөрийн хөрөнгөөр, гадаадын зээл тусламж, хэн нэгний барьж байгуулсан гээд бүхий л өмчөө тоолсон гэсэн үг.
Тухайн үед нийслэл өөрийн 338 тэрбум төгрөгийн эд хөрөнгөтэй, үүний 205.5 тэрбум нь автозам, 16.2 тэрбум нь гүүр, 15.8 тэрбум нь явган зам, 17 тэрбум нь гэрэлтүүлэг, 10 тэрбум нь цэцэрлэгт хүрээлэн, 7.8 тэрбум нь ногоон байгууламж, 4.7 тэрбум нь хөшөө дурсгал, 13.4 тэрбум нь амрах талбайн өртөг гэсэн дүн гарчээ.
Харин бусад жижиг тохижилт 5.3 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гэжээ. Харамсалтай нь, тухайн онд үүний 47 хувь нь л нийслэлийн өмчид бүртгэлтэй байсан аж. Үлдсэн 49.5 хувь нь ямар ч бүртгэлгүй, 3.5 хувь нь өөр аж ахуйн нэгжийн нэр дээр байсан гэнэ. 2002 оноос хойш тоолоогүй хөрөнгийг 11 жилийн дараа тоолсон нь сайн ч тухайн үед нийслэлийн удирдлагууд уг тооллогыг чанартай болж чадаагүй гэж байв.
Учир нь 2012, 2013 онд нийслэлд 600 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байхад өмч нь 338 тэрбум төгрөг байх үндэслэлгүй гэж үзсэн аж. Тиймээс 2013 оноос эхлэн нийслэлийн өмч бүрийг хариуцах эзэнтэй болгох ажил эхлүүлжээ. Ингэхдээ тухайн онд хариуцах эзэнгүй байсан 300 гаруй сая төгрөгийн мэдэгдэж буй өмчийг хариуцагчтай болгохыг үүрэг болгож байсан гэнэ.
Гэвч өнөөдрийн байдлаар нийслэл өөртөө бүртгэж аваагүй өмч олон байгаа талаар албаны эх сурвалж хэллээ. Тухайлбал, нийслэлийн өмчид бүртгээгүй 700 гаруй сая төгрөгийн хөрөнгө бий гэнэ. Өмчид бүртгэж аваагүй гэдэг нь тухайн эд хөрөнгийг арчилж, хамгаалах эзэн байхгүй гэсэн үг.
Энэ талаар албаны хүн “Нэг үеэ бодвол нийслэл өмчөө тоолж, бүртгэх нь сайжирсан. Гэвч 700 гаруй сая төгрөгийн үнэтэй хөрөнгө бүртгэгдээгүй гэсэн мэдээ бий. Энэ бол одоогоор мэдэгдэж буй дүн. Судлаад үзвэл үүнээс илүү хөрөнгө гудамжинд орхигдсон байхыг үгүйсгэхгүй. Жижиг тохижилтын ажлуудаас дурдвал хамгийн сүүлд гэхэд л дугуйн зогсоол байгуулсан.
Тэгвэл үүнийг ямар нэг байгууллагад хариуцуулж өгсөн нь эргэлзээтэй. Хотын төсвийн 80 орчим хувийг иргэдийн татвараас бүрдүүлдэг. Тэгэхээр түүгээр нь хаана, юу хийсэн, түүнийг нь хэрхэн арчилж буйг иргэдэд нээлттэй мэдээлдэг байх ёстой.
Гэтэл Улаанбаатар хотод ийм механизм алга. Нийслэл хэдий хэмжээний хөрөнгөтэйг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нар ч тэр бүр мэдэхгүй, мэдэх боломж ч хомс” гэж ярилаа.
Эх сурвалжийн мэдээллийн мөрөөр 2015 онд нийслэл хэдий хэмжээний хөрөнгөтэй болсныг албаны хүмүүсээс тодруулах гэсэн боловч нэгтгэсэн дүн гараагүй гэнэ. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмчийн хөдөлгөөн, хувьчлалын хэлтсийн дарга Д.Итгэл “2015 оны жилийн эцсийн нэгтгэл ирэх сард гарч дуусна. Бид жилийн эцсийн нэгтгэл гаргахдаа байгууллагуудаас өмчийн бүртгэлийг авдаг” гэсэн юм.
Тэгэхээр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар нэг их наяд 827 сая төгрөгийн үнэ бүхий хөрөнгөтэй гэж явах ажээ. Энэ нь 2014 оны эцсийн өмчийн нэгтгэлийн дүн юм.
Харин эзэнгүй өмчийн талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын бүртгэлийн ахлах мэргэжилтэн С.Ариунжаргалаас тодруулахад “Улсын комисс хүлээж аваагүй зам, барилга зэргийг ярьж буй байх. Нөгөөтэйгүүр, ашиглалтад ороод улсын комисс хүлээж авсан ч комиссын акт баталгаажаагүй бол бид аль нэг байгууллагын нэр дээр бүртгэж болдоггүй.
Нийслэлийн өмч бүр зөвхөн манай газарт ирдэггүй. Манайх бүх өмчөө өөрсдийнхөө балансад бүртгэж авах боломжгүй. Нийслэлийн өмчит ямар нэг байгууллагын балансад бүртгэж байж нийслэлийн өмч болдог. Тэгэхээр ийм үүрэгтэй байгууллага нь бүртгэж аваагүй, улсын комисс ажиллагаагүй зүйлсийг л хэлж байгаа юм болов уу гэж бодож байна” гэсэн юм.
Мөн тэрбээр тохижилтын ажлын хүрээнд хийсэн бүтээн байгуулалт чухам юуны учир хариуцах эзэнгүй байгаа талаар “Зарим тохижилтын ажлыг дүүргүүд захиалагчийн хяналт тавьж, тендерээ зарлаж хийдэг. Тэгэхээр тэр өмчөө дүүрэг өөрсдөө бүртгэх ёстой. 2014 онд өмч бүртгэн авах журам өөрчлөгдсөн. Шинэ журмын дагуу дүүргүүдийн ЗДТГ өөрсдийн нийтийн эзэмшлийн хөрөнгөө бүртгэж байх ёстой” гэв.
Энэ бүхнээс үзэхэд өнөөдөр нийслэлийн гудамж, талбайд хэдэн төгрөгийн хөрөнгө байгааг мэдэх боломж алга. Тэгэхээр иргэн таны, миний төлдөг татвар “Улсын комисс хүлээж аваагүй”, “Акт гараагүй” гэдэг шалтгаанаар эзэнгүй өмч болчихсон байж мэдэх нь.
Г.ЦЭЦЭГ