Дэлгэрмаа (нэрийг нь өөрчлөв) гурван хүүхдийнхээ хөлийг дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэх гэж 14 жил ганцаараа зүтгэж буй. Ханилсан нөхөр нь архинд дуртай, уухаараа тун овилгогүй, агсам зантай тул байнга хэрүүл шуугиан, зодоон цохионтой амьдрахаас залхаж, том охиноо 13-тай, бага хүүгээ таван настай байхад хоёр тийш болсон гэдэг.
Тэр нэг өдөр нөхөр нь түүн рүү хайч барин дайрч, улмаар гуян тус газар нь хүнд гэмтээх хүртэл бүсгүй босгосон амьдралаа нураах тухай эцсийн шийдвэр гаргаж төвдөхгүй байж. Бүлтийсэн гурван үрийнхээ төлөө гээд бүхнийг тэвчих нь тэдэнд нэмэр болохоосоо илүү сэтгэлийн дарамт өгч буйг тэр тэгэхэд л анзаарчээ... Зунд нь хүүхдүүдтэйгээ хөдөө гарч айл амьтны мал хариулан, жаал жуул юм зэхэж аваад, өвөлдөө сумын төв рүү орж, амьтан ах дүүст туслан шар нар, бор хоногийг өнгөрүүлж байв.
“Хүний өмнөөс амьдарч байгаа биш дээ” гэж өнгөрсөн хугацаанд өөрийгөө зоригжуулдаг байсан Дэлгэрмаа бээлийн чинээ хөвгүүдтэйгээ тэрэг шар хөллөн түлээнд явж, мөс зөөж, тарвага хүртэл хамт агналцаж явсан нь ч бий. Охиноо дээд боловсролтой болгож, дунд хүүгээ наймдугаар анги төгсгөөд мал дээр гарган, багыгаа МСҮТ төгсгөөд өнөөдөртэй золготол тэр ямар ч ажлыг хүнд хэцүү гэж хойш суулгүй зүтгэснийг ойр дотнынхон нь ярьдаг.
Тэр бол Монголын нийт айл өрхийн 10 хувийг эзэлдэг өрх толгойлсон эмэгтэйчүүдийн нэг. Сонголтгүй сонголтын өмнө олон хүнийг хүчээр авчирсан жихүүн нийгэмд бид амьдарч буй. Үүний тод жишээ нь өдгөө Монголд 80 гаруй мянган ээж, 8000 гаруй аав ганцаараа өрх толгойлон, гадаа гарч эр, гэрт орж эмийн үүрэг гүйцэтгэж явна.
Насанд хүрээгүй охидыг оролцуулаад тооцоход, 17 эмэгтэй тутмын нэг нь өрх толгойлдог гэсэн тоо баримт нь хэтэрхий цөөхөн монголчуудын хувьд эмгэнэл гэдгийг судлаач Б.Хонгорзул өгүүлэлдээ бичжээ.
Үүн дээр өрх толгойлсон аавуудыг нэмбэл эцэг, эхийнхээ хайранд элэг бүтэн жаргах учиртай үрсийн маань тоо 383.800-гаар хасагдана гэсэн үг. Энэ бол эмгэнэл.
Гайхуулах юм даанч биш дээ, ганц бие аав, ээж байна гэдэг нь. Холливудын кинон дээр гардаг шиг (ямар нэгэн зүйл тохиолдвол салсан эхнэр, нөхөр нь ирээд тусалж, хамгаалдаг) фантастик зүйл үнэндээ амьдралд ховор.
Омголон зан, бардам сэтгэл, хувь хүний эрх ашгаа тэргүүнд тавьдаг барууны гэр бүлүүдээс монгол өрх айлын үнэ цэнэ арай өөр. Гэрийн эзэн болоод эзэгтэйн үүрэх хариуцлага, эдлэх жаргал, туулах зовлон ч тэс ондоо. Тэр нь өрх толгойлсон байна уу, үгүй юү гэдгээс үл шалтгаална.
“Өрх толгойлсон” гэдэг ангилалд саналаараа орохыг хүсдэг ээж, аавууд хаана ч байхгүй. Гэтэл жил ирэх тусам өрх толгойлсон эцэг, эхийн тоо өсөж буй нь хэд хэдэн шалтгаантай. Дэлгэрмаагийн нэгэн адил гэр бүлийн хүчирхийлэл дунд гаслант өдрүүдийг өнгөрүүлсээр тэсвэрлэхийн аргагүй болохоороо ийм сонголт хийдэг эмэгтэйчүүд жин дарсаар байгаа нь нууц биш.
Мөн залуу гэнэн насандаа цаад хүнээ таньж амжилгүй гэр бүл болсон, нэг гэрт амьдрахад үнэхээр таарч тохирохоо байгаад хоёр тийш салсан зэрэг шалтгаан эрэгтэй, эмэгтэй гэлтгүй олон хүнд хамаатай.
Тэднийг “Гэр бүл зохиож тоглолоо” гэж шууд зэмлэх аргагүй. Харин энэ зовлонгоор нь зугаа хийн, өөрсдийн нэр хүндээ өсгөх тактик боловсруулсаар ирсэн үе үеийн улстөрчдөөс болж “айл гэрдэж” тоглох хорхойтнууд гарч ирсэн нь хамгийн харамсалтай.

2006 онд Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх хуулийг УИХ баталсан. Залуу гэр бүлд 500 мянган төгрөгийн тэтгэмж олгож эхэлсний ачаар 2006-2007 онд шинээр гэр бүлээ бүртгүүлсэн хосын тоо тухайн үеийн өрхийн тооны өсөлтөөс 2-3 дахин нэмэгдэж байжээ.
500 мянгын төлөө таньдаг, таньдаггүй хүмүүс хоорондоо байтугай садан төрлүүд хүртэл гэр бүл болж жүжиглээд, адаг сүүлд нь гэрлэлтээ цуцлуулах гэтэл түүнээсээ долоон дор явдал чирэгдэл болсон тухай цөөнгүй хүнээс сонсож байв.
Үр дүнд нь өрх толгойлсон эцэг, эхийн тоо жил дараалан нэмэгдсээр 2009 он гэхэд 81.2 мянгад хүрсэн нь 2000 оныхоос 25 мянгаар нэмэгдсэн гашуун дүр зураг балраагүй байна. Өдгөө энэ тоо 90 мянга руу дөхөж байхад Монголын төр, засгийн түшээд нийгмийн хамгийн чухал нэгж болох гэр бүлийг хэрхэн бат бөх байлгахыг бодохын оронд улам холдуулах хууль санаачилж байх юм.
Өрх толгойлсон эцэг, эхэд үзүүлэх нийгмийн халамжийн тухай хуулийн төслийг санаачилсан гол хүн нь эмэгтэй гишүүн гээд бод доо, үнэхээр харуусмаар. “Бүгдээрээ дахиад айл гэрдэж тоглох уу” хэмээн айл гэрийн эзэгтэй, төрийн түшээ эмэгтэй бидэнд санал болгож байна.
“Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний мөнгийг ажилгүй, орлогогүй байгаа өрх толгойлсон эцэг, эхчүүдэд олгох шаардлагатай байна. Хүүхдээ сургуульд явуулдаг орлого багатай ээж, аав нарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний урамшуулал өгөхийн зэрэгцээ эрүүл мэнд, боловсролын үйлчилгээнд хамрагдахад нь төрөөс туслалцаа дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.
Мөн өвчтэй байх үед нь эмийн тусламжийг төрөөс үзүүлдэг байлгах талаар хуулийн төсөлдөө тусгасан” хэмээн мань хүн ярьсан. Ажилгүй, орлогогүйнх нь төлөө, бас хүүхдээ сургуульд явуулдгийг нь урамшуулж өрх толгойлсон эцэг, эхчүүдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй (192.400 төгрөг) дүйцэх мөнгө өгч байхыг МАН-ын нэр бүхий гишүүд шаардаж байна. Зүгээр сууж байгаад л сар бүр 192.400 төгрөг халааслах юм чинь хань ижил, үр хүүхэд гэж нялуурахын хэрэг ер алга гэсэнтэй агаар нэг сонсогдохгүй байна уу.
Монгол гэр бүлийн тогтвортой байдал, үнэ цэнийг ингэж л ойлгож байгаа бололтой, тэд. Ажил хийж зовлогоо зовоохгүй, гэдсээ илж хэвтэж байгаад мөнгө авах сонирхолтой, бэлэнчлэх сэтгэлгээтэй олон хүн түүний энэ үгийг уухайн тас шүүрч авах нь дамжиггүй. “Мөнгө өгье, гэр бүл болоодох” гэхээр гэр бүл болж л байдаг хүмүүс одоо мөнгө авахын тулд “Өрх толгойлсон аав, ээж болоодох” гэдэг үгийг ч мөн дуулгавартай биелүүлэх биз.
Гэхдээ гэр бүл гэдэг та нарын хүссэн үедээ салгаж, эвлүүлдэг тоглоом биш шүү. Тархины тураалаасаа бүрмөсөн салж амжаагүй ийм эмзэг, сул дорой сэтгэхүйтэй хүмүүсийг өгөөш болгон ашиглаж, сонгууль дөхөх тоолонд мөнгөөр даллан залуурддаг башир аргатнуудаас болж хэн хамгийн их хохирдог билээ. Мэдээж хүүхдүүд.
Үр хүүхдийнхээ сэтгэл санаагаар тоглохоо юман чинээ санахгүй байгаа тэдэнд өрх толгойлсон аав, ээж байх нь хүсэх юм биш, сайрхаж өөгшүүлэх зүйл бүр ч биш гэдгийг яаж ойлгуулах вэ.
2006 онд баталсан хуулийн дагуу хүүхэд бүрт сар болгон 3000, улирал тутам 25 мянган төгрөг өгдөг байхад Дэлгэрмаагийн хоёр хүү ч хишиг хүртэж л явсан. Хэдийгээр тэд төр, засгаас “Биднийг харж үзээч” гэж гуйгаагүй ч энэ мөнгө хүүхдүүдийг дэвтэр, балаа авахад нэмэр болж байсан нь дамжиггүй.
Харин тэр үед ээжийг нь өрх толгойлсон эмэгтэй гээд сар болгон тэтгэмжийн мөнгө өгч банкин дээр дугаарлуулан зогсоож, өвдөхөд нь сумын эмч үнэгүй эм, тариа бариад ирдэг байсан бол хүүхдүүд үеийнхнээсээ айхтар ичих байжээ.
“Бидэнд мөнгө хэрэгтэй байсан нь үнэн. Гэхдээ “Танай ээж нөгөө мөнгөө авахаар тэнд зогсож байна лээ” гэж хүүхдүүдэд шоолуулахыг хэзээ ч тэвчихгүй байсан. Ах бид хоёр одоо ч ээжийгээ бүхнээс өмөөрдөг” хэмээн Дэлгэрмаагийн бага хүү ярьсан юм.
Уулын харгай шиг сунайсан хоёр эрийг өсгөхдөө энэ ээж хөвгүүдээсээ ичих, тэднийгээ ичээх зүйл аль болох хийхгүйг хичээж иржээ. Ганц бие ээжийн үүрэх ачаа хангалттай их ч “Тэтгэмжийн мөнгө авна” гэж аавыг нь эрж сурсангүй, төр, засгийн “даалгавраар” гэр бүл зохиож, бас салсангүй.
Өрх толгойлсон хүн гэж өрөвдүүлэх бус, хийх ажилтай, өөрийн гэсэн орлоготой байхыг эрхэмлэж ирсэн түүн шиг хүн олон байгаа. Тиймээс төрийн бодлого энэ рүү чиглэж, өрх толгойлсон ээж, аавуудыг тогтмол ажлын байртай байхад нь анхаарах хэрэгтэй.
Эсвэл тэдэнд тусалмаар санагдаад ер болохгүй байгаа бол Гэр бүлийн тухай хуулийн заалтыг чангатгаж, хүүхдийн тэтгэмжийн мөнгийг заавал өгүүлдэг болоход анхаарах нь зүйтэй. Салсан гэр бүлийн 85 хувь нь тэтгэмжээ авч чаддаггүй гэсэн судалгаа байна шүү дээ, цаана чинь.
Л.ГАНЧИМЭГ