Эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Олон улсын шинжээчид нүүрсний үнэ ойрын хугацаанд сэргэхгүй гэсэн таамаг гаргаж байна. Та хэрхэн төсөөлж байгаа вэ?
-Манай улсын экспортын дийлэнхийг коксжих нүүрс бүрдүүлж байсан. Гол хэрэглэгч болох БНХАУ-ын зах зээлд түүхий эдээ нийлүүлэх сонирхолтой ОХУ, Индонез, Австрали зэрэг орон манай нүүрсний уурхайнуудыг зах зээлээс шахаж байна.
Өмнөд хөршид коксжих нүүрсний эрэлт төдийлөн нэмэгдэхгүй байхад нийлүүлэлт маш их хуримтлагдсан. Энэ нь Монгол Улсын коксжих нүүрсний салбарт аюул учруулж буй юм. Австрали улс коксжих нүүрсний импортын татварыг нь тэглүүлэх зэргээр Хятадтай ойр ажиллаж чадаж байна.
Харин бид хэт улстөржсөнөөс болж ард нь хоцорлоо. Олон улсын шинжээчид, банк санхүүгийн байгууллагынхан нүүрс, зэсийн үнэ ойрын үед сэргэхгүй гэдэг таамаг дэвшүүлсээр байна.
Тиймээс манай үйлдвэрлэгчид өртгөө бууруулах, бүтээгдэхүүнийхээ гарц, чанарыг сайжруулах замаар өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ нь дан ганц бизнесийн салбарынхны хүчин чармайлтаас бус, улс төрийн шийдвэрээс ихээхэн хамааралтай.
-Хятад улс дотоодын зарим уурхайгаа хаах, тодорхой хугацаанд шинээр нээхийг хориглосон. Энэ нь урт хугацаандаа эрэлтийг нэмэгдүүлэхэд нөлөөлнө гэж бодож байна уу?
-Урт хугацаанд эрэлт нэмэгдэхэд нөлөөтэй. Гэхдээ манай өрсөлдөгчид өндөр хүчин чадлын техник технологийг цаг тутамд нэвтрүүлж, гадаад худалдааны урт хугацааны нэн тааламжтай тарифаар Хятад улсад борлуулалт хийх, тээвэр ложистикийн шинэ сүлжээ байгуулах зэргээр өрсөлдөх чадвараа байнга нэмэгдүүлж байгааг хэрхэвч мартаж болохгүй.
Хятад бол нүүрс, төмөр, зэсийн хязгааргүй хэрэглээтэй, ёроолгүй тогоо гэдэг ойлголтоосоо одоо салах цаг болсон. Манай зарим улстөрч “Стратегийн ордуудаасаа Хятадын хил хүртэл төмөр зам татчихвал Монголын баялаг крантаар гоожиж буй ус шиг урсаад алга болно” гэдэг.
Энэ нь худал яриа байж гэдгийг уул уурхайн эрдэс, түүхий эдийн үнэ унасан, хүнд хэцүү үед ажлын байраа алдсан олон хүн мэдэрч буй болов уу.
-Ирээдүйд зах зээл сэргэх найдлага байгаа бол бэлтгэлээ сайн хангах ёстой байх, тийм үү?
-40-50 жилийн өмнө уул уурхайн түүхий эдийн үнэ өсөж, буурах мөчлөг 10 орчим жил үргэлжилдэг байлаа. Одоо мөчлөгийн хугацаа 2-4 жил болж богиноссон. Учир нь технологи өндөр хөгжиж байна.
Мөн мэдээлэл дамжуулах өндөр хурд нь богино хугацаанд элдэв таамаг бий болгох зэргээр савлагаа үүсгэн эрэлт өсөж, буурахад нөлөөлөх болсон. Бид үнэ үргэлж өсдөг гэсэн өрөөсгөл ойлголттой байж.
Үнэ өссөн үед татвар нэмэх, том төслүүд хөрөнгө оруулалтаа нөхөж эхлээ ч үгүй байхад татварын орлогоо урьдчилан зээлж авч иргэдэд тараан, тооцоо судалгаагүй хууль гэнэт батлан, хайгуул, олборлолтын төслүүдийг зогсоож байсан.
Тэгсэн хэрнээ үнэ унангуут татварын элдэв хөнгөлөлт үзүүлэх, хөрөнгө оруулагчдад хэт найрсаг хандах зэргээр мөчлөг дагасан бодлого явуулж ирлээ. Энэ буруу юм байна гэдгийг одоо бид ойлгож байна.
-Тавантолгойн ордыг ашиглах талаар хэлэлцэж байгаад зогсчихлоо. Энэ ордыг яаж ашиглавал эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байх бол?
-Хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байх үед нь Тавантолгойн асуудлыг шийдэж чадаагүйд харамсдаг. Ордын үнэлгээ гэдэг бол харьцангуй ойлголт. Тогтмол зүйл биш. Коксжих нүүрсний үнэ өндөр байхад энэ орд хэдэн тэрбум ам.доллараар үнэлэгдэж байлаа. Одоо хэдхэн сая болтлоо үнэ цэнэ нь буурсан.
Ордын үнэлгээ хэрхэн буурдаг талаар, би нэг жишээ хэлье. 2009 онд дэлхийн нүүрсний зах зээлд Тавантолгойтой өрсөлдөх хэмжээний хэд хэдэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар яриа гарч эхэлсэн. Тухайлбал, ОХУ-ын Эльгас, Мозамбикийн Ривер слайд нэртэй коксжих нүүрсний ордууд байна.
Ривер слайд орд гурван тэрбум тн коксжих нүүрсний нөөцтэй бөгөөд энэ нь цаашид өснө гэж тооцож байсан. “Rio Tinto” компани энэ ордыг 2009 онд 3.7 тэрбум ам.доллараар худалдаж авч байлаа. Ингээд ордоо хөгжүүлэхээр ажилласан боловч амжилтад хүрээгүй юм.
Учир нь Мозамбикийн Засгийн газар Ривер слайд голоор хөндлөн тавих төмөр замын зөвшөөрлийг олгоогүй. Тиймээс “Rio Tin¬to” энэ ордоо 50-хан сая ам.доллараар 2011 онд зарсан. Хэрэв төмөр зам тавих зөвшөөрлийг нь олгосон бол энэ ордод 7.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах байсан.
Тухайн үед манай улс Тавантолгойн ордын хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлэлцээ хийх ажил амжилттай үргэлжилж байсан учир “Rio Tinto”-гийн удирдлагууд өөрсдийгөө өрсөлдөөнөөс шахагдлаа, Монголын “Тавантолгой” төсөл “Ривер слайд”-аас түрүүлэх юм байна гэж үзэж хөрөнгө оруулалтаа татсан.
Бид энд өргөн, нарийн царигийн талаар маргалдаж, дэд бүтцээ шийдэж чадахгүй байх хооронд ОХУ Эльгас ордыг хөгжүүлэх 10 тэрбум ам.долларын санхүүжилт бүхий гэрээг БНХАУ-тай хийж, хөрөнгө оруулж эхэлсэн. Одоо баяжуулах үйлдвэрээ бариад төмөр замаараа коксжих нүүрсээ экспортолж байна.
-“Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт ойрын хугацаанд эхлэх хүлээлттэй байгаа. Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг хийснээр манай эдийн засаг 2011 оны үеийнх шиг өсөх боломж бүрдэх болов уу?
-Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил дор хаяж 5-6 жил үргэлжилнэ. 4-5 тэрбум ам.долларын санхүүжилтийг үе шаттайгаар хийнэ. Эдийн засгийн өсөлт саармагжиж буй үед энэ нь уналтыг зогсоох шүхэр болно.
Энэ төсөл шууд болон дам байдлаар эерэг нөлөө үзүүлнэ гэж харж байгаа. Гэхдээ 2010, 2011 онд хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө орж байсан шиг эдийн засаг халахгүй.
-“Оюутолгой” төслийг “Эрдэнэт үйлдвэр”-тэй байнга харьцуулдаг шүү дээ. Эрдэнэтээс 2-3 дахин том хэрнээ улсад бага татвар төлдөг гэх мэтчлэн шүүмжилдэг хүн олон байдаг.
-“Оюутолгой” төслийг “Эрдэнэт үйлдвэр”-тэй харьцуулах нь аргагүй. Гэхдээ Эрдэнэтийн зэсийн нөөцийн 40 гаруй хувийг ашигласны дараа л манай улс 51 хувиа эзэмшиж, татвараа авч эхэлсэн гэдгийг бодох хэрэгтэй. Энэ хүртэл 30 орчим жил зарцуулсан байдаг.
Харин “Оюутолгой“ компани энэ ордыг ашиглаж эхлэнгүүтээ л татвараа төлсөн. Нөөц ашигласны татвар нь “Эрдэнэт үйлдвэр”-ээс харьцангуй бага ч гэлээ дэлхийн жишгээр бол дундаж юм. Ер нь “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээг цаашид сайжруулах шаардлага бий. Энэ бол өндөр ур чадвар шаардах, гэрээ хэлцлийн ажил.
Томоохон төслүүдийн хөрөнгө оруулагчидтай гэрээ хийхдээ стратегийн ордуудаа алийг нь түрүүлж хөгжүүлэх вэ гэдэг дэс дарааллаа нарийн тогтох ёстой. Жишээ нь, “Оюутолгой”-н далд уурхайн төслийн санхүүжилтийг шийдэхээс өмнө Тавантолгойн ордыг хөгжүүлэх ажлаа эхлүүлэх байсан юм.
Энэ тохиолдолд “Rio Tinto”-г буланд шахаж, гэрээгээ илүү сайжруулах боломж бүрдэх байсан гэж би хувьдаа боддог.
-Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “Coal & мetals Mongolia” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнгийн тов саяхан гарлаа. Энэ удаа тусдаа хийдэг байсан чуулга уулзалтуудыг хамтад нь зохион байгуулахаар болсон нь ямар онцлогтой вэ?
-Олон улсын шинж чанартай уг гурван том арга хэмжээг нэгтгэн “Coal & мetals Mongolia” нэртэйгээр энэ жилээс эхлэн тавдугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулах болсноороо онцлог.
“Coal Mongolia”-г зургаа, “Metals Mongolia”-г хоёр жилд нэг удаа, “Mine тech” үзэсгэлэнг найман жил дараалан зохион байгуулж ирсэн. Чуулган тавдугаар сарын 6-7-нд “Корпорэйт конвэйншн” төвд болно.
-Энэ жилийн чуулга уулзалтын гол сэдэв юу байх вэ?
-Уул уурхайн салбараа яаж хямралаас гаргах вэ гэдэг сэдэв нь “Coal & мetals Mongolia” чуулганы хөндөх гол асуудал байх юм.
Н.САНЖААСҮРЭН