Хавар хүмүүс яагаад ядардаг вэ. Та бусдын адил өдрийн турш нойрмоглоод, ажил хийх сонирхолгүй болж байна уу. Тэгвэл “Хаврын ядаргаа” хаанаас эхтэй, түүнээс яаж гарах тухай Америкийн People.com сайтад гарсан зөвлөгөөг орчуулан хүргэж байна.
Хаврын ядаргаа өвчин биш
Хавар нарны тусгал хурц болж цаг агаар дулаарахад хүний бие дасах гэж багагүй зүдэрдэг. Энэ үзэгдлийг манайхан “Хаврын ядаргаа” гэж нэрлэдэг аж. Энэ үе гуравдугаар сарын дундаас дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл үргэлжлэхдээ хүн бүрийн амьдралын хэв маягаас шалтгаалан өөрөөр илэрдэг гэнэ.
Тухайлбал, ханатлаа унтсан ч нойр хүрсээр л байдаг. Хамаг бие нозоорч, ажил хийхээс дургүй хүрдэг. Харин зарим хүний бие хямарч, ямар ч юманд дур сонирхолгүй, идэвхигүй болдог байна. Хүний бие урин дулаан цагт дасан зохицож эхэлтлээ ойролцоогоор дөрвөн долоо хоног болдог аж. Өөрөөр хэлбэл хаврын ядаргаа таны биед дөрвөн долоо хоног нуугддаг гэсэн үг. Тиймээс энэ үе шатыг давах гэж яваа хэрэг.
Хүмүүсийн 50-70 хувь нь хаврын ядаргааг илүү их мэдэрдэг гэсэн судалгаа бий. Цаг агаар дулаарахад хүний цусны судасны даралтын хана тэлж даралт буурдаг байна. Дээр нь хаврын тэнгэрийн тогтворгүй “ааш” хүний даралтыг дээш доош савлуулдаг нь биед нөлөөлдөг хэмээн эрдэмтэд хэлдэг.
Үүнээс үзэхэд хаврын “ядаргаа” өвчин биш. Өвлийн улирлаас дулааны улиралд шилжихэд хүний биеийн бодисын солилцоо өөрчлөгдөж байгаагийн илрэл ажээ.
Өдрийн ядаргааг өдөрт нь тайлах хэрэгтэй
Хэрвээ өдрийн ядаргааг өдөрт нь тайлж байхгүй бол хуримтлагдсаар байгаад архаг ядаргаанд хүргэдэг. Хүн зөвхөн хаврын цагт л ядаргаанд ордог юм биш. Жилийн дөрвөн улирлын турш л ядардаг. Харин хаврын цагт агаарын даралт, улирлын онцлогоос хамаарч хэт ядарсан хүмүүс энэ үед эмзэг болдог. Өдрийн цайнд орсны дараа нойр хүрч, бүх бие суларч, нозоорч, анхаарал төвлөрөхгүй, ажлын бүтээмж мууддаг шинж тэмдэг ихэнх хүмүүст илэрдэг. Энэ нь таны бие ядарсан байна, түр ч болтугай амрах хэрэгтэй гэсэн дохиог бие организм танд өгч байна гэсэн үг. Энэ үед жаахан амраад авахад бие сэргээд ирдэг. Харин нозоорлын байдалтайгаар ажилласаар ажлын цагаа дуусгаад гэртээ очиход бие сулбайж, зөөлөн буйдан, орон дээрээс өндийх ч тэнхэлгүй болчихсон байдаг. Яг ийм байдлаар ажилласаар байвал танд ядаргаа хуримтлагдаад л байх болно.
Барууны эрдэмтэд бүхий л өвчний үндэс нь ядаргаа гэж тайлбарладаг. Ядарч сульдсан махбод ямар ч дархлаагүй болж гадны бүхий л нөлөөнд автамтгай болдог. Иймээс эмч, мэргэжилтнүүд ядрахгүй байхыг, ядарсан бол түүнийгээ тэр дор нь тайлж байхыг анхааруулж байна.
Гэхдээ ядаргааг дардаг, тайлдаг шилэгдсэн цор ганц аргыг аль ч оронд олоогүй байгаа юм. Юунаас болж ядрав гэдгээсээ хамаарч ядаргааг дийлэх олон чиглэлийн янз бүрийн арга байдаг.
ТА ЯДАРГААНД ОРСОН УУ?
Ядаргааг ерөнхийд нь бие махбод, сэтгэл хөдлөлийн гэсэн хоёр шалтгаанаас үүдэлтэй гэж ангилдаг.
Оюуны хөдөлмөр эрхэлдэг, өдрийн турш бичиг, цаастай ноцолдож, компьютерийн ард удаан суудаг хүмүүс стресст орохдоо амархан. Тэд хөдөлгөөн, агаарын дутагдалд ажилладаг нь ядрах үндэс нь болдог. Энэ нь даамжирсаар хүзүү мөр нь хөших, толгой өвдөж, нүд чилэх, гар, хөлийн шөрмөс татах гэх эмгэгүүдтэй болж, тэр нь даамжирсаар архаг ядаргаанд хүргэдэг.
Та олон цагаар ажилладаг уу, хийж буй ажлаасаа уйдаж байна уу, тогтмол цагт хооллохгүй байна уу, жижиг гэлтгүй зүйлд уурлаж бухимдаж байна уу, сэтгэл гутрах, түгших мэдрэмж төрж, ирээдүйнхээ төлөө санаа зовдог болсон уу, нойрон дундаа эсвэл өглөө эрт сэрж байна уу, хар дарсан зүүд зүүдлэх тань ихэссэн үү, биеийнхээ аль нэг хэсгээр таргалж байна уу. Эдгээр шинж тэмдгээс илэрвэл та ядаргаанд орж эхэлжээ.
Харин архаг ядаргаанд орсон хүний нойр нь хулжиж, яльгүй зүйлд амархан уурлаж, уцаарлаж, дуу чимээ бүхэн яршигтай санагдаж, халуун хүйтнийг хэт мэдрэх болж, заримдаа шөрмөс нь татаж, толгой эргэж, огиудас хүрч, хоолны шингэц муудаж, ирээдүйг бүрхэг баргараар төсөөлж, бэлгийн дур хүсэл буурч, гэнэт бие засмаар санагддаг.
Ядаргааны шинж тэмдгүүд их бага хэмжээгээр илэрвэл яаралтай арга хэмжээ авч ядаргаагаа тайлах хэрэгтэй.
ЯДАРГААГ ХЭРХЭН ТАЙЛДАГ ВЭ?
Компьютерийн ард 15-20 суучихаад хэдхэн минут босч, цонхоор алсыг харах, шингэн зүйл ууж, дасгал хөдөлгөөн хийж суниах, эсвэл гадагшаа гарч салхилах зэргээр ажлын байран дээр байхдаа ядрахаас сэргийлж болно. Хэрэв энэ мэт алхам тутамдаа ядаргаанаас салах, сэргийлэх арга хэрэглэхгүй бол нэг л өдөр архаг ядаргаанд орж мэднэ.
Ядаргаа тайлах дараахь хэдэн аргыг эмч нар зөвлөж байна.
Цөөхөн нэр төрлийн хоол идэхээс зайлсхийж, олон төрлийн янз бүрийн өнгө үзэмжтэй хоол хэрэглэж байх. Хангалттай унтаж амрах. Үргэлж гэгээн сайхан зүйл мөрөөдөж, инээмсэглэж, найзууд, хамт олонтойгоо хөгжилтэй байх. Өглөө босоод цонхоор ч болтугай мандаж буй нар руу харж, өөрийгөө нарны дуусашгүй эрчмээр цэнэглэгдлээ хэмээн төсөөлөх, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, зугаалж, голын эргээр алхах, эрүүл хоололтыг сонгож, долоо эсвэл арав хоногт нэг өдөр нь махан бүтээгдэхүүнээс татгалзаж сурах, жимс жимсгэнэ, ногоо, дархлааг тэтгэх хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг эмчийн заавраар, долоо хоногт нэг удаа нийтийн бүжигт явах. Эдгээр энгийн аргаар ядаргааг хялбархан тайлж болно.
Эмч нар ядаргааг тайлах, түүнээс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол спортоор хичээллэх юм гэж зөвлөлөө. Өөрийн дуртай спортод долоо хоногт ядаж хоёр удаа цаг гаргавал ядаргаанаас сэргийлнэ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас явуулсан судалгаанд ядаргаанд өртдөггүй, стресст ордоггүй хүмүүс бол тамирчид гэжээ. Тэд бэлтгэлийн явцад бүхий л бие, булчин шөрмөсөө ажиллуулж, дотоод сэтгэлдээ байгаа бухимдал, стресс зэргээ хөлсөөрөө гадагшлуулдаг аж. Иймээс тамирчид дунд амиа хорлох явдал барагтай бол гардаггүй гэнэ.
Гэр орон албан тасалгаандаа цэцэг тарих, зун хашаандаа ногоо тарьж, хүлэмжинд өргөст хэмх, улаан лооль ургуулж, арчилж, тордох нь ядаргаа тайлах, сатаарах сайхан боломж гэнэ. Хүн ямар нэгэн зүйлд сэтгэлээсээ татагдан, тэр зүйлийнхээ төлөө өөрийгөө зориулж, эцэст нь үр шимийг нь хүртэх нь хамгийн том аз жаргал, амжилт байдаг. Ийм болохоор цэцэг тарьж, ногоо ургуулах ядаргаанаас сэргийлэх ач холбогдолтой юм.
Насанд хүрсэн хүн хоногт 6-8 цаг унтахад хангалттай гэдэг. Зарим хүмүүс амарч байгаа нь энэ гээд үд хүртэл унтах нь бий. Олон хоног ингээд унтаад байвал амрах биш эсрэгээрээ ядаргаанд ордог байна. Японы судлаачид "Хүн их унтсанаараа биш, дуурь хэр их үзсэнээрээ ядаргаагаа тайлдаг" гэж үзжээ.
Ядаргаанаас гарах нэг арга зам бол урлаг. Уран зургийн үзэсгэлэн сонирхож, дуурь, бүжгэн жүжиг үзэх нь дээд зэргийн амралт болдог байна.