Соёл, урлагийн мэдээллийн албаны сурвалжлагч болохоор шийдэж, “Өнөөдөр” сонинд хөл тавьснаар миний эрэл эхэлж билээ. Дунд сургуульд байхдаа дуулах, бүжиглэх дуртай, “шүлэг бичдэг” гэх нэр зүүдэг байсан минь намайг соёл, урлагийн сэдэв барьж авахад нөлөөлсөн болов уу.
Удам дагасан, эсвэл урлагийн тухай мэдлэгтэй хэн нэгэн миний ойр тойронд байсангүй. Их сургуульд ч соёл, урлагийн чиглэлээр дагнан бичих тухай онцгойлон зааж байгаагүй. Оюутнуудаа эрэн сурвалжлах, телевиз, зар сурталчилгааны чиглэлээр мэргэшүүлж төгсгөдөг байсан болохоор мэдээлэл бэлтгэх ерөнхий дөр суугаад л сонины сэтгүүлч болсон.
Харин ажлын талбарт гарахаараа ном уншиж, лекц сонсоод суугаад байдаггүй ч уулзсан хүн, бичсэн мэдээ, бусдаас сонссон шүүмжлэлээр өөрийгөө хүмүүжүүлж, ур чадвараа ахиулах боломж олддог давуу талтай.
Анхны сурвалжилгаа Дуурь бүжгийн эрдмийн театраас хийж билээ. Тус театрын захирлаар ажиллаж байсан Б.Сэргэлэнгээс мэдээлэл авсны зэрэгцээ Францаас ирсэн удирдаачтай уулзсан юм. Тухайн үед театрын захирлын ярилцлагад орсон “консерватори” гэдэг үгийг өөрийнхөө дуудлагаар “консерватур” гэж бичээд нэлээд сайн “бангадуулсан”.
Сэтгүүлч хүн мэдлэгтэй, мэдрэмжтэй, сэтгэлтэй байх хэрэгтэй гэж манай сонины эрхлэгч хэлдэг. Уг шаардлагад бүдэрсэн минь энэ. Соёл, урлагийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэж, үзэгч, уншигчдыг урлагтай холбох гүүр болохоор зорьсон л бол мэдлэгээ зузаатгаж, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэйг эндээс ухаарсан.
Мэргэжлийн сургуульд найман настайгаасаа суралцаж, гадаадад мэргэжил дээшлүүлсэн хөгжимчин, амьдралынхаа турш суралцаж, аугаа зохиолчдын сэтгэлийн нууцыг тайлж үзэгчдэд хүргэдэг найруулагч, гүн ухаан шингэсэн найргаараа олны анхаарал татдаг яруу найрагчдын энд хүрэхгүй ч ярьж байгаа зүйлийг нь ойлгоод, зөв мэдээлэл хүргэдэг болохын тулд хичээх хэрэгтэй болсон.
Урлагийг үзэгчдэд танин мэдүүлж, уриалан дуудах гүүр нь сэтгүүл зүй. Тэр дундаа үзэгчийг мэдээллээр хөтлөн театрт аваачих хөтөч нь сэтгүүлч.
Шүүмж судлал өндөр хөгжсөн улс орнуудад мэргэжлийн сэтгүүлд өөрийнх нь тоглосон жүжиг, киног хэрхэн дүгнэснийг олж уншихын тулд алдартнууд хичээдэг. Харин Монголд өөр. “Хэвлэлийнхэн бидний нэрээр, миний ярилцлагаар ашиг олж амь зогоодог” гэсэн бодолтой уран бүтээлч байхад, “Тэдэнд яриад ч ойлгохгүй” гэж үл ойшоох нэгэн байна. Хоёр туйлд хуваагдсан тэдний дунд өөрөө суралцаж, өрөөлд танин мэдүүлэх үүргийг сэтгүүлч хүлээнэ.
Хоёр жилийн өмнө Монголын урлагийн зөвлөлийнхөн соёл урлагийн нэвтрүүлгийн нийтлэг төрхөд ажиглалт хийсэн байна. Телевизийн нэвтрүүлэгт мэдээллийн, хөгжмийн, урлагийн тоглолтын тухай сурталчилгааны мэдээлэл давамгайлж, дэлхийн сонгодог бүтээл, соёлын олон төрөл зүйл, урлагийн түүх, орчин үеийн болон үндэсний урлагийн талаарх нэвтрүүлэг ховор байгааг тэд олж харжээ.
Түүнчлэн Урлагийн зөвлөлөөс соёл урлагийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулж, Монголын соёлын салбарын хүндтэй төлөөлөгчид болон АНУ-ын “Артс журнал” цахим сэтгүүлийн эрхлэгч, сэтгүүлч Дуглас Мак Леннатай яриа өрнүүлэх боломж олгосон юм.
Энэ сургалт мэдлэг түгээх, мэдээллээ мэдрэмжтэй, сэтгэлтэй бэлтгэхэд сэтгүүлчийг уриалж, бас ташуурдсан. Сониуч, эрэл хайгуулч гэсэн өгөгдмөл авьяастай байлаа гээд энэ мэргэжлийг эзэмших боломжгүй. Харин мэдлэг олгох, мэдээллийг хүлээн авах зайлшгүй хэрэгцээ нийгэмд бий нь маргаангүй үнэн.
Мэдлэгтэй хэсэг нь “Тэд ойлгохгүй”, “Тэд биднээр ашиг олж байна” гэсэн хаалт босгоод сэтгүүлчийн эрлийг мухардуулдаг. Монголын ерөнхий болон дээд боловсролын системд урлагийн боловсрол олгох сургалтыг орхигдуулснаас энэ бүх зааг ялгаа бий болсон гэж ойлгож болно.
Миний ажигласнаар өдөр тутмын сонинд ажилд орж байгаа шинэ, залуу сэтгүүлчдийг төлөвшүүлэх, мэдээгээ цэгцтэй бичиж сургах “бэлтгэл анги” нь Соёл, урлагийн мэдээллийн алба болох хандлагатай байна. “Өнөөдөр гарах үзэсгэлэн рүү шинэ охиныг эсвэл хүүг явуулаарай. Сурвалжилга хийгээд ирэг” хэмээн хайнгадуухан даалгавар өгөх нь ч бий.
Гэтэл дүрслэх урлагийн ямар төрлийг харуулсан, хэний үзэсгэлэнд очиж байгаагаа ч мэдэхгүй залуус төөрч будилсаар танхимд очих болно. Тэдэнд сонгодог уу, орчин үеийнх үү, эсвэл нэн шинэ үеийн уран бүтээл үү гэдгийг судлах бүү хэл сураглах боломж ч олдохгүй. Урлаг агуу учраас тэдний сэтгэлийг эзэмдэж, өгөхөө өгнө.
Ус “үнэртүүлж”, нулимс “унагасан” зургууд урлагт элэгтэй нөгөөгийнх нь сэтгэлийг татах ч, “антеннгүй” нэгнийх нь залхууг хүргэж, эвшээсээр энэ танхимаас бушуухан гарахын түүс болоход хүргэнэ. Манай сонинд дадлага хийхээр ирсэн нэг ангийн хоёр охиныг үзэсгэлэн сурвалжлуулахаар хамт явуулж, өөр өөрийнхөөрөө бичих даалгавар өгөхөд энэ дүгнэлтийг батлах шиг болсон.
Сэтгүүлч мэдрэмжтэй байх хэрэгтэй гэдэг бол соёл, урлагийн мэдээ мэдээлэл бэлтгэдэг сэтгүүлч бүр ч нарийн мэдрэмжтэй бас илүү мэдлэгтэй байх хэрэгтэй. Өөрийгөө боловсруулахаас гадна өрөөл бусдыг ч энэ замаар дардан явуулахын тулд богино хугацааны сургалт, цэгцтэй мэдээллээр хангах нь зүй.
Доод талын хэдэн гишгүүрийг бусдын тусламжтайгаар торолгүй давж, илүү нарийн мэдээлэл хүргэж чаддаг болбол үзэгчдэдээ гүйцэгдэхгүй болов уу. Урлаг үзэгчдээс нэг алхмын түрүүнд явж, соён гэгээрүүлдэг. Тэгвэл уран бүтээлчдээсээ мэдлэг дутуу, мэдрэмж тааруу байх эрх сэтгүүлчид байхгүй.
Театр, чуулгууд нэг үеэ бодоход мэдээллээ нээлттэй түгээж, уран бүтээлчдээ ярилцлага өгүүлэхээр төлөвлөдөг болоод байна. Гэхдээ тэдэнд тоглолтын өмнөх ярилцлага, эсвэл үзэгч татах зорилготой пиар мэдээлэл чухал болохоос биш соён гэгээрүүлэх, мэдлэг олгох зүйлсийг орхигдуулах нь бий.
Үзэгчийг нэг удаа тоглолт үзүүлэх эсвэл байнга театр руу татагддаг болгох хоёрын дунд асар их ялгаа бий. Монголын үзэгчдэд соёл, урлагийн байгууллагаар үйлчлүүлэх дадал бага, мэдээлэл болон цаг зав хомс байдаг.
Тэгвэл дадал бий болгох боломж байгаа, түүнд нь хувь нэмрээ оруулахыг хүсвэл театр, чуулга болон бусад соёл, урлагийн байгууллагууд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай нээлттэй хамтран ажиллаж, сэтгүүлчдийг боловсорч, бас илүү танин мэдэхүйн, соён гэгээрүүлэх ач холбогдолтой мэдээлэл бэлтгэхэд туслах нь зүй.
Том мөрнийг гатлах гүүрийг зөвхөн нэг талаас нь барих боломжгүй. Хоёр “айл” сэтгэл нэгтэй зүтгэвэл даацтай, сайн гүүр барих нь дамжиггүй.
Ж.СОЛОНГО