2011 оны арваннэгдүгаар сар: “ТҮЦ шатаж, худалдагч эмэгтэй амиа алдав”,
2012 он: “ТҮЦ-үүд хугацаа нь дууссан бүтээгдэхүүн зарж байна”, “ТҮЦ-үүд шөнө архи шагладаг болжээ”,
2013 он: “ТҮЦ-үүдийг албадан буулгалаа”, “ТҮЦ-ээ хураалгахгүй гэсэн эмэгтэй бензин уув”,
2014 он: “ТҮЦ-үүдийг стандарттай болгоно”, “Жишиг ТҮЦ нээлтээ хийлээ”,
2015 он: “ТҮЦ-үүдийг шинэчилнэ” хэмээх мэдээлэл олон нийтэд хүрчээ.
1990-ээд оны эхээр бий болсон ТҮЦ гэх жижиглэн худалдааны мухлаг өнөөдрийг хүртэл маргаантай сэдэв байсаар. Хотын өнгө үзэмжийг гутааж байна хэмээн тэднийг хэсэг ад үзэв. Түүний дараа эрүүл ахуйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүн худалдаж байна гэв. Ялангуяа бага насны хүүхдүүд ТҮЦ-ээс хадгалах горим алдагдсан бүтээгдэхүүн худалдан авч, хэрэглэж буйг эцэг, эхчүүдэд байнга сануулдаг.
Гэвч саяхныг хүртэл ТҮЦ-үүдэд тавих шаардлага тодорхойгүй, түүгээр худалдаж болохгүй бүтээгдэхүүнийг нарийвчлан зааж өгөөгүй байв. Мэргэжлийн байгууллагууд удаа дараа шалгалт хийж, багагүй зөрчил илрүүлсний дараа ТҮЦ-ийн үйл ажиллагааг журамлах ёстой гэдэгт нийслэлийн удирдлагууд санал нэгдсэн.
Улмаар 2014 оноос ТҮЦ тойрсон асуудлыг шийдэх талаар албаны хүмүүс зөвшилцөн, тухайн оны дөрөвдүгээр сард нийслэлийн ИТХ-аас “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам” баталсан юм. Энэ журам нь ТҮЦ-ээр юу худалдах, ариун цэвэр, хөдөлмөр хамгааллыг хэрхэн сахих, худалдан авагчдад эрүүл, аюулгүй орчинд үйлчлэх нөхцөл яаж бүрдүүлэхийг тодорхой болгосон юм.
Мөн хотын өнгө үзэмжийг доош татах учиргүй хэмээн ТҮЦ-ийн жишиг загвар гаргаж, ТҮЦ эрхлэгчдэд “Муухай ТҮЦ-ээ гоёор солиод, энэ журмыг мөрдөх л юм бол хэн ч хөөхгүй” хэмээн албаны хүмүүс мэдэгдэж байв. Гэвч өдгөө уг журмыг хангалттай хэрэгжүүлж буй ТҮЦ цөөн, түүнийг тойрсон маргаан үргэлжилсээр. ТҮЦ-үүдийн нөхцөл байдал одоо ямар байгаа бол.
Дээрх журамд гадна, дотор хяналтын камер, ариун цэврийн өрөө, түүнд ашиглах цэвэр ус, үнэр дарагч болон халдваргүйжүүлэх бодис, бохир нөөцлөх савтай байх шаардлага тавьсан ч хэрэгжүүлсэн ТҮЦ нэг ч алга. Мөн худалдан авагчдад үйлчлэх талбай нь 10 ам метрээс доошгүй байх ёстой. Харин гаднах таван ам метр талбайд цэцэрлэгжүүлэлт хийх ёстой гэсэн заалт ч бараг биелсэнгүй.
БАЙР СУУРЬ
Д.ЭНХЦОГТ (Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Архитектур, дизайны хэлтсийн дарга):
-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба ТҮЦ ажиллуулах үйл ажиллагааных нь журмыг гаргаж, хэрэгжилтэд хяналт тавьж буй. Уг нь ТҮЦ тавих байршлыг манайхтай зөвшилцөх ёстой. Гэвч иргэд дуртай газраа тавьж байна. Одоо бид үүнд ямар нэг байдлаар оролцох боломжгүй.
Ж.ӨЛЗИЙХУТАГ (Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтэн):
-Манайх барилга, авто замын уулзвар, буудлаас ТҮЦ ямар зайд байрлах вэ гэсэн стандарт гаргасан. Харин үйлчилгээний талбай хэр том байх зэргийг журмаар зааж өгсөн. Түүнээс биш ТҮЦ тийм өргөн, урттай байна гэдгийг нарийвчлаагүй. Гэхдээ журамд өөрчлөлт оруулах шаардлага бий. Хэрэв журамд ТҮЦ-ийн хэмжээ, өнгө дизайныг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар батална гээд оруулчихвал үүнийг зохицуулах боломж бий. Өөрөөр хэлбэл, журамд заасан загварын ТҮЦ-ийг иргэд өөрсдөө ч хийх боломжтой болно. ТҮЦ-тэй холбоотой бүх эрхийг дүүргүүдэд өгчихсөн. Гэтэл дүүргүүд нэгдсэн зохион байгуулалтад оруулж чадахгүй байна.
Т.СЭРГЭЛЭН (Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн):
-Нийслэлийн ИТХ ТҮЦ ажиллуулах журам баталсан. Журамд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан загвар, дизайнтай ТҮЦ байрлуулах ёстой гэсэн заалт бий. Үүний дагуу манай алба дүүргүүдэд баталсан загварын ТҮЦ байршуул гэдэг тоот хүргүүлсэн. Түүнээс биш зөвхөн “Киг” ХХК-ийн ТҮЦ-ийг ав гээгүй. Хамгийн гол нь тус компани л загвараа батлуулсанд учир бий. Гадуур байгаа янз бүрийн загвартай ТҮЦ стандартын шаардлага хангахгүйн дээр иргэд дур мэдэн ТҮЦ тавьж буйгаас өнөөдрийн маргаантай асуудал үүссэн. Ер нь ТҮЦ тойрсон асуудал их бий. Үүнийг цэгцлэх хөрөнгө мөнгө алга. Зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг нүүлгэх гэх мэт зардал байхгүй гэсэн үг.
Л.АМАРЗАЯА (Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч):
-Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар ТҮЦ-ийн зургийг баталсан. Иргэд түүн шиг ТҮЦ барьж, үйлчилгээ эрхлэх ёстой. Гэтэл зураг төсвөө батлуулаагүй компаниудын хариуцлагагүй байдлаас болоод өнөөдөр ийм байдал үүссэн. Уг нь компаниуд загвар зургаа батлуулчихвал энэ мэт асуудал үүсэхгүй байсан. Үүнээс гадна иргэдийн хариуцлагагүй байдал бас нөлөөлж байна. Хэнээс ч зөвшөөрөл авалгүй ТҮЦ хийлгээд, хүссэн газраа тавьчихаж байгаа юм. Ингээд дүүргээс зөвшөөрөл авна гэдэг. Бид стандартад нийцэхгүй, хориотой газар байрлаж буй ТҮЦ-т зөвшөөрөл өгч болохгүй. Иргэд эхлээд зөвшөөрлөө авах ёстой. Тиймээс бид АСЕМ-аас урьтаж үүнийг цэгцэлнэ. Тэгэхгүй бол 1990-ээд оны үе шиг ТҮЦ-үүд дэндүү эмх замбараагүй боллоо шүү дээ. Түүнээс биш зөвхөн “Киг” ХХК-ийн хийсэн загварыг ав гэж шахахгүй байгаа.
Д.МӨНХБАТ (“Киг” ХХК-ийн захирал):
-Манай компани 2013 оноос ТҮЦ хийн, худалдаж байна. Ингэхдээ жилээс
жилд загвараа сайжруулдаг. Хамгийн сүүлийн загварын ТҮЦ энэ сарын 30-нд үйлдвэрээс гарна. Сүүлийн үед манай компанийг албаны хүмүүстэй нийлж, үнэтэй ТҮЦ шахаж байна гэх боллоо. Үнэндээ манайх л нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраар зургаа батлуулсан. Стандартын шаардлагад нийцсэн 12 ам метр талбайтай ТҮЦ хийж байгаа. Бидний үйлдвэрлэж буй ТҮЦ бүгд төмөр. Дээрээс нь нийслэлээс гаргасан журамд заасан шаардлагуудыг хангаж буй. Ер нь энэ асуудалд үнэ ярих дэмий. Бүгд л нийслэлийн иргэн учир хотынхоо өнгө, үзэмжийг бодох нь зүйтэй болов уу.
ТҮЦ-үүдийн урт, өргөнийг хэмжиж үзэхэд ихэнх нь 3.5х4.5 метр хэмжээтэй байв. Бүр 1.5х2 метр хэмжээтэй ч ТҮЦ байна. Зарим нь зайлшгүй байх ёстой ариун цэврийн өрөөгүй бол, өрөөтэй нь түүнийгээ зориулалтаар ашиглахгүй, бараа хураах тасалгаа болгожээ. Үүнээс гадна хурдан муудахгүй, хаяг шошгын зөрчилгүй бүтээгдэхүүн худалдах ёстой.
Гэвч ТҮЦ-ээр сэндвич, жимс, бялуу гэх мэт амархан мууддаг, хадгалах тусгай горим шаарддаг бүтээгдэхүүн худалдах нь их байв. Бага насны хүүхдүүд хичээлээ завсарлахаар ТҮЦ-ээс наполеон торт, алим, хотдог зэргийг авч иддэг аж. Шинэ журам гаргасан ч тэр нь хэрэгжихгүй байгааг хэдхэн алхаад л хүрэх зайд байрлаж буй ТҮЦ-үүдээс харж болохоор юм билээ.
Шил шилээ дагасан ТҮЦ-үүд бүгд зөрчилтэй байв. Эвтэйхэн ороод асуувал сургуулийн хажуугийн ТҮЦ- ийн худалдагч ч тамхи гаргаад л ирнэ. Уг нь ТҮЦ-үүдэд дүүргүүд хяналт тавих ёстой гэнэ. Гэвч тэд хяналт тавьж чаддаггүй, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-ийг нүүлгэх оролдлого хийдэг ч тэр нь удаа дараа бүтэлгүйтдэг гэнэ.
Энэ талаар Сүхбаатар дүүргийн иргэн Н.Насанбуян “Би Сансрын туннель орчмоор байнга явдаг. Өмнө нь энд хоёр л ТҮЦ байсан бол одоо зургаа болчихсон. Зарим нь жижиг, зарим нь том. ТҮЦ-ээ гацуур шиг гэрлээр чимэглэчихсэн нь ч бий. Өнгөрсөн жил цэгцэлнэ гээд байсан ч эсрэгээрээ, бүр замбараагаа алдсан” гэж ярилаа.
ТҮЦ-үүдийг үнэхээр хаа сайгүй, эмх цэгцгүй байрлуулжээ. XI хороололд ногоон байгууламж дээр, Арслантай гүүрний дэргэд, Сансрын туннелиэс уруудаад явган хүний зам дээр, Соёлын төв өргөөний хойд талын нийтийн эзэмшлийн талбай, автомашины зогсоол гээд энд тэндгүй ТҮЦ тавьчихаж.
Уг нь Улаанбаатар хотын ерөнхий менежер дүүрэг бүрт байрлах ТҮЦ-ийн тоог 2015 оны гуравдугаар сарын 31-нд батлан, Сүхбаатар дүүрэгт 54, Баянгол дүүрэгт 88, Чингэлтэй дүүрэгт 40, Сонгинохайрханд 74 байна гэх мэтчлэн, байрлуулах газартай нь тодорхой зааж өгсөн юм билээ.
Гэтэл хүмүүс хуучнаа шинээр сольж, дүүргээс зааж өгсөн газарт байршуулахтай зэрэгцэн зарим нь дур мэдэн ТҮЦ тавьж, гал дээр тос нэмжээ. Олон ТҮЦ тавьчихаад, тэднийгээ өндөр үнээр түрээсэлж, сар бүр сул орлого олдог хүмүүс байдгийг эх сурвалжууд хэлж буй. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт 20 ТҮЦ-тэй, нэгийг нь сард 800.000-1.000.000 төгрөгөөр түрээслэдэг хүн байдаг гэнэ.
Уг мэдээллийн мөрөөр Зуун айл, Ардын эрх, Жуковын музей, Кино үйлдвэр, Хавдар судлалын үндэсний төв орчмын ТҮЦ-үүдээр ороход дүүргээс олгосон зөвшөөрлөө ханандаа өлгөсөн нь цөөн аж. Худалдагч нь “Би үүнийг түрээсэлдэг. Эзэнд нь зөвшөөрөл нь бий” гэхээс өөр зүйл хэлсэнгүй.
Гэтэл заримынх нь хаалган дээр ТҮЦ-ээ холдуулахыг шаардсан хуудасны тасархай наалттай үлдсэн байв. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн баталсан журам хэрхэн хэрэгжиж буйг эндээс харж болно.
ТҮЦ ажиллуулагсад үйлчилгээний 10 ам метрээс багагүй талбай, ариун цэврийн өрөөтэй цэгт худалдаа эрхлэх ёстой. Гэвч нийслэлээс гаргасан дээрх шийдвэрийг ТҮЦ эрхлэгчид эсэргүүцэж буйгаа хэдхэн хоногийн өмнө мэдэгдэв. Тэд “Бид өөрсдийн боломжоор ТҮЦ-ээ шинэчилсэн. Гэтэл “Киг” хэмээх компанийн хийж буй ТҮЦ-ийг 15 сая төгрөгөөр худалдан ав гэлээ. Бидэнд ийм боломж алга.
Албаны хүмүүс “Киг” ХХК-иас бусад нь хийж буй ТҮЦ-ийнхээ зургийг батлуулаагүй тул албадан буулгана гэсэн” хэмээв. “Киг” ХХК 2014 оны арваннэгдүгээр сард ТҮЦ-ийнхээ загвар зургийг батлуулан, улмаар худалдаж эхэлсэн аж. Ингэхдээ иргэдэд 8-12 сая төгрөгийн үнэ санал болгож байжээ.
Гэтэл арван сая төгрөгөөр ТҮЦ авах боломжгүй хүмүүс бусад компанийн хийж буйг хямд үнээр худалдаж авсан байна. Уг нь нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар нэгдсэн журмаар нэг стандарт баталсан бол ийм маргаан үүсэхгүй байж. Нэгдсэн стандарт байхгүй атал хувь хүмүүс өөрсдөө ТҮЦ хийж болохгүй гэнэ.
Тиймээс загвараа батлуулаагүй компаниас ТҮЦ худалдаж авсан иргэд ийнхүү хохироход хүрчээ. Энэ бүх асуудал нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар нэгдсэн журмаар ТҮЦ-ийн загвар гаргах, эсвэл одоогийн компаниуд загвар зургаа батлуулсны дараа л шийдэгдэх бололтой.
Г.БАЯРЦЭЦЭГ