Гадаа хаврын урь орж байна. Удахгүй хаврын тариалалт эхэлнэ. Тариаланчид маань техникээ сэлбэж, үрээ базааж байгаа нь дамжиггүй. Тэд өнгөрсөн жил 300 гаруй мянган га-д үр тариа тариалсан. Хүнс, хөдөө аж ахуйн яамныхан тандалт судалгаа хийхэд энэ жил үүнээс ч том талбайд тариа тарих төлөв гарчээ.
Монгол Улс 300 орчим мянган га талбайд улаан буудай тариалахад хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой. Тэгэхээр улаан буудай экспортлох ч боломж бүрдэх нь. Гэхдээ манайд усалгаатай тариалан хөгжөөгүй учраас тариа арвин ургах, эсэх нь технологийн сайн, хүний хөдөлмөр зүтгэлээс хамаарахгүй.
Тэнгэрийн ааш аягаас ихээхэн шалтгаална. Хурмаст тэнгэр хураа хайрлаж, бас нар тэгширвэл өндөр ургац хураана. Ингэвэл тариаланчид ашиг орлого олж, улс орон хүнсний аюулгүй байдлаа хангана.
Хурмаст тэнгэр хураа харамласан учраас өнгөрсөн жил улаан буудай ургаагүй. Тариаланчдын олонх алдагдал үүрсэн. Тиймээс үр, шатахуун худалдаж авах мөнгөгүй, төрөөс дэмжлэг нэхээд сууж буй гэнэ. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Хөгжлийн банкинд тариаланчдыг дэмжих зээлийн шугам нээлгэхээр ажиллаж байгаа.
Хаврын тариалалт эхлэхээс өмнө санхүүжилтийг нь шийдэж өгөх зөв шийдвэр байх болно. Өмнөх жилүүдэд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хураасан тонн буудай тутамд 50-100 мянган төгрөгийн урамшуулал олгож байлаа.
Гэтэл төсвийн орлого багассан гэсэн шалтгаанаар энэ жил тэдний гар дээр урамшуулал тавьсангүй. Тиймээс санхүүгийн бэрхшээлтэй байх нь аргагүй.
“Атрын III аян”-ыг эхлүүлснээс хойш буюу сүүлийн найман жилд газар тариалангийн салбар сэргэн хөгжиж байна. Салбар нь ч, ажиллаж буй компаниуд нь ч оргүй хоосноос эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Олсон жаахан ашгаараа тариаланчид эхний ээлжинд техник хэрэгслээ шинэчилсэн, агуулах, үтрэмээ бариад байна.
Анхан шатны хөрөнгөө бүрдүүлсэн гэсэн үг. Цаашлаад тариагаа бордох хэрэгтэй. Усалгаатай тариалан хөгжүүлэх учиртай. Бордоо авахад, усалгааны систем нэвтрүүлэхэд хөрөнгө оруулалт шаардлагатай. Одоо л зарим тариаланч тариан талбайнхаа хөрсийг бордож эхэлж байна.
Усалгаатай тариалан эрхлэх болтлоо чөмөг суутал дахиад хэдэн жил зарцуулах байх. Хэрвээ усалгаатай тариалан хөгжүүлчихвэл арвин ургац хураах, эсэх нь хурмастаас биш, хүний хөдөлмөрөөс хамаарах юм.
Тариаланчид арвин ургац хурааж байж өрөө дарна. Улс орон хүнсний аюулгүй байдлаа хангаж байж, нүүр бардам урагшилна. Хурмаст тэнгэр хураа хайрла.
Т.ЭНХБАТ

БАЙР СУУРЬ
Орон нутгийнхан тариалалтад бэлэн үү. Салбарын яамнаас энэ сарын 10-наас тариалалтын бэлтгэл ажил эхэлсэн гэж мэдэгдэж буй. Тэгвэл хөдөөд энэ ажил хэрхэн явагдаж байгаа, хүндрэл бэрхшээл хэр олон байгаа талаар аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар болон тариалангийн зарим компанийн удирдлагаас тодрууллаа.
200.000 ТОНН ТАРИА ХУРААН АВАХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ
Х.ДАВААХҮҮ (Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга):
-Бэлтгэлээ сайн хангаж байгаа. Тариаланчдад цөөнгүй бэрхшээл тулгарч буй ч төрөөс дэмжиж, хаврын тариалалтыг хэвийн явуулахаар төлөвлөж байгаа шүү дээ. Дээр нь энэ жил буудайн урамшуулал олгох болсон. Улсын эдийн засгийн байдал сайнгүй байгаа тул өнгөрсөн жилүүд шиг тонн тутамд нь 70.000, 100.000 төгрөг өгөх боломж хомс байх.
Гэхдээ юутай ч урамшуулал олгох болсон нь тариаланчдад томоохон дэмжлэг болно. Мөн тариаланчдад 100 тэрбум төгрөгийн зээл олгохоор яригдаж байгаа. Иргэн, аж ахуйн нэгжүүд хүндрэлтэй, шийдэх шаардлагатай асуудлуудаа энэ сарын 25-нд болох тариаланчдын улсын зөвлөгөөний үеэр ярих болов уу.
Аймгийн хэмжээнд 150.000 га талбайд тариалалт хийж, 200.000 гаруй тонн үр тариа хураан авах төлөвлөгөөтэй. Улсын хэрэгцээний 50 хувийг манайх дангаараа хангадаг шүү дээ. Ажил эхлэхээр нарийн тоон мэдээ нь гарна. Уриншаа хийсэн.
Үр бага зэрэг дутаж болзошгүй ч энэ талаар салбарын яамнаас болон аж ахуйн нэгжүүд нэлээд анхаарч байгаа учир тариалалт эхлэхээс өмнө зохицуулчих байх. Тоног төхөөрөмж хүрэлцээтэй, засвар, үйлчилгээ дууссан.
АРВИН УРГАЦ АВАХ, ЭСЭХ НЬ ТЕХНИК БОЛОН ХӨРСНӨӨС ХАМААРНА
Д.ДЭЛГЭРБАЯР (Орхон аймгийн “Орхон тариа” ХХК-ийн захирал):
-Манай компанийнхан тариалалтын бэлтгэл ажлаа хараахан эхлээгүй. Бид жил бүрийн дөрөвдүгээр сард бэлтгэлээ эхэлдэг. Трактор, комбайн зэрэг техникийн бүрэн бүтэн байдлаа хангах нь чухал. Арвин ургац авах, эсэх нь техник болон хөрснөөс хамаарна шүү дээ.
ИРЭХ САРААС БЭЛДЭЖ ЭХЭЛНЭ
Н.ЭНХБОЛД (Сэлэнгэ аймгийн “Номунхан” ХХК-ийн захирал):
-Ирэх сараас л тариалалтын бэлтгэл ажлаа эхэлнэ. Одоохондоо сайн дулаараагүй, цас мөс ч хайлаагүй байна. Манайх 40 орчим ажилчинтай. Энэ жил хэдэн га газарт тариалалт хийхээ төлөвлөөгүй байна.
Хөрсний үржил шим болон техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал бидэнд чухал учраас үүнд л гол анхаарлаа хандуулж ажилладаг.
ТӨМСНИЙ ҮРИЙГ 100 ХУВЬ БҮРДҮҮЛЛЭЭ
Л.ДАВААСҮРЭН (Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга):
-Дулааны улирлын цаг уурын төлөв одоогоор гараагүй байна. Дөрөвдүгээр сарын эхээр гарах байх. Манайх энэ жил 72.994 га-д тариалалт хийж, 70.000 га-д уринш боловсруулах зорилт дэвшүүлсэн.
Өнгөрсөн жил тэг элдэншүүлгээр 12.087, цомхтгосон технологиор 43.867, уламжлалтаар 16.517 га талбайд уринш боловсрууллаа. Энэ хаврын тариалалтад 10 сумын 43 аж ахуйн нэгж, таван иргэн 6459 тонн улаан буудайн үр, төмсний 12.018 тонн үр тус тус нөөцөлсөн нь үр тарианы 73.5, төмсний үрийг 100 хувь бүрдүүлж байгаа.
Хөрсний үржил шимийг хамгаалах, нэгжээс хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд найман сумын 284 аж ахуйн нэгж, иргэн 1907 тонн бордоо, ургамал хамгааллын 110.735 литр бодис захиалсныг нэгтгэн, салбарын яаманд хүргүүллээ.
Тариалалтад 1124.4 тонн шатахуун, 2457 хүн, үр зөөвөрлөх 596 тээврийн хэрэгсэл шаардагдах тооцоо гарсан. Ирэх сард аймагтаа тариаланчдын зөвлөгөөн зохион байгуулахаар бэлтгэж байна.
ИНФОГРАФИК

ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ
Улаан буудайн илүүдэл бий болсон хэвээр байна
НҮБ-ын тооцоолсноор улс орнуудын улаан буудайн тариалалт энэ онд буурах ч, тийм их хэмжээгээр биш гэнэ.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын үзэж буйгаар дэлхийн улаан буудайн “үйлдвэрлэл” энэ онд 723 сая тоннд хүрэх аж. Тэгвэл Дэлхийн үр тарианы зөвлөл дээрх тоог 711 сая тонн байна гэж таамаглажээ.
Улаан буудайн тариалалтаар дэлхийд тэргүүлэгч Хятадын дараа жагсдаг Энэтхэг, бас Австрали, Европын зарим орны ургац багасах төлөвтэй аж.
АНУ-ын тариалалт ч 1970 оноос хойших хамгийн доод түвшиндээ хүрч болзошгүй гэнэ.
Гэхдээ дэлхийн зах зээлд улаан буудайн илүүдэл хуримтлагдсан хэвээр байгаа юм. АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр улс орнуудын уг таваарын нөөц өнгөрсөн сард 237.6 сая тоннд хүрчээ.
Европын орнуудын борлуулаагүй улаан буудайн нөөц 2017 оны зургадугаар сарын эцэст сүүлийн найман жилийнхээ дээд түвшинд хүрч магадгүй байгааг Европын холбоо мэдээлээд буй.
Дашрамд дурдахад, улаан буудайн тариалалтаар тэргүүлдэг урд хөрш энэ онд 130, гуравдугаарт жагсдаг ОХУ 60 орчим сая тонн ургац авах төлөвтэй байна.
Ц.БОЛОРМАА
ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА
Манай санд 6.8 мянган тонн үр бий
Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хангамж, борлуулалтын албаны дарга Б.Болороос тодрууллаа.
-Танай санд хэдий хэмжээний үрийн нөөц байна вэ?
-Өнөөдрийн байдлаар манай санд 6.8 мянган тонн үр бий. Үүн дээрээ дөрвөн мянган тонн үр нэмж авах төлөвлөгөөтэй. Ингэхдээ хоёр мянган тонныг дотоодоос, үлдсэнийг нь гадаадаас авахаар төлөвлөж байгаа.
Тэгэхээр манай сан 10 гаруй мянган тонн үр нийлүүлнэ гэж ойлгож болно. Өнгөрсөн онд манайх найман мянга гаруй тонн үр нийлүүлж байсан шүү дээ. Тэгэхээр өмнөх жилийнхээ балансаас дутахгүй.
-Энэ жилийн тариалалт хийх талбайн хэдэн хувьд хүрэлцэх вэ?
-Энэ онд 300 мянган га талбайд тариалалт хийх төлөвлөсөн. Ийм хэмжээний талбайд тариалалт хийхэд нийтдээ 45 мянга орчим тонн үр шаардагдана. Тэгэхээр манайд байгаа үр дөрөвний нэгд нь л хүрэлцэх тооцоо бий.
-Энэ жил үрийн хомсдолд орж болзошгүй гэх мэдээлэл байгаа. Үнэн үү?
-Тариаланчдад 10 орчим мянган тонн, Улсын Онцгой комисст таван мянган тонн үр бий байх. Үүн дээр нэмээд яамнаас 15 мянган тонн үрийн квот зарласан. Тэгэхээр үрийн хомсдолд орохгүй байх гэж таамаглаж байна.
Засгийн газраас үрийг татвараас чөлөөлөх шийдвэр гаргасан учир аж ахуйн нэгжүүд өөрсдийн хэрэгцээнд зориулан үрээ оруулж ирэхээр хомсдолд орохгүй байх.
-Үрийн сортууд нь ямар байх вэ?
-Импортоор оруулж ирэх үрийн сортод Монгол Улсын газарт нутагшсан, зөвшөөрөгдсөн сортуудыг оруулж ир гэдэг шаардлага тавьдаг. Манай нөөцөд байгаа үрийн сорт уг шаардлагыг хангаж буй.
Аж ахуйн нэгжүүд өөрсдөө тариалалт хийх учир аль болох чанартай сортын үр оруулж ирэх байх. Манай санд алтайская-325, 530, дархан-34, 131, 144, сэлэнгэ, бурятская, бурятская-остистая сортын үрүүд бий.
-Танайх үрээ хаагуур тараах вэ?
-Дархан-Уул, Сэлэнгэ, Булган аймаг, Хөтөл, Угтаал, Хархорин зэрэг газарт үрээ нөөцөлж байгаа.
Г.ЦЭЦЭГ
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Н.АРИУНБОЛД: Дутагдах үрийн хэмжээг дотоодоос нөхөх бодлого баримтална
Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболдтой ярилцлаа.
-Энэ хавар хэдэн га талбайд тариалалт хийхээр төлөвлөв. Хэзээ эхлэх вэ?
-Газар тариалангийн үйлдвэрлэл технологийн нарийн хугацаатай. Гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 10-нд бэлтгэлээ хангана. Дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 25-нд үндсэн ажлаа амжуулна. Энэ жил 350.000 орчим га талбайд үр тариа, үүнээс 300.000 гаруй га-д нь улаан буудай тарина.
Гэхдээ талбайн хэмжээ нэмэгдэх хандлагатай байна. Хоёрдугаар сарын сүүлчээр аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газраас авсан мэдээллээр яамны төлөвлөснөөс 100.000 га-гаар илүү талбайд буудай тарих нь.
Үүнтэй холбоотойгоор дахиад 10.000 тонн үрийн буудай шаардлагатай. Дутагдах үрийн хэмжээг дотоодоос нөхөх бодлого баримталж байгаа.
-Хэдий хэмжээний ургац авна гэж төлөвлөсөн бэ. Цаг агаарын эрсдэлтэй нөхцөлийг тооцож байгаа юу?
-Манай улс жилд 400.000-460.000 тонн ургац хураан аваад, тэжээл, хаягдлаа ялгаад 320.000 тонныг нь гурилын үйлдвэрүүдэд нийлүүлж, дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангана. Газар тариалангийн үйлдвэрлэл байгалиас хамааралтай тул төлөвлөсөн ургацаа авна гэж баттай хэлэхэд хэцүү.
Энэ жил бас нэлээд халж магадгүй гэсэн. Гэхдээ баталгаатай биш. Дулааны улирлын цаг уур эрс өөрчлөгдөж байгаа тул манай цаг уурчид урт хугацааны төлвийг урьдчилан мэдэх аргагүй.
-Уриншид бэлдсэн талбайн хэмжээ хэд вэ?
-330.000 га талбайд уринш хийснээс 300.000 га-д нь буудай тарихаар төлөвлөсөн юм.
-Тариаланчид бэлтгэлээ хэр базааж байгаа бол. Техник хэрэгсэл хүрэлцээтэй юү?
-Техник хэрэгслээ засаж, сэлбэж байгаа. Манай тариаланчдын техникийн 60 орчим хувь нь шинэчлэгдсэн учир засвар бага байгаа болов уу.
-Үрийн буудай импортлох ажил ямар шатанд байгаа вэ. Тариалалт эхлэхээс өмнө амжих нь уу?
-Нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, тариалан эрхэлдэг 20 аж ахуйн нэгжид 14.000 тонн үрийн буудай импортлох квот олгож эхэлсэн.
-Улс хэр хэмжээний үр нөөцөлсөн бэ?
-Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС) өнгөрсөн намрын ургацаас 6800 тонн үр зээлээр авч, нөөцөлсөн. Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн газарт 5000 орчим тонн үр бий. Өнгөрсөн жил ургац бага ч чанартай байсан учраас томоохон компаниуд үр нөөцөлчихөөд, дотоодод борлуулах санал ирүүлж байна.
Тариаланчид нэгнээсээ үр авах боломжтой гэсэн үг. Аж ахуйн нэгж, тариаланчид нийт 24.000 тонн үрийн буудай нөөцөлсөн гэж мэдээлсэн.
-Ургацаа алдсан тариаланчид мөнгөгүй, хаврын ажлаа эхлэхэд хүндрэлтэй байна гэх боллоо. Энэ тал дээр төрөөс хэрхэн анхаарч, дэмжих вэ?
-Тариаланчдын 60-70 хувь нь санхүүгийн бэрхшээлтэй учир “Хөнгөлөлттэй зээл олгооч” гэж хүсэж байна. Тариалалтыг хэвийн явуулахын тулд яамнаас бодлогын чанартай нэлээд олон ажил хийж байгаа.
Эхний ээлжинд үрийн буудай импортлох тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, зөвшөөрөл авч, үрийн буудайн гааль, НӨАТ-ыг чөлөөлүүлсэн.
Мөн тариаланчдын санхүүгийн байдал хүндэрсэнтэй холбоотойгоор 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг Хөгжлийн банкаар дамжуулж гаргах асуудлыг өнгөрсөн намраас хойш хөөцөлдлөө. Тус банкны удирдлагууд энэ долоо хоногт багтаан шийднэ гэсэн.
-Шатахууныг онцгой албан татвараас чөлөөлөх тухай ярьж буй. Хэдийд шийдэх юм бол?
-Өмнө нь ТЭДС-гаар дамжуулан нийт үнийн 50 хувийг урьдчилан төлүүлж, үлдсэнийг нь намрын ургацаас авах зээлийн гэрээ байгуулж, шатахуун олгодог байсан.
Тариалалт, ургац хураалт, уриншид улсын хэмжээнд 20.000 тонн шатахуун шаардлагатай бөгөөд үүнийг онцгой албан татвараас чөлөөлүүлэх талаар яамдаас санал авчихсан, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд оруулна.
Ингэснээр нэг тонн шатахууны үнийн дүнгийн гуравны нэг буюу 520.000 төгрөг чөлөөлөх боломжтой.
-Газар тариалангийн салбарт шинэ техник технологи хэр нэвтрүүлж байна вэ?
-Дэлхий нийтээр цомхтгосон, элдэншүүлэггүй технологид нийцсэн техник ашиглаж байна. Манай тариалангийн газрын гуравны нэг нь л дөнгөж ийм технологи нэвтрүүлж эхэлж буй. Гадаадын технологийг шууд хуулбарлахаас илүү Монгол орны онцлогийг харгалзан, зөв нутагшуулах нь зүйтэй гэж үзэж байгаа.
Мөн хөрсний үржил шимийг дээшлүүлэхийн тулд уринш хийхгүй, тэжээлийн ургамал тарьдаг болох, элдэншүүлэггүй технологи хэрэглэх зэрэг олон шийдэл бий. Энэ тал дээр анхаарч, тариаланчдад зөвлөмж хүргүүлсэн.
-Хөрсний дайсан болох тосны ургамал энэ жил хэчнээн га талбайд тарих вэ?
-Тариалалт хийх нийт талбайн 15 орчим хувьд нь тосны ургамал тарьж болно гэсэн зөвлөмж гаргадаг. Харамсалтай нь, зарим газарт үүнийг зөрчиж, 20-25 хувьд хүргэх нь ажиглагддаг. Манайд рапс тарих, хураах техник тоног төхөөрөмж байхгүй учраас буудай тарих, хураах төхөөрөмжөө ашиглаж, хаягдал их гаргадаг.
Сүүлийн 3-4 жилд нэг га талбайгаас дунджаар 4.5-5.6 центнер рапс авч байгаа. 15-20 центнер авах хэмжээний рапс ургалаа гэхэд шүү. Ийм их хаягдал гаргаж байна гэсэн үг. Яамны зүгээс нийт талбайн 15 хүртэлх хувьд нь тосны ургамал тарина.
Мөн өнгөрсөн жил тарьсан талбайд дахиад тарихгүй, сэлгэх журам ашиглах зөвлөмж өгч буй. Тариаланчид уг зөвлөмжийн дагуу ажиллаж байгаа.
-Өнгөрсөн жил ургац алдахад цаашид усалгаатай тариалан хөгжүүлэх шаардлагатай гэж салбарын яамнаас мэдэгдэж байлаа. Энэ амлалтаа биелүүлэх үү?
-Улсын хэмжээнд усалгаатай 54.000 га талбай бий. Төмс, хүнсний ногоо тарьж байгаа талбайн 80-90 хувь нь усалгаатай. Харин үр тарианы хувьд маш бага. Газар тариалангийн үйлдвэрлэл байгаль, цаг уураас хамааралтай учраас усалгаатай тариалан хөгжүүлэх шаардлагатай нь үнэн.
Гэхдээ өртөг нь өндөр. Аж ахуйн нэгжүүд өөрсдийн зардлаар нэвтрүүлэхэд хүндрэлтэй. Улсын төсвөөс хөрөнгө оруулъя гэхэд эдийн засгийн байдал хүнд байна. Тиймээс гадаадын зээл, тусламжийг энэ чиглэлд хандуулах талаар ярьж байгаа.
Ч.МӨНХЗУЛ