Цэрэг тосох, үдэж мордуулах гэж сумын төв даяараа хөлхөлдсөн, хөгжилдсөн “баяр” хавар бүр л болдог байж билээ. Цэрэг ирэхийг сум даяараа хүлээнэ, харуулдана. Нар хойд уулын зулай руу гудайх үед “Зил-130” машинтай цэрэг эрс Ухаагүвээний үзүүр тойроод, айсуй харагддаг сан. Машины тэвшин дээр зогссон, цэрэг ногоон хувцастай тэд ой мод мэт найган, дуулах дуу нь тодрон тодорсоор сумын төв рүү ороод ирнэ.
“Дархан хилийн зүгт”-ийг дуулсаар малгайгаа даллан гэрээ ирэх ах нар яг л ялсан баатрууд мэт санагддаг байв. Сумынхан маань яах ийхийн зуургүй Соёлын төвийн өмнөх бэсрэг талбайд цуглан, ах дүү, анд нөхдөө угтаж авна. Тэднийгээ бүчиж аваад үнсэх нь үнсээд, золгох нь золгоод, уйлах нь уйлаад сүйд болдог сон.
Цэрэг хүргэж ирсэн машин маргааш нь дараагийн ээлжийн цэргүүд аваад буцна. Сумынхан маань дахиад л цуглан, тэдний баруун хацрыг үнсээд, хамаг л сайн сайхан ерөөлөө тавьж үлдэнэ. Морь, мотоцикльтойчууд нь Ухаагүвээний үзүүр хүртэл гаргаж өгөөд үлдэнэ. Албаа нэр төртэй хааж, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн, цэргийн эрдэм сурч, эр бяр тэгширсэн тэд дараа хавар дуулан дуулсаар ирнэ.
Цэрэг ногоон хувцсандаа алтан шаргал мөрдэс хадаж, энгэртээ тэмдэг хатгасан, цэргээс ирсэн ах нар уулын мухрын бяцхан сууриндаа генерал шиг л харагддаг байлаа. Тэднийг эх орны өмнө үүрэг хүлээсэн жинхэнэ эр хүн болсон гэж хүндэтгэж ах дүү, анд нөхөд нь хүлэг морь бэлэглэнэ.

2016.3.15 Хилийн цэргийн 0108 дугаар анги
Цэргээс ирсэн эрчүүд ааваасаа асуулгүй адуу наймаалцах, ээждээ мэдүүлэлгүй эхнэр эргүүлэх эрхтэй болж “тушаал дэвшдэг” байв. Саяхныг болтол цэргийн алба нэр төрийн алба байлаа.
Харин одоо цэрэгт явахыг цагийн гарз, хийх ажлаа олж ядсан хүний тэнэглэл гэж үздэг болжээ. Зарим нь “ухамсрын шанаа” авахаас ухаан алдтал айгаад цэргээс зугтана. “Цэргээс зугтагчид”-ын арми өргөссөөр л байна. Зугтаах боломжийг нь төрийн хууль олгосоор байгаа. Мөнгөөр дүйцүүлж алба хаахыг зөвшөөрснөөс хойш цэргийн албаны нэр хүнд шалдаа буулаа.
Цэрэгт хөдөөгийнхөн, эсвэл сургууль соёлын мөр хөөгөөгүй борцуул явдаг гэсэн ойлголт нийгэмд хэвших нь. Мөнгөтэй, мөнгөгүй, мэргэжилтэй, мэргэжилгүйгээс нь үл хамаараад бүх эрчүүд эр цэргийн алба хааж, эх орныхоо өмнө тангараг өргөх боломж нээх хэрэгтэй.
Төсөв мөнгөний боломжгүйгээс батлан хамгаалах салбарын “амьдрал” сайжрахгүй байгаа нь маргашгүй үнэн. Гэхдээ боломжгүй гээд суувал байдал хэзээ ч дээрдэхгүй.
Батлан хамгаалах салбарын цаашдын зорилтод “Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний хомсдол бий болох нь тодорхой байгааг анхааралдаа авч, цэргийн алба хаах хэлбэр, хугацааг эргэн харж, иргэдийг аль болох өргөнөөр цэргийн албанд хамруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх” гэж долоон жилийн өмнө тусгажээ. Гэсэн ч хэрэгжүүлэхдээ хөшүүн хэвээрээ л байна.
Социализмын үед эр хүн бүр цэргийн алба хааж байсан учир бэлтгэл нөөц бүрэлдэхүүн олон байсан. 1990 онд цэргийн алба хаасан хүмүүс таван жилийн дараа бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнээс хасагдана. Энэ үеэс бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн үлэмж багасах юм. Учир нь 1990 оноос хойш эр хүн бүрийг цэргийн албанд мордохыг шаардахаа больсон.
Мөнгө төлөөд “Цэргийн алба дүйцүүлэн хаав” гэсэн тамга даруулчихсан нөхдийг бэлтгэл нөөц гэж хэлэхгүй. Жинхэнэ цэргийн алба хаан, байлдааны зэвсэг, техник эзэмшиж, арга ажиллагаа явуулж сурсан эрсийг л ингэж нэрлэнэ. Эх орон дуудсан цагт бэлэн зогсож байх бэлтгэлтэй хүмүүс бүрдүүлэхийн тулд цэрэгт мордох эрчүүдийнхээ тоог нэмэхээс өөр замгүй.
Иймээс нэг ч эр хүн бусдаасаа хоцрохгүйгээр цэргийн жинхэнэ алба хаадаг механизм бүрдүүлэх, батлан хамгаалах салбарынхаа хөрөнгө оруулалтыг ч нэмэх хэрэгтэй байна. Хүн амын тоо, эдийн засаг өссөөр байгаа ч Баянхонгор, Баян-Өлгий аймагт барилгын цэргийн анги нээснээс өөрөөр монгол цэргийн хүрээ дорвитой тэлсэнгүй.
Монгол Улс хуурай зам, агаарын цэргийн хүрээгээ хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Манай агаарын цэргийн хүрээ цөөхөн анги нэгтгэлээс л бүрдэж байна. ОХУ-ын байлдааны онгоц хилийг нь зөрчихөд Туркийн агаарын цэргийнхэн сөнөөчихсөн.
Хэрэв Монголын хилийг хүний онгоц зөрчвөл хариу барих чадал бидэнд бий юү? Монголын цэрэг армид энхийг дэмжих, сахиулах ажиллагаанд оролцож байгаа мэргэжлийн цэргүүдээс өөр гайхуулах зүйл алга.
Эр хүн бүр нь эх орныхоо төлөө тангараг өргөж, цэргийн жинхэнэ алба хаадаг орон олон. Тухайлбал, Сингапур, Өмнөд Солонгос улсын насанд хүрсэн эрчүүд заавал цэргийн алба хаасан байх учиртай. Манай улсын цэргийн алба хаах хугацаа нэг жил. Тэгвэл сингапур, өмнөд солонгос эрчүүд хоёр жил алба хааж байна.
Эрчүүдээ бүтэн биш гэхэд хагас жилд цэргийн алба хаадаг болгох бодлого хэрэгжүүлээсэй. Дайн болно гэж ёрлоод эр хүн бүрийг цэрэгт татахыг уриалаад байгаа юм биш, тусгаар тогтносон улс учир дайчилгааны бэлэн байдлаа хангах учиртай. Өөр нэгэн зорилго нь эх оронч үзэлтэй, хатуужилтай эр хүн “бүтээх” хүсэл юм.
Монголын түүх, соёл, уламжлалыг үгүйсгэх үзэлтэй залуустай мэр сэр тааралдах болов. “Эрчүүд нялцгай болжээ” гэж хэлэхийг олонтаа сонслоо. Эрчүүдэд хатуужил, дэг сургууль, сэтгэлийн тэнхээ дутаж буйтай хэн ч маргахгүй биз.
Эрчүүдээ цэрэгт мордуулъя. Найман настай хүүхдүүдэд хичээл зааж буй багш залуу, үйл явдлын өрнөлийг олонд мэдээлэхээр яарч яваа сэтгүүлч хүү гээд монгол эр хүн бүр хатуужилтай байж, сэтгэлийнхээ мухарт эх орны төлөөх үзлийг үүрд хадгалж явах учиртай.
Улаанбаатараас, алс баруун Алтайгаас, аль эсвэл Дорнодын уудам талаас цэргийн албанд татагдсан залуу өглөө бүр соёмбот далбаагаа мандуулан, Төрийн дууллаа дуулж зогсохдоо юу боддог бол гэж төсөөлж үзлээ.
Магадгүй түүний зүрх сэтгэл эх орноо хайрлах, өмгөөлөх хүслээр бялхаж байдаг биз. Тэр цэргийн албаа хаагаад нутагтаа, гэртээ харина. Түүнийг хэрхэн угтах бол. Тэр эр хүн болсон нь лавтай.
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
Эх орон гэж юу вэ? гэдэг асуултад хариулт хайлаа. Зарим хүн үүнд “Юу гэж хариулахаа мэдэхгүй, би төрж өссөн газрыг л эх орон гэж боддог байсан. Гэтэл зарим тохиолдолд үгүй ч юм шиг.
Жишээлбэл, гадаадад төрсөн хүүхдүүд тэгээд эх оронгүй болж байна уу” гэх зэргээр хариулж байв. Уулзаж, ярилцсан хүмүүсийн олонх нь энэ талаар хэзээ ч бодож байгаагүй аж. Тэднээс цөөн хүнийх нь хариултыг сийрүүлье.
Б.Болд: (1987-1989 онд Зүүнбаянд хоёр жилийн хугацаат цэргийн алба хаасан. Одоо барилгын хувийн компанид жолооч хийдэг)
-Эх орон гэдэг бол бидний эргэн тойронд буй бүх зүйл гэж би бодож байна. Өмнөх нийгмийн үед хүн бүр ажилтай, нэг зорилготой байж. Тэр зорилго нь эх орноо хөгжүүлэх юм. Бүгд түүний төлөө хөдөлмөрлөдөг байсан. Одоо миний харж буйгаар залуус зөвхөн бор ходоодоо борлуулах гэж л ажиллаад байх шиг.
Я.Моломжамц: (1983-1986 онд Дорноговь аймаг дахь цэргийн 240 дүгээр ангид гурван жил алба хаасан)
-Намайг хугацаат цэргийн алба хааж байх үед “Сүлдэт баганаас Сүхбаатарын талбай хүртэл миний эх орон” гэж сургадаг байв. Би одоо ч ингэж л бодож явдаг даа.
Б.Элбэрэлт: (Турк улсын Истанбул хотод суугаа Монгол Улсын Ерөнхий консулын газрын дэд консул)
-Миний бодлоор хүн бүрийн үнэт зүйлсийн эх үндсийг эх орон гэнэ.
А.Отгонбаяр: (Программ хангамжийн инженер, математикч мэргэжилтэй, “Asterisk technolo¬gies” компанийн гүйцэтгэх захирал)
-Эх орон гэдэг их өргөн ойлголт. Дархан хил, газар нутаг, хэл, соёл, агуу түүх, зөвхөн монгол хүнд байх ген, цус энэ бүх үнэт зүйлийн цогцыг эх орон гэх болов уу. Аль нэгэнгүйгээр нь тусгаар улсыг тодорхойлох боломжгүй шүү дээ.
Б.Дөлгөөн: (Циркийн жүжигчин мэргэжилтэй, одоо Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүйн нэгдүгээр курсэд сурдаг)
-Эх орон гэдэг өвөг дээдсээс өвлүүлж өгсөн, хүн бүр хөгжин цэцэглэлтэд нь хувь нэмрээ оруулаад, үр хойчдоо өвлүүлж өгөх ёстой зүйл юм. Хүн бүр үр хүүхдийнхээ төлөө амьдардаг шигээ эх орноо байнга сэтгэлдээ тээж явах ёстой юм болов уу.
Б.Эрдэнэбат, Э.Амарсайхан: (“Тэмүүжин өрлөг” сургуулийн 11а ангийн сурагчид)
-Эх орон гэдэг нь ард түмэн, газар шороо, ёс заншил гэх зэргээр салгаж ойлгож болохгүй нэгэн бүхэл юм. Бидний эргэн тойронд буй бүх зүйл эх орны нэг хэсэг. Эх орон гэдэг нь хүн бүхэнд байдаг хамгийн чухал хөрөнгө. Миний эх орны хөгжил дэвшил надаас эхэлнэ. Тэгэхээр би өөрөө эх орныхоо нүүр царай нь. Монгол Улс ямар байхаас миний амьдрал шалтгаална шүү дээ.
Б.Ирмүүн: (“Улаанбаатар” бүрэн дунд сургуулийн 5в ангийн сурагч)
-Хүний амьдран сууж байгаа, өөрөө хамгийн сайхан нь гэж боддог тусгаар улсыг эх орон гэнэ. Хүн эх орноосоо өөр газарт очсон ч сэтгэл зүрхэндээ эх орноо байнга тээж явдаг гэсэн.
Ө.Одмаа: (БНСУ-ын Чонжү хотод гэр бүлтэйгээ амьдардаг)
-Яг тэр гэж хэлэх хэцүү юм. Гэхдээ өөр улс орны ямар ч сайхан газарт очсон манай Монголыг гүйцэхгүй юм байна гэх сэтгэл байнга төрдөг. Өөрөөр хэлбэл, бусад улс орныг Монголтойгоо харьцуулахад эх орон минь бүх зүйлээрээ үргэлж илүү санагддаг.
Гэхдээ зарим тал дээр манай Монгол нэг ийм болчихоосой гэж бодох үе бий. Тэгэхээр монгол хүн бүрийн сэтгэлд байдаг хамгийн үнэтэй баялаг, бахархал нь юм уу даа. Ер нь “Миний эх орон” гэх бодол монголчуудад илүү байдаг юм шиг.
М.Төрмандах: (Хилийн цэргийн 0108 дугаар ангийн бага дарга, дэд түрүүч)
-Цэргийн албанд ирээд удаагүй байхад Сэтгэл зүй, мэдээлэл соёл сурталчилгааны офицер хичээл зааж, биднээс “Эх орон гэж юу вэ” гэж асууж байсан юм. Тухайн үед бид “Дэлхийн улс орнуудын нэг”, “Бидний амьдарч байгаа газар нутаг, уул мод, гол горхи бүгд эх орон мөн” гэх зэргээр өөр өөрийнхөөрөө л хариулсан.
Харин офицер маань бидэнд П.Бадарч гуайн “Эх орны хилээс” шүлгээс уншиж өгч билээ. Одоо цэргийн албаа хаагаад, эх орныхоо дархан хилийг манаж үзсэнийхээ дараа бодохоор
“Сүлдэт баганын дэргэдэх ширхэг энэ чулуунаас
Сүхбаатарын талбай хүртэл эх орон минь бий
Сая ардын итгэл багтсан Сүхийн их талбайгаас
Тэртээ хилийн багана хүртэл энхрий нутаг минь бий...” гэх тэр дөрвөн мөрт их онож хэлсэн юм шиг санагддаг.
ИНФОГРАФИК

Т.ЭНХБАТ