Оюутан үедээ би номноос нэг сэдвийг нэлээд шимтэн судалдаг байлаа. Монголын тухай гадныхан юу гэж бичиж вэ гэдгийг. Түүхийн, урлагийн, спортын, соёлын, цэрэг армийн гээд есөн шидийн сэдвийн номыг эргүүлж харсан юм даг. Одоо ч гэсэн энэ хэвээрээ. Гэхдээ ном унших биш харин орос, англи хэл дээрх сайтуудыг баахан ухаж төнхдөг болсоон. Өмнөхөөсөө ч илүү шунадаг болж. Монгол түмнийг маань, монгол орныг минь гадныхан тэд юу гэж дүгнэв ямар гэж тодорхойлов, ер нь яагаад ингэж хэлэв тэгж бичив гэж ирээд л цаад санаа, далд шалтгааныг нь ухаж ойлгоход илүү шимтдэг болчихож. Нэг ёсондоо хуучин цагт бичигдсэн хуучирсан сэдэв сонин санагдахаа больчихоод ийнхүү шинэ үеийн түүхийг өгүүлсэн шинэвтэр байр суурийг сонирхоод байгаа минь энэ билээ. Одоо л гэхэд, визгүй болсон буянаар өнгөрсөн зун Монголд аялаад буцацгаасан Оросын жуулчдын тэмдэглэлүүдийг бөөн бөөнөөр нь судлаад бас л сууж байна. Мэдээж манайхныг ончтой онцолж, дөртэй тодорхойлсон мэдээлэл орос, англи гэлтгүй гадны сайтуудад үеийн үед цөөхөн байсаар л ирлээ. Тиймээс олон жил энэ чиглэлээр хоббирч ирсэн сэтгүүлч хүний хувьд би нэг л зүйлийг бат ойлгож байна. Биднийг хамгийн зөв, хамгийн үнэнээр, хамгийн шударгаар тодорхойлж чадсан хүн бол Монгол судлаач япон бүсгүй Кимура Аяако юм байнаа гэж. Монголчуудын гаргадаг араншинг үнэнээр нь улайтал хэлсэн байгаа юм, бидний хийдэг үйлдлийг бодитоор нь хөхөртөл дүрсэлсэн байгаа юм. Гадаад үндэстэн, тэгээд эмэгтэй хүн ингэж зориглосон гээд төсөөл дөө. Анх бол би түүний нэрийг оюутан байхдаа дуулж байлаа. Бүр нийтлэлүүдэд нь анализ хийх даалгаврыг багш бидэнд өгч байсан юм шүү. Тэгэхээр Аяако монголчуудын төлөө, монгол орны төлөө тэр үед их хүчтэй дуугарсан байгаа биз!
Эх орноо гэсэн сэтгэлтэй, элгэн түмнээ гэх зүрхтэй бидний хэдэн МЭРГЭЖЛИЙН сэтгүүлчид үнэн байдлаа бичихээр “Өөрсдийгөө мууллаа” гэж ирээд л дөвчигнөцөөх улс цөөнгүй гардаг юм. Тэгвэл нэгдэж чаддаггүйн дээр эвэлж бардаггүй, хувиа бодомтгойн зэрэгцээ атаархуу зантай монголчууд бид харь хүний нүдэнд яаж харагдаж, хөндлөнгийн эмэгтэйн сэтгэлд яаж бууж байгаагаа Аяакогийн доорх нийтлэлээс нэг сайн харж авцгаая. 17 жилийн өмнө бичигдсэн нийтлэл шүү дээ. Монгол сэтгүүлчдийнхээ ЗӨӨЛЛӨЖ хэлсэн үгийг дуулах дургүй юм бол харийн хүний гозойтол ХАТУУ бичсэн нийтлэлийг нь уншицгаа.
Дэлхий өөд өнгийхөд бол гадны улс үндэстнүүд улам л боловсон болж, бүр л ухаан тэлээд байх юм. Гэтэл бид 17 жилийн өмнөх төрхтэйгөө амраглаж, араншинтайгаа янагласан хэвээрээ л байх юм даа. Өнөөх хольцгүй ярдаг авир, нөгөөх хоосон бардам зандаа улам ихээр идэгдээд л, живээд л. Одоо бүр, оюун санаагаа илтгэгч гэх бүлэг бөөснүүдэд мэдүүлж, бодол сэтгэхүйгээ сэтгэгч хэмээх хэдэн бааснуудад даатгачихаад салхи сөрөөд л маадгар алхацгааж байна. Энэ нь ч багадаад байгаа бололтой, хэдхээн тооны хөлсний комментчдийн солиоролд хэт автаж, цөөхөн ширхэг сайн дурын нийтлэлчдийн номчирхолд илт итгэснээр нүдээ таглуулж, амаа бөглүүлчихээд байгаа юм биш үү, бид!!! Энэ нь ТАРХИНЫ ТУРААЛ биш гэж үү???
Тэгэхээр шалтгааныг өөрсдөөсөө хайцгаая.
За ингээд цаг гарган байж Аяакогийн нийтлэлийн бидэнд хамгийн их хэрэгтэй хэсгийг товчлон хүргэж байна. Хэдхэн минут тэвчээд нэг сайн уншицгаая. Хэрэг болно, бидэнд.
Жалсрайн БАЯРЖАРГАЛ
ТАРХИНЫ ТУРААЛ
Кимура Аяако. 1999 оны 4 сарын 2.
...Ер нь монголчууд нүдэнд харагдах ашгаас өөр сонирхолгүй, юу ч хэлээд нэмэргүй. Гэтэл нүдэнд үл үзэгдэх нэг юм л хүнийг хүн болгодог шиг санагдах юм. Сайд, дарга болохын төлөө жудгаа худалдаж чаддаг хүн, тэр хүнийг тойрон шавсан шимэгч хорхой шиг хүмүүс.
Миний бодлоор Монголд сайд дарга болсноос малчин болсон нь илүү мундаг...
...Тархины тураал. Сайн сураагүй гэж хэлүүлсэн хэрнээ, бас өөрөө түүнийгээ мэдэж байгаа хэрнээ бодож санах юмгүй яваад л байна. Монгол хүн маш азтай юм. “Монгол үндэстэн” гэдэг нэрээр дэлхий даяарт эрхэлж, дэлхий даяараа эрхлүүлж байна. Чингис хааны нэр барьж ямар нэг юм хийх гээд байх юм уу, хэнээс ямар тусламж орж ирэх нь вэ гэж хараад хүлээгээд л суугаад байна...
...Хэрэг болбол залхтал гуйж хоргооно, хэргээ бүтсэн хойно таг чиг болно...
...Монголчууд ёс мэдэхгүй гэдгийг тэдэнтэй нэлээд харилцсан япончууд мэднэ. Тэр ч бүү хэл зарим нь “Угаасаа байхгүй юм чинь, ёс журмыг монголчуудаас эрээд яадаг юм бэ!” гэдэг гээд бод л доо. “Хүн гэдэг хоол, унд, хувцас хунарт зовохгүй болж байж сая хүний ёсыг бодно Монголчууд мөр бүтэн, гэдэс цатгалан болж байж ёсыг сурах байлгүй дээ” гэх хүн ч тааралддаг. Гэвч юу л бол доо...
...Монголчууд хоол унд, хувцас хунарт санаа зовохооргүй болчихвол харин ч нүглийг мартах байлгүй. Монголчуудтай харилцахлаар л сэтгэл сэвтэнэ. Сэтгэлийн тусыг ойлгохгүй хардаж сэрдэнэ. Тэгээд “Ямар ч тооцоо, зорилгогүйгээр хүнд тусална гэдэг ойлгомжгүй юм. Тооцоотой, зорилготой байж л хүнд тусална гэдэг нэг талаар зөв” гэх нь урам хугална...
...Монголд хүнд хариугүй тус хүргэнэ гэж байхгүй. Энэ бол ядуу байгаагийн шинж. Тулга тойрсон тооцооны богино ухаан монголчуудыг туйлдуулж байна. Миний хувьд, бүр багаасаа “Хүнд туслах бол хариу санаж тооцоололгүй сэтгэлээрээ тусалж бай” гэж сурсан билээ. Харин монгол хүн “Аав ээж намайг “хүнд туслахдаа тооцоотой хандаж бай” гэж сургасан гэхийг сонсоод, Монголын нийгэм дэх хүний сэтгэл Японыхоос эрс өөр болохыг мэдэрлээ. Танай хүмүүжлийн энэ зарчим дөрвөн уулын дундаас бүү гараасай гэлтэй ч тийм хүмүүжилтэй хүмүүс хэдийнээ хил давж, бусдын зэвүү хүргэж яваа нь үнэхээр харамсалтай...
...Өгөөш том тусмаа дэмий гэж үг байдаг. “Монголчууд юу ч үгүй юм чинь ядаж бардам зан байх ёстой” гэдэг монгол хүн тааралдана. Гэхдээ одоогийн монголчууд бардам зан гэж юуг хэлэхээ сайн мэдэхгүй байгаа учраас тэдний бардам зан гээд байгааг өөр хэлэнд орчуулбал бүдүүлэг зан гэж л буулгахаас аргагүй...
...“Сул дорой хүн түүнийгээ нуух гэж зөрүүдлээд, найр тавихыг зохисгүйд тооцон омогддог” гэсэн үг бий. Монгол залуучууд “Гадаадынхан бага юм өгч байна. Бүр ихийг өгөх ёстой. Юм өгч байгаа нь цаанаа учиртай” гэх мэт хардлага сэрдлэгийн хачин сэтгэл их гаргана. Баян ядуу гэдэг ер нь юу юм бэ. Миний бодлоор баян хүн өөрийгөө гэх аминч үзлийг дийлэн зохицуулж чаддаг байхыг хэлнэ. Сэтгэлийнх нь бүх орон зай зөвхөн “би” гэх ганц бодлоор дүүрсэн хүнийг аминч үзэлтэн гэнэ...
...“Монгол хүний үгэнд битгий итгэ!” гэдэг үгийг хаанахын хэнээс ч сонсож болно. Танилцах тусмаа итгэх боломжгүйг ухаарна. Монголыг сайн мэддэг хүн бол юу гэж хөрөнгө оруулалт хийх вэ дээ. Мэдэхгүй хүний толгойг эргүүлж байгаад, хэдэн цаас салгаж аваад нүүр буруулахыгаа л мөнгө оруулалт гэж бодоод ойлгуулаад байх шиг...
...Тэгсэн хэрнээ хөрөнгө оруулагч Монголд бус, өөрт ашигтайг бодож үүнийг хийж байгаа мэтээр сонин хэвлэлээр шуугиулах нь дэндүү. Хятадын зохиолч Ро жин, “Усанд унасан нохойг нэрмэж зод!” гэж бичсэн байдаг. Ёс журам эс мэдэх нохойг авартал хэн нэгнийг зууж мэдэх юм шүү гэсэн утгатай энэ үгийг олж уншаад хүчтэй цохилт авсан. Би багаасаа “Хүн болгонд тусалж бай” гэж хүмүүжсэн. Гэхдээ монголчуудтай харилцаж явахад Ро жингийн энэ үг орой руу орж билээ. Ер нь Монголд зовлон багадаад байх шиг. Зовж л байж юманд хүрдэг хорвоо доо. Ардчилал иймэрхүү замаар явж байгаагийн хариуцлага ард түмэнд бас бий...
...Монголын ард түмэн өөрөө хийх ёстой гэж бодохгүй, хэн нэгэн хүн хийж өгөөсэй гэж хүлээгээд сууж байна. Хэн Монголын нийгмийг гайгүй болгох ёстой юм бэ? Дандаа хүний гар харна. Өөрт хамаатай юмыг өөрөө л хийх ёстой гэдэг зарчим алга...
...Гадаадад сурч байгаа хүмүүс, гадаадад гарсан хүмүүс монгол орноо хаяагүй байх аа. Гэхдээ тэд “Монголыг гайгүй болохоор нь очно” гэж ярьдаг. Бас л хүний гар харсан сэтгэлгээ...
...Монголд байх тусмаа монголчуудтай харилцах талаар их юм сурлаа. Амин хувиа хичээгчдийн дунд байх тусам алаг хорвоогийн хоосон чанар илүү тод харагдах аж. Хорвоо ертөнц дандаа нэг янзаараа байхгүй. Цэцэглэсний эцэст хагдрах зайлшгүй. Алдар нэр, албан тушаал гэгч нэг л бодит чанартай биш санагдаад байх юм...