Бага насны минь дурсамжинд “Салаан дарга” хэмээх нэртэй, цайвар царайтай, өтгөн хар хөмсөгтэй, дүрэмт хувцас нь (тэр дундаа дамран малгай нь) хачин сайхан зохисон нэг хүний төрх тод үлдсэн байдаг юм. Тэр хүний жинхэнэ нэрийг хэн гэдгийг үнэндээ би мэдэхгүй. Мэдэхээр ч ухаан суугаагүй байсан л даа.
Намайг дөрвөн настай байхад ах минь цэрэгт явснаар ээж, бид хоёр “Салаан дарга”-тай тун ойр шадарлах шаардлага тулгарсан хэрэг. Айлын ганц хүү, эмээ, өвөөгийн “баастай бурхан” гээд олон жил эрхээрээ хатсан ах маань хотод хоёр жил цэргийн алба хаахдаа биднийг багагүй сандаргаж билээ.
Тэр үед манайх Сэлэнгэ аймгийн Орхонтуулд байсан юм. Эхний жил ах цэргээс байсхийгээд л оргочихно. Тэгэх тоолонд ээж хот руу ирж, ахыг “эрэн сурвалжилна”. Тэр болгонд би нэг их хэрэгтэй хүн шиг ээжтэй хамт Улаанбаатар орох галт тэргэнд суудаг сан. Энэ нь надад бол хот орох сайхан далим юм даа.
Гар утас, интернэт гэж байгаагүй тэр үед ээж минь ахыг хаанаас, яаж ч олдог байсан юм, нэг мэдэхэд л “Салаан дарга”-д тушааж орхино. Мэдээж би бас том гавьяа байгуулсан хүн шиг ээжийнхээ хажууд зогсож байдаг сан. Тэр үед “Салаан дарга” сүрхий юм ойлгодог хүнтэй ярьж байгаа аятай, хааяа надад хандан “Ахыг чинь дахиад үймүүлээд, оргоод байвал сахилгад хийж, хашраана.
Тиймээс чи ахдаа ингэж болохгүй гэж хэлээрэй” гэсэн утгатай зүйл хэлнэ. Сахилгын өрөө гэдэг нь харанхуй, хүйтэн аймаар газар байх даа хэмээн бяцхан оюундаа төсөөлж, ахыгаа тэнд оруулахгүйн тулд юу хийхээ хэрэндээ бодож, тэрүүхэндээ шанална. Гэвч миний гэнэн бодол “Салаан дарга”-аар үдүүлээд, цэргийн ангийн үүдээр гаруут л мартагдаж орхино.
Харин “Салаан дарга”, ээж хоёр ахыг хүмүүжүүлж авахын тулд мөн ч их хөөцөлдөж, мэрийсэн дээ. “Тусгай салаа” кинон дээр байлдагч Сүлдийг оргоход ангийн захирагч нь яаж араас нь хөөцөлдөж байгааг үзээд зарим хүн “Амьдрал дээр хэзээ ийм юм байлаа” гэж л байсан.
Хүний эрхийн тэнэг үрийг цэргээс оргосны төлөө өөрөө хамт хайлцаж, ангидаа ирснийх нь дараа хатуурхаж чангалахгүй, яаж эвээр ойлгуулах вэ гэж сэтгэлээ чилээдэг тийм сайн дарга нар цэрэгт байдгийг би лав мэднэ. Тэр хүмүүсийн ачаар “эрхийн тэнэг” ах минь амьдралд хат суун томоожиж, хоёр жилийн албаа амжилттай хаасан юм.
Цэргээс ирэхдээ ах маань цаанаа л өөр болчихсон юм шиг санагдаж билээ. Ханхар мөрөн дээр нь суугаад явахад хаа ч хүрч болох юм шиг тийм мэдрэмжийг эрт мэдэрсэн санагдана.
Харин ахын зүүж ирсэн тэмдгийг ямар учиртайг нь ч мэдэхгүй байж цэцэрлэгт өмсдөг эрээн даашинзныхаа энгэрт хэдэн өдөр гялалзуулж яваад гээсэн дээ. Хожим дунд сургуулийн ахлах ангид орохдоо цэргээс ирсэн ах нарыг дахиад арай өөр нүдээр харах шалтгаантай эрхгүй нүүр тулсан юм.
1990-ээд оны сүүлч, 2000-аад оны эхэнд манай сумынхан цэргээс ирсэн эрчүүддээ зориулан, Улаан буландаа үдэшлэг зохиодог байв. Гурван жил биш ч гэсэн, 365 хоног эр цэргийн алба хаагаад ирсэн ах нарын өнгө зүс, цог жавхаа, бие бялдар үеийнхнээсээ илт ялгардаг сан.
Үеийн хүүхнүүд байтугай, өсвөр насны бидэн шиг бацаануудын ч нүд, сэтгэлийг эрхгүй баясгадаг тэр ах нарыг харахын тулд сумын цагдаад хөөгдөн байж оройн үзвэр рүү хошуурцгаана.
“Цэргүүд ирж байгаа гэнэ” гэсэн сургаар сумын төвийн эл хуль гудамжаар өнгө өнгийн цэцэг ургаа юу гэлтэй тормойтол гоёж гоодсон эгч нар тал талаас цуглаж, Улаан булангийн тэндээс моторын дуу паржигнан дуугарахтай зэрэгцэн, хөгжим хангинаж бүгд ер бусын хөхиүн баясалтай болцгооно доо.
Урлаг уран сайхнаас хол хөндий буйд газрынханд Улаан буланд хааяа нэг болдог нийтийн бүжиг нь соёл гэгээрэл түгээдэг байсан юм. Тэр тусмаа цэргээс ирсэн эрчүүдийг угтах нийтийн бүжиг хамгийн онцгой нь байсан санагддаг.
Юмны наадах, цаадахыг гадарлахтайгаа болсон ч бидний үеийн охид мэдээж цэргээс ирсэн ханагар сайхан ах нартай бүжиглэх тухай бодож зүрхлэхгүй. Харин “Манай нутгийн тэр ямархуу эр болсон бол”, “Тэр ахыг цэрэгт явсан хойгуур найз бүсгүй нь өөр хүнтэй суучихсан. Одоо тэр хоёр бүжгэн дээр тааралдах болов уу”, “Хэн хэнийг бүжгэнд урих бол” гэдэг л хамгийн сонирхолтой байдаг сан.
Цэргийн дүрэмт хувцасныхаа цаанаас түхийж харагдах булчинлаг цээжийг туяхан бүсгүй гэрэвшингүй түшин бүжиглэх тэр агшныг амжиж харахын тулд хэрэгт дурлан, Улаан булангийн цонхон дээр шавааралдаж байгаад дээр дээрээсээ унацгаан цагдаад хөөгдөх энүүхэнд.
Тэр үдэш хэдэн хос цангасан сэтгэлээ дэлгэн хайрын үгсээ хэлэлцэж, хэчнээн залуу хоорондоо хайрын романс үүсгэж, хэдийнх нь зүрхний угт гуниг хаваа бол гэж төсөөлөн харьдаг байсан хонгорхон нас минь. Зуны амралтаар нутагтаа очиж, цэргээс ирсэн ах нарын үлгэр домог шиг яриаг сонсох сон гэхээс байж яддаг хүүхдүүдийн нэг нь би байв.
Захны даавуугаа хэрхэн оёдог, ороо яаж засаж хураадаг, хоолыг хэрхэн “машинддаг” байсан, хал цэргийн шанааг дааж сурсан тухай хавтай ярианд нь автан, хөл хэзээ ч холгодоггүй “цэрэг ороолт”-ын талаар хичээл хүртэл заалгаж байлаа. Мөн ч зүггүй нас шүү.
Бичиг үсэг мэдэхгүй учраас цэрэгт явахдаа сэтгэлтэй бүсгүйдээ надаар захиа бичүүлж өгч байсан нэгэн ах маань ойр зуурын юм уншиж, бичдэг болоод ирж билээ. Тэгэхэд манай нутгийн сургуулиас завсардсан олон эрэгтэй хүүхэд цэрэгт явахын давхар ач тусыг бодитоор олж харсан юм даг. Дараа жил нь сургуулийн амралтаар иртэл үеийн маань тоодон банди нарын олонх нь цэрэгт явсан байж билээ.
Ардын арми тэднийг жинхэнэ эр хүн болгож хүмүүжүүлэхдээ урьд нь бидний огт анзаарч байгаагүй шинэ шинэ нууцуудыг өмнө минь нээсэн дээ. Хонины мориноос салдаггүйтэйгээ адилхан номхон, намхан бор хүү нэг жилийн дотор хэрхэн “төрөл арилжиж”, бие хаа, өнгө зүс тэгширсэн, өөртөө итгэлтэй, цаанаа л харц булаам залуу болоод ирэхэд “Ид шид гээч чинь армид байдаг юм биш үү” хэмээн үеийн охид жиг жуг гэлцэж байсан сан.
Цэргээс ирсэн ах нартай үеийнхээ хөвгүүдийг харьцуулан шоолж, гомдоож асан гэнэн тэнэг үе минь. “Тэгвэл тэр цэрэгт чинь яваад өгье. Ямар болохыг минь хараарай” хэмээн давилуун дуугарсан үгэндээ хүрсэн болоод хүрээгүй ангийн хөвгүүд минь. Дурдатгал бүхний дундаас өнөөдөр та нарыгаа эрнэм.
Цэрэг, эх орны тухай гэнэн ч юм шиг, дэврүүн бүтэшгүй ч юм шиг бодол сэтгэгдлүүд минь одоо биднийг нэгэн зүйл дээр нэгтгэн зангидах учиртай байж. Цэргийн зарлан дуудах хуудас аваад үнэнээсээ баярлан хөөрдөг залуус одоо зөвхөн хөдөөд бус, төв орон газарт ч нэмэгдэж байгаа гэлцэнэ. Сайхан хэрэг юм шүү.
Л.АРГАМЖИН