Нийслэлд эзэнтэй, эзэнгүй нохой олширсоор буйн балаг багадахгүй. Хүүхэд тоглож, хөгшид нарлах зориулалтын талбай сүүлийн жилүүдэд хот суурин газарт овоо нэмэгдсэн нь төр, засгийн сайн ажлын илэрхийлэл.
Сайны хажуугаар саар гэгчээр үе үе олширдог золбин ноход, үргэлж эзнийхээ халамжаар салхилдаг нохойн жогорхой хүмүүст зориулсан талбайг буртаглах нь нэн харамсалтай. Хүүхдийн цэцэрлэгийн хашаа ийнхүү нохдын зугаалгын талбай болох нь цөөнгүй.
Цэцэрлэгийн жижүүрээс эрхлэгч хүртлээ тэр аялагчидтай бололцооны хэрээр тэмцдэгийг үгүйсгэмгүй. Харин гэрийн тэжээвэр нохойгоо хөнгөрүүлэн хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгийн хашааг бохирдуулаад орхидог баячуудыг яалтай. Баячуудын гэх тодотгол хатуудахгүй биз ээ.
Талх, хүүхдийн живхний мөнгөө хүргэж ядаж буй айлууд гэдсээ тэжээгээд, нэмж нохой тэжээгээд, бас татвар энэ тэрийг нь төлөх боломжгүй нь лавтай. Эрх чөлөө, эдийн засгийн боломж хоёртоо дулдуйдаад хэчнээн нохой, муур, туулайтай байх нь боломжтой ч, тэдгээрийн баас, шээсийг санааны зоргоор тараах нь бодууштай.
Урин дулаан улирал эхэллээ. Нохойн жогорхойд ноёлуулсны уршгаар халдварт өвчнөөр хүүхэд, хөгшид өвчлөх нөхцөл нэмэгдэнэ. Гадаадынхан гэж манайхан эшлэх дуртай. Орон сууцандаа нохой тэжээх нь бас гадаадынхнаас угшилтай.
Харь орныхон нохойныхоо юу юуг тоглоомын талбай, цэцэрлэгийн хашаанд мартдаггүй байлгүй. Дуурайвал дуурайсан шиг дуурайгаасай. Дуурайдаг нь байдаг бол сайн л юм.
Р.ХАД