Засгийн газар “Credit Suisse” банкнаас 250 сая ам.доллар зээлснээр удаашраад байсан эдийн засаг өсөх хүлээлт үүсгэв. Учир нь валютын нөөц нэмэгдсэнээр Монголбанкинд бодлогын хүүгээ бууруулах, мөнгөний нийлүүлэлтээ нэмэх боломж бүрдэж байна. Засгийн газар зээлсэн доллароороо дотоодын зах зээлд гаргасан бондынхоо төлбөрийг төлбөл мөнгөний нийлүүлэлт улам нэмэгдэх нь гарцаагүй.
Төсвийн тогтвортой байдлын хуулиар тогтоосон Засгийн газрын өрийн таазыг цоолж болохгүй. Тиймээс “босгосон” мөнгөөрөө өмнөх зээлээ төлж, өрийг хязгаарт нь барина гэж Сангийн яамныхан мэдэгдэж буй.
Бодлогын хүү 12 хувь байгаа. Иймээс банкууд Монголбанкны үнэт цаасыг их хэмжээгээр худалдан авч байна. Төвбанкны нэг долоо хоногийн хугацаатай үнэт цаасны үлдэгдэл гэхэд 500 орчим тэрбум төгрөгтэй дүйж буй юм.
Засгийн газар төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор дотоодын зах зээлд бонд гаргаж, 3.7 их наяд төгрөг татсан. Үүний дийлэнхийг банкууд худалдаж авсан байдаг. Иргэд болон байгууллагуудын хадгалуулсан мөнгөний тодорхой хувийг Монголбанк, Засгийн газар татаад авчихсан байгаа биз. Тэгэхээр эдийн засгийн бодит сектор болох үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны салбарынханд зээл олдохгүй байх нь ойлгомжтой.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөний нийлүүлэлт жилийн өмнөхөөсөө 15 хувиар буурсныг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас мэдээлж байна. Өөрөөр хэлбэл, өмнөх жилийнхээс 120 тэрбум төгрөгөөр бага мөнгө зах зээлд эргэлдэж байна гэсэн үг. Мөнгө бол эдийн засгийн цус.
Цусны эргэлт нь сайн бол хүний бие эрүүл байдаг. Цус багадалттай хүний толгой нь эргэж, дотор эвгүйрхдэг. Мөнгөний нийлүүлэлт нь багассан учраас Монгол Улсын эдийн засаг цус багадалттай хүн шиг л эвгүйрхэж байх шиг. Худалдааны эргэлт буурч, бартерын наймаа цэцэглэж байгаа нь зах зээлийн цусны эргэлт саарсны илэрхийлэл. Ийм үед мөнгөний нийлүүлэлтээ нэмэх шаардлагатай. Тэгвэл эдийн засаг өснө.
Засгийн газар эдийн засгаа тэлэхийн тулд ам.доллар зээлснээс зайлшгүй. Магадгүй мөнгөний нийлүүлэлтийг нэмж, эдийн засгаа тэлэхийн тулд Монголбанкныхан Засгийн газрыг “Ам.доллар зээлчих” гэж ятгасан байх талтай. Ямартай ч Монголбанкны ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нягт хамтарч ажиллаж байгаа нь нууц биш. Ам.долларын ханш огцом өсөх гээд, үүнийг тогтоож барих нөөц хомс байсан учир бодлогын хүүг өсгөхөөс өөр сонголт Монголбанкныханд байгаагүй.
Мөнгөний нийлүүлэлтийг танахаар импорт буурч, гадаад худалдааны ашиг нэмэгдсэн. Одоо гадаад худалдаа 200 гаруй сая ам.долларын ашигтай явна. Ингэж л “ногоон”-ы ханш өсөх хурдыг сааруулсан хэрэг. Сүүлийн найман сард ам.долларын ханшийн өсөлт харьцангуй тогтворжоод байна.
Үүнээс гадна өмнөх жилүүдэд 2-3 тэрбум ам.долларын алдагдалтай гардаг байсан гадаад төлбөр тооцоо тэнцвэржлээ. Иймээс цаашид валютын ханш тогтвортой байна гэж Төвбанкныхан дүгнэж байгаа.
Засгийн газар зээл авснаар Монгол Улсын валютын нөөц 250 сая ам.доллараар нэмэгдсэн. “Credit Su¬isse” банк Засгийн газарт дахиад 250 сая ам.доллар зээлэх гэнэ. Мөн 500 сая ам.долларын бонд гаргах аж. Тэгэхээр Засгийн газар валютын нөөцийг нэг тэрбум ам.доллароор зузаалах нь.
“Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн. Ингэснээр жилд дунджаар нэг тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө орж ирнэ. Манайд нэгдүгээр сарын байдлаар 26 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулж ирсэн байна. Өнгөрсөн жилд 70-хан сая ам.доллар орсон. Үүнтэй харьцуулбал, гараа сайн байна. Энэ жилдээ, цаашдаа валютын ханшийн өсөлт санаа зовоохгүй нь бололтой.
Инфляц хоёр хувьтай байгаа. Ам.долларын урсгал сайжирсан учир бодлогын хүүгээ нэг оронтой тоонд оруулах боломж Монголбанкинд бий. Бодлогын хүү нэг оронтой тоо руу “гулсвал” банкууд Төвбанкны үнэт цаасыг худалдаж авахаас илүүтэй бизнесийн зээл олгохыг илүүд үзнэ. Ингэвэл мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, эдийн засгийн цусны эргэлт сайжирна гэсэн үг.
Тэрбум ам.долларыг хөрвүүлбэл, хоёр их наяд төгрөг болно. Засгийн газрын өрийг дотоодын нийт бүтээгдэхүүний 55 хувиас хэтрүүлэхгүй гэсэн хуулийн заалтыг баримтлахын тулд дээрх мөнгөний 500 тэрбумыг төсвийн алдагдал нөхөхөд зориулах боломжтой. Хэрэв гадаад зээлээрээ дотоодын бондынхоо төлбөрийг хийвэл банкууд бэлэн 1.5 их наяд төгрөгтэй болно.
Тэд мөнгөө сул хэвтүүлэхгүй, зээлж таарна. Ингэхээр мөнгөний нийлүүлэлт улам нэмэгдэх юм. Ерөнхийдөө ам.долларын орох урсгал “үерлэсэн” нь төгрөгийн нийлүүлэлтийг өсгөлөө гэсэн үг. Бодлогын хүү багассанаар зээлийн хүү буурна гэдгийг сануулъя. Хүүг бууруулж мөнгөний нийлүүлэлтээ нэмэх нь уламжлалт бодлого юм.
Засгийн газрын зээлсэн валютад тулгуурлан Монголбанк мөнгөний уламжлалт бус бодлого явуулах нь тодорхой боллоо. Төвбанкныхан “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларт түшиглэн, орон сууцны ипотекийн зээлийг дэмжих, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийг санхүүжүүлэх бага хүүтэй гурван их наяд төгрөгийг банкуудад зээлж байсан.
Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг 700 тэрбум, орон сууцны ипотек буюу найман хувийн хүүтэй зээлийг 2.4 их наяд төгрөгөөр санхүүжүүлж байлаа. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн зээл 100 хувь эргэж төлөгдсөн бол ипотекийн санхүүжилтийг Засгийн газрын Ирээдүйн тэтгэврийн нөөц санд шилжүүлсэн.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурч, зэс, нүүрсний үнэ унаж байх үед гурван их наяд төгрөг зах зээлд нийлүүлснээр эдийн засаг 30 хувь агшихаас хамгаалсан” гэж ярьдаг юм.
Засгийн газрын гадаадаас авах зээлийн хэлцэл бүтэнгүүт буюу гуравдугаар сарын 15-наас Монголбанк уламжлалт бус бодлогоо хэрэгжүүлж эхлэв. Засгийн газрын “Сайн малчин” хөтөлбөрт гурван хувийн хүүтэй 100 тэрбум төгрөгийн зээл олголоо. Мөн Ирээдүйн тэтгэврийн нөөц санд орон сууцны ипотекийн найм болон таван хувийн хүүтэй зээл олгох хөрөнгө өгөв.
Өмнөх уламжлалт бус бодлогоо хэрэгжүүлэхдээ Монголбанк арилжааны банкуудад мөнгө байршуулж байсан. Харин энэ удаад Засгийн газарт зээл олгох маягаар мөнгөний нийлүүлэлтийг нэмэх бодлого баримтлах нь.
“Сайн малчин” хөтөлбөр нь малчдын нийгмийн хариуцлагыг сайжруулан, малыг эрүүлжүүлж, улмаар малын гаралтай түүхий эдээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний экспортыг өсгөх зорилготой гэсэн. Тэгвэл орон сууцны ипотекийн зээл нь эдийн засгийн хуримтлалын тогтолцоог бүрдүүлэх, нийгмийн дундаж давхаргыг нэмэх, агаарын бохирдлыг бууруулах зорилготой аж.
Уламжлалт бус бодлого нь эдийн засгийн бүтцийг өөрчлөх холын бодол тээжээ. Засгийн газар нэг тэрбум ам.доллар зээлбэл Монголбанк хоёр их наяд төгрөг зах зээлд нийлүүлэх боломж бүрдэнэ. Гэхдээ инфляц өсөх эрсдэлтэй учир давс хужрыг нь тааруулах биз.
Засгийн газар энэ жил 15 мянган орон сууц борлуулах эрмэлзэлтэй байгаа. Үүнд 600 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн. Тэгэхээр Монголбанк их наяд хүрэхгүй төгрөг зах зээлд нийлүүлэх болов уу гэж таамаглаж байна. Доллар олж ирснээр төгрөгтэй боллоо.
Т.ЭНХБАТ