Эмнэлэгт маш их баялаг бий. Гэхдээ газарт булж, галд шатаачихаад байна. Алт, зэс, жоншны тухай энд яриагүйг минь гадарлах биз ээ. Золгүй байдлаар тархиндаа хүнд гэмтсэн, цус харвасан хүмүүсийн төв мэдрэлийн систем цаг, минутаар үхжин, бусад эрхтэн системээ ажиллагаагүй болгохыг тархи нь үхжих гэж анагаах ухаанд нэрлэдэг.
Ийм оноштой хүмүүсийг ДЭМБ нас барсан гэж үзээд хиймэл аппарат сэлтээс нь салгахыг зөвшөөрдөг. Тэгвэл манайд жилд дунджаар зөвхөн осол гэмтлийн улмаас 400 гаруй хүн энддэг гэсэн тоо байна.
Хэн нэгэн золгүй байдлаар нас барж байхад ондоо газар өөр нэг нь амь тэмцэн, бусдын эд эрхтэнийг царайчилж байдаг. Магадгүй зарим нь нас барагсдыг баялаг гэж ярихаар эгдүүцэж, ундууцаж болох юм. Гэхдээ хатуухан хэлэхэд, үхсэний хойноос хэн ч үхдэггүй.
XXI зуунд хүнээс хүн “бүтээдэг” болоод байгаа. Гэхдээ хэн нэгнийг үгүй хийж байгаад нөгөөхийг нь амьдруулах тухай ойлголт биш шүү. Хэрэв танд мөнгө байгаад бас донор олдвол аль нэг эрхтэнээ сэлбүүлэх боломжтой гэсэн үг. Манайд жилд дунджаар В, С вирусийн улмаас 2000 орчим хүн элэгний хавдраар өвчилж, 1600 гаруй нь нэгээс хоёр жилийн дараа нас бардаг гэсэн хар дарсан тоо бий.
Бөөр, шээсний замын төрөл бүрийн эмгэгтэй, архаг үрэвсэлтэй хэдэн зуун хүн ч байна. Бөөрний архаг дутагдал, элэгний хавдар, хатуурал нь эцсийн шатандаа орсон хүмүүсийн амьд үлдэх цор ганц боломж нь эрхтэн шилжүүлэн суулгуулах. Бид эмч нарынхаа буянаар эрхтэнээ солиулах гэж харь улсыг зорих шаардлагагүй болсон ч донор олдохгүйгээс бурхны оронд буцсаар байна.
Ийм учраас баялгаа ашиглая. Манайд хийж буй эрхтэн солих мэс заслын 95 хувь нь амьд донорын ач. Харин ДЭМБ гишүүн орнууддаа тархи нь үхэжсэн донороос эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийх чиглэл өгдөг. Тиймдээ ч дэлхийд ийм эмчилгээ хийдэг улс орнууд цогцосноос эд эрхтэн авч, эмчилгээндээ ашиглан, олон мянган хүнд амьдрал бэлэглэсээр байна.
Манайханд амьгүй буюу тархи нь үхэжсэн донороос (эмнэлгийнхэн кадавр донор гэж нэрлэдэг) эрхтэн шилжүүлэх тухай ойлголт шинэ, сонин, заримд нь байж боломгүй, бэрх сонголт төдий л байна. 2000 оны нэгдүгээр сард баталсан Донорын тухай хуульд 12 жилийн дараа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч хууль эрх зүйн орчин тийм ч сайн бүрдээгүй.
Уг нь тус хуулийн 3.9.2-т “Шилжүүлэн суулгах эд эрхтэнийг аль болох амьгүй донороос авбал зохино” гэжээ. Гэвч арваннэгдүгээр зүйлд амьгүй донороос эд, эрхтэн авах тухай зургаахан заалт бий. Өмнөхөө бодвол арай дээрдүүлсэн ч чухал зүйлсийг бас л орхигдуулсан гэж эмч нар “үглэж” байна лээ.
Өдгөө бөөр суулгуулах 300 орчим, элгээ солиулах шаардлагатай 100 гаруй хүн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хяналтад байна. Тус эмнэлгийн Бөөрний эмгэг судлалын клиникийн эрхлэгч, профессор Б.Бямбадаш “Манай үндэсний баг жилд 8-18 хүнд хагалгаа хийдэг. Донорын олдоц сайн бол жилд 25 хүнд мэс засал хийх боломжтой” гэсэн юм. Дэлхийн хөгжилтэй орнуудад тархи нь үхэжсэн нэг донорын тусламжтайгаар найман хүний амь авардаг бол Монголын нөхцөлд 3-4 хүн амьдруулах (учир нь Монголд элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгаж байна) боломжтой.
Гэхдээ энэ чамлахаар үзүүлэлт биш. Зуурдаар хорвоог орхисон хүмүүсийн ар гэрийнхэнд хэдийгээр харамсалтай ч араас нь дээдийн дээд буян үйлдье гэвэл донор болохыг зөвшөөрөх явдал. Бурхны шашинд энэ үйлийг хамгийн агуу, өглөгийн дээд өглөг гэж номлосон байдаг юм билээ. Зарим нь бурхан болоочийнхоо бие эрхтэнд хутга мэс хүргэхгүй, хөндөхгүй гэх биз. Тэднийг буруутгахгүй ээ.
Гэхдээ хайртай хүнийхээ амьдралыг үргэлжлүүлэн, хэрэгтэй нэгэнд нар харах боломж олгох нь хүний ёсонд харшлах зүйл огтоос биш. Нэг кинон дээр “Хараатай болохын тулд хэн нэгний үхэхийг хүлээнэ гэдэг юутай гаслан” гэж хэлдэг.
Харгис сонсогдох ч зуурдаар, золгүй явдлаар эндсэн нэгнийг гурван хүний амьдралтай хамт оршуулж, бас шатаачих хайран биш гэж үү.
Амьд хүнийг эрсдэлд оруулан байж аль нэг бөөрийг, эсвэл элэгнийх нь талыг авах гэхийн оронд эмнэлгийн орон дээрх баялгаараа хүн “бүтээе”. Эрүүл нэгнээ эрсдэлд оруулалгүйгээр хэн нэгэнд амьдрал бэлэглэх боломж надад, бас танд ч байна.
ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА
П.Батчулуун: Жилд 10 кадавр донороос эрхтэн шилжүүлэн суулгахад л 30 хүн аврах боломжтой
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга П.Батчулуунаас зарим зүйл тодруулав.
-Монголд кадавр (амьгүй) донороос эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хэр хурдацтай хөгжих бол?
-Донорын тухай хуулийг 2012 онд шинэчлэн найруулахдаа амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгах хэд хэдэн заалт нэмсэн. Тодруулбал, 3.9.3-т Шилжүүлэн суулгах эд, эрхтэнийг амьгүй донороос авбал зохино.
Хэрэв амьд донороос эд, эрхтэн авах тохиолдолд эдийн тохироо нь нийцсэн ихрүүд, ах, дүү, ураг, төрлийн хүмүүс болон эд, эрхтэнээ бэлэглэхийг хүссэн, тухайн эд, эрхтэн нь ямар нэг эмгэг өөрчлөлтгүй хүнийг сонгоно гэж заасан. Гэхдээ төрөл саднаас гадна эд эрхтэнээ бэлэглэхийг хүссэн хүн ямар байх ёстойг хуульд нарийн тусгаагүй учраас хүмүүс “Би эрхтэнээ өгье, бэлэглэе” гэх зэргээр фэйсбүүк, твиттертээ бичиж байна.
Зарим нь бүр “Эрхтэнээ зарна” гэнэ. Энэ бол маш буруу ойлголт юм. Угтаа бол эд эрхтэнээ бэлэглэхийг хүссэн хүн өвчтөнтэй олон жил найзалсан, нэг нутаг хошуунд хамт амьдарсан, зан заншлаа мэддэг, хамт ажилладаг хуурай ах, эгч, дүүс байх ёстой.
Үүнийг нь эргэн тойронд байдаг хүмүүс баримт нотолгоотой гэрчилж байж эрхтэнээ өгч, авалцах ёстой. Тэгтэл олон залуус үүд хаалга тогшиж байна. Эцэст нь эд эрхтэний худалдаа, хүний наймаа цэцэглэхийг үгүйсгэхгүй.
Монголчууд 2006 оноос бөөр (112), 2011 оноос элэг (25) шилжүүлэн суулгаж байна. Эдгээрээс тархи нь үхэжсэн буюу амьгүй зургаан донороос 12 хүнд бөөр, нэг хүнд элэг шилжүүлэн суулгасан. Дэлхий дээр жилд 20 мянган хүнд эрхтэн шилжүүлэн суулгадаг гэж үзвэл тэдгээрийн 85 орчим хувьд нь кадавр донороос эрхтэн авсан байдаг.
Харин Азийн орнуудад амьд донорын хагалгаа илүү хийдэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд БНСУ, Энэтхэг, БНХАУ, Япон, Сингапурт кадавр донороос эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа нэлээд хөгжиж байна. Тиймээс бид энэ жилээс тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд голлон анхаарч ажиллахаар төлөвлөсөн.
Шинэ арга технологи нутагшуулахын тулд Элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан хамтраад төлөвлөгөө гаргасан. ЭМСЯ-ны дэргэд Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг зохицуулах зөвлөл гэж байгуулахаар болсон.
Ингэснээр амьгүй донорын эд эрхтэнийг авч, эмчилгээнд хэрэглэх явдлыг төрөөс хянаж, хуулийн хүрээнд ажиллах боломж бүрдэнэ. Мөн өвчтөнүүдээ хэрхэн зөв сонгож буйг, элдэв янзын эд эрхтэний наймаа, мөнгө төгрөгний асуудал гаргахгүйн тулд ийм зөвлөл байгуулж буй. Эхний ээлжинд ЭМСЯ, ХЗЯ-тай хамтарсан гэрээ байгуулж, эмч нараас гадна улсын бүртгэл, цагдаа, тагнуул, хууль хяналтын байгууллагаас төлөөлөл оролцуулах юм.
Донор эмнэлэг болох I, II, III, ГССҮТ-ийн хоорондох үйл ажиллагааг зохицуулах зөвлөл бас тусад нь байгуулна. Зөвлөлийнхөө дэргэд тархины үхэл тодорхойлох баг (донор эмнэлгүүдэд ийм баг байх ба зөвлөлдөө харьяалагдана), бүртгэлийн болон эд эрхтэн хуваарилдаг албатай болно.
Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг зохицуулдаг координатор эмч ч зөвлөлд байх юм. Энэ бүх үйл ажиллагааг зарчмын дагуу явуулж буй, эсэхийг хянадаг ёс зүйн хороо бас байна. Хамгийн гол нь энэ зөвлөлийг байгуулах хуулийн заалт байхгүй учир холбогдох яамнаас Донорын тухай хуульд хэд хэдэн нэмэлт, өөрчлөлт оруулахаар ярьж байна.
Удахгүй энэ ажил гольдролдоо орох байх. Түүнээс гадна донорын эгнээг өргөжүүлэх, ард иргэдэд зөвөөр ойлгуулах нь чухал. Үүний тулд сурталчилгааны ажилд нэлээд хугацаа, хөрөнгө зарцуулах байх.
-Донорын тухай хуульд мэргэжлийн эмч нарын комисс тархины үхэл тодорхойлно гэж заасан байсан. Хэрхэн тодорхойлдог юм бэ?
-2014 онд манай эмнэлгийн ерөнхий захирлын тушаалаар тархины үхэл тодорхойлох баг гэж байгуулагдсан. Энэ багт нарийн мэргэжлийн эмч нар багтдаг. Тодруулбал, тухайн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч багийг ахалж, дотоод хяналт, чанарын албаны дарга, хуулийн зөвлөх, мэдрэлийн тасгийн эрхлэгч, эрчимт эмчилгээ, чих, хамар, хоолой, дүрс оношилгоо, дотрын эмч нар багтдаг. Одоогоор манай багт долоон хүн ажиллаж байна.
2016 он гарсаар манайхан тархи нь үхэжсэн хоёр донороос эрхтэн шилжүүлэх хагалгаа хийсэн. Тэгэхэд ГССҮТ-өөс бидэнд мэдэгдсэн. Эхлээд Гэмтлийн эмнэлгийн эмч нар сорилууд тавьж үзээд тархины үхэлтэй болохыг тогтоосон байсан. Манайхан очиж үзээд эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч, тасгийн эрхлэгч нартай уулзсаны дараа ар гэрийнхэнд нь учир явдлыг хэлж ойлгуулаад, өөр хэн нэгэнд эд эрхтэнийг нь бэлэглэх, донор болгох хүсэлт тавьсан.
Яаж хүлээж авах нь тухайн нөхцөл байдлаас л болдог. Зарим нь их гайхна, үл зөвшөөрнө, эргэлзэнэ, эергээр хүлээж авах нь ч бий. Хэрвээ зөвшөөрвөл Нэгдүгээр эмнэлэг рүү шилжүүлж, комисс хоёр дахин үзэж, шинжлээд үнэхээр төв мэдрэлийн систем үхэжсэн нь тогтоогдвол тархины бичлэг болон бусад сорилоор баталгаажуулсан материалаа ар гэрийнхэнд нь үзүүлдэг. Үүний дараа дахин бүх эрхтэнийг нь судалж, В, С вирус байна уу, ямар бүлгийн цустай, ДОХ, бусад халдварт өвчин байгаа, эсэхийг шинжилдэг.
-Кадавр донорт тодорхой хэмжээнд шалгуур тавьдаг байх. Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн жилд хэчнээн амьгүй донороос эрхтэн солих хагалгаа хийх боломжтой вэ?
-Залуу байх тусмаа сайн. Гэхдээ насанд хүрсэн хүн байх хэрэгтэй. Дээд хязгаар нь 55-60 нас. Кадавр эрүүл байх ёстой. Гэхдээ энэ нь бас хязгаартай. Жишээ нь, элэгний өөх 25-30 хувь байвал донор болгоно гэдэг ч юм уу. Гэмтлийн эмч нарын ярьж буйгаар жилд 400 гаруй хүн зөвхөн осол гэмтлийн улмаас таалал төгсдөг гэсэн. Тэднээс гадна идэр насандаа тархины бусад эмгэг, харвалтаар нас барж буй хүн олон бий.
Тэднийг олж тогтоох нь чухал. Яг хэд нь кадавр донор болно гэсэн тооцоо алга. Манай улс жилдээ тархи нь үхэжсэн 10 донороос эрхтэн шилжүүлэн суулгахад л 20 хүнд бөөр, 10 хүнд элэг солих боломжтой. Тэгтэл АНУ, Испани улс ийм хагалгаа хийдгээрээ дэлхийд тэргүүлж байна.
Тэндхийн иргэд нь паспорт, жолооны үнэмлэх дээрээ “Золгүй байдлаар амиа алдвал донор болохыг зөвшөөрч байна” гээд биччихсэн байдаг. Амьд ахуйдаа л донор болдог гэсэн үг. Тиймээс ар гэрийнхнээс нь зөвшөөрөл авах шаардлагагүй. Харин манайд одоохондоо хууль эрх зүйн ийм орчин бүрдээгүй тул ар гэрээс нь асууж байна.
Бидэнд асар их баялаг, боломж байгаа. Ирээдүй ч байна. Кадавр донорын хагалгааг төлөвлөж хийдэггүй учир гэнэт донор гараад ирэхэд мэс засалд шаардлагатай ороох, боох материал, оёдлын утас, авсан эрхтэнээ угааж цэвэрлэдэг уусмал заримдаа бэлэн биш байдаг л даа.
Хагалгааны бэлэн байдлаа хангах үүднээс манайхан төсөл бичээд, төсвөөс гадуур санхүүжүүлэх боломж хайж байна. Тархи нь үхэжсэн донороос эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийхээр болбол хугацаа алдаж болохгүй. Учир нь донорын эрхтэн бидний шаардлагыг хангаж дийлэхгүйд хүрдэг.
О.БАТ-УНДРАХ
