Түүнгүйгээр ганц өдөр амьдарч чадах бил үү. Бид ингэж бодож чадахгүй, боломж ч үгүй. Амьдралыг тэтгэдэг тэрхүү хүчин зүйл бол шингэн алт. Хүний биеийн болон дэлхийн гадаргын мөн 70 хувийг ус эзэлж, тасалж үл болох хүйн холбоо үүсгэсэн.
Хүн төрөлхтөн болон дэлхийн оршин тогтнох үндэс болдгийн хувьд усыг орчлонгийн хамгийн үнэт эрдэнэ хэмээж буй. Уг чандмань эрдэнийг саяхнаас л бидний амьдралыг тэтгэгч болохыг нь ойлгож, хайрлаж хамгаалах болсон. Харамсалтай нь, дэлхийн оршин суугчдын цөөнгүй нь усгүйгээс болж амьдарч чадахгүй болж эхэлсэн үеэс ингэж ухаарсан түүхтэй.
Өнөөдөр Дэлхийн усны өдөр. Энэ өдөр хүн төрөлхтөн амьдралын эх булаг болсон чандмань эрдэнээ хайрлан хамгаалахын төлөө дуу хоолойгоо нэгтгэж байна. Жилээс жилд цэвэр усны хомсдолд өртөж буй иргэдийн тоо нэмэгдсээр байгаа.
Энэ гачлангийн эсрэг цөөнгүй арга хэмжээ авч эхэлсний нэг нь Дэлхийн усны өдөртэй болсон явдал. НҮБ-ын 1992 оны Байгаль орчин, хөгжлийн тухай бага хурлаар Дэлхийн усны өдөр бий болгох тухай анх хэлэлцэж байжээ. Ингээд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1993 онд жил бүрийн гуравдугаар сарын 22-ныг Дэлхийн усны өдөр болгохоор шийдвэрлэсэн түүхтэй.
Мөн тус байгууллагын усны асуудал хариуцсан салбараас жил бүрийн усны өдрийн сэдвийг тогтоодог. Энэ оны сэдэв нь “Ус ба ажлын байр”. Өдгөө дэлхийн дахинд 1.5 тэрбум хүн усны салбарт ажиллаж буй гэнэ.
Швейцарийн Давос хотноо өнгөрсөн онд болсон 45 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр 900 гаруй шинжээч ирэх 10 жилд манай гаригийн тогтвортой байдал, хүн төрөлхтний амьдралд аюул учруулж болзошгүй 10 эрсдэлийг нэрлэсэн юм.
Шинжээчид эдийн засаг, байгаль орчин, геополитик, нийгэм, технологи гэсэн үндсэн таван салбарт хамаарах 10 хүчин зүйлийг нэрлэхэд магадлалын хувьд улс хоорондын зөрчил хамгийн их хор хохирол учруулах хэмжээнд байна гэж үзжээ.
Нөлөөллийн хувьд хамгийн их хохиролтой нь цэвэр усны асуудал гэсэн дүгнэлт гаргасан аж. Хүн ам өсөж буйтай холбоотойгоор 2030 он гэхэд хүнсний үйлдвэрлэлийг 50, цэвэр усны нөөцийг мөн тодорхой хувиар нэмэгдүүлэх шаардлагатайг тодотгосон байна. Энэ гачлан манайд ч гэсэн удахгүй нүүрлэж, нийслэлийн иргэд ундны усгүй болж магадгүй гэх тооцоо судалгаа ч бий юм.
Цэнхэр гаригийн хүн амын хоёр тэрбум нь усны гачигдалд хэдийнэ өртсөн. Асуудлыг шийдэхийн тулд дэлхийн өнцөг булан бүрт эрвийх дэрвийхээрээ зүтгэж байгаа. Харин бид юу хийж байгаа билээ? Мэдээж манайхан усаа хайрлахын утга учир, үүний төлөө төр, засгаас хийж хэрэгжүүлж буй бодлого, чиглэлээ иргэдэд таниулан сурталчилж байгаа. Гэвч энэ ажил байндаа төдийлөн тусаагүй, үр дүнд хүрэх нь бага, хамгийн үнэ цэнэ багатай, хямд “барааны” тоонд ус багтсан хэвээр.
Монгол орон хязгаарлагдмал нөөцтэй, нийт усны 80 хувийг гадаргын, үлдсэн 20 хувийг гүний ус эзэлдэг. Нийслэлчүүд төдийгүй Монгол орны иргэд нийтээрээ тэрхүү 20 хувийг бүрдүүлж буй газрын гүний уснаас бүрэн хамааралтай амьдардгийг бид мэднэ. Нэг иргэнээс эхлээд айл өрх, аж ахуйн нэгж, үйлдвэр, үйлчилгээний газар бүгд л өдөр тутам, жорлондоо татах усаа ч газрын гүнээс авдаг юм.
Нөхөн сэргээгдэх хугацаа нь хэдэн зуун жилээр хэмжигддэг (үнэндээ иргэдийн олонх нь үүнийгээ мэддэггүй байх), юугаар ч нөхөшгүй баялгаа ийн цацсаар байгаа хэрэг.
Усаа үнэ цэнэгүй мэт бодож, ашиглаад хэвшчихсэн энэ байдлыг өөрчлөхөөс гадна, дан ганц гүний усаа шавхах биш, гадаргын болон саарал усаа ашиглаж байя гэж манайхан олон жил ярьж байгаа. Гэсэн ч тийм техник технологи нэвтрүүлэх мөнгөгүй гэдэг шалтгаанаар энэ талаар хийсэн дорвитой ажил өдий хүртэл алга.
Бас хэдийд хийж хэрэгжүүлэх нь ч тодорхой бус. Гадаргын усаа хэрэглэх хамгийн үр дүнтэй арга нь Туул голын усан цогцолбор байгуулах гэж энэ салбарын мэргэжилтнүүд сүүлийн үед дуугарах болсон. Өдгөө дөнгөж л эхлэл төдий ярьж буй уг санаачилга, ажил болж биелтэл хол байна. Тэр болтол гүнийхээ усыг шавхчихгүйн тулд шингэн алтаа хайрлаарай.
Ч.МӨНХЗУЛ
ИНФОГРАФИК

ОРОН НУТАГ
“Ус амьдралын түлхүүр” сарын аян өрнүүлжээ
Говь-Алтай аймгийнхан Дэлхийн усны өдрийг угтан усаа хайрлан хамгаалах, зүй зохистой ашиглах уламжлалт ухаан, ёс суртахууны хэм хэмжээг шинжлэх ухааны мэдлэг, дэвшилт технологи ашиглан хүүхэд залуус, иргэдэд сурталчлан таниулах зорилгоор “Ус амьдралын түлхүүр” аян өрнүүлжээ.
Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хүйсийн говь, Цэцэг нуур, Хяргас нуур, Завхан гол, Алтайн өвөр говийн сав газрын захиргаа, Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаа, сумдын ЗДТГ, байгаль хамгаалагч нар тус аянд нэгдсэн байна.
Аяны хүрээнд албан байгууллагын ажилтнуудыг “Орон нутагт усны асуудлаарх оролцооны бүлгүүд” сэдэвт лекцэнд хамруулж, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд “Аав, ээж, би”, “Усны эргэлт”, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Дусал хүү” хөгжөөнт уралдаан, сумдын дунд “Ус амьдралын түлхүүр” тэмцээн зохион байгуулжээ.
63 худаг гаргаснаар бэлчээрийн
усан хангамж 38-42.5 хувь болов
Монгол Улсад усны салбар үүсэж хөгжсөний 77 жилийн ой болон Дэлхийн усны өдрийг угтан Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Алтайн өвөр говийн сав газрын захиргаа хамтран “Ус ба хариуцлага” зөвлөгөөн зохион байгуулав.
Усны зүй зохистой хэрэглээг бий болгох, хангамж сайжруулах, Алтайн өвөр говийн сав газрын захиргааны үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлсэн уг зөвлөгөөнд сумын Засаг дарга болон Иргэдийн нийтийн хурлын дарга нар, иргэдийн төлөөлөл хамрагджээ.
Өмнөговь аймаг бэлчээрийн усан хангамжаа сайжруулах чиглэлээр сүүлийн дөрвөн жилд нэлээд ажил хийсэн аж. Тодруулбал, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 15 суманд 63 худаг гаргасан байна. Үр дүнд нь 100 мянган га бэлчээрийг усжуулж, бэлчээрийн усан хангамж 38-42.5 хувьд хүрээд буй гэнэ.
Ж.СУВДМАА
ЗӨВЛӨГӨӨ
ХАЙРЛАХ НЬ хэмнэхээс эхэлнэ
Дэлхийн усны өдрийг тохиолдуулан манай усны салбарынхан төрөл бүрийн үйл ажиллагаа, санаачилга гаргаж эхлээд буй. Үүний нэг нь “Энгийн үйлдлээр эх дэлхийгээ хайрлая” уриатай “challenge” билээ.
Уг үйл ажиллагаагаар дамжуулан иргэдэд усаа хэмнэх энгийн аргуудыг заах давалгаа өрнөж буй юм. Уг “challenge”-ээр “илэрсэн” зарим аргыг танилцууллаа.

- Эвдэрхий цоргоо зас. Эс тэгвэл өдөрт дунджаар 75 литр ус дэмий урсдаг байна.
- Суултуураа хогийн сав болгохоос татгалз. Ус татах бүрт 18 литр шингэн алт үрэгддэг.
- Жорлонгийн почкинд устай сав байрлуул. Энэ зарчмыг хэрэгжүүлснээр багагүй ус хэмнэнэ.
- Шүршүүрт орох хугацаагаа багасга. Хоёрхон минут хэмнэхэд л сард ойролцоогоор 568 литр ус дэмий урсахаас хамгаалдаг гэнэ.
- Почкиноос ус алдаж байгаа, эсэхийг шалга. Сайн мэдэхгүй бол почкиндоо хүнсний будаг хийвэл үүнийг илрүүлж болно.
- Шүдээ угааж байхдаа усаа хааж хэвшвэл нэг минутад ойролцоогоор зургаан литр ус хэмнэдэг байна.

Усны салбарт 1.5 тэрбум хүн ажилладаг
Дэлхийн усны өдрийг энэ жил “Ус ба ажлын байр” уриатайгаар тэмдэглэж буй. Усны салбарын тулгамдсан асуудал болох менежмент, аюулгүй байдал, хангамж, ариун цэврийн байгууламж, чанар, эрүүл ахуй зэрэг олон асуудлыг хүн төрөлхтний анхаарлын төвд аваачиж чадаж гэмээнэ энэ өдрийг тэмдэглэсний зорилго биелнэ.
Энэ жилийн Дэлхийн усны өдрийн онцлог нь зөвхөн усны асуудал бус уг салбарын ажилтнууд, тэдний эрх ашиг, ажиллах орчин нөхцөлийг хөндөж буйгаараа онцлог юм. Манай улс ч уг уриалгыг дагаж, өчигдөр “Ус ба ажлын байр” хэлэлцүүлэг зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт тус салбарын байгууллагуудын төлөөлөл оролцож, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний салбарынхны ажлын байрны нөхцөл, аюулгүй ажиллагаа, нийгмийн асуудалд төрөөс баримталж буй өнөөгийн бодлого, зохицуулалт, боловсон хүчний чадавх, түүнийг сайжруулах арга зам, үйлчилгээний чанарыг хөнджээ.
Тодруулбал, хэлэлцүүлгийн үеэр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, боломж нөхцөлөөр хангах нь”, “Усны чанартай үйлчилгээ ба ажлын байр”, “Салбарын хөдөлмөрийн нөхцөл ба Үйлдвэрчний эвлэлийн холбооны оролцоо”, “Салбарын хүний нөөцийн бодлого, чадавхжуулалт”, “Хөдөө орон нутгийн аж ахуйн нэгж, байгууллагуудын хөдөлмөр, нийгмийн хангамжийн асуудал” сэдвээр илтгэл тавьжээ.
Усны салбарт өдгөө 1.5 тэрбум хүн ажиллаж буй гэсэн судалгаа бий. Энэ нь манай ертөнц дээрх нийт ажилчны тал хувьтай тэнцэх үзүүлэлт. Ойролцоогоор 650 сая хүн (10 хүн тутмын нэг) хүссэн үедээ аюулгүй, цэвэр ус хүртэх аз дутсанаас болж элдэв өвчний бай болж байна.
НҮБ-аас гаргасан тооцоо судалгаагаар ариун цэврийн шаардлага хангахгүй, бохир ус хэрэглэснээс өдөрт 900 хүүхэд суулгалт болон бусад өвчин тусдаг аж. Энэ нь минут тутамд дунджаар хоёр хүүхэд өвчилж байна гэсэн үг.
Эдгээр тоо баримт усны хүрэлцээ, чанар бидний амьдралд ямар чухал болохыг илтгэж байгаа ч усаар дутагдаж, “өлсөж” үзээгүй хүмүүст итгэхэд бэрх санагдаж магадгүй юм.
Ус хомс, ядуу буурай орнуудын хүүхэд, эмэгтэйчүүдийн олонх нь гэр бүлийнхнээ усаар хангахад санаа зовж, ихэнх цагаа ус зөөх, олох ажилд зарцуулж буй нь эмгэнэлтэй. Хэрвээ усанд санаа зовдоггүй байсан сан бол тэд сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх зэрэг илүү үр бүтээлтэй зүйлд цагаа зарцуулах байсан биз ээ.
Ж.НАРАН
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Ж.Даваасүрэн: Бид гадаргын усныхаа 20 хувийг ашиглаж буй нь
чамламаар үзүүлэлт
БОНХАЖЯ-ны Газар зохион байгуулалт болон Усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Ж.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Усыг зүй зохистой хэрэглэж, хэмнэхэд дэлхий нийтээр анхаарал хандуулж байна. Энэ талаар яамнаас ямар бодлого баримталж байна вэ?
-Монгол Улсын төр, засгаас усны чиглэлээр олон бодлого баримталж буйн нэг нь Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого юм. Үүнд “Ус” үндэсний хөтөлбөрийг тусгасан байдаг. Энэ хүрээнд олон ажил хийсэн, цаашид ч үргэлжилнэ.
Усны чиглэлээр төр, засгаас барьж буй гол бодлого нь усыг зүй зохистой хэрэглэх, хамгаалах, нөхөн сэргээх явдал. Одоогоор устай холбоотой 10 гаруй хууль, мөн тооны тогтоол, шийдвэр, үндэсний 4-5 хөтөлбөр, 130 чанар, стандарт буй.
Манай яам ч эдгээрийг дагаж мөрдөн, усны нөөц тогтоох, түүнийг боломжит хэмжээнд ашиглуулах, үр ашигтай зарцуулах бодлого баримталж ажилладаг. Тийм учраас энэ чиглэлээр холбогдох газруудтай хамтран уулзалт зөвлөгөөн зохион байгуулж, баримт бичиг боловсруулах ажилд оролцдог.
-“Ус” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг танилцуулаач. Чухам ямар ажил хийв?
-Тус хөтөлбөр 2010-2016, 2016-2021 он гэсэн хоёр үе шаттай. Олон заалттай, том хөтөлбөр учраас тэр бүрийг хэлэх боломжгүй. Гэхдээ биелэлт нь 50-60 орчим хувьтай гэж дүгнэж байна. Хөтөлбөрийн хүрээнд хийсэн нэг томоохон ажил нь уул уурхайн үйлдвэрлэл идэвхтэй явуулж буй бүс нутгуудын газрын доорх ус ашиглалтыг хянах зорилгоор хяналт, шинжилгээ хийдэг цооногууд (цэгүүд) бий болгосон явдал.
Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар хөгжих болсонтой холбоотойгоор усны хэрэглээ ихсэж, жилд дунджаар 93-94 шоо метр ус ашиглаж байна. Харин бид 190 гаруй цооног бий болгосноор газрын доорх усны нөөц, горим хэрхэн өөрчлөгдөж буйд хяналт тавьж чаддаг боллоо.
Цаашид 300 орчим цэг байгуулахаар төлөвлөөд буй. Хөтөлбөрийн бас нэгэн чухал зорилт нь хүн амыг баталгаат усны эх үүсвэрээр хангахын тулд томоохон усан цахилгаан станц, усны нөөцийн цогцолбор байгуулах байв.
Энэ хүрээнд Тайширын усан цахилгаан станц барьсан, одоо “Туул” усан цогцолбор барих гэж байна. Судалгаа шинжилгээний ажил нь дуусаад ТЭЗҮ боловсруулах шатандаа явж байгаа. Энэ оны гуравдугаар улиралд бэлэн болчихно гэж найдаж байна.
-Цэвэр усны нөөц хомсдох аюул ойрхон байгааг учир мэдэх хүмүүс ярьдаг. Зарим эрдэмтний тооцоогоор манай орны ундны усны нөөц 2020 он гэхэд бүрэн дуусах гэнэ. Та бүхэн үүнийг тооцоолж, судалсан уу?
-Манай улсын хүн амын 30 хувь нь төвлөрсөн шугам сүлжээнээс, 25 хувь нь зөөврийн ус түгээгүүрийн үйлчилгээнээс, 36 хувь нь худаг, ес орчим хувь нь гол мөрөн, цас мөсний ус ашиглаж байна. Бидний тооцоолж, судалснаар Улаанбаатар хотын усны нөөц 2020, 2021 он гэхэд хүрэлцэхгүй болно.
Нэг үгээр хэлбэл, хүн амын тоо өсөхийн хэрээр ундны усны хэрэглээ өсөж, хомсодно. Энэ аюулаас аврагдах арга нь газрын доорх усаа хэмнээд, гадаргын усаа түлхүү ашиглах явдал. Өөрөөр хэлбэл, гадаргын усны хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Бид гадаргын усныхаа 20 хувийг ашиглаж буй нь чамламаар үзүүлэлт.
Тийм ч учраас “Туул” усан цогцолбор байгуулахаар зүтгэж байна. Хэрвээ бид цогцолбор байгуулчихвал гадаргын усаа хуримтлуулан, голуудын урсацын тохируулга хийх боломж бүрдэх юм.
Ер нь бусад орны жишгийг харахад томоохон голуудад усны нөөцийн цогцолбор байгуулсан байдаг. Түүнийгээ ашиглан эрчим хүч үйлдвэрлээд, газар тариалангийнхаа усыг хангадаг.
Бид өмнө нь дөрвөн жилд нэг удаа хийдэг байсан усны тооллогоо жил бүр хийх болсон. Сав газрын хэмжээнд хийгээд түүнийгээ нэгтгэн дүгнэдэг гэсэн үг. Өнгөрсөн оны усны тооллогоор 5414 орчим гол горхи тоологдсоноос 387 нь, 9718 булаг шандаас 1091 нь, 4203 нуур цөөрмөөс 342 нь ширгэснийг тогтоосон.
-Гадаргын усны хэрэглээг нэмэгдүүлэх өөр арга бий юү?
-Олон арга бий. Тухайлбал, уулын үер, шар усны үер, хур тунадасны усыг нөөцөлж, усан хангамж бүрдүүлэхэд ашиглах боломжтой. Манайх гадагшаа урсгалтай голуудынхаа ердөө тав орчим хувийг ашигладаг. Энэ голууд дээр цогцолбор бариад усаа хуримтлуулчихвал газар доорх усаа ч тэжээнэ.
Гүний ус хур тунадсаар тэжээгддэг шүү дээ. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд Орхон, Хэрлэн гээд томоохон төсөл ярьж буй ч санхүүгийн асуудлаас болоод “уягдчихаад” байна.
-Манай орны усны нөөц өдгөө бусад улсынхтай харьцуулахад хэр их байна вэ?
-Дэлхийн улс орнуудыг усны нөөц маш ихтэй, ихтэй, бага, маш бага буюу багавтар гэж ангилдаг. Манай улс багавтар нөөцтэйд тооцогддог 60 орны тоонд багтаж байна. Усны нөөцийн тархалтын хувьд харилцан адилгүй. Говь хээрийн бүсэд усны нөөц харьцангуй бага байдаг онцлогтой.
-Өнөөдөр дэлхийн усны өдөр тохиож байна. Шингэн алт хэмээдэг усны үнэ цэнийг хүн төрөлхтөнд мэдрүүлэх олон арга хэмжээ энэ өдрийн хүрээнд болдог. Та бүхэн ямар ажлууд хийж байна вэ?
-Өнөө жилийн дэлхийн усны өдрийг “Ус ба ажлын байр” уриатай тэмдэглэх шийдвэр гарсан. Манай орны усны салбарынхан энэ өдрийн хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөөд, хөтөлбөр гаргачихсан.
Зарим нь хэдийнэ эхэлчихсэн байна. Тухайлбал, 18-нд буюу өнгөрсөн баасан гаригт “Ундны усны чанар, усны бохирдлын мониторинг” сэдэвтэй бага хурал боллоо. Өнөөдөр Чингисийн талбайд уран бүтээлчид мөсөн баримлын бүтээлээ дэлгэнэ.
Мөн “Цангасан ертөнц”, “Мөсөн голын мөхөл” зэрэг дэлгэцийн бүтээл үзэгчдийн хүртээл болно. Усны сэдэв нь зөвхөн нэг өдөр яриад дуусах зүйл биш учраас нэлээд ач холбогдол өгч буй. Дэлхийн усны өдөрт зориулсан арга хэмжээ ирэх сарын 4 хүртэл үргэлжилнэ.
-Дэлхийн усны өдөрт нэгдэж буй хүмүүст хандан юу гэж уриалах вэ?
-Хүн бүр усаа зөв зохистой хэрэглэж, хэмнэцгээе.
Ж.СУВДМАА