Ямааны годрон өвчний тархалтын талаар Мал эмнэлгийн ерөнхий газраас уржигдар мэдээлэв. Тус байгууллагаас “Ямааны годрон өвчин нь Монголд хамгийн сүүлд 1952 онд бүртгэгдсэн. Мал эмнэлгийн салбарынхан энэ өвчнийг устгасан гэж үзэж байв. Хорогдол, тархалт өндөртэй учраас гоц халдварт өвчний ангилалд багтаадаг. Долоодугаар сарын 10-нд малын халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тухай мэдээллийг иргэдээс Дорноговь аймгийн Мал эмнэлгийн газарт ирүүлжээ. Үүний дагуу ажиллаад цусан халдварт өвчин гэж оношилсон. Эл өвчний эсрэг шаардлагатай арга хэмжээ авсан ч өвчлөл буураагүй. Тиймээс лабораторийн шинжилгээг дахин хийсэн юм. Ингэхэд вирусний халдварт маэди-висна өвчин гэж оношилсон. Хоёрдогч халдвараас сэргийлэх ажлууд хэрэгжүүлсэн ч үр дүн гарахгүй байсан тул дахин шинжилжээ. Гэвч эл өвчин гэдгийг дахин баталсан юм. Есдүгээр сарын 28-нд Мал эмнэлгийн ерөнхий газраас ажлын хэсэг томилсон. Үүний дүнд ямааны годрон байж магадгүй гэж таамагласан юм. Маэди-висна, ямааны годрон өвчний уушгинд нөлөөлөх байдал нь төстэй. Энэ сарын 10-ны шинжилгээгээр микоплазмаар үүсгэгдсэн ямааны годрон өвчин мөн болохыг тогтоосон. Халдварын тархалтын хүрээ 35-36 хот айлд байгааг тодорхойлоод байна. Өвчин тархахаас сэргийлэхийн тулд 74 өрхийн 11 мянга орчим ямааг устгалаа. Бас эерэг үр дүнтэй мэдээ дуулгахад, эрсдэлд орж болзошгүй нутгуудаас 5-6 дээж авч шинжилгээ хийлээ. Шинжилгээний хариугаар сөрөг гэсэн үзүүлэлт гарсан. Өвчний эх үүсвэрийн талаар тус газрынхан “Ямааны годрон өвчнөөс сэргийлэхийн тулд үүсгэгчийг илрүүлэх ажлыг сүүлийн 3-4 жил хийсэн. Ингэснээр ямааны годрон өвчний үүсгэгч Монголд байхгүй гэдгийг олон улсад энэ жил зарлахаар бэлтгэж байв. Гэвч эл хугацаанд өвчний тохиолдол бүртгэгдлээ. Ямааны годрон өвчний вакциныг 10 жилийн өмнөөс нөөцлөхөө больсон. Тиймээс голомт дахь өвчлөмтгий бүх малыг устгаж байна. Бид Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу ажиллаж буй. Эх үүсвэр нь Монгол Улсын хилээс 10 орчим км-ийн зайтай, Дорноговь аймгийн нутаг дахь Тэнгэр тойром гэх газраас үүдэлтэй гэж үзэж байна. Дорноговь аймгийн Хөвсгөл сумд өвчний тохиолдол гараагүй. Хатанбулаг сумын нэг багт л ямааны годрон өвчний томоохон голомт бий. Айл өрх бүр эл өвчний шинжилгээнд малаа хамруулах хүсэлтэйгээ илэрхийлж байна. Гэвч ийм нөөц бололцоо тааруу учраас ажлын хэсгийнхэн бүх хүсэлтийг хүлээн авах боломжгүй. Нөхөн олговрын хувьд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн дагуу тухайн орон нутгийн ханшийн дагуу улсын төсвөөс 90 хувийг нь олгоно гэж заасан. Амьд ямаанаас амьсгалын болон хавьтлын замаар дамждаг. Нууц хугацаа нь 45 хоног. Гэтэл одоогийн нөхцөл байдлаас үзэхэд үүнээс ч урт хугацаатай байж магадгүй. Ийм үед өвчний ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй” гэж мэдээллээ.
А.ҮҮЛ