Азийн хөгжлийн банк Ази, Номхон далайн орнууд эрчим хүчний шилжилтэд бэлэн, эсэхийг үнэлж, тулгарч буй гол сорилтуудыг нь танилцуулжээ. Олон улсын эрчим хүчний агентлаг эрчим хүчнээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг 2050 он гэхэд “цэвэр тэг” хэмжээнд хүргэж, дэлхийн дулаарлыг 1.5 хэмд хязгаарлах санал гаргасныг улс орнууд бодлого, зорилтоо болгон ажиллаж буй. Үүний хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, нүүрс, нефть, хий зэрэг түлшийг хэрэглээнээс халах чиглэлд анхаарч байгаа. Тэгвэл Ази, Номхон далайн бүс нутагт эрчим хүчний үйлдвэрлэл нүүрс, нефть зэргээс хэт хамааралтай, нийт хүлэмжийн хийн 77.6 хувийг бүрдүүлж буйг тайланд дурджээ. Сүүлийн 20 жилийн хугацаанд тус бүс нутагт нэг хүнд ногдох эрчим хүчний хэрэглээ 168 хувиар, хөгжиж буй эдийн засагтай орнууд дахь эрчим хүчний эцсийн хэрэглээ 3-5 хувиар өссөн зэрэг эерэг үзүүлэлт гарсан ч нийт массаар нь авч үзвэл шилжилтийн үйл явц хэт удаашралтай, хуучин арга технологид суурилсан хэвээрээ байна гэж дүгнэжээ. Энэ бүс нутгийн орнуудын эцсийн хэрэглээнд эзлэх цахилгаан эрчим хүчний хувь дэлхийн өндөр хөгжилтэй улсуудынхаас 40, олон улсын дунджаас 11 хувиар доогуур буй гэнэ. Тиймээс уламжлалт, хуучин технологи буюу нүүрс, нефть, дизелийн түлшээр цахилгаан үйлдвэрлэдэг “бохир арга”-аас татгалзаж, сэргээгдэх эр¬ чим хүчний үйлдвэрлэлийг нэ¬мэгдүүлэхэд гойд анхаарахыг зөвлөсөн бай¬на. Хэрэв Азийн хөгжиж буй орнууд хүлэмжийн хийн ялгарлыг зорилт түвшинд бууруулж чадахгүй бол 2070 он гэхэд ДНБ нь 17 хувиар буурах эрсдэлтэй, жил бүр далай, тэнгисийн эрэг орчимд амьдардаг 300 сая гаруй хүн үерт өртөж болзошгүй аж. Эр¬ чим хүчний шилжилтийг удаашруулж буй гол хүчин зүйлсэд экспортын орлого, төсөв, хөрөнгө оруулалтын хүрэлцээ, зохицуулалтын орчин, дэд бүтэц, эх үүсвэрийн хангамж зэргийг багтаажээ. Ташрамд дурдахад, Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг эрчим хүчний шилжилтийн индексээр Монгол Улс өнгөрсөн онд өмнөх жилийнхээсээ таван байраар ухарч, 120 орноос 116-д орсон билээ.
Ж.Сувд