
Монгол түүх дэлхийд нэртэй. Монгол урлаг ч дэлхийд мандаж байхад түүнийг илтгэх бүтээн байгуулалт нь даанч гологдмол. Нэг үгээр хэлбэл эмгэнэлтэй. Юуны өмнө дараах зургийг харьцуулъя. Эхнийх нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн бүтээл, удаах нь 17 сая төгрөгөөр бүтсэн 76 тэрбумын хөрөнгө гаргаж босгох барилгын макет. Тэгээд болоогүй боловсролын яамны мэргэжилтнүүдийнх нь шүү дээ. Үүнийг эмгэнэл гэхгүй юм бол өөр юуг ийн нэрлэх юм бэ.

Хотыг музей, театрууд чимдэг. Төв хэсэгт архитектурын өвөрмөц барилга сүндэрлэн орших нь жуулчид төдийгүй хотынхны ч нүдийг хужирладаг. Иймд хуучин Байгалийн түүхийн музейн газрыг чөлөөлж Чингис хааны музейг байгуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Байгалийн түүхийн музейн газар дээр хаадын болон олонд дэлгэгдээгүй олдворуудыг толилуулах шинэ музей барих юм. Тус бүтээн байгуулалтууд нь Монголын нэгэн нүүр царай болох учиртай. Бид тийм л зүйлийг хүссэн. Гэтэл хариуд нь салбарын яамныхан арван жилийнхний ч хийж ирэхгүй макетыг танилцууллаа. Энэ талаар Ерөнхий сайд “Та нараас гадна чадвартай олон залуучуудад ажил олдохгүй сууж байна. Битгий буг бол, зайлцгаа. Хамтарч ажиллавал болно гэсэн. Гэтэл одоо л ярьж эхэлж байна. Та нар энэ зургийн компанитай яагаад хамтарч ажиллахгүй байна вэ. Хийгээд үзүүлж байгаа макетаа хар. Битгий ингэж хүн доромжилж бай. 10 жилийн сурагч хүртэл ийм макет хийхгүй шүү. Хүн хараад шууд ойлгохоор “Чингис хаан”-ы музей шиг юм хийгээд тавьж болохгүй байна уу. Монголын хөгжлийн түүхэнд битгий гай болоод байгаарай” хэмээн уурласан бичлэг цахим орчинд түгсэн. Үнэндээ ч боловсролын салбарын удирдлагуудын хариуцаж хийсэн макетыг харсан хэн ч байсан халаглаж бухимдмаар. Уурлаж загнах нь бүү хэл, уйлмаар л эд байна лээ. Түүх болж үлдэх барилгыг ингэж гурилтаж болохгүй байх аа. Тэгээд ч болоогүй нэлээдгүй их хөрөнгө мөнгөөр бүтсэн эд юм гэнэ лээ. Үүний хариуцлагыг хэнээс нэхэх вэ? Зүгээр ч нэг загнаад өнгөрөх бус бүтэн жилийн хугацаанд шүдэнзний мод хооронд нь наачихсан хүмүүсийг халаад, оронд нь мэргэшсэн боловсон хүчнийг оруулж ирэх байсан юм.
Боловсролын салбарын удирдлагуудыг чадварлаг мэргэжилтнүүдээр бүрдүүлж чадаагүйд асуудлын гол нь оршино. Жишээлбэл, БСШУС-ын дэд сайдаар ажиллаж буй Г.Ганбаярыг TV5 телевизэд ажиллаж байснаар нь хүмүүс андахгүй. Гэтэл энэ хүний намтар түүхийг судлаад үзэхээр боловсролын салбарт ажиллаж байсан нь үгүй. Тэрбээр ХБНГУ-ын HUMBOLDT сургуулийн бэлтгэл курс төгсөж, Санхүү эдийн засгийн дээд сургуулийг 2000 онд, Санхүү эдийн засгийн дээд сургуульд магистр зэрэг хамгаалсан аж. Төгсөөд хэвлэл мэдээллийн салбарт л ажиллаж байснаас биш боловсролын салбарт ажиллаж байгаагүй юм. Ийм хүнээр удирдуулсан төсөл, макет ийм гарахаас ч яах вэ. Тиймээс үгээр бус үйлдлээрээ төрийн албыг шинэчлэх цаг болжээ. Ерөнхий сайд аа.