Гялгар уут, ундаа, усны хуванцар сав, хувцас хунар, тавилга, цахилгаан хэрэгсэл гээд хүний хэрэглээнээс гарч болох бүхэн байшинг “бүсэлжээ”. Гэрийнхээ үүдэнд байх хуучин муу буйдан дээр тав, зургаа хэрийн насны гурван жаал үсэрч, харайн тоглох аж. Үс нь байдгаараа арзайж, нүүр ам нь энд тэндгүй хөө тортог болж, халтартжээ. Хашаан доторх ч, хүүхдүүдийн байр байдал ч тэр ямар нэг зүйл тэсэрч, дэлбэрсний дараах үеийг санагдуулам. Тэд гаднын хүн ирснийг харсан ч ер тоосонгүй, тоглосон хэвээр. Том хүн бий, эсэхийг лавлан, дуудаж өгөхийг хүүхдүүдээс хүссэний дараа нэгэн бүсгүй гарч ирэв. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Танайх сайжруулсан түлшээ хаанаас авдаг вэ?
-Нэлээд доошоо явж нүүрсээ авдаг. Бүүр тийшээ (өмнө зүг) байдаг.
-Хэчнээн буудал вэ. Энэ хавьд борлуулалтын цэг бий юү?
-Байхгүй. Доошоо л явдаг.
-Шуудай түлш хэдэн төгрөгийн үнэтэй байна?
-Мэдэхгүй ээ. Олон хоногийн өмнө авсан болохоор санадаггүй.
-Нэг удаадаа хэчнээн шуудайг авдаг вэ?
-10 гаруйг.
-Үүнийгээ хэд хоног түлдэг вэ?
-За байз, 10 хонодог байх аа.
Эрхэлсэн ажилгүй, 40 гаруй настай, нөхөр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг хэмээн өөрийгөө танилцуулсан бүсгүй асуултад ийнхүү товч хариулав. Тэр худлаа ярьсан нь илэрхий байлаа. Сайжруулсан түлшний үнэ, хэдхэн алхмын зайд буй борлуултын цэгийг мэдэхгүй байгаа нь үүнийг батална. Нэг өрхөд долоо хоногт зургаагаас дээш шуудай түлш олгохгүй байх Засгийн газрын тогтоолыг тэрбээр огт дуулаагүй бололтой. “Ингэхэд эднийх юугаар гал залгуулдаг юм бол оо” гэсэн эзэнгүй асуултад яндангаар олгойдох хар утаа, хашааны буланд өрөөстэй байх хуучин дугуй “хариу хэлэх” мэт.
Энэ айл Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны нутаг, Их нарангийн эцэст бий. Эднийхээс нэг, хоёр буудлын цаана, бүр хэдхэн алхмын зайд сайжруулсан түлш борлуулах цэг байв. Хамгийн ойр байх түлш борлуулдаг бүсгүй “Манайх энэ сарын 4-нөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Борлуулалтын эрх авах гэж сар гаруйн хугацаанд хөөцөлдөж, бөөн ажил боллоо. Түлшээ хангалттай нөөцөлдөг ч борлуулалт үнэхээр муу байна. Өдөрт 50 шуудайг борлуулдаг. Нэг айлд зургаан шуудайг өгөх ёстой гэж тооцвол долоон өрх л авдаг гэсэн үг. Гэвч тийм олноор нь авах айл энд ховор. Хагасалж, хувааж авах тохиолдол ч байдаг юм” хэмээн ярилаа.
Цаашлаад Нарангийн энгэрийн эсрэг талд “шавааралдсан” гэр хорооллын захын хэдэн айлыг зорив. Тэдний заримынх нь гадаа түлш болчихоор зүйл алга. “Манайх 35 дугаар хорооны 39-ийн задгайгийнх” гэж оршин суугаа хаягаа хэлсэн бүсгүй нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг аж. Түүнээс түлштэй холбоотой хэдэн зүйл тодруулахад “Энүүхэнд буудал хэртэй газарт түлшний цэг байгаа. Шуудай нь 3500 төгрөг байсан. Одоо хэд болсныг мэдэхгүй. Хөршүүдтэйгөө хувааж авдаг. Нунтаг, илчгүй санагдсан” гэв.
Бүсгүй мөн л зөрчилтэй мэдээлэл өглөө. Эднийхээс нэг бус, хоёр буудлын цаана сайжруулсан түлш борлуулах цэг байв. Шуудай нүүрсийг өдгөө 3750 төгрөгөөр борлуулж буй. Ойролцоо нь шахмал түлш борлуулагчид “Сүүлийн хэдэн өдөр дулаан байгаа учраас борлуулалт муу байна. Зөвхөн манай энэ хавьд тийм юм уу, мэдэхгүй” гэж байв.
Борлуулагчдын хэлсэнчлэн ойрын өдрүүдэд цаг агаар дулаан, сайхан байгаа. Гэвч Улаанбаатарын утаа урьдынх шигээ сааралтаж, агаар бохирдуулагч бодисын хэмжээ зарим үед хүлцэх хэмжээнээс давах болсон. Тэр дундаа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянхошуу, Толгойт орчимд тоосонцор болон хорт бодисын хэмжээ байсхийгээд л “улаан зураас”-аас хэтэрдэг. Үүнд захын гэр хорооллын, амьжиргааны түвшин доогуур өрхүүд урьдын адил хувь нэмэр оруулсаар байгаа нь тодорхой болов. Тэд “Нүүрс борлуулах цэг хүрэлцээгүй, хол” гэдэг нийтлэг зовлон тоочиж, энд тэндээс түүж авчирсан мод, хайрцаг, хуванцар, хаягдал дугуй түлсэн хэвээр байна.
Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны нутаг, “Монгол керамик” тоосгоны үйлдвэрийн ойролцоо амьдардаг иргэн У үнэн учраа хэлэв. Тэрбээр “Нөхөр минь самарт явсан. Би хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Заримдаа боломжгүй үедээ янз бүрийн юм түлдэг ээ. Мөнгөгүй, нүүрс авах боломжгүй гээд хоёр хүүхдээ дааруулалтай биш. Хоолгүй хонож болохгүй биз дээ. Одоо ч манай гадаа түлш алга. Хорооноос хүмүүс шалгалтаар ирээд “Нүүрсээ ингэж түлээрэй, тэгж болохгүй” гээд зөндөө юм яриад явдаг ч ахуй амьдрал нь болж байна уу, түлээ, түлш бий юү гэдгийг анхаардаггүй” хэмээлээ. Тэрбээр хоёр хүүхдэд нь төрөөс олгодог 100 мянган төгрөгөө авсан үедээ хэдэн шуудай түлш нөөцөлдгөө хэлсэн юм.
Ойрын үед утаа илт ихэссэн нь сайжруулсан түлшний чанар муудсантай холбоотой хэмээн хашир иргэд “оношилж” байгаа. Харин холбогдох байгууллагынхан эрс няцааж, утаа бүрмөсөн алга болсон гэдэгт итгэхийг хүсэж буй. Тэд “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, түүхий нүүрс хэрэглэсэн зөрчлийг таслан зогсоох зорилгоор гэр хороололд төрийн албан хаагчид тогтмол шалгалт хийж байна” гэж долоо хоног тутам мэдээлдэг. Түүнчлэн сайжруулсан түлшний нөөц, хангамж хүрэлцээ хангалттай бий хэмээн тайвшруулдаг. Гэвч амьжиргааны түвшин доогуур, захын гэр хорооллын өрхүүд сайжруулсан түлшний “түншлэл”-д нэгдэх учраа олохгүй, боломж нь бүрдэхгүй явааг анзаарах сөхөөгүй явна. Тэд юугаар гал залгуулдаг, хотын төвийн борлуулалтын цэгүүдийн нүүрс өдрийн талд хүрэлгүй “шуурч дуусаад”, захынх яагаад тэн хагас нь ч борлолгүй үлддэгийг анхааралгүй өнгөрч боломгүй.