
Сангийн яамнаас сэтгүүл гаргаж эхэлжээ. Тус яамныхан эрхлэн гаргасан сэтгүүлийнхээ талаар "Дэлхий нийтийг хамарсан коранвируст халдвар “Ковид-19” цар тахлын сөрөг үр дагавар манай улс орны эдийн засаг, хүн амын эрүүл мэндийг өндөр эрсдэлд оруулж байна. Монгол Улсын Засгийн газар Ковид-19 цар тахлаас ард иргэдээ хамгаалах, нийгэм, эдийн засагт учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, даван туулахын тулд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү цогц төлөвлөгөөний хэрэгжилт үр дүнг Сангийн яамнаас гаргаж буй тайлан сэтгүүлээр дамжуулан олон нийтэд танилцуулж байна. Сангийн яам мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг сайжруулан улирал тутам энэхүү тайлан сэтгүүлийг эрхлэн гаргаж хэвлэмэл болон цахим хэлбэрээр хүргүүлэх болно" хэмээжээ. Харин нэр бүхий хуульч энэ талаар төрийн байгууллага сэтгүүл гаргах нь хуульд харш хэмээн мэдэгдсэн байна. Мөн сэтгүүлчид ч "Сангийн яам улирал тутам сэтгүүл хийгээд, хөрөнгө зарах нь зүй бус. Ялангуяа сэтгүүл хуудасны тооноосоо хамаараад маш өндөр хэвлэлтийн зардал шаарддаг. Хамгийн бага тоогоор хэвлүүлэхэд зөвхөн нэг удаагийн хэвлэлтийн зардал нь 2.500.00-3.000.000 төгрөг. Дээр нь ажилласан хүмүүсийн цалин урамшуулал нэмэгдэхээрээ тав, арван саяар тогтдоггүй. Өнгөрсөн хугацаанд төрийн байгууллага арай ч ингэж хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, хийж байгаа ажлаараа "өөрсдийгөө өмгөөлж, хамгаалах" зорилгоор улирал тутам сэтгүүл гаргаж байсан түүхгүй" хэмээн байр сууриа илэрхийлжээ.