
Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүмүүст зөвлөгөө, мэдээлэл өгдөг 1800-2000 лавлах утсыг 24 цагийн ажиллагаатай болгосон талаар СЭМҮТ-өөс мэдээллээ. Иргэд нойргүйдэх, сэтгэл түгших, айх, гутрах, шалтгаангүй бухимдах, сульдах зэрэг шинж тэмдэг илэрсэн даруйд нарийн мэргэжлийн эмчээс утсаар зөвлөгөө авч, сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах боломжтой гэнэ. Мөн дэлгэцийн хамааралтай, жирэмсний үеийн сэтгэл зүйн өөрчлөлттэй, төрсний дараах хямрал, сэтгэл гутралд автсан, гэмтлээс улбаатай стресст өртсөн, мансууруулах бодист донтсон хүмүүс дээрх утсаар холбогдон, хэдийд ч зөвлөгөө, мэдээлэл авч болох нь.
Тус байгууллага сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор 2019 оны хавраас 1800-2000 лавлах утсыг ажиллуулсан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд 2500 гаруй хүнд тусламж үзүүлжээ.