
Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлого болон улс, орон нутгийн төсвийн 2021 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнд хийж буй гүйцэтгэлийн аудитын нээлтийг Үндэсний аудитын газраас өнгөрсөн баасан гарагт хийв. Өнгөрсөн оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнд хийж буй гүйцэтгэлийн аудит хийх гэж буйтай холбоотойгоор төсвийн ерөнхийлөн захирагчдын төлөөлөл болгон 25 албан тушаалтанд аудитын төлөвлөгөө тус бүрийг танилцуулжээ. УИХ-ын Төсвийн байнгын хорооны шийдвэрээр улс, орон нутгийн төсвийн 2021 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнд хийх гүйцэтгэлийн аудитын хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагч нараас гадна тэдгээрийн харьяа байгууллагууд болох Төрийн худалдан авах ажиллагааны газар, Барилгын хөгжлийн төв, Эрчим хүчний хөгжлийн төв, Зам, тээврийн хөгжлийн төв, аймаг, нийслэлийн Засаг дарга, холбогдох төсөл, арга хэмжээг гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийг хамруулж буй аж. Аудитын үр дүнг тооцож, дүгнэлт гарган, зөвлөмж боловсруулж, УИХ болон холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулах юм байна.
Харин төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр дүнд хийх аудитад 2016-2021 оныг хамруулах аж. Үүнд хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, үндэсний болон аймаг, нийслэл, дүүргийн зөвлөл, хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, сум, хорооны хөдөлмөр эрхлэлтийн ажилтан (хөдөлмөрийн алба), хөдөлмөрийн биржийн 2016- 2021 оны үйл ажиллагаа багтаж буй гэнэ.
Бэлтгэсэн Б.Уран