
“Эрдэнэт медипас” эмнэлгийг төрийн өмчид буцаан авах Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхээр Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй албаныхан Орхон аймагт ажиллав. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл Засгийн газрын тогтоол, шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэнд танилцуулж, одоогийн ханшаар 120 тэрбум төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн цогцолборыг хүлээлгэн өгсөн юм. “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Тус эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнуудыг цаашид бүрэлдэхүүнээр нь ажиллуулан, үйл ажиллагааг нь хэвийн явуулахаар шаардлагатай тушаал, шийдвэрийг гаргасан” хэмээн дурдсан.
Энэ үеэр Шадар сайд “Уг эмнэлгийг хувийн хэвшилд шилжүүлэхдээ 18 жилийн гэрээ хийсэн ч нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. Ганцхан эмнэлэг биш, 50 айлын орон сууц, авто зогсоол, тоног төхөөрөмж, эд хогшлуудыг шилжүүлж авсан ч өнөөг хүртэл ямар ч төлбөр төлөөгүй. Үүгээр зогсохгүй “Эрдэнэт үйлдвэр”-ээс 2016-2022 онд 12.7 тэрбум төгрөг шилжүүлэн авсан. Энэ мэтээр төрийн өмч үнэгүйддэг, төрийн мөнгөөр өөрийнх нь хөрөнгийг худалдаж авдаг явдал цөөнгүй байгаа учраас эдгээрийг цэгцлэхэд Засгийн газар онцгой анхаарна” гэв.
Тус эмнэлэг нь найман тасаг, нэг төв, долоон алба, 19 лабораторитай үйл ажиллагаагаа явуулж буй аж. Мөн бүрэн автомат ариутгалын тасаг, мэдээллийн технологийн нэгдсэн систем, улсын хэмжээнд ганц байдаг хэт авиан шинжилгээ, оношилгооны аппарат, тоног төхөөрөмж (Япон)-өөр үйлчилдэг юм байна.