
Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Хөшигийн хөндийн 31 мянган га талбайд байгуулахаар төлөвлөж буй Шинэ Зуунмод хотын ажил зуун задгай байна. Наанадаж газрынх нь асуудлыг бүрэн шийдэж чадаагүй. Хот байгуулах зорилгоор улсын тусгай хэрэгцээнд авсан нийт талбайнх нь 60 орчим хувь одоогоор бусдын мэдэлд бий бөгөөд холбогдох албаны хүмүүс сүүлийн хоёр жилийн турш газар эзэмшигч, ашиглагчидтай муур, хулгана болж хөөцөлдөж байгаа. Цаашлаад хот байгуулахад шаардлагатай санхүүжилтийг ямар эх үүсвэрээр хэдийд шийдэх, инженер, дэд бүтцийг нь хэрхэн төлөвлөх зэрэг асуултын хариулт тодорхойгүй. Бүтээн байгуулалтын ажлыг чухам хэдийнээс эхлүүлэх тов нь ч гараагүй. Засгийн газар өнгөрсөн долоо хоногт тус хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталсан. Ингэхдээ “Шаардлагатай зардлыг улс, нийслэл, аймгийн жил бүрийн төсөвт суулгахаас гадна олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах, хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах замаар шийднэ” гэсэн маш ерөнхий, тодорхой бус, санхүүжилт босгох бүх сувгийг хамруулсан тайлбар хэлсэн юм.
Газрын маргаан, санхүүжилт гэдэг бол аливаа төсөл, хөтөлбөрт нийтлэг тулгамддаг ил асуудал. Тэгвэл Хөшигийн хөндийд дагуул хот байгуулах төсөлд томоохон далд бэрхшээл буйг, албаны, шийдвэр гаргах түвшний хүмүүс үүнийг харсан ч хараагүй, мэдсэн ч мэдээгүй мэт аяглаж байгааг орон нутгийн иргэд, судлаачид анхааруулав. Энэ бол шинэ хотын усны нөөц, хангамжийг хэрхэх тухай асуудал.
“Өнөөдөр” сонин өмнө нь “Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын дөнгө”, “Хөшигийн хөндийг хөшиглөсөн шуналын сүүдэр арилаагүй байна” зэрэг нийтлэлээрээ газрын маргааны асуудлыг хөндсөн. Эл нийтлэлийн мөрөөр усны инженер, судлаач С.Мөнххишиг бидэнтэй холбогдсон юм. Тэрбээр “Хөшигийн хөндийд хот байгуулахад жинхэнэ тээг болох асуудал нь газар биш, усны нөөц. Тэнд шинэ суурьшлын бүс байгуулахад тохиромжгүй. Гадаргын усны нөөц, хуримтлалын сүлжээгүй газар. Ийм бүсэд хот байгуулж, төвлөрөл бий болговол хүн амын хэрэглээг гүний усаар хангахаас аргагүйд хүрнэ. Монгол Улсад 2030 он гэхэд усны хомсдол нүүрлэх аюултай гэсэн тооцоо бий. Газрын доорх нөөцөө хэмнэх шаардлага тулгарсан хариуцлагатай цаг үед гүний усаар 100 хувь хэрэглээгээ хангадаг суурин бий болгох нь хэр тохиромжтой вэ гэдгийг нэн түрүүнд бодож, тооцоолж, төлөвлөх учиртай. Майдар, Аэросити хот байгуулах тухай яриа гарч эхэлсэн 2013, 2014 оны үеэс (угтаа 2010-аад оны үеэс эхлэлтэй) эл асуудлаар байр сууриа илэрхийлж, сонин, сайтуудад ярилцлага цөөнгүй өгч байлаа. Жирийн нэг судлаачийн үг “дээшээ” хүрдэггүй юм билээ. Тухайн үед аймаг, сумын удирдлагуудтай хүртэл уулзсан. Орон нутгийн иргэдийн захиалгаар явж байна хэмээн хардаж хүлээж авсан учраас миний үгийг ойшоогоогүй.
Нисэх онгоцны буудал байгуулах талбайд байгаль орчны шаардлагатай судалгааг сайн хийсэн. Харин хот байгуулахаар улсын тусгай хэрэгцээнд авсан газарт ийм судалгаа, тооцоо хийсэн, эсэхэд эргэлзэж байна. Тэнд баригдах барилга, байгууламжийг ярьж байгаагаас биш усны асуудлыг сөхөх хүн алга.
Хөшигийн хөндий Монгол орны гидрогеологийн мужлалаар Хангай, Хэнтийн бүсэд хамаардаг. Гүний уст давхарга нь хөндийн хажуу хэсэг, хүрээлэгч уулсын хормойгоор тархсан. Энэ нь тухайн газарт гүний усны нөөц ч хязгаарлагдмал, уулсын бэл, хормой дагасан төвлөрөлтэй, ашиглахад хүндрэлтэй гэсэн үг. Гадаргын болон газрын доорх усны нөөц аль аль нь бага ийм газарт олон хүн амтай суурин байгуулах боломжгүй” хэмээн онцлоод, холбогдох байгууллагаас хийсэн энэ чиглэлийн судалгааны материалуудыг олж үзэх, лавшруулан судлах “даалгавар” өгсөн юм.
Төв аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхнаас ийм судалгаа, баримт бий, эсэхийг лавлахад нэг нь “Манайд хамаарах асуудал биш” гэсэн бол нөгөөх нь “Аймгийн хэмжээнд ажиллаж байгаа ус, цаг уурын харуулын станцуудыг тогтмол хянаж, цаг агаар, уур амьсгалын төлөв байдлыг тандан, мэдээлэл дамжуулдаг. Хөшигийн хөндийд энэ чиглэлээр хийсэн судалгаа байхгүй” хэмээв. Байгаль орчин, тэр дундаа усны нөөцтэй холбоотой мэдээлэл, судалгаанд хамгийн ойр хоёр байгууллага нь ийнхүү “нүүр буруулав”. БХБЯ-наас томилсон ажлын хэсгийнхэн ч энэ тухай тодорхой мэдээлэлгүй гэдгээ хэллээ. Харин тухайн бүсэд “Шатахууны агуулах, агаарын хөлгийг сумлах гидрант системийн байгууламж барих” төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ (БОНБҮ)-г хийсэн компаниуд Хөшигийн хөндийн усны нөөц, хангамжийг үнэлж, ирээдүйд ямар эрсдэл үүсэж болзошгүйг бодитоор анхааруулж байсныг олж мэдэв.
БОНБҮ-ний нэгийг нь “Натур фрейндли” компани 2015 онд буюу нисэх онгоцны шинэ буудал барихаас өмнө хийжээ. Харин нөгөөг нь “Эх Монголын байгаль” компани “Чингис хаан” нисэх буудлын бүтээн байгуулалт ид өрнөж байх үед буюу 2020 онд ИНЕГ-ын захиалгаар гүйцэтгэсэн байна. Одоогоос долоон жилийн өмнө хийсэн үнэлгээний усны нөөцтэй холбоотой хэсэгт судлаач С.Мөнххишигийн ярьсантай төстэй зүйл цөөнгүй байв. Тухайлбал, “Хөшигийн хөндий орчимд гадаргын усны томоохон сүлжээ байхгүй. Харин Зуунмодны гол хэмээх гадаргын, бэсрэг, ил задгай урсац бий ч зөвхөн дулааны улиралд ажиглагддаг. Энэ урсац нь зуны улиралд хур борооны усаар тэжээгдэж ихэсдэг боловч өвөл бүрэн хөлддөг”, “Эл хөндийн хойд тал буюу Зуунмод сумын талаас Баруун дэлгэрийн, Баруун, зүүн модны, Юмтийн ам, Зуун модны гол зэрэг уулс толгодын хоорондох зурвас хөндий, ам орж ирэх ба тэдгээр нь гол төлөв хур борооны үед гадаргын түр зуурын урсац үүсгэдэг онцлогтой” гэжээ.

Харин “Эх Монголын байгаль”-ийнхны хийсэн судалгаанд “Зуунмодны гол нь Хэнтийн нурууны салбар Богдхан уулын өмнө сугаас усжиж, Баясгалант уулын орчимд Бөхөнгийн гол нэртэй болж, Туул голын зүүн талаас цутгадаг. Тус голын үндсэн тэжээл нь тухайн сав газарт унах хур тунадас, хайлсан цас, мөсний ус бөгөөд услаг багатай жил тасарч, урсацгүй болдог. Зуунмодны голд байнгын болон түр зуурын ажиглалт, хэмжилт, судалгаа хийж байгаагүй бөгөөд үүнтэй холбоотой мэдээ, материал хомс” хэмээн бичжээ.
Сүүлд хийсэн БОНБҮ-нд анхаарал татахаар нэг зүйл байгаа нь эрсдэлийн тооцоолол. “Чингис хаан” олон улсын нисэх буудлын ус хангамжийг гүний худгуудаас хангадаг гэнэ. Тэдгээр нь онгоц хөөрөх, буух зурвасын ойролцоо байрладаг бөгөөд хоногт хамгийн ихдээ (усалгаатай өдөр) 3144 шоо метр буюу секундэд 36.4 литр ус нийлүүлэх хүчин чадалтай аж. Хэрэв ус ашиглалтыг энэ хэмжээнд тогтвортой барихгүй бол Хөшигийн хөндийгөөр тогтохгүй Сэргэлэн сум, Төв аймгийн хүн амын ундны усны хэрэглээнд доголдол үүсэж болзошгүйг анхааруулжээ. Энэ талаар “Нисэх буудлын худгуудын цооногийн нийт гүн 331.5 метр, ашиглалтын ундарга нь секундэд 36.4 литр буюу хоногийн хүчин чадал нь 3144 шоо метр. Усны нөөцийн хайгуул судалгаагаар газрын доорх усны зөвшөөрөгдөх түвшин 28.4 метр гэж тогтоосон. Энэхүү тооцооллоос хэтрүүлэн ашиглавал газрын доорх усны нөөц эрчимтэй буурна. Ингэснээр шинэ нисэх буудлын ус хангамжийн эх үүсвэртэй зэргэлдээ байгаа Төв аймгийн төвийн хүн амын хэрэглээнд нөлөөлнө. Улмаар аймгийн төвийн ус хангамжийн эх үүсвэрийн ажиллагаа доголдох, хэрэглээг хангаж чадахгүйд хүрэх эрсдэлтэй. Тухайн бүс дэх ус хангамжийн эх үүсвэрүүдийн хурдас чулуулаг нь аллюви-пролювийнх учраас усны түвшин хурдтай буурдаг. Тиймээс газрын доорх усны түвшинг бууруулахгүй, зөвшөөрөгдөх хэмжээнд ашиглахад анхаарах хэрэгтэй” гэжээ.
Дээрх судлаачийн өгсөн мэдээлэл, шинэ нисэх буудлын бүтээн байгуулалттай холбоотойгоор мэргэжлийн байгууллагынхны хийсэн судалгаа зэргээс харахад, Хөшигийн хөндий гадаргын болон гүний усны нөөцөөр нэн хомс аж. 130 мянган хүн амтай томоохон хот байгуулах байтугай онгоцны буудал дагасан зарим байгууламжийн усны хэрэглээг тогтвортой хангахад асуудалтай гэсэн үг. Газар зүйн байршил, тогтцын онцлогоос шалтгаалсан олон хүчин зүйл үүнд нөлөөлдөг. Цаашлаад аймгийн хэмжээнд асуудал дагуулж мэдэхээр юм байна. Усны нөөцөөс үүдэлтэй бэрхшээлийг мэргэжлийн байгууллагынхнаас ч өмнө олж харж, тооцоолсон нутгийн иргэд, амьдран суугаа газрынхаа онцлогийг хэн хүнээс ч илүү мэдэх малчид холбогдох байгууллагынханд энэ талаар хэлж, анхааруулаад
ч тусыг эс олжээ. Улсын тусгай хэрэгцээнд авсан газрыг чөлөөлөхтэй холбоотойгоор орон нутгийн иргэдтэй зөвшилцөн, санал солилцохоор өнгөрсөн жил Сэргэлэн сумд очсон албаны хүмүүст үүнийг хэлэхэд тоож ч үзээгүй талаар тус сумын IV багийн малчин С.Отгонцагаан хэлсэн юм. Тэрбээр “Бид эхнээс нь л энэ асуудлыг тавьсан. Ус чийг хомс ийм газарт өчнөөн байшин, барилга барьдаг, дараа нь болохгүй, бүтэхгүй гэсэн асуудал үүсэх вий, хөрөнгө мөнгөө үрэн таран хийх вий гэж анхааруулсан. Зөөлөн хөрстэй газруудад цэвдгийн судалгаа хийх шаардлагатайг хүртэл хэлж, сануулж байлаа. Дараа нь ямар асуудал үүсэхийг тооцоололгүй хэдэн малчдаа хөөж тууж болох юм уу, хэчнээн хүний хэрэгцээг хангах усны нөөц тэнд байна вэ гэж яамны хүмүүс (БХБЯ-ны)-ээс асуухад хариулж чадаагүй. Судалж байгаа гэсэн. Аймаг, сумын удирдлагууд үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч ойшоодоггүй. Биднийг газраа хамгаалаад, янз бүрийн яриа гаргалаа гэж хардахаас цаашгүй” гэлээ.
Сүүлд БОАЖЯ-ны удирдлагууд Төв аймагт ажиллах үеэр Сэргэлэн сумын иргэд захиргааны хүмүүсээр дамжуулан энэ асуудлыг дайжээ. “Шинэ Зуунмод болон Майдар хот байгуулбал усны нөөц, хэрэглээг нь хэрхэн шийдэх вэ” гэсэн асуултыг дарга нар “Анхааралдаа авъя. Судалж үзье” гэсэн улиг болсон бэлэн үгээр аргацаагаад өнгөрсөн аж. Гэтэл эл асуултын хариулт өнөөдрийг хүртэл тодорхойгүй, дарга нар тэнгэрийн зүйлс ярьсаар байна. Яг үнэндээ тэнд барих барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, нүүлгэн шилжүүлэх байгууллагуудыг нэр зааж, зарлахаас илүү чухал ажил бол хот байгуулахад, хүн амьдрахад тохиромжтой, эсэхийг ул суурьтай тодорхойлох юм. Хөшигийн хөндий эдийн засгийн хувьд ашигтай байрлал байж болох ч экологийн шалгуур хангах уу гэдэг нь эргэлзээтэй байна.
Бэлтгэсэн: Ж.СУВДМАА