
Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар улс төрийн гурван намын бүртгүүлэх хүсэлтийг хэлэлцсэн ч татгалзсан болон хойшлуулсан шийдвэр гаргав. Тодруулбал, жагсагч гэдгээрээ илүүтэй танигдсан Б.Жагарын байгуулсан Сайн, ардчилсан иргэдийн нэгдсэн намыг бүртгэхээс татгалзжээ. Тус намыг үүсгэн байгуулсан гэх 927 гишүүний бүртгэлийн баримтаас 432 иргэний мэдээлэл нь улсын бүртгэлийн нэгдсэн сангийнхтай тохирохгүй байгаа нь ийн шийдвэрлэх үндэслэл болсон байна. Өөрөөр хэлбэл, Улс төрийн намын тухай хуулийн 9.3.7-д заасан “намын 801-ээс доошгүй гишүүний бүртгэл” гэх шаардлагыг хангаагүй гэж үзжээ. Түүнчлэн тэдгээр 927 иргэнтэй холбоо барих утасны дугаарыг ирүүлээгүй, ирүүлэхээс татгалзсан талаар ч Дээд шүүхийн шийдвэрт дурджээ. Эл хүсэлтийг Дээд шүүх өмнө нь ч хэлэлцэж байсан бөгөөд ийм шалтгаанаар татгалзаж байв.
Мөн иргэн Г.Батжаргалын байгуулсан Улсын эрх ашиг, тусгаар тогтнолын намыг ч үүнтэй адил шалтгаанаар бүртгэхээс татгалзсан байна. Тухайлбал, тус намын гишүүн гэх 854 хүний мэдээллээс (овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэх, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг) 74-ийнх нь зөрүүтэй байжээ. Дээд шүүхийн албан ёсны мэдээлэлд “Олонх нь хаягийн бүртгэл зөрүүтэй гэсэн, залруулж болох зөрчил байгаа ч Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангийн мэдээлэлтэй харьцуулан шалгахад нас барсан хоёр, регистрийн дугаарын бүртгэл зөрсөн долоо, мэдээлэл нь давхардсан 41, сонгуулийн эрх бүхий иргэн байх шаардлагыг хангаагүй дөрвөн хүн байна” хэмээн тодотгосон аж. Түүнчлэн тус намын гишүүн мөн, эсэхийг түүврийн аргаар шалгахад Улсын эрх ашиг, тусгаар тогтнолын намын гишүүн биш гэж 56, өөр намын (МАН, АН) гишүүн гэж хоёр хүн хариулсан байна.
Харин УИХ-ын гишүүн, сайд асан Ц.Оюунгэрэлийн үүсгэн байгуулсан Иргэдийн оролцооны нэгдэл намыг бүртгүүлэх хүсэлтийг хэлэлцээд, тус намаас ирүүлсэн баримттай холбоотой зарим зүйлийг нягтлан тодруулах, шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээлэл авах нөхцөл үүссэн гэсэн үндэслэлээр хойшлуулжээ. Энэ тухайд Ц.Оюунгэрэл “Ямар шинэ нөхцөл үүссэнийг бид мэдэхгүй байна. Үүнийхээ тухай бидэнд мэдээлээгүй. Уг нь аливаа захиргааны хэрэгтэй холбоотойгоор шинэ нөхцөл байдал үүссэн бол өргөдөл гаргасан хүнд нь эхэлж мэдэгдэх ёстой” хэмээн фэйсбүүк хуудсаараа байр сууриа илэрхийлсэн юм. Улмаар тус намын зүгээр “нөхцөл үүсэх” гэж юуг хэлж байгааг тодруулахаар Дээд шүүхэд ханджээ.